Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Аав маань Угтаалцайдамын бор өвгөн, амьдралд намайг хөтөлсөн эцэг минь та юм гэж хэлж байсан"Уншсан9,025

“Аав маань Угтаалцайдамын бор өвгөн юм. Амьдралд намайг хөтөлсөн эцэг минь та юм даа” гэж сүүлд хэлж байсан. Яагаад гэвэл хань бүлтэй болох, байр олж өгөх, сууцны мөнгөө төлөх гээд тэр бүгдэд нь тусалдаг байсан болохоор тэр л дээ.


Тангадын Галсан: Загдын Түмэнжаргал хоёр үгийнхээ нэгэнд миний нэрийг хэлдэг шавь минь байсан даа

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон билгүүн номч Бямбын Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч туульч өөлд Тангадын Галсантай уулзаж хөөрөлдлөө.

-Багш, шавийн барилдлага гэдэг эцэг эх, үрийн заяанаас ч эрхэм дээд зүйл байдаг гэж Бурхан багшийн сургаальд дээдлэн номлодог. Таны багшийн тухай “Хормой өвдгөөс нь адис авмаар хүмүүн-бурхан” гэсэн сайхан шүлэг бий. Та Б.Ринчен багштайгаа Түйн голын гүүрний хашлага түшээд зогсож буй сайхан зургийг харж байлаа. Багшийнхаа тухай дурсаач!

-Ринчен багш маань гурван охин, нэг хүүтэй хүн байж. Цөмөөрөө том эрдэмтэд, хүү нь академич Барсболд. Гэтэл тэр аугаа их хүний сэтгэлд хүүгээсээ дутуугүй хайрлаж явах тийм ардын хүүхдүүд байжээ. Түүний нэг нь Хөвсгөл нутгийн Арбулаг сумын Жамцын Бадраа гэдэг шавилхан сайхан цагаан шар банди байлаа. Түүнийг Монгол-Жагарын харилцааны соёлын их элчин болно гэж найдаад, Жавахарлал Нерутэй өөрөө танил учраас, Энэтхэгийн ШУА-ийн ерөнхийлөгчтэй найз учраас Жагар оронд хоёр гурван хүүхэд явуулж сургахаар болж эхэнд нь шавь Бадраагаа явуулсан байгаа юм.

-Их гүүш Ж.Гэндэндарам гуай бас суралцахаар явсан байдаг байх аа?

-Завхан нутгаас төрсөн их соён гэгээрүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам явсан. Өөр Гэндэндарам нэртэй хүн ч дараа нь явсан. Ри багш тооны багш Чой.Лувсанжавыг хэл шинжлэлийн эрдэмтэн болгоод Бээжинд явуулна гэдэг төрсөн үрээсээ дутахгүйгээр шавь нарынхаа төлөө сэтгэлээ сааж явдаг хүнийг багш гэдэг юм бол уу даа.

-Багш тань Баянхонгорт ямар ажлаар очиж тантай тийн тухтай уулзсан бол?

-Муу нэртэй, луу данстай нэг муу нөхөр говьд тэмээ хариулж байдаг. “Энэ золигт нэг бараагаа харуулчихъя. Хэтийн хувь заяанд нь гэрэл болох хэдэн үг хэлье” гэж бодсон шиг байгаа юм. Баруун тийшээ явах эрдэм шинжилгээний хээрийн хайгуулын ангийг зориуд Баянхонгороор дайруулжээ. Уг нь Архангайгаар, Эгийн даваагаар явчихад, Ховд зүглэхэд дөт байж л дээ. Баянхонгорт ирэхээсээ урьд “Төдөнд очно шүү” гэж хэлүүлсэн. Тэгээд багш аймгийн “Номгон” буудалд эрдэм шинжилгээний ажилтнуудыг хоол, унд, архи сархдаар дайлан, УИХ-ын гишүүн Л.Болдын аав, өөрийнхөө үнэнч шавийн нэг эрдэмтэн Сономын Лувсанвандангаар аргацаалгачихаад сэмээрхэн давхиад Түйн голын хөвөөн дээр ирэхэд би цаад талын бургасан дотроос Чойномтой цуг шоронд ордог Очирхуягтай цуг гарч ирж уулзсан. Түүнтэй цуг ирдэг нь нэгдүгээрт гэрчтэй, хоёрдугаарт баталгаатай байх ёстой гэж бодсон хэрэг. Тэр чинь Очирхуягийн авсан зураг шүү дээ.

