Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Энэ чиний хийх ажил биш байна, чи тайзан дээр байхаар хүн юм"Уншсан1,124

Монголчуудын дурсан санаж, өнөө хэр бишрэн хүндэтгэсээр буй жүжигчин Г.Гомбосүрэн нь 1918 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт Дондог мээрэнгийн адуучин цоохор Гомбожавын 3 хүүхдийн отгон хүү болон мэндэлжээ.

“Алтан үе”-ийн ахмад уран бүтээлчдийн нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн гуайг онцолж байна. 

Монголчуудын дурсан санаж, өнөө хэр бишрэн хүндэтгэсээр буй жүжигчин Г.Гомбосүрэн 1918 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт Дондог мээрэнгийн адуучин цоохор Гомбожавын гурван хүүхдийн отгон хүү болон мэндэлжээ. Хожмоо ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд урлагийн алтан тайзнаа 60-аад жил хөдөлмөрлөж, дотоод, гадаадын 200 гаруй жүжгийн дүрийг амилуулж, өөрөө 20 гаруй жүжгийг найруулан мөн 20-иод киноны гол ба туслах дүрийг бүтээсэн төр улсдаа төдийгүй дэлхийд данстай жүжигчин болжээ.

Г.Гомбосүрэн 13 наснаас төмрийн лантуучин, моторчин хийж байгаад 1935 оноос жолоочоор ажилласан байна. Залуу жолооч санаандгүй, тухайн үеийн алдартай жүжигчин Ө.Рэнцэнноровыг нэг тийш хүргэж өгчээ. Зам зууртаа амандаа дуу аялахад жүжигчин бүсгүй “Энэ чиний хийх ажил биш байна, чи театрт, тайзан дээр жүжиглэж байхаар хүн юм. Очоод шалгуул, лав авах байх" гэсэн байна. Ийнхүү Г.Гомбосүрэн 23 настайдаа Үндэсний жүжгийн театрын босгоор алхан орсон байна.

Гавьяат жүжигчин Б.Мижиддорх, Ардын жүжигчин З.Цэндээхүү, Ц.Цэгмид, Г.Гомбосүрэн. Д.Чимэд-Осор нар. 1953.06.19

Жолоочоос урлагт

 Тайз, дэлгэцийн од, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайг өвлийн өвгөн, эсвэл “Энэ хүүхнүүд үү”киноны нэгдлийн дарга Жамцын дүрээр зарим хүмүүс илүүтэй мэдэх. Харин түрүү, түрүүчийн үеийнхэн уран бүтээлчийг Отелло, Гамлет, Лир вангаар нь дурсаж, шүтэн биширдэг. Арван гуравхан насандаа Бүрэн сумаас төмрийн лантуучнаар ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байсан тэрээр театрын тайзнаа анх 1942 онд “Мандухай сэцэн хатан”, “Хатанбаатар Магсаржав” жүжгүүдэд тогложээ. Тэрээр өөрөө дурсан ярихдаа “Мандухай сэцэн хатан” жүжиг бол миний урлагт орох замыг заасан. Тийм болохоор би том охиндоо Мандухай гэж нэр өгсөн" гэдэг байжээ. Үүнээс хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отеллод тоглосон байна. Мөн тэрээр “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип зэрэг Монголын театрын алтан сан хөмрөгт орсон үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжгийн гол дүрийг бүтээн алдаршуулсан билээ.

