Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Сондгой тоо"Уншсан4,196

Ангид прокурорын хүү Баяраагийн жижиг магнитафоны хальс байн байн солигдож тоглосоор бүтэн хоёр цаг боллоо.

1985 онд дэлгэцнээ гарсан, “Би чамд хайртай” уран сайхны киноны зохиолыг Ичинхорлоогийн Нямгаваа бичиж, ерөнхий найруулагчаар Бэгзийн Балжинням ажилласан билээ. 30 гаруй жил бидний шимтэн үзсэн энэхүү киног сэдэвлэн бүтээсэн "Сондгой тоо" өгүүллэг. Өгүүллэгийн төгсгөл киноноос нэлээн зөрүүтэй бөгөөд Б.Балжинням найруулагч киногоо хэрхэн төгсгөдөгтэй та бүхэн харьцуулан бодоорой.

 Ангид прокурорын хүү Баяраагийн жижиг магнитафоны хальс байн байн солигдож тоглосоор бүтэн хоёр цаг боллоо. Самбар дээр “Хайр дурлал гэж юу вэ? Дурлалгүй амьдарч болох уу? Хайрлавал эцсээ дуустал хайрла. Д+Ү=?” гэсэн янз бүрийн таталган бичгүүд элдэв дүрстэй холилдон зурагджээ.

Самбарын бичгийг хэн ч анзаарахгүйг бодвол бичигдээд нилээд уджээ. Шүүрний хугархай ишээр хаалгаа тэвхдэн түгжсэн энэ ангид хэн ч орохыг зүрхлэхгүй байлаа. Хаалганы гадна талд Анхаар! Чимээгүй. Шалгалтанд бэлдэж байна гэсэн тод бичиг хадаастай.

Ангийн дотор тал саяхан цэвэрлээд дууссан бололтой. Сандлуудаа ширээн дээрээ хураажээ. Хүүхдүүд ширээ сандал цонхны тавцан дээр хүртэл авиран сууж зарим нь вальс эргэнэ. Энд тэнд намуухан яриа өрнөнө.

- Туяахүү чи нэрээ яаж авсан түүхээ дахиад яриач гэх дуунаар ангидаа хамгийн жижиг биетэй шооч маягийн хүү ядарсан байдалтай

- Энэ нэрнээс болж эцгийн минь чих хангинаж байгаа байхдаа. Би чинь найман ахтай, айлын отгон хүү байхгүй юу. Эцэг эх маань охин хүсэж ядахдаа хүүхэд олдонгуут Туяа гээд эртнээс нэрлэчихсэн юм гэдэг. Ах нар ч ээжийн гэдсэнд Туяа гэдэг охин дүү бий гээд баярлаад байж. Тэгээд яахав дээ, нэгэнт час хийсэн дуутай сүрлэг эр гараад ирэхээр гайхаж цөхөрсөн тэд маань Туяахүү гээд нэрлэчихсэн юм гээд өөрөө илүү баясан чанга инээлээ. Яриа улам өрнөж хүн бүр бага ахуйгаа дурсахыг хүсэцгээжээ. Туяахүү босож

- Баяраа, Дэлгэр хоёр Үрлээд дундаасаа захиа өгч байснаа яриач гэхэд өдий болтол дуулаагүй явсан охидууд гайхан тэр хоёрыг ширтэцгээв. Үрлээтэй зэрэгцэн суусан Дэлгэр шалгалтанд сандарсан мэт түгдрэн толгой маажсанаа

- Баяраа шүлгийг нь бичиж би цаасан дээр хуулсан юм. Тэгээд хэн нь Үрлээтэй үерхэх вэ гэж мөнгө хаяж шодоод ч учраа олсонгүй. Сүүлдээ зодолдож үзээд дараа нь эвлэрч хоёулаа нэрээ бичээд бид хоёроос гээд явуулчихсан юм. Үрлээ ч уншаагүй бид хоёрын нүдэн дээр ураад шидчихсэн. Тийм биз дээ гээд Үрлээ рүү харахад түүний дүрлэгэр бор нүд баясгалантай цавчиж цовоо инээд нь анги дүүрэн хадна.

- Харин одоогийн ярих зүйлийг Баяраа бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй гэж Дэлгэрийг хэлэхэд Үрлээ инээсэн чигээрээ ярь ярь гэв

- Бид хоёр тавдугаар ангид ордог жилээ хожим том болоод хэн нь Үрлээг авах вэ гэж булаацалдаад гэж Дэлгэрийг яриагаа үргэлжлүүлэхэд

- Баяраа Дэлгэр хоёр чинь Үрлээг бүр захын үнээр хаялцчихсан байжээ гэж Туяахүү егөөдөв.

- Хэн нь илүү хайртайгаа үзнэ гээд бэхний хоёр шил мөргөлдүүлж хагалах юм боллоо

- Тэгээд яасан бэ?

- Би мөргөлдүүлж хагалаад ... Хичээл тасалсан хэргээр сургуулиас хөөгдөх шахаагүй юу

- Гарт чинь шил орсон уу?