-Хэдэн оны хэдэн сард байв?

-Яг худлаа хэлж бас болохгүй. Тэр чинь жаран зургаан оны яг өдийд юм байна шүү. Гол баринтгаа тайлаад эхэлчихсэн, гэхдээ бас цөнтэй байсан цаг. Багш айлдахдаа “Мөс мөнх биш шүү” гэсэн юм.

-Голын мөс гэж ойлгохоор л хэлжээ?

-Модон дотор дуу хураагуур тавьчихсан бол “Тэнэг өвгөн голын мөсний тухай хэлж байна” гэхээр өгүүлсэн. Гэтэл цаад углуургаараа “Социалист ертөнц чинь мөнх биш шүү. Чамд хайртай Бал дарга чинь мөнх биш шүү” гэсэн их өөдрөг ухааны үг юм даа. Дараа нь “Та юун төлөө туульч удамтай билээ. Тэмээний бэлчээрт арван найман цаг сууж байхдаа нэг бол дэлхийн сонгодгийг уншаад бай. Нэг бол аавынхаа хайлж байсан Монгол Жангараа хэлхээд байгаарай” гэсэн. Энэ бол хүн хүнд байх жаахан давуу талыг Монголын төлөө ашиглах л гэсэн бодлого байж л дээ. Эрдэмтэн Алтанзагас надад сүүлд “Танаар тэмээ хариулуулж байхын оронд буман үгтэй толь бичиг биччих гэсэн бол аштай байх вэ. Я.Цэвэл багшийн толь гучин мянган үгтэй. Гурван түмэн үгтэй. Тэгсэн бол аль эрт буман үгтэй тольтой болчих байж” гэж байсан. Тэгэхээр хэрэгтэй үед тухайн хүний авьяас чадварыг дайчлахыг л зөв төр гэдэг юм уу даа. Ри багшийн сургасан буянаар Сталин багшийн Халимаг Жангар биш, Мао багшийн Шинжаан Жангар биш жинхэнэ Монгол найраглалын хэв шинжийг хадгалсан Монгол Жангартай болдог түүх ийм. Их Монгол Улсаан байгуулсны 800 жилийн ойгоор “Оюуны хамгийн шилдэг бүтээл”-ээр шалгарч байсан нь ШУА-ийн үнэлгээ байсан байх л даа.

-Таны туурвисан “Монгол Жангар” ч аргагүй Монголын оюуны эрдэнэсийн санд багтах бүтээл болсон шүү...

-Гэтэл хожим Хэл зохиолын хүрээлэнгийн захирал байсан нэг хүн урд очоод “Өө, манайд бол Жангар байхгүй. Монгол Жангаргүй улс шүү. Жангар чинь ерөөс Шинжааных” гэж хэлсэн байдаг юм. Оюун ухааныхаа өв болгоныг манайх биш гэдэг нэг хэсэг үе байлаа даа. Тэр нөхөр “Та нар хүүхдүүдийн өгсөн архийг сайхан хайрцаглаарай. Худам Монголоор бичсэн номууд хэрэггүй ээ. Багш ямар уншиж чадах биш. Авч явахад ачааны нэмэр” гэж манай Хэл зохиолын хүрээлэнгийн захирал асан хэлсэн гэхээр ямар гунигтай байна вэ дээ. Зайлуул хөөрхий, хүн хүний л байгаа царай тэр. Уг зүй нь “Танайх бол олдворын цуглуулга юм. Манай Жангар бол сонгодог туульсын хэв шинж юм даа. Бид гүйцэд гаргаж чадаагүй. Гаргана аа. Ер нь Шинжааных ч бай, Халимагийнх ч бай, Монголынх ч бай цөмөөрөө нийлж байгаад дэлхийд төгс төгөлдөр жинхэнэ Жангарыг гаргаад авъя гэж ярьсан бол Монголын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал тэднийг ялсан мундаг хүн болно доо. Тэгэхэд “Талын хар”-ыг мартав аа гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би сайн багшийн муу шавь юм.

