Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хоёр хөгшин хоорондоо гэхээс бид хоёрын нэгэнтэй үзвэл хэмхэрч мэднэ шүү"Уншсан16,502

У.Мижиддорж "Хоёр хөгшин хоорондоо гэхээс бид хоёрын хэн нэгэнтэй үзвэл хэмхэрч мэднэ шүү" гэж арслангийн хорыг хустал Дэрэнбор "Нээрээ тийм. Яасан үнэн үгтэй залуув" гээд намайгаа амладаг юм.

Өвөрхангайн Цоодол арслангийн яриагаар хийсэн "Бөхийн" гэгдэх Ш.Мягмар гуайн нэгэн сайхан дурсамж, хөрөг бий. Түүнээс хэсэглэн, багахан тайлбартайгаар хүргэж байна.


Улсын арслан, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Гялдангийн Цоодол ийн өгүүлжээ.

Улсын арслан Г.Цоодол

1955 оны наадамд 256 бөх сугалаагаар барилдаж, цол гуншин дуудах юм байхгүй. Циркийн Дамдин начинтай гар зөрж үзээгүй. Огцомхон сайрч, онцгой тасарч буй залуу гэлцэнэ. Хавар Түвдэн аварга суйлдгаараа хөнтөрч хөлийг сүвээндээ авчраад тонгоруулж унасныг өөрөөс нь сонсоод дотроо бэргээд байгаа. Аварга маань хүний хөлийг өвдөгцөөгөө авчраад түлхэхэд бидиий хэн нь ч тэсч үлдэх ховор үе. Эхний өдөр 2-ын давааны нэг дэх гараа гараад завсарласан юм даг уу.

Биднийг гурвын даваа эхлэхийн өмнө иртэл Дамдин хаяж яваад уначихлаа гэлцэх дуулдав. Гэтэл Дамдин (Дархан аварга Дарийн Дамдинг хэлж байна) "Булганы Бадамцэрэн гэж бор байлдагчийг өргөх гэснээ больж, өмсөж гоё хаях гээд ардаа гарган өвдтөл шидүүлсэн" гэж байна.

Дөрвийн давааны эхэнд Түвдэн маань (Дархан аварга Бадамдоригийн Түвдэндоржийг хэлж байна) эртхэн таарчихвал зан зангаа мэдэх амар юм биш үү гээд Ц.Чимэд-Очир аварга (даян аварга), Ш.Батсуурь аварга (дархан аварга), Дэрэнбор (Улсын арслан С.Самданжигмэдийг хэлж байна) биднийг хэсүүлэн харах. Ингээд би дөрвийн даваанд Д.Жамцыг хаяад, тавд Дамдинг хаясан өнөөх Булганы Бадамцэрэнтэй таардаг юм.

Ц.Чимэд-Очир аварга "За Цоодол чи Дэрэнбор бидний араас дэнхийгээд ирэх нь ээ дээ. Дамдинг давсан цэрэг амаргүй шүү..." гэж анхааруулан захив аа. Тэр цэргийг нь ч гайгүй нэг юм хаячихлаа.

Зургаад гурван жил дараалан түрүүлсэн Түвдэн аваргатайгаа учирлаа. Аваргаа арайхийж даваад цолгүй зургаан залуугийн гуравтай төрийн наадмынхаа шөвгийн дөрөвт үлдлээ. Наадамчин олны Цоодол аварга болжээ гэх яриа чихний холуур өнгөрсөнгүй. Цолгүй гурван залуугийн хоёрыг давж түрүүлбэл чанаргүй аварга төрлөө гэж үзэгчид чамлах байх даа гэсэн бодол тархинд эргэлдээд амраахгүй.

Залуу бөх С.Оргодолыг тонгордог ухаантай солгой талдаа алдаад юун түрүүлэх. Ээ дээ, болоогүй юманд бодлогширч, сэтгэл ханах уу. Бөх хүний цээрлэх зүйл шүү дээ. Ш.Батсуурь аваргыг хаясан залуу шүү дээ гэж бодож хаширласан хэрнээ л хөлдөө алдчихдаг юм. Аваргууд маань тэгтэл харин "Од гүйсэн бөх хэцүү л дээ..." гэснээс өөрийг хэлсэнгүй.

Уг нь тэд хатуу хүтүү үгээр хамаа намаагүй тохуурхахдаг улс л даа.

Хойтон нь (1956 оны наадам) залуу начин Д.Дамдин, У.Мижиддорж хоёртой, Дэрэнбор (Улсын арслан С.Самданжигмэдийг хэлж байна) бид хоёр шөвгийн дөрөвт долоо давж үлдлээ дээ. Миний хувьд У.Мижиддоржтой үзвэл ч үзчихмээр. Мижээ Дэрэнбороор авахуулах санаатай.

У.Мижиддорж "Хоёр хөгшин хоорондоо гэхээс бид хоёрын хэн нэгэнтэй үзвэл хэмхэрч мэднэ шүү" гэж арслангийн хорыг хустал Дэрэнбор "Нээрээ тийм. Яасан үнэн үгтэй залуув" гээд намайгаа амладаг юм. (Улсын арслан С.Самданжигмэд улсын арслан Г.Цоодолыг наймын даваанд амлаж, залуу начин Д.Дамдин, У.Мижиддорж нар тунасан)

Банди арслангийн хоёр шавь бие биенээ авчихав уу гэсэн шуугиан. Өмнө нь ганц нэг, арай илүү хаясан болохоор давна гэж бодсон ч бас л байдаггүй.

Улсын арслан С.Самданжигмэд

(1956 оны наадмын наймын даваанд улсын арслан С.Самданжигмэд улсын арслан Г.Цоодолыг хаяж, Д.Дамдин У.Мижиддоржийг өвдөг шороодуулсан ба үзүүр түрүү булаалдах барилдаанд Д.Дамдин давснаар улсын арслан цолны болзол хангасан юм.)

1963 он санагдана. Дөрөв давчихаад зэрэгцэн суусан Дэрэнбороо ямар санаатайг мэдэх зорилгоор "хоёр хөгшний нэг шөвгөрөх бололцоо байна шүү" гэтэл "Аан" гээд том харж байна.

"Ээ тэр дэмий, хоёулаа ирээдүйтэй залуусаас амлая. Хэн хэн..." гэхээр нь Баянмөнх Дагвасүрэн нар үеийнхнээсээ ялгарч харагдах юм, болох уу гэвэл "Яг зөв" гэж дэмжээд алгаа хавсардаг байгаа. Сэтгэлд нь нийцсэний шинж. Хэн нь хэнийг гэдгээ тохирсонгүй. Тэртээ тэргүй үлдсэнийг би амлах юм чинь. Х.Баянмөнх надаас ихэд цэнэсэн.

Би ч бас, эв таарвал хаяж барахгүй ч хоёр сайн цочооно гэсэн бодолтой. Хөлс урсган хөлөө туйвартал үзээд хөдөлгөсөнгүй, унасан юм. Дэрэнбор /Самданжигмэд/ маань "Өвгөжөөр чи бид байтугай өнөөгийн сайчуул бэргэх болсон залуусаа. Хэн хэн нь бидний цолыг хэзээ мөдгүй хүртэх дамжиггүй..." гээд тухлан суух тун ч сэтгэл ханаж олзуурхсаных.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]