- Орсон. Харин шилний үйрмэг хэлтэрхий нь алганаас дээшлээд бугуйнд хүрчихсэн байгаа гэж Дэлгэрийг гараа өргөхөд хүүхдүүд харах гэж шавлаа.

- Цусны тойргоор явсаар зүрхэнд чинь шигдэж үхнэ дээ

- Эрт хагалгаа хийлгээд авахуулчих

- Таван жилийн дараа мөрөндөө хүрчих нь. Тэр үед Үрлээ эмч болчихсон байна. Аваад өгөх юм байгаа биз гэх яриа өрнөсөөр. Хөгжмийн хажууд үргэлж бохь зажилж суусан Баяраа цонхны тавцан дээрээс

- Дэлгэрээ чамд өөр гайхуулах юм алга уу. Тэнэг хүн л ийм юмаар бахархаж чадах байх гэж уурсангуй хэлэхэд Туяахүү үгийг нь өлгөн авч

- Чи юундаа уурлаа вэ? Чи хагалж чадаагүйдээ уурлаад яваа юм уу гэв.

- Бага насаа дурсах гоё шүү дээ

- Дэмий юм ярьцгаалаа

- Хэнд ч хэрэггүй юм

- Хичээлээ хийцгээдэг байж гэх шуугианыг ангийн дарга Дамдин

- Манайх шигш шуугиантай анги алга. Одоо тарцгаая. Арван жил хамт сурсан улс эв түнжинтэй болмоор. Үүнээс хойш ангидаа бөөгнөрөхөө больцгооё. Хамт сууж ярьж дурсаж чадахгүй улстай хатуу ярина шүү гэсээр ширээнээсээ босов.

- За чи муу хатуу яриад юу шалих вэ? Харин миний гар чам дээр арай хатуу тусаж мэдэшгүй. Бүү даргарх гэж Баярааг хэлээд хөгжмөө цүнхэндээ хийхэд хэн ч юу ч хэлсэнгүй. Хариу үг сонсоогүйдээ бах нь ханасан Баяраа ялсан бөх дэвжээнээс буух мэт маадайтал алхсаар гарахдаа шүүрний хугархай ишийг хаалганаас угз татан авч хогийн сав руу чулуудав.

- Гарсан нь сайн боллоо

- Зодолдох нь гэж айлаа.

- Шеф сургуультай сагсан бөмбөгөөр уулзалт хийхийг Цэрэнхүү багш зөвшөөрсөнгүй юу?

- Аргагүй шүү дээ. Түүний хичээл дээр зургаан хүүхэд муу дүнтэй

- Хүүе ямар ховч нь нууцаар уулзалт хийлээ гэж ховлосон бэ?

- Энэ хүүхнүүд биз

- Хүүхнүүд гээд байхдаа яадаг юм

- Охидуудаа эндээс явъя гэж шуугилдан сандал ширээ түжигнэхэд энэ ангид хичээллэх ёстой бэлтгэл ангийн хүүхдүүд хэдийн ирчихсэн толгой булталзуулан зогсоно. Цуван гарах ах эгч нарын бараанаар цүнхээ дааж ядан буй охидууд нь жигдрэн зогсох боловч хөвгүүд нь модон шалан дээгүүр гулгаж охидоо дэгээдэн үснээс нь чангаана. Сургуулийн урт хонгилыг шил толь шиг гялалзтал зүлгэн арчиж буй цэвэрлэгч авгайн араас хүүхдүүд чимээ шуугиангүй аяархан дагана.

- Цөмөөрөө муу авчихаа юу? Зөрөөд гараач гэх дуунаар шалны шүүр модон дээгүүр чимээтэйеэ харайлдацгаав. Дэлгэр өлгүүрт очиж Үрлээгийн цувыг аван хөл цохин хавсарч

- Таны хувцасыг өмсүүлэхийг зөвшөөрнө үү гэхэд Үрлээ инээмсэглэсэнгүй. Толгой дохиж хамтдаа гарлаа. Өвөл зунгүй гулгасаар гялтайж гялалзан хальтиргаатай болсон үүдний чулуун довжоон дээр Дэлгэр Үрлээгийн цүнхийг барин өөрийнхөө цүнхийг амандаа зууж Үрлээг их элэгсгээр түшиж буулгав.

- Халамжилж байж хагалж орхив доо гэх Туяахүүгийн дуу ард хоцорч саяхан маргасан үеэ нэгэнт мартсан хүүхдүүд гэр гэрийн зүг хөгжилдөн салцгаалаа. Дэлгэр Үрлээ хоёр хаврын шороо, элс хөөргөн үлээх хүйтэн салхинаас хоргодон нөмөр бараадаж байшингийн буланд амсхийн зогсов. Сийрэгхэн нэхсэн ноосон малгайны доогуур цухуйх Үрлээгийн бор үс хүзүү духы нь эрвэгнүүлэн гижигдэх мэт. Хааяа толгой сэжлэн нүүр шавхуурдан тоглох үсээ хацар төмбийлгөн үлээнэ. Өдий хүртэл хоёр цүнх сугадан зогссон Дэлгэрийг Үрлээ жуумалзан харснаа

- Май энийг өмс гээд цэцгэн хээтэй нимгэн бээлийгээ сарвайв.

