Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Барулас угсааны ноёны хүү Төмөр монголчуудын түүхэнд алдартай байлдан дагууллуудыг үргэлжлүүлж алдар нэрээ цууриатуулсан юм. Түүнийг Төмөр хаан, “Доголон” Төмөр, “Бурхны ташуур”, Тимур, Исламын илд, Тамерлан, хэмээдэг байлаа.

Байлдан дагуулагч Төмөр: Энэтхэгт довтолж, султан Баязидыг торловУншсан8,739

Төмөрийн алдар нэр Европ даяар тарж, тэд Төмөрийн өмнө бэмбэгэнэж байв. Англи, Испани, Франциас элч нар бэлэг сэлт авчрах болжээ.

Нийтлэлч Б.Батмөнхийн аугаа их байлдан дагуулагч Төмөр эмирийн тухай цуврал нийтлэлийг түүх сонирхогч уншигчдадаа хүргэж байна.

Эхний хэсэг: Байлдан дагуулагч Төмөр: Цагадайн улсыг нэгтгэхийн төлөө

Байлдан дагуулагч Төмөр: Алтан ордыг мөхлийн замд нь оруулав

 

Тавдугаар бүлэг: Төмөр Энэтхэгт довтолсон нь

 

“Төмөр хүний гавлаар өндөр гурвалжин бунхан босгох дуртай нэгэн авай. Түүний тушаалаар олон зуун мянган хүний гавлаар Дели хотоос зүүн тийш, баруунш Бага Ази хүртэл олон бунхан босгожээ” Жавхарлал Неру

Баян тансаг Энэтхэг орон байлдан дагуулагчдын арааны шүлсийг асгаруулсаар иржээ. Энэтхэг орон Төмөрийн улсын өмнө оршин байв. Энэтхэгийн төр хямарч, эх захгүй болсон нь Төмөрт сайхан далим болжээ. Энэтхэгийг дайлаар мордох санааг Төмөрийн жанжид дэмжихгүй байв. Их халуун газар, тахал өвчин гарсан гэх зэргээр жанжид аянд мордох дургүй байжээ. Энэтхэгт довтолсон талаар Ж.Неру бичихдээ: “Энэтхэг орны баялаг энэ нөхрийн шуналыг хөдөлгөжээ. Тиймээс жанжиддаа Энэтхэг ороод бид удахгүй, олзоо аваад буцна гэж Төмөр хэлсэн” хэмээн өгүүлжээ.

1398 оны 9-р сарын 22-ны өдөр Төмөрийн цэрэг Афганистаны уулсын дундуур гарч, Инд мөрний баруун эрэгт хүрэв. Хоёр хоногийн дотор завь, онгоцуудаар хөвөгч гүүр бариад их цэрэг цааш аян замаа хөөв. Ер нь тэр үед Монгол цэргүүд хэдэн жил болоод л умард Энэтхэгт довтолдог нь жам болоод байсан юм. Мөн Ганга мөрний хөвөөнд Энэтхэгийн цэргийг ачсан 48 хөлөг онгоц бүхий хүчийг бүслэн ядах юмгүй бутцохив.

Гэвч 1398 онд бол өөр байсан юм. Делид хэн төр барьж байгаа нь тодорхой бус байв. Хаан ширээний төлөө тэмцэл нь султант улсыг он удаан жилээр туйлдуулж байв. 1221 онд л Чингис хаан Инд мөрний цаад биед гарч ирснээр энэтхэгчүүд бодит аюулд өртөөд байсан. Харин Төмөрийн довтолгоон бол өөр байлаа. Тэр Энэтхэгийг цөлбөн хоослох гэж ирсэн юм. Төмөр өмнө зүг зогсолтгүй, хурдтайгаар давшсаар замдаа таарсан хотуудыг эзлэх гэж л саатаж байв. Гэвч Төмөр тэдгээр хотуудын “урьд өмнө үйлдсэн гэм нүглийнх нь төлөө” хэмээн далим гаргаж сүйтгэж явжээ. Ер нь дээр өгүүлсэнчлэн уугуул нутгаасаа алс яваа, мэргэжлийн армийг өөртөө үнэнч байлгахын тулд захирагчдад нь тухайн газар орны ард иргэдийг тонон дээрэмдэх бололцоог хэр зэрэг олгохоос асар их зүйл шалтгаалж байв. Дайрч гарсан хотуудын хүн амаас Төмөрийн цэргүүдийн боол болгох, эсвэл худалдах зорилгоор авч үлдсэн хүмүүс л амьд гарчээ. Удалгүй ийм хүний тоо олон болсон юм.

