Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эверестэд өнгөрсөн гэр бүлУншсан129,771

"Намайг битгий орхиоч" гэж чадан ядан хэлж байгаа бүсгүйг харж туслахыг оролдсон хоёр оролдлогыг эс тооцвол Эверестэд гарах гэж, гараад бууж яваа олон уулчид хажуугаар нь харамсан харсаар өнгөрч байсан гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1998 оны 5-р сарын 22-нд Эверестийн оргилд гарсан Америкийн уулч бүсгүй Фрэнсис ДиСтефано буух замдаа хүч чадал нь барагдаж, хамт оргилд гарсан нөхрөөсөө төөрч, хажуугаар өнгөрөх уулчдаас аврал эрэн байсаар нас эцэслэсэн гашуун түүх бий. "Намайг битгий орхиоч" гэж чадан ядан хэлж байгаа бүсгүйг харж туслахыг оролдсон хоёр оролдлогыг эс тооцвол Эверестэд гарах гэж, гараад бууж яваа олон уулчид хажуугаар нь харамсан харсаар өнгөрч байсан гэдэг. Энэ бол Эверест ууланд олон тохиолдож байсан аймшигт явдлын зөвхөн нэг нь бөгөөд ийм явдал урьд ч болж байсан, цаашид ч олон тохиолдох биз ээ.

40 гаруй настай Фрэнсис нь мэргэжлийн уулчин, хаданд авирагч байсангүй. Харин түүнд хань нь болсон Орос гаралтай мэргэжлийн уулчин Сергей Арьсентьев байлаа. Эр нөхрийнх нь их уулын оргил дээр хүчилтөрөгчгүйгээр, хамгийн хэцүү маршрутаар гарах гэсэн нөр их хүслийг байнга дэмжиж, бүр хамт авирахаар шийдсэн бүсгүй урьд нь бэлтгэл болгож Памирын их уулын 7000 метр давсан хэд хэдэн оргилд гарсан учир зорьсондоо хүрч чадна гэж хоёул итгэж байжээ.

1998 оны 5-р сарын 19-нд Сергей, Фрэнка нар 8200 метрийн өндөрт байрлах баазад ирж хоноод маргааш өглөө дайрах ёстой байлаа. Өглөө болж авиралтаа эхэлсэн ч янз бүрийн жижиг сажиг гэмээр шалтгаанаас болж буцах хэрэгтэй (духны гэрэл эвдрэх гэх мэт) болж дараагийн өдөр эхэлсэн авиралт мөн л бүтэлгүйтэн бараг эхэлж чадсангүй зогслоо. Энэ үеэр Оросын Мошников хэмээх таньдаг уулчин нь оргилоос бууж явахдаа тэдэн дээр ирж “Энэ олон өдөр ийм өндөрт байж болохгүй, одоо яаралтай буух хэрэгтэй, маргааш өглөө манай багтай цуг доошлоё” гэж гуйж, анхааруулж байсан ч маргааш өглөө нь хос хоёр маань доошоо биш дээшээ зүтгэж эхэлжээ.

Гурван хоног үхлийн бүсэд (8000-аас дээш өндөр. Энд хүн удаанаар үхэж байдаг гэж болно) байсан хоёр маань ядарч цуцан их удаанаар дээшилж байхад Узбекийн нэг баг бууж тааран, багийн ахлагч Ражапов нь таньдаг хүний хувьд Сергейг буцахыг шаардаад ч дийлсэнгүй. Хүчилтөрөгчийн баггүй тэд оройн 19.00 цагийн үед оргилд гарлаа. Фрэнсис Эверестийн оргилд хүчилтөрөгчийн баггүй гарсан анхны Америк эмэгтэй болох хүслээ биелүүлсэн боловч...

Их уул сонирхдог, ууланд тэр тусмаа энэ агуу хайрханд авирсан авиралтын тухай жаахан ч гэсэн сонирхдог хүн тэднийг орой 19.00 цагт оргилд гарсан гэхийг сонсоод өөрийн эрхгүй дуу алдсан болов уу. Энэ бол аймшигтай явдал, амь насаа дэндүү гаргууд гаргасан хэрэг байлаа. Ядарч тамирдсан, анхаарал суларсан хоёр харанхуйд буухаас өөр аргагүй болно...

8200 метрийн өндөрт байрлах баазад өнөө хоёр маань тэр шөнөдөө ирсэнгүй. Тэгэхээр тэд энэ өндөрт дөрөв дэх шөнөө, бас дээр нь майханд биш, задгай уулан дээр хонох болж гэсэн үг.