- Больёо, Би эр хүн

- Өмс өмс, эсвэл энэ буудлаас автобусанд суугаад гэртээ харь

- Үгүй үгүй

- Ядаж шил оруулчихсан гартаа энийг өмс гээд Үрлээ баруун гарынхаа бээлийг хүчээр өмсгөхдөө

- Чи ноосон малгайгаа яасан бэ? гэж асуулаа

- хийц нь муухай юм. Ээж маань оройжингоо сууж нэхсэн юм. Таалагдахгүй болохоор нь Туяахүүтэй цэрэг малгайгаар нь сольчихсон.

- Ээж чинь чамд гомдохгүй байна уу?

- Ээж үү? Ээж минь яахав дээ гээд Дэлгэр уртаар шүүрс алдсанаа

- хэзээ толгойгоо гээчихээд юм уу сольчихоод ирэх бол гэж үглэдэг юм. Урд нь намайг юмаа хаяхаар чих чинь дуулахгүй бол маханд чинь дуулгаад өгье гээд л ухасхийдэгсэн. Хурдхан шиг аравдугаар ангиа төгсөөд дээд сургуульд орж ээжийгээ баярлуулахсан юмсан гэж бодох юм. Би чамд нэг үг хэлэх гэсэн юмсан. Бүр эр хүний ёсоор ярихсан гэж их бодлоо гээд чулуу өшигчин зогсох Дэлгэрийн ярианы сэдвийг гадарласан Үрлээ

- Дэлгэрээ, чи манай сургуулийн сагсны талбайг хараач. Биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгоё гэсэн уриа бичээд бөмбөг оруулдаг гогцоо байсан газраа өлгөчихөж. Биеийн тамирын багшид хэлбэл яах бол гэв.

- Шалтаг олоод хэлж орхино. Харин чи миний үгийг сонсооч. Би чамд .... Үрлээ Дэлгэрийн яриаг огт сонсоогүй юм шиг

- Түүхийн багш Гонгор бүх хүүхдүүдийн овгийг мэдэх юм. Самбар дээр хичээл бичиж байгаад бидний хэн нь хөдөлснийг андахгүй нэр овгоор нь дуудахыг яана.

-Ү рлээ чи намайг сонсооч. Би чамтай олон жил гэмгүй үерхэж чиний тухай сайхан болгоныг өөртөө ургуулан бодож сэтгэл зүрхэндээ чамайг шүтэж ирлээ

- Чи ямар том үг ярих юм бэ?

- Цаанаасаа тэгж гарч байна. Би ямар ч мэддэг хичээлээ ингэж түгдрэлгүй ярьж чаддаггүй. Чиний зүрх өвдөөд хичээл дээрээс чамайг аваад гарч явахад Цэрэнхүү багш гадаа хонгилд тааралдаад юу гэж хэллээ? Чамаас өөр хичээлдээ сайн хүүхэд тусалж болсонгүй юу гэсэн. Тэр үеэс хойш би чамаас ичиж энэ тухай цухуйлгахаас зовж явдаг болсон.

- Цагаа олоогүй яриа байна.

- Танай хонгилд шөнө дунд хүн дуулдаг уу?

- Дуулдаг.Тэр бас чи гэж үү?

- Миний дуулж байхыг арван жил сурахдаа чи сонсоогүй

- Дурлал намайг дуулууллаа гэх нь үү?

- Зөвхөн дурлал намайг дэлхийн дээд амжилт тогтоолголоо гэж нэг гүйлтийн тамирчин хэлсэн байдаг

- Дэндүү сүржин юм. Чи нээрээ манай орцын хавьд гитартай дуулдаг юм уу? Манай байрын ах эгч нар сайхан дуулдаг залуу гээд байсан чи болох нь ээ

- Би багадаа өглөө бүр байрны чинь хажуугаар гарахдаа цонхон дор чинь шинэхэн цасан дээр том үсгээр хайртай гэж биччихээд чамд өөрт чинь хэлчихсэн юм шиг сэтгэл уужран явдаг байлаа. Эсрэг байрны чинь хананд шөнө шат авчирч тавьж байгаад замын хараар “Чамд үнэнч” гэж биччихээд түүнийг арилгах гэж зовон олон хоног хөдөлмөрлөсөн хүмүүсийг харан сэтгэл өвдөн шаналж билээ...

Дуугүй чагнан явсан Үрлээ гэрийнхээ үүдэнд ирээд цүнхээ авч нэг үг хэлэх гэснээ шулуухан эргэж гэр рүүгээ гүйв. Үрлээ чимээ гаргалгүй гэртээ ороход баруун аймгуудаар томилолтоор яваад ирсэн сурвалжлагч эцгийн нь ээжтэй нь ярих яриа сонсогдоно.

- Чи ямар их тураа вэ?

