Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Францын уналт - Шар ажиллагааУншсан5,221

Люфтваффе гэнэтийн дайралт хийж Бельгийн нисэх хүчний 179 онгоцноос 83-ийг нь эхний өдрөө устгаж орхив.

"Бид ялагдсан, бид сүйрч байна туслаач".....Францын Ерөнхий сайд Пауэль Рейнауд.

1939 онд Гуравдугаар Рейх Польшид халдан довтолсноор Холбоотны гэрээний дагуу Их Британи болон Франц Германд дайн зарлав. Францчууд 40 дивиз цэрэг 400 танктайгаар Мажиногийн  шугам дагуу Саарын сав газар 5 км өргөн фронтоор Германд халдлаа.

Тэдний эсрэг Германы 22 дивиз /танкгүй/ сөрж байв. Долоо хоногийн дотор Германы Лаутербах, Хитлердорп, Меделшйен зэрэг 12 хот сууринг эзлэж 196 цэргийг устгаж, 356 хүн олзлоод байв. Гэтэл гэнэтийн зүйл болж 9-р сарын 17-нд ЗХУ Польшид довтлов.  Холбоотон болон нэгдсэн ЗХУ, Германы нэгдсэн хүчтэй тулалдахад Франц бэлэн биш байлаа. Францын хүчний захирагч генерал Маурис Гамелин Зөвлөлтийн цэрэг Польшид орсон тэр өдөр Францын бүх цэргийг Мажино шугам хүртэл ухрах тушаал өгөв.

Германы хил дагуу Францын нутагт “Мажиногийн шугам” гэх хамгаалалт байх ба энэхүү хамгаалалтын шугамыг Бельгийн нутаг хүртэл барьжээ. Мажиногийн шугамыг инженер Андре Мажиногийн загвараар байгуулсан юм. Мажиногийн шугамын баруун төгсгөл хэсгээс далай хүртэл Британи Франц болон бусад холбоотны цэргүүд хамгаалж байв. 1939 оны 10 дугаар сарын 10-нд Их Британи болон Францад Гитлерийн Германы зүгээс найрамдах санал тавьсан боловч татгалзсан хариу авав, дайн зайлшгүй боллоо. Харин хэзээ вэ?

Гитлер холбоотны армийг хялбархан бут цохих гайхалтай төлөвлөгөө эрэлхийлж байлаа.  Ерөнхий штабын дарга хурандаа генерал Галдер "ШАР АЖИЛЛАГАА"-ны  анхны төлөвлөгөөг танилцуулав.  Энэ нь Мажиногийн шугамыг тойрч Бельгийн нутгаар дайран Сомме голын дагуу цус урсгасан тулаан хийх Шлаффений төлөвлөгөөтэй тун төстэй байв.

Гитлер түүний төлөвлөгөөнд тун сэтгэл гонсгор байлаа.  Галдер удалгүй дахин нэг төлөвлөгөө танилцуулав.  11 дүгээр сард дайралтыг эхлүүлэхээр шийдэж Гитлер генералуудаа шавдуулж, адгаж байлаа.  Гэсэн ч цаг агаар хүйтэрсэн болон Польшийн кампанит ажиллагаанд хүн хүчний болон техникийн нэлээдгүй хохирол амссан, энэ бүх алдагдал нөхөн хангалтыг Вермахт хийж амжаагүй, чадаагүй байсан учраас Рунштедт болон бусад генералууд эрс эсэргүүцэж байв.  Иймэрхүү байдлаар байлдааны тушаал 23 удаа хойшлогдов.

 

Манштейны төлөвлөгөө Блитцкриг

Блитцкриг буюу Цахилгаан дайны онолын стратеги нь агаарын цэргийн хүчээр идэвхтэй дэмжүүлсэн бие даасан танкийн болон механикжуулсан эсвэл моторжуулсан нэгтгэл байлдааны ажиллагааг явуулахад оршдог. Танкийн нэгтгэл буюу бүлэглэл нь замд тохиолдох хүчтэй бэхэлсэн хориглолттой зууралдсан тулааныг хийлгүйгээр дайсны жигүүр болон ар талд гүн цөмрөлт хийнэ. Энэхүү гүн цөмрөх давшилтын зорилго нь дайсны удирдлагын төвүүд болон хангалтын шугамуудыг таслан устгаж, эзлэхэд оршино. Ингэснээр дайсны гол хүч удирдлага, хангамжгүй болон байлдах чадвараа богино хугацаанд алддаг байна.

Панзер танкийн эцэг гэж нэрлэгддэг генерал  Гудериан Блитцкриг онолыг боловсруулж  "АНХААР ПАНЗЕР" номоо бичиж хэвлүүлсэн.  Манштейний төлөвлөгөө Блитцкриг онол дээр суурилж байлаа.