Төмөр Энэтхэг рүү мордох үед түүний улсын дотоод байдал тийм ч таатай байсангүй. Кавказад бослого гарч, Египетийн султан Месопотамыг авчихаад байв. Гэсэн ч Энэтхэгийг зорих аяныг юу ч зогсоосонгүй. 1398 онд Төмөр 90 мянган цэргийн хүчээр Энэтхэгт довтлов. Цэргээ гурав хувааж баруун замын цэргийг Төмөрийн ач хүү Мухаммед удирдаж, Афганистаны Кандагараас хөдөлсөн бол хүү Сулейман нь Инд мөрнийг гатлаад одоогийн Пакистаны Мултан цайзыг эзлэн түшиц газар бэлджээ.

Мултан хот тухайн үеийн Энэтхэгийн умард хязгаарыг хянах стратегийн ач холбогдолтой том хот байсан. Зүүн замын 30000 цэрэг Лахорыг эзлэх үүрэгтэй байв. Дунд замын цэргийг Төмөр өөрөө захирчээ. Төмөрийн цэрэг Амударьяа мөрнийг гатлаад Гиндукушийг зорьж, Каферистаныг чиглэн хөдөллөө. Каферистанд цөмрөн орсон Төмөр орон нутгийн хүн амыг хядаад, цааш хөдөлжээ. Хожим Төмөрийн Энэтхэг явсан замын дагуу Афганистанаас Энэтхэг орох төмөр зам байгуулагдсан юм. Төмөр Таламба хотоос Желам хүртэлх 130 км зайг 5 хоногт туулжээ. Төмөрийн цохилтын гол бай нь Дели хот байв. Байлдан дагуулагч 12 сарын эхээр Делид тулж очлоо. Нийслэл хот Маллу хааны захиргаанд байв. Энэтхэгүүд зүгээр суусангүй, Делийн султан нэг түмэн морьт цэрэг, 120 заант цэрэг бэлджээ. Заант цэргийн нуруун дээр харваачдыг байрлуулав. Мөн лонх бүхий тэсрэх бодис шидэж байв.

Төмөр Энэтхэгийн цэргээс огтхон ч сүрдсэнгүй. Талууд 12-р сарын 12-ны өдөр анх удаа тулалдаж, Төмөрийн удирдсан толгой сэргийлэх ангийг Маллу хааны цэрэг довтолжээ. Төмөр шийдвэрлэх байлдаанд бэлдэхдээ Энэтхэгийн байлдааны заануудтай хэрхэн тулалдах талаар буурьтай бодож төлөвлөжээ. Цэргүүд нь заант цэргээс сүрдэж байв.

