Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нисэх буудалд 18 жил амьдарсан ньУншсан19,940

Ираны иргэн Мехран Нассери гээч эр 1977 онд нутагт нь жагсаал цуглаан, бослого хөдөлгөөн гарах үед энэхүү хөдөлгөөний идэвхтэй гишүүн байсныхаа төлөө улс орноосоо хөөгджээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Энэ оны хавар коронавирус гээч мангас дөнгөж эхэлж байх үед нэгэн таньдаг нөхөр минь гадаадын нисэх буудалд гацаж 10-аад хоног нааш ч үгүй, цааш ч үгүй, мөнгөгүй, туслах дэмжих хүнгүй, хэл усгүй ямар их зовсон тухайгаа энд ирээд ярьж билээ. Яг л “Terminal”  кинонд гардаг шиг байсан, харин Том Хэнкс кинон дээр, би бодит амьдрал дээр тэр зовлонг туулсан гэж бага зэрэг бахархсан өнгөөр сонирхуулж байсныг санаж байна.

Гэтэл тэрхүү яриад байгаа кино маань болсон явдлаас сэдэвлэн хийгдсэн бөгөөд энэ бодит явдлын тухай сонирхуулъя.

Ираны иргэн Мехран Нассери гээч эр 1977 онд нутагт нь жагсаал цуглаан, бослого хөдөлгөөн гарах үед энэхүү хөдөлгөөний идэвхтэй гишүүн байсныхаа төлөө улс орноосоо хөөгджээ. Магадгүй жагсаал, цуглаанд оролцсон үндсэн зорилго нь энэ байсан байж ч болох юм.

Европын улс орнуудаар хэрэн хэсэж, цагаачлах эрхтэй болох гэж оролдсон ч бүтэхгүй явсаар дөрвөн жилийн дараа Бельги улсад орогнох эрх авсан ба тэндээ төвхнөж аваад дөрвөн жилийг өнгөрөөжээ. Энэ хугацааны дараа мань хүнд Бельги улс гологдож эхэлсэн бололтой, Их Британид очих арга чарга сүвэгчилж, өөрийнх нь ээж Их Британийн харьяат байсныг ашиглан арлын оронд очиж амьдрахаар шийдсэн байна. Анх харахад бүрэн боломжийн энэ төлөвлөгөөгөө биелүүлэхээр Франц орж, тэндээсээ Лондон нисэх байсан боловч гай болж замдаа бичиг баримтаа хулгайд алджээ.

Харин Лондон орох билет нь үлдсэн юм байх. Парисаас яаж ийж байгаад нисч Хитроуд буутал Британийн засаг захиргааныхан бичиг баримтгүй энэ эрийг нутагтаа оруулсангүй төдийгүй ирсэн газар руугаа, сурсан дуугаа дуулаад яв гээд шууд буцаагаад хөөж. Францад ирэнгүүтээ улсын хил хууль бусаар нэвтрэх гэсэн хэргээр баригдаж бүр баларч эхэллээ. Францад үлдээж болохгүй, Иран руу нь бас явуулж болохгүй, дээр нь аль нэг улсын иргэн гэдгийг батлах ямар ч бичиг баримт байхгүй байдаг.

Францын шүүх хэргийг нь хянаж үзээд дүрвэгч гэж үзэх үндэс байхгүй, түр зуурын виз олгох ч боломжгүй гэж шийдлээ. Харин Бельги улс хэрэгтэй бичиг баримт бүрдүүлж өгөхөд тусалж болно, гэхдээ хууль дүомийн дагуу энэ хүн өөрийн биеэр ирж бичиг баримтаа авах ёстой гэсэн болзол тавьжээ. Нассери нисэх буудлаас хулгайгаар гарвал баривчлаад Иран явуулчихаж магадгүй гэж айсан учраас, Бельги явалгүй, буудалдаа үлдэхээр шийджээ. Ингэж Иран эр Шарль-де-Голь нисэх буудлын 1-р терминал дээр амьдарч эхэлсэн байна.