- Миний ажлын үр дүнг аль хир турж ядраа вэ гэдгээр нь хэмжиж болно. Эхний аймгаас авсан шийгуагаа охин та хоёртоо өгөх гээд дөрвөн аймаг дамжиж хоёр сар хадгалж ирлээ шүү дээ

- Өвгөн минь авчирсан гутал чинь таарахгүй нь

- Тэрий чинь өмсөөгүй хүүхнүүд хүүхэн биш болсон цаг, усаар норгож байгаад сайн чихээд үз. Ай хө би энэ унтлагын өрөөгөөр холхисоор байгааад хэд дэх шал нь хөндийрч хөвхөлзөж дуугардгийг андахаа байж.... гэж ярилцах дуу сонсогдоно.

Үрлээ хувцастайгаа галын өрөөнийхөө цонхоор салахгүй ширтэн зогсоно. Дэлгэр цэцэрлэгийн өндөр хайсан дээр сандайлан сууж төмрөөс нь зуурчээ. Улаан мотоциклийн ард чанга яригч барин суусан хорооны дарга бололтой хижээл хүн тэр хоёрын хоёр биенээ ширтэн зогсох зайны яг дунд зогслоо.

- Субботникт гараарай. Субботникт гараарай. Сайн байна. Зүүн талын байр гарчихсан байна. Орцны дарга нар хүмүүсээ гаргаарай. Хагас шуудай шороо даахгүй хүүхэд, хөгшчүүлээ хөөж гаргачихаад тайван унтаж амарч байгаа улс босоорой. Хорьдугаар байрны Балбар гэдэг нөхөр бүртгүүлчихээд буцаж орж унтаж байсан байна. Субботникт зөвхөн арван зургаан нас хүрсэн хүүхдээс эхлэн бүртгэнэ гэж бөхийн цол шиг уянгалуулан хэлээд ухасхийн алга болов.

Хүмүүс цуварч гарсаар. Сэвэлзүүр салхи намдаж нар тогтуун ээж эхлэв. Аав ээж хоёрыгоо дөхөн ирэх чимээнээр

- Би одоохон гэж хэлээд гүйн гарч орцны үүдэнд эргэлзэнгүй харж зогсох Үрлээг Дэлгэр тосон очлоо. Үрлээ,

- Дэлгэрээ чи битгий энд ирж бай. Би үерхдэг хүнтэй шүү дээ. Би бас хүүхэдтэй болчихсон. Гэрийнхэндээ хэлэхээс ч айж байна гээд эргээд гүйлээ.

Аянганд ниргүүлсэн мэт бие нь мэдээ алдсан Дэлгэр Үрлээг яаж буцаж явсныг ч мэдсэнгүй. Ноднин хаваржин тарьсан зүлгэн дээгүүр дагтаршиж салбарласан олон зам гарсныг дахин сэлбэж газрыг нь сэндийлж байгаа хүмүүсийн хажууд яаж хүрснээ ч бүү мэд. Зүлэгний унах шахсан хашлага сандайлан согтуу хүн шиг толгой салаавчлан бөхийлөө.

- Хүүе нөхөөр босооч. Чам шиг этгээдүүдээс болж зүлэгний хайсыг жил болгон өндөрсгөсөөр малын хашаархуу юм болох нь

- Бэлчээр эрсэн мал шиг зүлэг гишгичихээд бас амрах санаатай гэж субботникийн ажилд уурсаж бухимдсан нөмгөн дээлтэй халамцуудуу нөхөр чанга чанга хашгиран ярина. Дуунаар нь цочин сэхээ авах шиг өндийн холдох Дэлгэрийн араас

- Ээ харлаа согтуу юм уу даа. Харж байгаагий нь ширүүн этгээд байх нь ээ. Хүүе нөхөөр чи илжиг шиг зүлэг тууччихаад өөрийгөө мал гэж хэлүүлэх дургүй байна уу? Чам шиг юмнуудаас болж зүлэгний хашаа биш малын хашаа барьж байна гэж хашгирсаар хоцров.

Цонхны зузаан хөшгийг түхэлзтэл үлээх салхиар нөмгөн дээлт нөхрийн үг, нэг үе замхран үе үе чангаран сонсогдоно. Урт сүүдрэвчтэй малгай өмсөж жижиг нум сумаар сүүний лааз харваж байгаа гурван эрэгтэй хүүхэд дээр Үрлээгийн анхаарал туслаа. Хамгийн түрүүн харвасан зурагтай цамцтай цэмцгэр хүүд зайдуу зогссон улаан даашинзтай охин хоёр сум шидэж өглөө.

Тэр хүү хоёр сумаа тавьж дуусахад охин замын довжоон дээр үсчин цовхчиж тоглосоор байны зүг гүйлээ. Байнаасаа өнгөрөн унасан үзүүртэй төмөртэй, ардаа шувууны өдтэй сумыг олох гэж бөгтөлзөн эрэх охиныг

- Ээ сохор оо. Муу нүдний чинь хажуу талд хэвтэнэ гэж зүхэн хашхирах зурагтай цамцат хажуу талын хүүхдийнхээ модон сумыг авч онилон охины нурууг онолоо. Цочиж айсан охин өвдсөндөө уйлах гэж өмөлзсөнөө хүүхдүүдийн инээлдэх шуугианд нэрэлхэж гараараа нуруугаа хурдан хурдан илэн ярвайж дуугүйхэн дороо зогслоо.