-Яаж тэгж хэлж болох билээ. Та бодвол сайн шавьд тооцогдох байлгүй дээ?

-Муу шавь гэдгийн тухайд багшийн итгэсний хэмжээнд ихийг бүтээж чадаж уу, үгүй юу гэдэгт л байгаа юм л даа. Ямар ч гэсэн монхор Галсангийн төлөө бүтээл хийхийг хойш тавиад Монгол оюуны их өвийг хүн төрөлхтөнд хүргэх юм сан гэж чөмгөө дундалж суух юм. “Монгол ертөнцийн гурав”-ын гурван боть гаргасан. Герман орчуулаад дөрвөн ном хэвлэчихээд “Өрнө бол бол суурьшил иргэний гүн ухаан юм байна. Монгол ертөнцийн гурав бол нүүдэл соёл иргэншлийн гүн ухаан юм байна. Ертөнцийн гурав бол Монголыг судлах зайлшгүй судлагдахуун болжээ” гэсэн байна. Энэ маань багшийн өгсөн гэрийн даалгаврыг бага дутуу ч биелүүлсэн юм бол уу. Гурав гэдэг надад дунд дүн шиг санагдаад байдаг. Одоо таван ботиор гаргачихъя. Хэн яаж гаргах вэ гэхээр Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, аугаа их төрийн шагналт эрдэмтэн Гаадамба багштны хүү Билгүүдэй “Та ертөнцийн гурваа бүрдүүлээд ирээч. Бид оюуны оюуны ямар асар их өв болохыг дэлхийд таниулъя” гэж байна лээ. Энэ бол нэг үг. “Монгол Жангар”-ыг аваад очиход “Огторгуйн цагаан гарьд” их эрдэмтэн Л.Хүрэлбаатар, академич Х.Сампилдэндэв нар мөн ч их баярлаж байсан. Хэрвээ надад Ри багш шиг ийм их оюуны жолоодогч байгаагүй бол би хөдөө нэг мянгат малчин болчихсон даалуу тоглохдоо П.Бадарчаас сайн, зах зээлийн гайгүй ухаантай, гаднаа хэдэн эвдэрхий тэрэг тавьчихсан “Гуйрамчингууд аа” гээд орилсон нэг юм л болох байсан байх. Эрдмээр авьяасыг хөтөлнө гэдэг аугаа юм. Ри багш даалгавар өгнө гэдэг цаагуураа Шинжлэх ухааны академи надад итгэсэн хэрэг шүү дээ.

-Таныг хэн ч бай Галсан багш гэж хүндэтгэлийн сэнтийд залдаг. Энэ ч нэгдүгээрт насыг тань, удаад нь эрдэм номыг тань хүндэтгэсний илрэл байх. Айл айлын хоймор дахь цэнхэр дэлгэц ч таныг бас багш болгодог биз. Харин Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер, зохиолч яруу найрагч Загдын Түмэнжаргал агсан таны жинхэнэ дотны шавь байснаараа бахархдаг байсныг сайн мэдэх юм. Түмээ ахын жаран тавны ойд зориулсан “Монголын тал нутаг” дурсамж тоглолт энэ сарын 18-нд болох юм билээ?