Тэрээр 1988 оноос 2006 он хүртэл энэ сайн дурын шоронд амьдарсан ба өөрийн гэсэн жижиг тавилга хэрэгсэлтэй хүртэл болж амжсан гэдэг. Өдөртөө нисэхийн ажилчидтай цуг хоол иднэ, зарим нэг зорчигчид түүнд мөнгө, хоол өгөх ба сэтгүүлч, сурвалжлагч нар мань хүнээс ярилцлага авахад бас хөөрхөн мөнгө нэхэж байгаад ярилцах зэргээр амь зогоосоор байжээ. Тэрээр өөрийн “буйдан” дээрээ хэвтчихээд элдэв юм уншиж, эдийн засаг судлан, өдрийн тэмдэглэл хөтлөх ба яваандаа энэ байдалдаа бүрэн дасаж, хувийн орон зай гэдэг юмыг бүрэн мартаж, ойр тойронд хүмүүсийн шуугиан байхгүй бол бүр бачимддаг болсон байна.

1995 онд Бельгийн засаг захиргаа Нассериг хүсвэл нутагтаа авчирч, амьдрах боломжтой, хууль зүйн асуудлыг шийдэхэд бэрхшээлгүй болсон талаар хэлж урьсан ч мань эр хариуд нь “Би Бельгид амьдрах гээгүй, Их Британид л амьдрах хүсэлтэй ” гэж хариу барьжээ.

Дөрвөн жилийн дараа Франц улс энэ хүнд түр зуурын амьдрах эрх олгох боломжтой тухай хэлэхэд дахиад л “Францчууд намайг иран хүн гэж тэмдэглэж байж түр зуурын амьдрах эрх олгох юм гэнэ. Би иран хүн биш. Намайг хөөж гаргасан тэр улстай би ямар ч холбоо харилцаатай байх хүсэл сонирхолгүй” гэж дахиад л татгалзсан байна. Гуймхай мөртлөө голомхой гэж.

Магадгүй Нассери нисэх буудалдаа дэндүү дасаад тэр газраа орхих хүсэлгүй байсан байж болох юм. Шоронд олон жил суусан хүн шоронгоос гарах болоход хямарч дахин гэмт хэрэг үйлдэн шорондоо суухаар үлддэг олон тохиолдол байдагтай адил ч юм бил үү.

Ингээд цаг хугацаа урссаар, 2006 он болж Нассери хүнд өвдөх үед мань хүнийг хүчээр эмнэлэгт хүргэжээ. Сонин, сэтгүүл ч “Нисэх буудалд 18 жил амьдарсан хүн эмнэлэгт хэвтсэн” тухай мэдээллээр булж өгч таараа. Харин хэвлэлийн од маань эдгэж эрүүл болсныхоо дараа нисэх буудал дээрээ хааяа нэг ирж, амьдарч байсан буйдан дээрээ хэсэг хэвтдэг бөгөөд тэрээр Францын орон гэргүй хүмүүсийг байршуулах нэгэн байранд амьдардаг болов. Үүнээс хойш энэ хүний тухай сураг тасарсан ба нисэх буудалд олон жил амьдран сууж байгаа хүний тухай сурвалжлага, мэдээлэл олон түмэнд сонин байсан бол харин жирийн нэг ядуу зүдүү, орон байргүй хүний хувь заяа огтын сонирхолтой биш учир ийнхүү мартагджээ. Одоо Мехран Нассери нь амьд байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй байгаа юм гэсэн.

Энэ явдлаас сэдэвлэн Стивен Спилбергийн найруулж, Том Хэнкс гол дүрд нь тоглосон Терминал кино уг хоёр алдартай уран бүтээлчдийн хамтран хийсэн олон бүтээл дотроос хамгийн сайн нь болсон гэж би хувьдаа боддог. Хөгжилтэй, гунигтай, сайхан киногоо хорио цээрийн энэ хэцүү үед дахиад нэг үзээрэй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]