Тоглоомыг нь таслахгүй гэж салхи даган туугдах сумыг нь түүж ядарсан охины шанаа даган урсах хөлстэй нь хамт нүдийг нь бүрэлзтэл дүүрсэн нулимсны бөөн бөөн дусал холцруутаж сайртсан хацрыг нь даган урслаа. Бугуйнаасаа урагш бөндийлтөл борлосон гараараа нүдээ дарж замаа харахгүй шахам бүдчин ойртож сумыг нь өгөөд гомдож ичсэн эрчээрээ олон будагдсаар тийм гэхийн өнгө тэмдэггүй болсон орцны хаалгыг хяхтнуулан савсаар гүйн орох нь харагдав. Удалгүй хаалга чимээгүй онгойж завсар гарах нь хэн нэгэн хүн гадагшаа гарах мэт. Энэ нь улаан даашинзтай охин гэдгийг Үрлээ сайн мэдэж байв. Үрлээ амандаа

- Чиний гомдох туйлын зөв. Чи тэгэхдээ амархан мартана даа гэж шивнэв. Шударга бус явдлыг хэзээ ч өнгөрөөхийг хүсдэггүй Дэлгэр байсан бол зурагтай цамцат чи шийтгүүлэх байсан даа. Дэлгэрээ гарын чинь шилийг би эмч болсон хойноо авч өгнө. Заавал авч өгнө гэж бодов.

* * *

Сүүлийн хонх цохиход нулимс унагаагүй хүн бараг байсангүй. Хорин нэгүүлээ хонгорхон бага насаа ингээд үддэг байжээ. Төгсөгчдийн үдэшлэгт ороорой гэж цангинатал зарлах хүүхдийн дуу сонсогдоно. Сүүлийн үед уруу царайтай явах болсон Дэлгэрийн хажууд Баяраа ирээд

-Өнөөдрөөс эхлээд хандсан зүг рүүгээ чөлөөтэй нисэх эрхтэй боллоо. Сурагч гэдэг нэрийн дор хүн бүрээс үг дуулж гар чичлүүлж явсаар уйдаж гүйцлээ. Чи яагаад гунигтай байдаг болчихоо вэ? Нас бие гүйцчихээд байхад үүдэн шүд ургадаггүй гээд тарчилж байна уу? Тоглоом ч үгүй найз нь эцгээс мөнгө аваад шүдийг чинь хийлгэж өгнө гэж мөр алгадан инээгээд танхим руу гүйв. 6-р ангид сургуулийн цайны газар компот, гөөхий хоёрт завсарлагаанаар чихэлдэн дугаарлаж байснаа Дэлгэр санав. Дэлгэрийг үдийн ундыг үргэлж даадагтаа эрэмшсэн Баяраа ширээ аван хүлээж суусан Дэлгэрт

- Аяга барьж авч чадах уу гээд цагаан шаазанг огцом чулуудав. Санаандгүй инээн суусан Дэлгэрийн үүдэн шүдэн дээр тас хийтэл буух аяганы дуу чих дөжрүүлэн доргиоход толгойн заадас задрах шиг болон янгинаж үүдэн шүд нь хугарч билээ. Харуулдаж унаад унагаасан гэх хүрзэн цагаан шүдэнд нь эх нь өдий хүртэл харамсаж явдгийг Дэлгэр саналаа. Том жижиг хүүхэд танхимд оролгүй үүдээр нь багшран чихэлдэх хонгилын цонхны шилэнд Дэлгэр нүүрээ наан өргөн тавцанг нь тэгнэн зогсохдоо ямарч чимээ гаргалгүй унтаж болмоор бие нь суларч байгааг мэдрэв.

- Чи Туяахүүг уриач

- Хөдөлгөөний эвсэлгүй, аягүй муухай бүжиглэдэг юм. Яамай яамай

- Заагаад өг л дөө

- Зав алга даа. Түүнтэй бүжиглэнэ гэхээс толгой өвдөж байна гэж ярилцан өнгөрөх охидууд Дэлгэрийг огт анзаарсангүй. Сургуулийн дээд давхрууд анир чимээгүй ажээ. Дэлгэр дээшээ өгссөөр ангидаа орлоо. Ноднин намархан будаг ханхалж байсан ангиас нь өглөө бужигнан хөөцөлдөж босгосон тоос, туяа шингэээн одох нарны ташуу гэрэлд үймэлдэх нь харагдана. Дэлгэр салхивчаа онгойлголоо. Одоо эндээс дэвтэр цаас, будаг бэхний өвөрмөц үнэр ханхлана. Ширээн дээрээ гар тэлэн хэвтэж нүдээ анилаа. Хөлийн чимээ гарах шиг. Үзүүлэнгийн самбар тэвхийтэл хураасан шүүгээний хажууд Дэлгэр нуугдан зогслоо.