-Түмэнжаргал намайг одооных шиг алд шар хадагны үнэтэй биш алгахан самбайны ч үнэтэй биш хүн байх үед яруу найрагч гэж таниад ирсэн юм. “Арвайхээр” найраглалыг маань багадаа сонсоод уйлдаг байсан хүүхэд юм билээ. Би хүүгээ нэгдүгээр сургуульд аваачиж тушаалаа. Манайх Барилгачдын долоод учраас тэр сургуульд хүүг минь авах ёсгүй. Захирал нь гавьяат багш Гомбосүрэн, хичээлийн эрхлэгч нь гавьяат багш Цэрэнннадмэд байсан. “Ардын хүүхэд энэ сургуульд сурч болох уу” гэж асуусан учраас тэд манж үгэнд биш цочоотой үгэнд юм бодсон нь тодорхой. Хүүгийн ангийн багш гээд Багшийн сургууль төгсөөд ирсэн бор банди байдаг юм байна. Тэр нь Загдын Түмэнжаргал. Хажуухан талын өрөөнд төгөлдөр хуур дуугараад л, тэгсэн тэр нь хөгжмийн билэг танхай зохиолч, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Б.Шарав байлаа. Шарав бас манай нутгийн Гончигсумлаа гуайн гарын шавь. Хоёулаа Баянхонгорын хүний гарын шавь нар болдог нь их сонин ерөөл. Ч.Лодойдамба гуайн баян Итгэлтийн угаадсыг нь долоож байснаа урдаас нь хуцдаг нохой болсон Галсангийн дүрээр Галсан гэдэг нэр хүмүүсийн сэтгэлд таагүй буудаг байж. Үзэл суртлынхан болохоор Галсан гэхээр нэрийг нь соль гэнэ. Ямар сайндаа аугаа их Дашдооровын зохиол “Эх бүрдийн домог” киноны том хамартай өвгөний нэрийг Галсан гээд болохгүй болохоор Сангал гэж тонгоргож нэрлэсэн байгаа юм шүү дээ.

-Таны нэр ч ёстой амандаа хэлэмгүй аймшигтай үг байжээ?

-Нийгэм нэг өвчин тусахаараа ч мөн инээдтэй байдгийн жишээ юм даа. Тийм үед хоёр үгнийхээ нэгэнд “Миний Галсан багш” гэж хэлдэг нэг үл бүтэх нөхөр гарч ирсэн нь Түмэнжаргал байгаа юм. Зүгээр нэг сохор сүсгийн юм уу, их алдартан багшийн шавь болох гэсэн хэнээрхэл биш байжээ. Хичээл тараад хүүг маань хөтлөөд манайд очин, Найгалын гарын хоол идэн, шүлэг урлах эрдмийг надаар заалгадаг тийм хүүхэд байсан. Та нар бол яг нарийндаа Түмэнжаргал шиг урлах эрдмийн хичээл надаар заалгаагүй л дээ. Би ч “Маргааш ирэхдээ төдөн шүлэг бичиж ирэхгүй бол надтай уулзаад хэрэггүй шүү” гэж хатуурхана. Зохиолчийн хөдөлмөрт тэгж албадаж оруулсан юм даа. Эхний шүлэг нь сайн байсан гэж би худлаа ярихгүй. Анхны бэрхшээлийг даван туулахад нь шилбүүр барьж байгаад хурга шиг шавхуурдан тэр хүүхдийг элдэнгэшүүлж байсан юм бол уу даа. Ер нь тэгж зовоосон хүүхэд надад өөр байхгүй.

-Явуухулан найрагчийг бас багш гэдэг байсан даа?

-Тэр аргагүй юм. Хүү Амараагийнх нь бас багш шүү дээ. Хүүгийнхээ багшид яруу найрагчид хайртай байлгүй яахав. Явуу чинь яруу найргийн том зөвлөлийн дарга, дууны шүлэг батална. Явуу олон талтай, чанарын тугийг барьж байсан учраас дэмий юм урдуураа гаргах дургүй.