Төмөр заанд зориулсан сөргөө бэлдэхийг тушааж, зааны жагсаалыг эвдэхийн тулд үхэр, тэмээнд шатаасан тостой мод чирүүлэн өмнөөс нь хөөн оруулжээ. Зааны хуяг бат бэх тул жадлахад бэрх байлаа. Харин зааны хамар нүцгэн. Тиймээс зааны хамрыг жадлаж, цавчих тушаалыг цэргүүддээ өгөв. Эмирийн цэрэг тулалдаанд орохдоо заануудыг сандаргаж, шархадсан заанууд цэргээ гишгэчин зугтааж байжээ. Түрэмгийлэгчид тулааны санаачлагыг аван Делийн султаны цэргийг ухраав. Султан хотдоо хориглон байлдсан ч гэсэн шөнийн харанхуйгаар буруулан зугтаах нь тэр. Дели хот 1399 оны 1-р сарын 4-нд бууж өгөв. Төмөр мэдээж хэрэг цөлбөн дээрэмдэж, бусад улсыг бодвол Энэтхэг орон алт эрдэнэсээр баялаг учир цэргүүд нь дааж ядтал олзоо ачсан гэдэг. Төмөр олзлогдсон хүмүүсээс гар урчуудыг нь цуглуулж авав. Тэрээр Энэтхэгт 6 сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд байхдаа энэ орныг урьд хожид байгаагүйгээр цөлмөн хоосолсон юм. Цэргийн дээрэм тонуулын улмаас өлсгөлөн, тахал өвчин нүүрлэжээ.

Энэтхэгийн заанууд хийгээд уран дархчууд, өрлөгчид Самарканд хүрч Персээс авчирсан зураач, уран барималчид, бичээч нарын эгнээнд оров. Төмөрийн дараагийн аян дайнуудаар Дамаскийн торго нэхэгчид, шил хайлуулагчид, Түрэгийн мөнгөний дархчуул Самаркандад иржээ. Төмөр Делигээс 97 заан дээр алт, мөнгө, эд баялаг ачин ирсэн бөгөөд түүнийгээ Самаркандын бүтээн босголтод зарцуулжээ.

3-р сарын 19-нд Төмөрийн цэрэг Лахор хотыг цөлмөөд Инд мөрнийг гаталжээ. Учир нь Төмөрийн улсын умард хязгаарт Османы Туркийн Баязид халдсан мэдээ ирлээ. Бас Гүржид Төмөрийн эсрэг бослого гарчээ. Төмөр 1399 онд Энэтхэгээс буцсанаас хойш энэ баян тансаг орон 100 гаруй жил Төмөрийнхнийг дахин харсангүй. 126 жилийн дараа л Төмөрийн удмын Бабур хаан Энэтхэгт цөмрөн орж Их Могул гүрнийг үндэслэсэн юм. Төмөр дэлхий ертөнцийг айлган цочирдуулахаар байсан бол түүний удмынхан бишрүүлэхээр ирсэн юм.

 

Зургадугаар бүлэг: Төмөр Баязидын эсрэг буюу Османыг довтолсон нь

 

“Та бид хоёр хоёулаа тахир дутуу хүмүүс юм байна. Та сохор, би доголон. Бурхан яагаад бид нар шиг ийм хүмүүст тийм их эрх мэдэл өгдөг юм бол?” Эмир Төмөр

1387 онд Төмөрийн хараат болсон Эрзижан хот Турктэй хил залгаа бөгөөд Туркийн султан Баязид хотын захирагчид нь элч зарж алба өгөхийг шаарджээ. Эрзижан хотын захирагч Заратан Баязидэд алба төлөхийг зөвшөөрсөн боловч Кемах хэмээх цайзаа өгөхөөс татгалзав. Баязид улмаар бүх нутгаа өгөхийг шаарджээ. Энэ үед Заратан Төмөрт элч илгээж өөрийг нь хамгаалахыг гуйжээ. Чингэтэл Баязид өрсөн цэрэг хөдөлгөж Эрзижаныг эзлэн авав. Төмөр Баязидэд элч илгээж цэргийн үйл ажиллагаагаа зогсоон, Эрзижан хотыг эргүүлж өгөхийг шаардав. Туркууд хариу өгсөнгүй.