Баяраа Үрлээтэй орж ирэнгүүтээ хаалганы хоёр бариулд сандал өргөн хөлий нь углалаа. Одоо хэн ч орж чадахгүй, хэн ч гарч чадахгүй болов. Үрлээгийн уйлах нь чангарав. Маргаан нь эрт эхэлжээ. Баяраа тайтгаруулан Үрлээгийн үсийг илэхэд Дэлгэр нүдээ анин шүүгээ рүү улам наалдан шигдлээ.

- Чи өөрийгөө баллаж байна. Наад хүүхдээ гаргаж болохгүй гэх Баяраагийн дуунаар Дэлгэр самбарынхаа цаанаас хэнд ч үзэгдэхүйц ил гаран зогслоо.

- Хэрвээ чамайг эцэг нь гэдгийг зөвшөөрөхгүй байгаа бол би хэнд ч хэлэхгүй.

- Тайвшир даа Үрлээ. Би учрыг хэлье. Үнэндээ би ийм болно гэж санасангүй. Сайхан үерхээд л ... гэж Баяраа тайлбарлаж хэлэхэд гомдсон Үрлээгийн хаалга чиглэн явахдаа юу ярьсныг Дэлгэр сонссонгүй. Баяраагийн хажууд яаж очсоноо бас мэдсэнгүй.

- Нулимсанд дуртай хүний үнэргүй амьтан гэж үсрэн цохисноо санана. Ухаан алдсан Баярааг түргэний тэргээр уйлалдан авч явахад нь Дэлгэр өөрийгөө зөвтгөсөөр байв. Сэргийлэхэд очсон хойноо ч шүүхэд шилжсэн үедээ ч энэ зодолт юунаас болсныг хэнд ч бүрэн тайлбарласангүй.Ингэж хорин нэгэн хүүхдээс нэг нь хүнийг ноцтой гэмтээсэн хэргээр хүндээр шийтгүүлж тэс өөр замаар замналаа.

Автобусны зогсоолын уужим талбай дээр унаа хүлээн зогссон олон хүний хажуугаар хүүхдүүдийн зориуд цуван жагссан урт жагсаал өнгөрлөө. Бүгд бие биеийн араас харан өндөр намаараа жагсжээ. Өнгөрөн үлдэх хүмүүс гайхсан, шоолсон, дурссан, учрыг ойлгосон харцаар үднэ. Хүүхдүүдийн цуваа яваандаа замбараа алдан эгнээ зэрэгцээгүй болж хоёр гурваараа тарж салан хүүрнэлдэж эхэллээ.

-Биднийг одоогоос арван жилийн өмнө Сүрэн багш яг энэ замаар жагсаагаад явж байж билээ.

-Халтараа чамайг нэгдүгээр ангид ороход Оюунаа юу гэж асуусан билээ.

-Чамайг яагаад Халтар гэдэг болсон юм бэ? Нүүрээ угаахгүй болохоор чинь үү гэж асууж байсан. Хэлэмгий охин байжээ.

-Маргаашнаас эхлээд сурагч формоо өмсөхгүй гэж бодохоор уйлмаар тарган шар охин цагаан хормогчоороо нүүрээ даран мэгшлээ.

-Чи формноосоо салах дургүй байлгүй яахав. Нэгдүгээр ангид байхдаа өглөө босоод явахад амар гээд өмсөөд унтаж байсан гээ биздээ гэх хөгжүүн яриа сонсогдоход бүгд инээлдлээ. Хүүхдүүдийн инээд үе үе сэргэлэн цангинаж яриа хөөрөө ихтэй харагдавч балчирхан насандаа эргэн хоргодсон хөнгөн гуниг нүдэнд нь тодроно. Бусдаас хоцрон явсан охидын нэг нь сандрангуй

-Хүүе, бидний араас нэг хүн дагаад байх шиг...

-Утгагүй амьтан бэ гэж шивнэлдсээр түрүүчийн эгнээгээ гүйцэхээр хурдан алхацгаав. Гудамжны сийрэг хөдөлгөөнд онцгой харагдан тасарч хоцорсон Дэлгэр хүүхдүүдийн явсан зүг рүү очихоос өөр аргагүй. Өнөөдөр тэдний анги уулзалдах ёстой. Таван жилийн өмнө энэ хүүхдүүд шиг хөтлөлцөн гүйж байсан олон янзын ааш араншинтай хүүхдүүд одоо ямар болсноо үзэж харцгаахаар цугларч байгаа биш үү.

Дэлгэрийг хоригдож байхад нь ангийн нь олон хүүхдүүд эргэж уулзсан боловч ямар шалтгаанаар Баярааг зодсоныг бас л мэдээгүй байлаа.

Хүүхдүүдийн шуугианд хүртэл шатар тоглож сурсан сургуулийн жижүүр өвгөний онцгой нүүдэл хийх гэж хөлөг дээгүүр хуруу үрчин дуугаргаж савлах бүрд тойрон зогссон хүүхдүүд саад болж буруу зөв гэж ам булаалдан хашгиралдана.