Түүний тактик ёсоор бол Германы армийн А болон Б бүлэг Бельги болон Голландын нутаг руу давшин, улмаар эдгээр нутгаар дамжин Францын зүг хөдлөх гэж буй сэтгэгдлийг Холбоотнуудад төрүүлнэ. Холбоотны арми энэхүү өгөөшийг залгин улмаар Бельгийн нутагт Германы армийг зогсоох гэж үзнэ. Бельгийн нутаг руу холбоотны арми орсны дараа Германы танкийн армийн гол хүч Арденийн ойгоор дамжин Седаны орчим Францын фронтыг сэтлэн цохиж цааш маш хурдтайгаар Ла Маншийн хоолой руу давшин Холбоотны армийн жигүүрт цохилт өгч Францын нутгаас таслан, бүслэн устгах байв.  

Яг л хайчаар хайчлаж байгаа юм шиг хурдан түргэн давшиж үзүүр нь Дюнкеркд уулзах ёстой.

Ардений ойг Францууд нэвтэршгүй гэж үздэг байсан бөгөөд энэ чиглэлээр германуудыг довтолж чадахгүй гэж үзэж байсан. Аянга цахих адил хурдан түргэн өнгөрөөд дуусах Манштейний төлөвлөгөө Гитлерт ихэд таалагджээ.

1940 оны 05 дугаар сарын 09. Оройн 21 цаг 00 минут  “Данзиг” гэх шифрлэсэн кодыг Вермахтын бүх анги нэгтгэлүүдэд илгээв.  Ийнхүү “Fall gelb” буюу Францын төлөөх тулаан эхэллээ. Тушаал маш нууц байсан учир олон офицер байрлал дээрээ байхгүй байсан гэдэг. 

Үндсэн хоёр чиглэлд довтлох Германы арми 3 сая 350 000 цэрэг, 2445 танк, 5600 онгоцтой харин тэдний эсрэг холбоотны нэгдсэн арми 3.3 сая цэрэг 2900 онгоц, 4000 танктай. Давшиж байгаа арми үргэлж давуу талтай, хүчээ нэг чиглэлд төвлөрүүлж чаддаг бол хориглож байгаа арми хүчээ тараан байрлуулахаас өөр сонголтгүй байдаг. Альпийн нуруунд Францын 150 000 цэрэг, Мажиногийн шугам дагуу нэг сая орчим цэрэг, үлдсэнийг нь Бельги, Голландын нутаг руу илгээсэн байв.

Голландын арми 144 онгоцтой байсан бөгөөд эхний хэдхэн цагийн дотор талыг нь устгуулж Валленбург болон Оренбург, Роттердам зэрэг стратегийн чухал хотуудын нисэх буудлуудаа алдсан ч гэсэн сөрөг дайралт хийн буцаан авав.  Нийслэл Амстердам руу зүтгэх Германы 18-р армийн давшилтыг тогтоон 5 дугаар сарын 13-нд Францын армийн тусламж иртэл голландчууд тулалдав. Германчууд нийслэл хотыг агаараас тасралтгүй бөмбөгдсөөр байлаа. Өчүүхэн Голланд маш их тэвчээр гарган тулалдсан ч гэсэн энэ нь тэдний хувьд дэндүү ахадсан хэрэг байсан.

5 дугаар сарын 15-ны өдөр Голланд бууж өгөв.  

Хатан хаан Вильгельм Засгийн газрынхаа хамт Их Британид дүрвэв.

Люфтваффе гэнэтийн дайралт хийж Бельгийн нисэх хүчний 179 онгоцноос 83-ийг нь эхний өдрөө устгаж орхив. Германы 6-р арми шуурхай давшиж байсан боловч бельгичүүд Эбен Эмейл цайзын хүчирхэг бэхлэлтэд тулгуурлан ширүүн эсэргүүцэл үзүүлэв. Энэ бол усан суваг, олон замын салаа уулзвар дээр орших стратегийн маш чухал цайз байлаа.  Германы цэргүүд шүхрээр буун, дээрээс нь цайзын хоолой яндан руу гранат шидсээр гуравхан цагийн дотор хамгаалалтыг сөхрүүлж чадав. Францчууд Бельгийн нутагт хориглолтын шинэ шугам байгуулж, тарж бутарсан Бельгийн анги нэгтгэлүүдийг дахин эмхлэн зохион байгуулж байлаа.

5 дугаар сарын 13-нд Гудериан болон Клейстийн танкийн гурван дивиз Ардений шигүү ой даваа, гүвээг амжилттай нэвтрэн шууд довтолгоонд оров. Ардений ойг нэвтэршгүй гэж францчууд үзэж байсан тул энэ хэсэгт явган цэргийн хоёр дивиз л байрлаж байлаа. Герман хүний нямбай зангаар Люфтваффе агаараас Францын байрлалыг тун ширүүн бөмбөгдөн ганцхан өдрийн дотор фронтыг сэтлэн цоорхойгоор нь асар их танк, явган цэрэг орж ирэн хоёр тийш улам тэлж байлаа.