Г.Ринченсамбуу “Утга зохиол урлагийн зарим асуудал” номдоо “Нөхөр Гомбосүрэн рольдоо Отеллог хэтэрхий хурц ойворгон дүрээр тоглодог Италийн Томаза Сальвини, яруу найрагч гүн ухаантан болж тоглодог Хоравагийн тоглолт зэргийг хуулбарласангүй, харин туйлын нөхөрсөг даруу зантай, сайхан сэтгэлтэй жирийн хүнд ч нэгэн адил байдаг шинжийг үзүүлж байна. Ингэж тоглосноор В.Шекспирийн энэ том дүрийг явцууруулж, түүний үзэл санааг бууруулсангүй, харин ч улам баяжуулж өглөө. Түүнчлэн Гомбосүрэн, Отеллог ухаангүй их хартай хүн биш, их итгэмтгий, цагаахан сэтгэлтэй хүн гэж үзүүлж байна. Гомбосүрэн Отеллогийн дотоод сэтгэлийг нэлээд амжилттай нээн үзүүллээ. Тэр Отеллогийн сэтгэлийн хөдлөл илрэлийг бараан царайд нь оч мэт гялалзах нүдний харцаар илэрхийлж байна” гэжээ. Г.Гомбосүрэн гуай У.Шекспирийн “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван”-ы Лир ваны дүрээр Төрийн шагнал хүртсэн байна.

Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэн Отеллод тоглож буй нь, 1964 он

Театрын жүжигт тоглохын зэрэгцээ тэрээр “Цогт тайж” киноны Ахай дайчин, “Нүгэл буян”-ы Шагдар, “Энэ хүүхнүүд үү” киноны нэгдлийн дарга Жамц зэрэг дэлгэцийн дүрүүдийг ч амжилттай бүтээв. ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит кино студийн урилгаар “Буцаж ирсэн нь” хэмээх түүхэн кинонд доголон Төмөр хааны дүрийг мөн бүтээжээ.

Үүгээр ч үл барам “Говийн нүдэн”, “Гурван найз”, “Их хааны удам”, “Мандах нарны туяа”, “Мандухай цэцэн хатан”, “Мичидийн зургаан гялаан”, “Тойрох хуудас”, “Улаан дарцаг”, “Үер” , “Өглөө”, “Хүний амь”, “Цэц магнай” зэрэг дэлгэцийн олон бүтээлд өөрийн гэгээн дүрээ мөнхлөн үлдээжээ.

Г.Гомбосүрэн ажилсаг, аливаад хариуцлагатай нь жүжгийн бэлтгэл сургуулилалтын үеэр ч харагддаг байсан тухай түүнтэй хамгийн олон удаа хамтран дүр бүтээсэн жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Долгор ярьсан байдаг. Түүний бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэлд хүрч, хүн бүхний хайртай жүжигчин болон алдаршиж, Монголын тайз, дэлгэцийн түүхийг нэгэн хөргөөр зузаалж улмаар Монголын театрыг дэлхийн театрын зэрэгт хүргэхэд чухал түлхэц болсон гэж үздэг.

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Гомбожавын Гомбосүрэн гуай АНУ-ын нэрт жүжигчин Сюзан Элизабет Страсбергийн хамт. Москва, 1963 оны 7 сарын 15.

Г.Гомбосүрэн гуай 1993 он хүртэл театрын тайзнаа тоглосон бөгөөд 1942 оноос хойш тайз, дэлгэцнээ бүтээсэн дүр нь даруй 200-д хүрчээ. Нийгмийн шилжилтийн эхний он жилүүдэд тэрбээр тэтгэвэрт гарсан гэж зүгээр суулгүй, “Есөн эрдэнэ” хэмээн нэрийдсэн ардын бага театр байгуулж, өөрөө 20 гаруй жүжиг найруулан тавьсан байна. Сонгодог урлагийг хөгжүүлэх, сайн үйлсийг дэлгэрүүлэхэд туслалцаа үзүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд сонгодог урлагийг сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гомбожавын Гомбосүрэн сан”-г байгуулжээ.