-Мөн хэцүү улсаа. Бүр бага хүүхдүүдээс нэт юм гээд өвгөн шатраа хураалаа.

-Шатраараа нэг нүүлгэчих

-Одоо болохгүй ээ. Хуучин төгсөлтийн ах эгч нартайгаа уулзалт хийнэ.

-Өө өвөө айсан айсан гэж хүүхдүүд хашгиралдсаар хурлын танхим руу гүйлдэцгээв. Шуугиан намдсанд баярлаж шүүр хувингаа хангинуулан

-Ёх гэж амьсгаа аван сууж тамхиа ороох цэвэрлэгч эмээ өвгөнд сониучирхан

-Миний нүд залуудаа бор байсан юм. Хөгширөхөөрөө ногоон туяа суугаад ирэх юм. Мөн сониноо гэж хуучлав

-Бүү худал хэл. Танай нутгийнхан бүгд л налимгар шар нүүртэй, ногоон нүдтэй шүү дээ гэж өвгөнийг мэдэмхийрэн цаашлуулахад

-Бүү цэцэрх. Бэр маань манай нутгийнх. Тэгэхэд ямар царайтай билээ. Хүн бүр гайхдаг шүү. За ач минь бол ярилт алга гэж эмгэн мөчөө өгөлгүй тэмцэв.

-Ач чинь энэ жил нэгдүгээр ангид орох байхаа. Баруун зүүн гараар нь бичиж сургаарай.Тэгвэл их бага хоёр тархи зэрэг хөгжинө. Илүү ухаантай хүн болно. За даа одооны хүүхдүүд ч дээ үзэх сонсох нь ихдээд тогтооц муутай шүү гэж өвгөнийг хэлэхэд

-Чи чинь оройн сургуулийн наймдугаар ангийг тавин настайдаа төгссөн гэлүү гэж эмгэн үнэн сэтгэлээсээ асууж бахархсан нүдээр өвгөнийг ширтэв.

-Тавин нэгтэйдээ. Зөвлөлтийн нэг зохиолч тавин настайдаа анхны өгүүллэгээ бичиж алдаршсан юм

-Пээ мөн сүрхийеэ.

-Хүн хичээвэл чадахгүй юм алга. Ай яа яа өнөөгийн хүүхдүүд ч дээ. Эрхэлж тоглох нь ихдээд байх шиг. Хааяа зодож байвал шар ус нь тараад

-Нүгэл гэм. Муу ёрын байгаа даа хөөрхсийг...

-Зээ зээ.Юун нялцгар юм билээ дээ. “Хөөрхсийг” гэнэ гэж өвгөн эмгэнийг дуурайн уулгалснаа

-Бид ч уншина гэж залгидаг байлаа. Одооны хүүхдүүд мөн хэцүү байнаа. Унших нь багадаад байх шиг. Ай яа яа яаж амьдарна даа гэж зовнингуй дуугарч шилээ шөргөөв.

-Яах юу байх вэ дээ. Та нар шиг хойч үеэ муу хэлээд амьдарчихгүй юу гэх дуунаар эргэн харахад Дэлгэр зогсож байлаа.

-Та намайг танихгүй байна уу. Би Дэлгэр байна гэхэд өргөн цээжинд нь оёос нь задарчих нь уу гэмээр язайтал татагдан өмсөгдсөн шар цамц, хавар намрын гутал дээр богинодсон өмдний оёосыг индүүдэлгүй эргүүлэн тавьж орхисон саарал өмдийг нь сэжигтэй харсан өвгөн

-Санахгүй байна гэв

-Энд Сүрэн багшийн төгсөлт уулзалт хийж байгаа юу гэж Дэлгэрийн царайчлангуй асуухад

-Энэ уулзалт хийж байгаа ангиас чинь хамгийн авьяастай улс төрж гарсан юм чинь гэж өвгөн бардам хариуллаа. Энэ үг Дэлгэрт хаяглан хэлчих шиг санагдан гараа халаасандаа лав хийж дээшээ гүйхээрээ харайв. Үнэхээр алдартай хүмүүс төрөөгүй ч сайн хүүхэд олон төрүүлснийг индэрт эгнэн сууж байгаа улсын байдлаас харж болно. Тэдний царай өнгөлөг, үг хэл цогтой байгаа нь нүдэнд тусна.

Сурагчдаа өнөөдөржин хүлээсэн баг Сүрэнгийн хараа цуцжээ. Сүрэн багш сэтгэлдээ Үрлээ, Дэлгэр хоёрыг үгүйлэн бодож үүд рүү байн байн харавч бараа алга. Сүрэн багштай харц тулгарах бий гэж зовон хүүхдүүдийн ард нуугдасхийн зогсох Дэлгэр сэтгэл санааны сайхан зураглал бүхнийг нь зөөн тээдэг байсан багшийн нь ширэн цүнхний оосор элэгдэж олон дахин оёгдсоныг ажиж байв. Хичээл тарж зуны амралт эхэлтэл Сүрэн багш энэ л цүнхтэйгээ явах дуртай. Зун нь олон сайхан цүнх ээлжлэн барьдаг байсныг Дэлгэр нүдний нь орчимд цагирган үрчлээ гүнзгийрэн сууж буй багшийгаа харан бодлоо.