Энэ үед туркууд Бага Азийг, Балканы хойгийг эзэмшиж байсан боловч дотроо ноёдын бослого, тариачдын үймээн гээд асуудалтай байжээ. Гэвч Баязид бол басаж болохгүй дайчин байв. Түүнийг “Аянга” хэмээн хочилдог байжээ. Түүний мэдэлд янычарууд хэмээх хөлсний цэргүүд байдаг байв. Янычарууд болбоос эзлэгдсэн орнуудаас татаж авсан олзны цэргүүд бөгөөд тэднийг хүүхэд ахуйгаас нь исламын хэт даварсан үзлээр хүмүүжүүлж, жинхэнэ аллагын машин болгодог. Янычарууд нь гэрлэхгүй, нийгэмд эзлэх байр суурь гэж байхгүй, эмэгтэй хүнтэй биологийн үүднээс л харилцдаг. Янычарыг олзолсноос шууд алсан нь дээр байдаг гэж тэр үед ярьдаг байжээ. Европын нүүр царай болсон рыцариуд Баязидын янычаруудын өмнө хүчин мөхөсдөж байв.

 Баязид 1396 онд Дунайн эрэг дээр Никополийн дэргэд Баруун Европын загалмайтнуудыг бутниргэж, Унгарт тулж, Австрийг сүрдүүлж байжээ. Баязид султан болмогцоо ахыгаа боож алж байсан харгис этгээд юм. Баязидын холын бодлого бол Францыг цөлмөх байв. Константинополь, Венец, Генуягийн ноёдууд тал алдахгүйн тулд Баязидэд алба төлж байсан гэдэг. Европт цөмөрсөн Баязидын цэргийн эсрэг тулалдаж байсан цорын ганц ван бол Унгарын Сигизмунд юм. Түүнийг Францын ван дэмжиж байв. Франц, Унгар, Голланд, Англи, Чех, Германы баатрууд Баязидын эсрэг нэгдэж хөдөлжээ. Рыцариуд ч хүчиндээ эрдэж байжээ. Европын нэгдсэн хүч болон Баязидын цэргүүд Дунай мөрний эрэгт анх тулж Европын нэгдсэн хүч ялжээ. Харин холбоотны ялсан тэр хэсэг цэргүүд нь Туркийн гол хүч бус, Сербийн олзлогдсон загалмайтнууд л байжээ.

 Дараагаар нь Баязидын 6 түмэн цэрэг Унгарыг чиглэн хөдөлж, Европын загалмайтнуудыг бутниргэсэн байна. Францын ван Бусико олзлогдож, түүнийг Францууд 200 000 алтан зоосоор эргүүлэн авч байв. Энэ бүхнийг нуршсан шалтгаан нь гэвэл Төмөрийн ээлжит өрсөлдөгч нь ийм л шийдсэн, чадварлаг, харгис дайчин, Европыг сөгдүүлсэн Баязид байв. Османы Туркийн Баязид султантай хийх Төмөрийн тулалдаан бол үхэх сэхэхээ шийдэх тулалдаан байв. Төмөр Баязидтай тулалдахаар Бага Азид гүн цөмөрвөл Туркууд Египет, Сири, Туркмен, Гүржээс дэмжлэг авч байсан тул ар талаасаа Сири, Египетийн султанд цохиулах аюултай байв. Тиймээс энэ бүс нутагт дайн хийх нь аз сорьсон, эгзэгтэй үйл явдал юм.

Төмөр унаа хөсгөө Энэтхэгийн заанаар сэлбэж, цэрэг бүхэн хөтөлгөө морьтой байхаар тооцсон тул олон зуун мянган агтыг бэлчээрлүүлэх, нэн ялангуяа армийг усаар хангах явдал чухал байв. Төмөр Бага Ази даяар тагнуулуудаа илгээж, мэдээ цуглуулж, дайсныг тагнан туршиж эхлэв. Тебризийг армийн гол түшиц газар болгож, Карабахын талд адуугаа бэлчээхээр төлөвлөсөн эмир дипломат арга хэрэглэж, Туркийн дотоод үймээнийг дэвэргэх, дэргэдийн хүнийг нь урвуулах шалгарсан аргаа ч хэрэглэхээ мартсангүй. Гэхдээ энэ аргууд нь бүтэл муутайхан байлаа.

