Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Уулын бүргэд Султан Амет ХанУншсан18,382

Германы асууд гэж тэр чигтээ барон, гүн зэрэг дээдсүүд юм биз дээ. Тэгвэл би өөрөө хаан, султан байна. Тэд нар намайг яах юм... хэмээн хэлж байсан Зөвлөлтийн бас нэгэн алдарт ас бол Султан Амед Хан юм.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Германы асууд гэж тэр чигтээ барон, гүн зэрэг дээдсүүд юм биз дээ. Тэгвэл би өөрөө хаан, султан байна. Тэд нар намайг яах юм... хэмээн хэлж байсан Зөвлөлтийн бас нэгэн алдарт ас бол Султан Амед Хан юм. Дагестан аавтай, Крымийн татар ээжтэй энэ нөхөр дайн эхэлсэн  анхны өдрөөс тулалдаанд орж ялагдал гээч юу байдгийг жинхэнэ мах цусаараа мэдэрсэн хүн. Тэрээр  И-153 “Чайка” онгоцоор дайныг эхлүүлж 70 гаруй удаа тагнуулын нислэг үйлдсэнээс бусад үед  газрын цэрэг техникийг дайрч байж. Халх голд Японы Ки-27-гийн өөдөөс олигтой тулж чадаагүй энэ онгоцоор Эмиль, Фридрих зэрэг Германы шинэ сөнөөгч онгоцны өөдөөс яаж ч чадахгүй учир ийм шийдвэр гаргаж байсан болов уу. Ямар ч хуяггүй ийм онгоцоор газрын цэргүүдийг дайрах гэдэг ямар аюултай зүйл болохыг тайлбарлах гэх нь илүүц биз.

Султан Амет Хан 1942 оны 3-р сард өөр анги нэгтгэлд хуваарилагдан хуучин муу И-153 аа бас нэг тааруухан онгоц болох Английн Харрикейнээр сольсон боловч мөн  л амжилт муутай. Тэрээр бараг бүтэн жил тулалдаж байгаа боловч ганц ч онгоц унагаж чадаагүй бөгөөд сөнөөгч онгоцны нисгэгч хүний хувьд энэ нь ямар хэцүүхэн үзүүлэлт гэдэг нь ойлгомжтой байх. Тэг тоотой тэнцэх ялалттай нисгэгч маань 1942 оны 5-р сард болсон нэгэн тулалдааны үеэр Германы бөмбөгдөгч Ю-88-ийг дайрсаар сум хэрэгслээ дуусгаад таран буюу мөргөн устгаж шүхрээр бууж анхны ялалтаа авчээ. Энэ мөргөлтийнхөө тухай өөрөө ярихдаа “уг нь сэнсээрээ сүүлийг нь зүсчих санаатай дайрсан боловч онолгүй бүх биеэрээ очоод наалдчихдаг байгаа “ гэж хэлэн инээн суусан гэдэг.

Султаны тухай цуг байлдаж байсан нөхөд нь нэг сонин юм ярьдаг нь түүний зан ааш, зориг зүрхийн  тухай юм. Агаарт гараад арслан бар шиг загнах боловч газарт ёстой л бүжин туулай. Өөрийнх нь нисэх буудлыг дайрч байгаа онгоц битгий хэл тэртээ хол байгаа Германы бөмбөгдөгч онгоцны дууг сонсоод бажгадан алга болдог хүн байж. Бүх зүйл дууссаны дараа юм уу дайсны онгоцны дуу чимээ алга болсны дараа л, тээр сүүлд , хол байгаа гуу жалга, талх хүнсний агуулах, бүр хээрийн “00” дотроос гарч ирдэг гэнэ. Өөдгүй хулчгар гэж хэл ам гарах үед “ би уулын бүргэд  учир газар үхэж шившгээ тарихгүй, тэнгэрт л үхнэ гэж “ хариулдаг байжээ.

Хуучин “Англи морио” үгүй болгосон эр шинэ ЯК онгоцтой боллоо. Энэ үеэс эхлэн сөнөөгч маань хэн гэдгээ харуулж эхэлсэн бөгөөд Зөвлөлтийн агаарын 8-р армийн удирдагч нь агаарын тусгай анги хэмээх шинэ хороо байгуулж бүрэлдэхүүнд нь зөвхөн дээд зэрэглэлийн нисгэгч авахад Султан энэ ангид багтсан байна.