-Хоёрхон хүн өнөөдөр энд дутуу байна. Хэн бэ гэж танхимд шивэр авир ярилцах сонсогдоно.

-Хүүхдүүдээ би нутгаасаа архигүй ирсэн шүү. Манай сум энэ онд уух архиа гурван сарын өмнө уугаад дууссан гэж ХАА дээд сургууль төгсөн ажиллаж байгаа Туяахүү ойр орчиндоо шивнэн ярьж инээлгэнэ. Бүгд хөгжилтэй. Тэнд бүх хүнийг танилцуулжээ. Сэтгүүлчийн ангийг амжилттай төгсөж анхныхаа номыг хэвлүүлэх гэж буй Баяраагийн шүлгүүдээс уншуулъя гэсэн санал гарлаа. Баяраа бусдаас өнгөлөг сэргэлэн харагдана. Ертөнцийн баяр, цөлийн гэгээ гэсэн цуврал шүлгүүдээсээ уншихад нижигнэсэн алга ташилт угтлаа. Хүнд үгүйлэгдэж хүнд хэрэгтэй байхыг Дэлгэр хичнээн мөрөөддөг байлаа. Одоо ч адил. Индэр хүрэхээс зовно. Гармаар санагдаад шат руу уруудлаа. Жижүүр өвгөн хүртэл яруу үгсийн санд шумбахаар явжээ. Үүдэнд дөрөв орчим насны охин өвөөгийн шатрыг урт сандал дээр дэлгэн тарааж хөлд орж ядан яваа дүүдээ шатар заах гэж оролдоно. Хөлөг дээр хар цагаанаар нь ялган эмхгүй өрсөн шатрын модыг дүүдээ зааж

-Би чамайг энийг энүүгээр ид гэсэн биздээ. Одоо би иднэ. За чи ид. Идээч гэж шамдангуй хэлэхэд учрыг олохгүй жаахан дүү нь шатрын хар дүрсийг амандаа үнхэн ярвайв.

-Хэн чамайг ингэж ид гээв. Ингэж идээч гэж модон хүүг захирангуй булааж авсан эгч нь дүүгийнхээ гарыг чанга алгадаад уйлуулчихав. Дэлгэрт таарч тэнцэх ажил олдлоо. Тэр хүүхдүүдтэй эв дүйгээ амархан олж чадлаа. Шатаар түчигнэн буух хөлийн чимээнээр Дэлгэр гадагшаа гарлаа. Гэтэл чанх урдаас нь Үрлээ нэгэн боодолтой юм тэвэрсээр айсуй. Тиймээ мөн байна. Үл мэдэг туржээ. Дэлгэр мэндэлж ч чадахгүй өөдөөс нь харан зогслоо. Үрлээгийн нүд Дэлгэрийн хөтөлж зогсоо хүүхдүүд дээр туслаа. Хоёр хүүхэд зэрэг

-Ээжээ ээжээ гэж хашгиран тосон гүйлээ. Хоёулаа Үрлээгийнх байжээ. Гайхаж мэлийсэн Дэлгэрийн эвэршиж хатуужсан гарт Үрлээгийн зөөлөн гар хүрч бугуйнаас нь чанга атгаснаа

-Сайн уу Дэлгэрээ гэж хүчлэн дуугарлаа. Хүүхдүүд нь зүүгдэн чангаана.

-Би чамайг өнөөдөр энд ийм янзтай ирнэ гэж санасангүй гэж Үрлээ хэлээд өрөвдсөн харцаар Дэлгэрийг харлаа.

-Би түрүүний ирсэн. Хожимдоод ортол чи үүдэнд зогсож байлаа. Тэгээд би буцаж гүйгээд аавынхаа костюмыг чамд авчирсан юм. Бүү муу юм санаарай. Эцэг минь удаан өмсөж амжаагүй юм.

-Аав чинь ...

-Тийм ээ нас барсан.

Харин би том охиндоо сайн эцэг олсон шүү. Тэр маань энд багшилдаг юм. За баяртай. Чи энийг өмсөх үү? Орой бүгдээрээ уулзана гээд Үрлээ хүүхдүүдээ хөтлөн жаргалтай хүний алхаагаар торолзтол алхсаар сургуулийн хашаа руу орлоо.

Сургуулийн шавар нь унасан довжооны өнцөг дээр Дэлгэр өөрийн эрхгүй хөл нугалан сандайлж боодолтой юмаар нүүрээ даран тонгойлоо. Зөвхөн энэ удаа би тонгойлоо. Одоо би юунд ч тонгойхгүй гудайхгүй явна гэж түүний нулимстай нүд шивнэх мэт.

 Төгсөв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]