-Түмээ ах танд их сайн байдаг сан?

-“Аав маань Угтаалцайдамын бор өвгөн юм. Амьдралд намайг хөтөлсөн эцэг минь та юм даа” гэж сүүлд хэлж байсан. Яагаад гэвэл хань бүлтэй болох, байр олж өгөх, сууцны мөнгөө төлөх гээд тэр бүгдэд нь тусалдаг байсан болохоор тэр л дээ. Энэнийг найрагчийн гэргий Тунгаа маань их сайн мэднэ. Хүү Дүүрэн, охин Дөлгөөн хоёр нь гадарлах байх.

-Хүүхдүүдийнх нь нэрийг та өгч байсан гэл үү?

-Хоёуланд нэрийг нь өгсөн. Дүүрэн шиг эрдмээр дүүрэн, сэтгэлээр дүүрэн, том машины бүхээгээр дүүрэн хүү ховорхон. Дөлгөөн шиг дөлгөөн охин байхгүй. Хүний нэр их учиртай. Эр хүнд р үсэг оруулсан нэр өгөхөөр иртэй эртэй сонсогддог. Бүсгүй хүнд р үсэг ороогүй нэр өгөхөөр намуухан сонсогддог. Түмээ маань шинийг их хайгч хүүхэд байсан. Хэдэн жил багшиллаа, одоо их сургуульд ор гэхэд сургуулийн хамт олон нь “Гавьяат болох хүүхдийг та өөр тийш явууллаа” гэнэ. МУИС-т хөтөлж аваачин өөрийнхөө анх суусан сандал дээрээ суулгаж, Гаадамба багшдаа хүлээлгэн өгч байлаа. Сургуулиа онц төгслөө. Ганцхан юманд их санаа зовж байсан.

-Юунд санаа нь зовж байсан бол?

-Энэ Балжирын Догмид чинь архи уугаад алга болчихно. Энэ хоёр нэг ангийнх. Түмэнжаргал ангийн дарга. Хүн сэтгэлтэй учраас авьяастайгийнх нь хувьд ч, эр хүнийх нь хувьд ч Догмидыгоо олох гэж бөөн ажил болно. Би Кино үйлдвэрт нэг муу навсгар 69 унадаг болчихсон. Тэрүүгээр хоёулаа хайна даа. Толгойтын тэнд айлд толгой дээгүүрээ хөнжил нөмрөөд унтаж байх жишээний их сонин хүүхэд байсан. Эсвэл энэ Ногоон нуурын намаган дээр сайхан үүдийг нь онгойлгож хаяагий нь сөхчихсөн гэрт баруун хатавчинд цэрэг төмөр орон дээр тухалчихсан, хоймор нь Жагдалын Лхагваа завилаад суучихсан түмпэнтэй усанд нумгүй хачин махан тавхайтай хөлөө дүрчихсэн яс мөлжөөд сууж байдаг сан. Лхагваагийн яриа, уншиж байгаа шүлгийг сонсож Догмидын элдүүр нь ханаж байсан шиг байгаа юм. Түмээгийн тухай халуун сэтгэлтэй дурсамжтай байх хүний нэг бол арга байхгүй Балжирын Догмид шүү. МУИС-иа төгсөөд сургуульдаа багшлаад удалгүй “Хэдхэн оюутанд нэг л юмаа ярина гэдэг уйтгартай юм” гэхээр нь Хэл зохиолын хүрээлэнд эрдмийн ажил хий гэж аваачив. Тэндхийхэнд шог шүлэг бичээд “Миеэн доор минь мина булчихаж, бөөрөн дээр минь бөмбөг дэлбэлэх гэж байна” гэж айдаг хүмүүсээс болж халагдав аа. “Багш аа яахав” гээд ирэхэд нь “Чи багшилла даа. Чи чинь хаа ч алтан багш шүү дээ. Чи Макаренко болж чадна шүү дээ” л гэлээ.