Маргааш өглөө 8200 метрээс авиралт эхлүүлсэн Узбекийн бас нэг баг Сергейтэй таарч өнөөх нь эхнэрээ дор баазад харагдсан эсэхийг асууж, эхнэрээ олохоор яаран доош буусан гэдэг. Яаж яваад төөрдөг... тэр их ууланд, харанхуйд юм юм л болдог байх.

Узбекийн баг дээшилж яваад 8500 метрийн өндөрт ухаангүй болдгийн даваан дээр байгаа бүсгүйтэй таарсан нь Фрэнсис байв. Тэд хүчилтөрөгчийн багаа зүүж өгөн хамгийн их агаар орохоор болгож, массаж хийж, тариа тарьж өгөөд цаашаа авиралтаа үргэлжлүүлжээ. Оргилд гараад буцаж уруудан явахад бүсгүй байрандаа байж л байсныг авч явах гэж оролдоод (авч буух гэж оролдсон л гэдэг, үнэндээ тийм боломж байсан, оролдсон гэдэг нь юу л бол) чадалгүй, тэнд нь орхилоо. Узбекийн группийн толгойлогч Олег Григорьев өөрсдийн хүмүүсийг түрүүлж явуулан Сергейд хэл дуулган өөрөө бүсгүйг харан хоцорсон ба орой 8 цагийн үед ганцаараа доошилж эхэлсэн гэдэг. Яг доошилж явах үед Сергей өөдөөс нь өгсөж тааран амьд уу гэхээс өөр юм асуулгүй эхнэрийнхээ байгаа газар руу цааш яаран өгссөн нь түүний хувьд тав дахь өдрөө дараалан 8200-гаас метрээс дээш доош өгсөж байгаа нь энэ.

Дараа нь олон хүмүүс Сергейг эхнэрийнхээ хажууд сууж байгааг харсан, энэ үед эхнэр нь нэгэнт амьсгаа хураасан байсан бололтой гэж ярьдаг бөгөөд дараа нь Сергей өөрөө ч сураггүй болсон, түүний уулын алх болон олсыг бүсгүйн цогцос байгаа газрын доохноос олсон нь энэ хүн эхнэрээ доош буулгах гэж яваад бас осолдсон гэж бодохоор байлаа. Үнэхээр ч хэдэн жилийн дараа түүний цогцсыг эгц хадны ёроолд унасан байдалтай байхыг олсон гэдэг. Ингэж Эверест хайрхны оргилд гарах гэж амь насаа алдсан олон тохиолдлын тоог энэ гэр бүлийнхэн нэмсэн гашуун түүх энэ юм.

Фрэнсис ДиСтефаног үхэж байх үед олон уулчдын баг хажуугаар нь өнгөрч байсан боловч зөвхөн Узбекийн баг болон Йен Вудхолл, түүний эхнэр Кэти О' Доуд нар л ямар нэг байдлаар тусламж үзүүлэх гэж оролдож... өөр хэн ч тусалсангүй. Хамгийн гол нь ингэж оролдох нь бараг нэмэргүй төдийгүй өөрсдийгөө ч маш аюултай эрсдэлд оруулж байгаа хэрэг билээ. Дээр дурдсан Йен Вудхолл, Кэти О' Доуд нар нь хамаг хувцсаа тайлан хаясан байсан Дистефаног хувцаслах гэж цаг гаруй оролдож өөрсдөө ч удалгүй хөлдөж, осгох дээрээ тулан, Америк бүсгүйг амьтай байхад нь өөрийн эрхгүй орхисон байдаг.

Тэд энэ явдлаа мартаж чадалгүй хэдэн жилийн дараа эргэн ирж бүсгүйн цогцсыг Америкийн далбаанд ороон авиралтын замаас холдуулах санаатайгаар хаднаас түлхэн унагасан гэдэг нь хэдийгээр сонсоход хэцүү боловч хамгийн хүнлэг үйлдэл байжээ гэхээс өөр үг алга. Узбекийн авирч яваа уулчид ч гэсэн алтнаас үнэтэй хүчилтөрөгчийн багаа зүүж өгөөд явсан гэдэг ч мөн адил... Энэ бол их уул билээ. Энд жирийн амьдралаас арай өөр “хууль” үйлчилнэ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 2 сар 29. 14:24
Зочин

saihan molhool onhrool buuchihgui tee

2020, 3 сар 1. 20:39
Зочин

Hahahahahha

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]