Төмөрт Оросын өмнөд тал нутгийг эзэгнэн суусан Алтан Ордын Эдигэй ноёныг хүч хавсруулахаар элч илгээтэл “Эрхэмсэг Төмөр чи найрамдахыг хүсчээ. Би чиний занг сайн мэднээ. Би чамтай сэлмээр л учраа олно” гэсэн хариу авав. Төмөр Баязид нар хэдэн хэдэн удаа элч солилцсон боловч хоёр биенээ доромжилж ууруулахаас хэтэрсэнгүй. Төмөр Баязидээс бүр илүү доромжуулсан захидал авчээ. Баязидын Төмөрт илгээсэн нэг захидалд “Төмөр нэрт цуст нохой минь чи мэдэж ав. Туркууд хүч нэг бөгөөд нөхөддөө тусалдаг юм” хэмээсэн захидал авчээ. Төмөр хариуд нь “Туркууд та нарыг би мэднэ. Чамайг би заанаараа гишгэчүүлнэ. Туркменууд та нар хэзээний ухаан муутай улс, зөв шийдвэр гаргадаггүй. Чи надад хиар цохиулна” хэмээжээ.

 Баязид ”Би бол исламын үнэнч хамгаалагч. Чамтай тулалдахыг эртнээс хүссэн” хэмээх ба өөрийнхөө ялалтуудыг бичээд, захидлынхаа дор Төмөрийн нэрийг харагдахтай үгүйтэй бичээд хазгар доголонгоор нь доромжилж, хайртай эхнэрийг нь нүдэн дээр чинь доромжилно хэмээн заналхийлжээ. Энэ нь Төмөрийг галзууртал нь уурлуулсан гэдэг. Төмөр аажмаар дөхөж Карабахын тал, Аракс голын завсар өвөлжиж байв. Нэгэнт дайн хийх нь тодорхой болсон учраас 1400 оны 8-р сард Төмөр цэргээ аван Туркийн нутагт цөмрөлт хийлээ. Сивас цайзыг бүсэлмэгц Сивасын захирагч Баязидэд элч илгээж тусламж гуйв. Баязид өөрийн ахмад хүү Сулейманаар удирдуулан манлай ангиудыг явуулж, өөрөө гол хүчээ аван Төмөр рүү чиглэн хөдөллөө. Төмөр Сивас хотыг тонон дээрэмдээд Баязидийг ирж буй сургаар ухарчээ. Улмаар тэндээсээ эргэн Месопотамийн зүг хөдөлж, Хар хангалуудыг дагаар оруулав. Хар хангалууд 50.000 орчим бөгөөд Бага Азийг нэрвэн дайлах зорилготой байжээ. Баязидтэй тулалдах гэж Төмөр яарсангүй. Ар талын байдлаа хангах нь туйлын чухал гэдгийг сайн ойлгож байжээ.

Ар талаа бэхжүүлэх, хажуу талаасаа гэнэтийн цохилтод орохгүйн тулд Төмөр хэний ч санаанд оромгүй шийдвэр гаргав. Тэр гэнэт Сирийн зүг хөдлөхийг жанжиддаа тушаав.

 Энэтхэгийг дайлснаас хойш 1 жилийн дараа Сирийн бэхлэлт сайн цайзуудыг авах гэж Төмөрийн цэрэг бараг л 2000 миль аялах хэрэг гарлаа. Монголчуудын эртний заналт дайсан мамлюкуудыг Төмөр өс авах ёстой гэж үзэн агт морьд ядарсан, цэрэг нь аяншсан гэж болгоомжлолгүй задгай талд үзэлцэв. Ширүүн тулалдааны дараа мамлюкууд хот руу ухарчээ. 1401 онд Төмөр мамлюкуудыг хүйс тэмтэрч Дамаскийг дайлав. Мамлюкууд Палестинээр дамжин Египет руу зугтлаа. Хөлсний алуурчдаараа алдаршсан мамлюкууд Төмөр рүү алуурчдыг явуулсан боловч тэд нар нь баригдаж, мөч мөчөөрөө жиргүүлжээ.