Өвлийн өвөө

 Монголчууд хамгийн анх 1947 онд “Өвлийн өвгөн”-тэй танилцаж байжээ. Тэр нь Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн гуай байсан юм. Жинхэнэ Монгол өвлийн өвгөний дүрээр зуун дамжин өртөөлсөн түүнийг одоо ч бид дурсан санадаг. Лантуучнаас жүжигчин болсон түүнд нэг л өдөр өвлийн өвгөн болох хүндтэй хийгээд хариуцлагатай үүрэг ногдсон. Энэ цагаас хойш 60 гаруй жил харшийн сүлд модны наадмын гол төлөөлөгч цал буурал өвлийн өвгөний дүрийг бүтээж энэ л дүрээр олон түмний сэтгэл зүрхэнд үлдсэн билээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог “Одоо ч гэсэн надад Монгол загварын сампинтай малгай өмссөн, дээл, нөмрөгөө намируулсан өвлийн өвгөн Г.Гомбосүрэн багшаар минь төсөөлөгддөг. Анх аавтайгаа хамт хотод ирж сургуульд ороход тийм л дүр төрхтэй өвлийн өвөө бэлэг тарааж байсан. Тэр дүр сэтгэл зүрхэнд шингэж үлджээ" хэмээн ярьсан байдаг.

Амьдралынхаа 60 гаруй жилийг монгол түмнээ гэгээрүүлэх, соёлжуулах их үйлсэд зориулан үлгэр жишээ хөдөлмөрлөж, бүтээж ирсэн эгэл эрхэм хүмүүн дэлхийн сонгодог болон Монголын утга зохиолчдын шилдэг олон бүтээлийн гол дүрүүдийг тайзнаа амилуулсан жүжигчний нөр их хөдөлмөрийг төр, засаг үнэлэн 1956 онд Гавьяат жүжигчин цолоор шагнасан. 1964 онд Отелло, Лир вангийн дүрээр нь Төрийн шагнал хүртээжээ. 1968 онд Ардын жүжигчин, 2001 онд Хөдөлмөрийн баатар болсон байна.

Гэр бүл

 Урлагийн хүний гэргий байж арын албанд бат найдвартай зогсоно гэдэг бүсгүй хүний амаргүй даваа гэлцдэг. Г.Гомбосүрэн гуайн амжилт, уран бүтээл гэргийтэй нь салшгүй холбоотой бизээ. Сайн хань ижилтэй байна гэдэг амьдралаас авч болох хамгийн сайхан аз завшаан. Тэд олон сайхан хүүхдийн эцэг эх болсон өнөр бүлийн эзэд ажээ. Хүүхдүүд дундаас нь жүжигчин болсон хүн үгүй. Том охин нь балетчин. Багын дээд талын охин төгөлдөр хуурч, багш болсон бол бусад нь өөр өөр салбарт ажилладаг байна.

Гэргий Ц.Сэржхандын хамт

Түүний дунд охин Г.Энхжавхлан “Тав орчим настайдаа “Лир ван” жүжгийн сургуулилалтыг харж байсан. "Аав шатнаас унаж, хэд өнхрөөд босож ирэхэд нүд нь улаан болоход айсандаа эхэр татан уйлсан. Сургуулилалт дууссаны дараа аав нь нүүр гараа угаахад л сая санаа амарсан" гэж дурсаж байв. Түүнээс хэдхэн жилийн дараа аав нь хөвөнтэй дотуур хантаазаа нэвт хөлөртөл тоглосон байхыг мэдээд “Аав ажил дээрээ, гэртээ үг цээжилж, толиныхоо өмнө эргэлддэг шигээ байдаггүй юм байна. Аавын маань ажил хүнд хэцүү юм" гэж бодож байсан тухайгаа ч ярьсан байдаг.

 Г.Гомбосүрэн гуай Монголын үе үеийн залуучууд, зон олноо амар сайхандаа жаргаж өндөрлөдөг үдшийн үлгэрээр хүмүүжүүлж, он солигдох онгой торгон мөчид ирэх он жил, ирээдүйд хөтлөх шинэ эрч хүчийг уут уутаар нь өгч, удам хойчдоо элбэг баянаар түгээдэг өргөн дэлгэр сэтгэлтэй өгөөж буяны эзэн өглөгч буурал байлаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]