 Удалгүй Седан хот эзлэгдэв. 

5 дугаар сарын 19-нд Аббелив хотыг эзэлж, Гудерианы танкууд Ла-Маншийн хоолой хүрснээр Франц, Британийн цэргийн хүч Францын газар нутгаас бүрэн таслагдаж бүслэгдэв.  Холбоотнууд ийнхүү урхинд орсноо ойлгосон юм.

Францын танкийн нэгтгэл бүслэлтийг зогсоохоор Бельгийн Ханнүт хотын орчим сөрөг довтолгоонд оров. Хоёр талаас 1500 орчим техник тулгарав, тооны хувьд германы танкуудаас олон байсан хэдий ч агаарын дэмжлэг муу байсан учир Францын тал 160 танкаа устгуулан цааш ахисангүй. Германчууд 40 танкийн хохиролтой энэ тулааныг өндөрлөв. Хэрэв энэ давшилт амжилттай болсон бол Седаныг эзлэн Ла-Манш руу тэмүүлэх Панзер нэгтгэлүүдийн сүүлийг тас цохиж чадах байлаа. 

Их Британийн МИ-5-ын тагнуулын мэдээгээр дамжин Францын Ерөнхий сайдын цөхөрсөн гуйлт ирж, Черчиллийг түгшээв. Тэрээр нөхцөл байдалтай танилцахаар 5 дугаар сарын 16-нд өөрийн биеэр Парист ирэв.  Гашуудлын хар утаа, үймсэн олон түүнийг угтав. Холбоотны хүчний захирагч Гамелин тэр хоёрын хооронд богинохон, тун хөндий яриа өрнөв.

-Таны нөөц хүч хаана байна генерал аа?

-Арай бэлэн болоогүй байна, ноён Ерөнхий сайд аа. Германчууд маш хурдтай давшиж байна.

Гамелин албан тушаалаасаа огцорч оронд нь Максим Вейганд томилогдов. 

Хожим Черчилль дурсахдаа энэ хариулт миний амьдралдаа сонссон хамгийн аймшигтай хариулт байсан гэж хэлсэн гэдэг. Ирээдүйд нэр нь цууриатах Германы олон олон генералууд Францын төлөөх тулаанаар тодорсон юм. Тэдний нэг нь Эрвин Роммель байлаа. Седаныг унасны дараа Меюсе голыг гатлан урагшлахад тэр танкийн 7-р дивизийг удирдан стратегийн маш чухал гүүрийг эзлэн дайсныхаа 10000 цэргийг олзлон авав.

Английн Матильда, Францын Сомуа танкууд багагүй төвөг удаж байв. Янз бүрийн суманд 100 удаа оногдсон ч яагаа ч үгүйгээр барахгүй германы 14 танкийг сөнөөж орхисон Францын танкийн ассуудын нэр цуурайтаж байлаа.

Германчууд танкуудаа дагнасан групп болгон цохилтын хүчирхэг нударга бүрдүүлж байсан бол холбоотнууд танкаар олон байсан ч гэсэн тараан жижиг бүлгүүдэд хуваарилснаар энэ давуу байдлаа ашиглаж чадаагүй юм.

 5 дугаар сарын 21 гэхэд панзер группүүд Английн хоолой хүрч эрэг дагуу давшилтаа өрнүүлэв. Бельгийн армийн нөөц барагдаж Леопольд хаан бууж өглөө. Бүслэлтийн тойрогт орж хангалтаасаа бүрэн таслагдсан цэргээ аврахын тулд Францын 1, 6, 17 болон 10-р армиуд бүслэлтийг сэтлэхээр гадна талаас нь давшилтад орсон боловч Гудериан болон Клейстийн танкийн хүчирхэг нэгтгэл тэднийг урагш ахиулсангүй.

Дотогш хумигдаж байгаа германчуудын бүслэлтийн үхлийн атгалтыг сулруулахын тулд 5 дугаар сарын 21-ний өдөр Матильда танкаар дэмжүүлсэн Британийн хүчнийхэн Аррас хотын орчим улангассан сөрөг дайралт хийв. СС-ийн Тотенхофф дивиз тэсэлгүй ухрав. Их бууны хүчирхэг галлалт, агаарын идэвхтэй дэмжлэгтэйгээр 225 танк 10000 цэргээ устгуулан асар их хүч чармайлт гарган Роммель холбоотны давшилтыг тогтоож чадав.

Довтолгоонд оролцсон Британийн дивизийн захирагч нар бүгд амь үрэгдэж зөвхөн 26 танк л эргэж ирэв. Аррасын дайралт германчуудыг болгоомжлоход хүргэв, бусад чиглэлд довтолж байсан нэгтгэлүүдээс нэлээдийг энэ чиглэлд татав.

Энэ үед ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар Молотов холбоотныхоо ялалтад баяр хүргэхээ мартсангүй.

Үргэлжлэлтэй.

Нийтлэлч Л.Мөнх-Од

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]