 Энэ хооронд Баязид армиа засан ирж байлаа. Тэрээр юун түрүүн Эрзижаныг талав. Төмөр Баязид нар дахин элч солилцсон боловч ямар ч нэмэр болсонгүй. Төмөр цэргээ гурав хуваав. Нэг хэсэг нь Палестинээр дамжин мамлюкуудыг хөөх, нөгөө хэсэг нь Багдадыг чиглэж, гол хүч нь Алеппогийн зүг хөдөлжээ. Энэ бол 1401 оны 3-р сард болсон үйл явдал юм. Багдадыг авахгүйгээр Бага Азид гүн орж Баязидтай тулах нь амиа хорлосонтой ялгаагүй байв. Ингээд Багдадыг цус асгаруулсан тулалдааны эцэст 1401 оны 6-р сард буулган авав. Төмөр хотын хэрмийг нурааж, сүм хийдээс бусдыг нь шатаах зарлиг буулгажээ. Энэ нь мамлюкуудэд түшиц газар үлдээхгүй, Багдадыг дахин өндийлгөхгүй байх Төмөрийн санаа юм.

Энэ завсар Баязид Төмөрийг ажиглан, саад тотгор, хүнд ширүүн тулаан бүрийг давж гарч улам бүр хүчирхэгжээд байгааг олж харлаа. Гэсэн ч Төмөрийн цэрэг амсхийх хэрэгтэй байв. Баязид хэдийгээр хүчирхэг удирдагч байсан ч гэсэн архи дарс, шалиг самуунд дурлаж, нэр алдар нь буураад байв. 1402 оны 4-р сарын 24-нд Төмөрийн цэрэг Баязидыг чиглэн хөдөллөө. Ийнхүү тэрхүү зууны хамгийн аугаа тулалдаан тулж ирэв.

Баязид Токат хотод байрлаж, хавцал, шигүү ойг хамгаалалт болгон ашиглаж байжээ. Төмөр Баязидыг үүрнээс нь гаргаж ирэх хэрэгтэй байв. Төмөрийн гол хүч нь шаламгай морин цэрэг байсан бол Баязидын гол хүч нь янычарууд байв. Тэгш задгай газар Баязидыг өдөөн авчрахаар Төмөр шийджээ. Энэ аргад нь Баязид хууртсан юм. Баязидыг энд байх үед Төмөр баруун жигүүрээр нь тойрч, араар нь Анкараг чиглэжээ. Энэ мэдээг авсан Баязид өөрийн хүү Сулейманыг явуулсан бөгөөд удалгүй Сулейман Төмөрийг Анкараг чиглэж явааг илтгэв. Баязид бүх хүчээ аван араар нь давшсан дайсныхаа зүг Анкара руу эргэв.

Анкара хотын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд 2 талаас нийтдээ 500 000 орчим цэрэг оролцсон гэсэн тоо байна. Баязид 200 000 цэрэгтэй байсан бол Төмөр 250 000 орчим цэрэгтэй байсан гэдэг. Төмөрийн цэргийн гол цохилтын хүч нь жигүүртээ байсан бол Баязидынх төвдөө байжээ. Баязидын мэдэлд Османы зүг бүрээс цуглан ирсэн морин цэргүүд байсан бөгөөд маш өндөр сахилга баттай байв. Дээрээс нь янычаруудыг дурьдах хэрэгтэй. Төмөрийн цэрэг Анкараг чиглэн явж замдаа таарсан бэлчээрийг шатааж, худгийг таглаж, эвдэж явав. Төмөр Анкарад очоод хотыг бүсэллээ. Баязидын 5000 орчим цэрэг ангаж үхэв. Анкарагийн дэргэдүүр урсах голыг Төмөр авсан байсан учраас ашигтай байрлал Төмөрийн гарт байв. Төмөр 1402 оны 6-р сарын 18-нд Баязид руу довтлов. Баязид тулалдахаас өөр аргагүй болжээ. Төмөрийн баруун жигүүрийн цэргүүд Баязидын зүүн жигүүртэй халз үзэв.