Сталинградын нэгэн тулалдааны үеэр Германы хэсэг бөмбөгдөгчийг хамгаалж яваа сөнөөгч нарыг тулалдаанаар хавчихын тулд өөрийн дагуултай хамт тооны хувьд давуутай дайсны сөнөөгч нар луу халз дайрчээ. Эргэлдэж тойрч янз бүр болж байхдаа нэг мессер унагаад дараагийхийг нь дайран буудах үедээ бас өөрөө буудууллаа. Дагалдагч нь түүнийг хамгаалж амжаагүй ч шатаж буй Як –аас үсэрсэн Султаныг мессерүүд дайрах гэж бэлдэж байх үед нь амжин ирж галан хаалт хийн аварсан гэдэг. (дайны үеэр агаарын жентелмен зарчим баримтлахгүй байх явдал дорнод фронт дээр цөөнгүй гарч байсны нэг жишээ )

Як-ын дараа Америкийн “Кобрик” , Зөвлөлтийн Ла-7 онгоцоор тулалдаж явсан Султан Амет Хан дайсны гучин онгоц унагасан ба энэ тоон дээр нэмэгдээд группээр устгасан  гэх 19 онгоц бий. (Зөвлөлтийнхөнд унагасан онгоц тооцох ийм аргачлал байсан) Тэрээр агаарын тулалдаанд олон гарамгай ялалт байгуулсныхаа төлөө 1943 онд ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан бол 1945 оны зун хошой баатар болсон билээ.

Султаны алба хааж байсан Зөвлөлтийн агаарын 8-р армийн удирдагч генерал Хрюкин нэлээд чанга шаардлагатай хүн байсан учир онгоцонд элдэв тэмдэг, зураг тавихад ихээхэн дургүй боловч Султан Амет Хан-д  өөрийнхөө онгоц дээр бүргэдийн зураг тавихыг зөвшөөрсөн нь Крымийн энэ бүргэд ямархуу хүн байсныг харуулж байгаа болов уу. Цаашдаа ч энэ генерал нисгэгч хоёр нэг нэгэндээ олон удаа тус болсон гэдэг.

Германы арми Крымийг эзэлсэн цаг үед нутгийнхны зарим хэсэг болох Крымийн татаруудын нэг хэсэг нь СС-ийн анги нэгтгэлд ихээхэн тусалж партизаны үйл ажиллагаанд том хохирол учруулж байгаагийн эсрэг Зөвлөлтийнхөн хариу арга хэмжээ болгон фронт дээр гавьяа байгуулж байгаа, Германы армитай тулалдан буй олон Крымийн татаруудын тухай ухуулах хуудас цацаж байсны дотор Султан Амет Ханы зураг бүхий цаас хамгийн их нь байжээ.

1944 онд Крым чөлөөлөгдөж Султан ч гэр орныхонтойгоо уулзахаар өөрийн анги нэгтгэлийн хэдэн нөхдүүдтэй хоёр машин хөлөглөн давхин ирсэн байна. Гэтэл яг энэ үетэй зэрэгцэн Крымийн татаруудыг Сибир рүү цөлөх ажиллагаа эхэлж байсан бөгөөд ээжийг нь татар хүний хувьд авч явах гэж байсан нөхдүүдтэй мань эр муудалцаж бараг буудалцах дээрээ тулжээ. Тэр яаран сандран өөрийн дарга Хрюкинтэй холбогдож байж ээжийгээ авч үлдэж чадлаа. Гэтэл бүх зүйл дуусаагүй байв. Султаны дүү Имран нь Германы цагдаагийн байгууллагад туслах ажилтан болон ажиллаж байсан учир НКВД-гийнхэн барьж хорьсон байж.

Энэ тухай олон яриа байдаг боловч Султан Амет Хан ганцхан зүйл хэлдэг нь “ тэр гайтай ухуулах хуудаснаас болж ар гэрийнхэн маань Германуудад алуулах дээрээ тулаад байсан учир дүү минь Германы цагдаагийн албанд ажиллаж байж л гэрийнхнийгээ аварсан юм” гэсэн зүйл юм. Гэхдээ зарим сонирхолтой баримт энд тэнд таарах ба тэр гайт ухуулах хуудас хаяхын өмнө Султаны гэр бүлийнхнийг Германы мэдлийн газраас гаргах даалгаврыг Зөвлөлтийн тагнуулын байгууллага тухайн нутагт ажиллаж байсан партизануудын бүлэгт тушаасан байж. Партизанууд ч тушаал ёсоор гэр бүлийнхнийг нь авахаар ирэхэд тэд нь явахгүй гэж маргалдсаар цаг алдан партизануудыг ангуучилж байсан Германы бүлэгт гүйцэгдэж бүлэг бараг тэр чигээрээ сүйрч байжээ.