-Багшийн үг ч шавийн сэтгэлд гэгээ татуулаад л явчихна даа?

-Манай зохиолчид дунд Түмээ шиг гоё бичдэг хүн байдаггүй шүү дээ. Ёстой сийлнэ. Гадаадад явах төрийн бичгийг хөндлөн үсгээр бичих болбол Түмээгийн зурмаар бичихэд мөн гоё болмоор. Түмээ маант Макаренко болно гээд л хөөрлөө. Муу Тунгаа ямар Түмээгийн үгнээс зөрөх биш хоёулаа Ерөөгийн хүүхдийн колони руу багшаар явсан. Очсон өдрөө хашааных нь өргөст торыг авахуулахад хоригдож буй хүүхдүүдийн баярласан тоймгүй гэдэг. “Тэмүжин хүртэл нохойноос цочимхой байсан” гээд гинжтэй нохдыг нь буцааж, харуулуудынх нь буу зэвсгийг далд хийлгэж, энгийн хувцастай болгосон байгаа юм. Тунгаа нийгмийн ухаан, орос хэл гээд ерөнхий эрдмийн хичээлүүдийг зааж, хүүхдүүдэд тусгай мэргэжил эзэмшүүлээд тэднийгээ хойш сургуульд явахад ТМС-ийн багшаар явсан даа. Орост байхдаа Москвад очин Аюурзана эдэнтэй танилцан миний шүлгийг уншдаг байсан байгаа юм. Горькийн сургуулийнхан миний шүлэгтэй Түмэнжаргалаас танилцсан гэдэг юм. Амьдралын ямар ч салбарт очсон сурган хүмүүжүүлэх сэтгэлээ, уран бүтээлээ гээгээгүй дээ. Харин Оросоос буцаж ирэхдээ нэлээд балгадаг болчихсон байсан. Авьяас билгийн их онгодтой хүнд чинь архи гэдэг идээ гал дээр гал нэмж байгаа юм шиг зохьдоггүй юм. Маргааш нь их гэмшинэ. Гэмшихээрээ надад туг үсээ зулгаагаад дугтуйд хийгээд гэмшлийн үг бичээд ирүүлж байсан. Архи гэдэг чинь гал амталсан ус, галзуу нохойн шүлс, орсон буурын зунхаг, охин амьтны сарын буртгийг савлачихсан болохоор ямар олиг байх вэ. Архины бузраас Түмээг хамгаалахын тулд Тунгаа шилтэй архийг нь өрсөөд уучихдаг байсан. Хүний хайр, нөхрөө харамлах ёсон гэдэг энэ. Тунгалаг чинь удам нь их тайван хүн учраас архичин болоогүй. Нөгөө талаар элдэв ааш араншин гаргаагүй. Үнэнийг хэлэхэд Тунгаа Түмээг архинаас гаргаж чадаагүй.

-Түмэнжаргал найрагч тэгтлээ их уудаг байсан гэхээр үнэмшимгүй еэ?

-Тэгсэн чинь харин Мягмарсүрэн гарцаагүй байхгүй архинаас гаргасан даа. Жинхэнэ уран бүтээлээ хийе гээд мөн ч сайхан засарсан даа. Түмээг дууны шүлгээр нь л мэдээд байдаг болохоос “Нисдэг алим” туужаараа манай утга зохиолд шинэчлэл хийсэн юм шүү дээ. Намар хичээл цуглахад, хавар хонхны баярын үеэр хэний дууг дуулж байна Загдын Түмэнжаргалын дууг дуулж байна. Энэ алдар суутан дуучид цөмөөрөө Түмээгийн дууг дуулж байна шүү дээ. Сүүлдээ шавь минь их ухаан орсон доо. Тууштай ухаарч гэгээрсэн уран бүтээлч байлаа даа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]