Энэ үед Баязидын зүүн жигүүрт сербүүд байсан бөгөөд Төмөрийн цэрэгт маш их хохирол учруулж, эмирийн цэргийн баруун жигүүр ухрав. Харин зүүн жигүүр нь Баязидын баруун жигүүр рүү амжилттай давшиж, тэнд байсан цэргүүдийг шахав. Баязидын баруун жигүүрт түрэг, татар гаралтай цэргүүд олон байсан учраас Төмөрт сайн дураар бууж өгөх тохиолдол гарч байлаа. Нийтдээ 18 000 цэрэг Төмөрт бууж өгсөн гэдэг. Төмөрийн энэ байлдааны ажиллагаа нь яг ан агнахтай адил байсан бөгөөд бага багаар хумисаар Баязидыг бүслэв. Шөнө дундын үед Баязид бүслэлтийг сэтлэх гэж оролдоод урвагч Мамуд ноёнд баригджээ. Төмөр ийнхүү Баязидыг бутцохисон юм. Олзлогдсон янычаруудыг нь ямар аюултайг мэдэх тул Төмөр бүгдийг нь хороож, сербүүдийг нэхэв.

Түүнчлэн Төмөр өөрийн ач хүү Мирзад 30 000 цэрэг өгч Баязидын хүү Сулейманыг нэхүүлэв. 5 хоног нэхсэний эцэст Сулейманыг хиар цохив. Харамсалтай нь ач хүү Мирза энэ тулалдаанд алагджээ. Төмөрийн уй гашуу, хорсол туйлдаа хүрэв. Гэсэн ч Төмөр ялалтын баяраа тэмдэглэж, цэргүүдээ амраах хэргэтэй байв. Тиймээс Төмөр ялалтаа тэмдэглэх үедээ Баязидыг төмөр торонд хийн хажуудаа дагуулан явж, нүдэн дээр нь эхнэр, охидуудыг нь жанжиддаа хуваан өгөв. Ялагдлын гутамшгийг эдэлсэн Баязид хэдэн сарын дараа төмөр торон дотор үхсэн гэдэг.

Төмөрийн алдар нэр Европ даяар тарж, тэд Төмөрийн өмнө бэмбэгэнэж байв. Англи, Испани, Франциас элч нар бэлэг сэлт авчрах болжээ. Бага Ази ч Төмөрийн өмнө сөхрөв. Очсон хот болгон Төмөрт бууж өгсөн боловч асар олон хүн алуулсан гэдэг. Төмөрийг сөрөн зогссон цорын ганц хот бол Смирна бөгөөд тэр нь загалмайтнуудын түшиц газар байжээ. Төмөр Смирнаг бүслэн авсныхаа дараа цэргийн давуу хүчтэй тул цэргүүдээ ээлжлэн дайралтад оруулж, хэрмийн доогуур хөндийлөн ухуулж, модны мөчир, өвс, чулуун нүүрс холин хэрэглэж гал тавьсанаар хотыг эзэлжээ. Смирнаг авсаны дараа Төмөр Гүржийг чиглэв. Тэрээр Гүржийг бүрэн номхотгож, уур омгоо дундлахаар явжээ. 1403 оны 3-р сарын 27-нд Төмөрийн цэрэг Гүржид цөмрөв. Гүржийг цусан далайд умбуулаад дараа нь Армяныг чиглэв. Гүржид байлдаж байх үед түүний нэг хүү Омар суманд нэвт сүлбүүлжээ. Тиймээс Төмөр Гүржид амьтай амьгүй болгоныг устгах тушаал өгсөн гэдэг. Ингэж явсаар Төмөрийн цэрэг эх нутагтаа, Самаркандад 1403 оны 7-р сард иржээ.

Үргэлжлэл нь: Байлдан дагуулагч Төмөр: Хятадыг эзлэхээр хөдлөв

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]