Фронт дээр буцан ирсэн Султан хамгийн сүүлийн агаарын тулаанаа 1945 оны 4-р сарын 29 нд хийхдээ Фокке-Вульф 190 устгаж дайнаа дуусгасан байна.

Султан дайны дараа зөвлөлтийн нисэх хүчний бүх л баатруудын адил цэргийн нисэх хүчний академид хуваарилагдан очсон боловч тэрээр удалгүй өөрөө хүсэлтээ өгч сургуулиас гарлаа. Түүнд үнэхээр боловсрол дутаж байсан учир академийг дийлсэнгүй. Хоёр жилийн турш болсон болоогүй янз бүрийн ажил хийж, архи ч ууж, эхнэр хоёр хүүхдийн хамтаар түрээсийн байр хэсэн амьдарч байх үед нь цуг байлдаж явсан нөхдүүд нь тусалж генерал Хрюкинтэй холбож өгсний хүчинд мань эр Жуковскийн нисэхийн судалгааны институтийн туршин нисгэгч болж амьдрал нь шинээр эхэлсэн байна.  Үүнээс хойш тэрээр бараг 100 гаруй нисэх аппаратыг туршиж ниссэн бөгөөд  бүр 1971 он 2-р сард Ту-16 онгоцны шинэ хөдөлгүүрийг турших нислэгийн үеэр амь үрэгдсэн байдаг.

Султан Амет Хан-ы тухай цөөхөн баримт

-Султан нэгэн тулалдааны үеэр Германы холбооны онгоцыг барьж аван галаар хашсаар өөрийнхөө буудалд буулгаж авчээ. Энэ онгоцыг түүний хорооныхон “ахуйн” зорилгоор ашиглах гэсэн боловч өөрийнхөндөө буудуулах шахсан хэдэн тохиолдлын дараа “олж ирснээрээ өөрөө далд оруул” гэж Султанд өгч. Мань эр ойрхон байх танил дайрагч онгоцны бүлэг рүү ниссэн бөгөөд дайрагчидыг хамгаалж байгаа зенитийн их буучид гэнэт Германы онгоц гарч ирэхэд нь буудах гээд будлиж байхад хооронд мань эр газар буучхаж. Гарч ирэхэд нь дайрагч нар мань эрийг загнаж буудуулж үхэх нь байна ш дээ гэхэд “за үгүй дээ амждаггүй юм, та нар ч буудаж амжихгүй байсан” хэмээн хээв нэг хэлж байжээ.

-1958 онд хоёр суудалт Миг 15 онгоцоор өөрийн хамтрагч Головинтой нисэж явах үед шүхрээр шидэх үед ашигладаг тэсрэх бодис гэнэт ажиллан тэсэрч шатахууны сав цоорон бүхээг рүү орж ирсэн байна. Головкин шүхрээр шидэх механизм гэмтсэнээс болж онгоцны эд ангид хавчуулагдан үсрэх аргагүй болсон ба онгоцны бүхээгээр дүүрэн байх шатахуун хэзээ мөдгүй асан дэлбэ үсрэх аюултай болсон байлаа. Энэ үед газраас Султаныг үсэр хэмээх олон удаа гуйж тушаасан ч мань эр үсрэхгүй, хамт яваа хүнээ хаялгүй зүтгэсээр байгаад онгоцоо буулгаж чадсан байна.

-Тун удалгүй Валерий Головинтой хамт дахиад туршилтын нислэг хийх болсон бөгөөд  Головины өмссөн тэр дэндүү том, хүнд, утгагүй хувцсаа тайлж хаяхыг, өмнө нь түүнээс болж яаж үхэх шахсаныг нь хэлэхэд өнөөх нь чимээгүйхэн инээгээд л онгоцонд суусан гэдэг. Ямар нэг учиртай хувцас бололтой гэдгийг нь Султан ч ойлгосон бөгөөд тэдний нислэгийн үнэн зорилго нь бараг тэр хувцас ч байж магадгүй нь гэж бодож байжээ. Энэ хувцаснаас үүдэн шинэхэн мундаг сөнөөгч онгоц ойрын үед турших нь гэж бусаддаа нууцхан хэлж байсан Султан ихээхэн том андуурсан байв. Головины өмссөн тэр том, хүнд, утгагүй гэх хувцасны учир 1961 оны 4-р сарын 12-нд болсон явдлын дараа ойлгомжтой болсон билээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 3. 9:53
хосоо

таалагдлаа энэ нийтлэлийг уншаад зөвлөлтийн асуудын өөрийн онгоцон дээр хийдэг бэлэгдэл тэмдэгүүдийг олж үзлээ бас сонин санагдлаа энэ линкээр ороод үзээрэй
wio.ru/simbols/ace.htm

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]