Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Аюуш баатар"-ыг амилуулсан азтай, хувьтай жүжигчинУншсан12,877

1986 онд алдарт кино найруулагч Ж.Бунтар гуайн “Ирж яваа цаг” киноны Готовын дүрийг бүтээсэн. Үүнтэй зэрэгцээд ангиасаа хөөгдөх асуудал яригдаж эхлэсэн гэдэг.

"Бид мартахгүй” киноны Аюуш, “Мандах нарны туяа”-гийн Д.Сүхбаатар, “Ирж яваа цаг”-ийн Готов зэрэг олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Б.Базаррагчаагийн тухай хүргэж байна. Намуухан, дөлгөөн төрхтэй олон сайхан эерэг дүрүүдийг бүтээсэн ч жүжигчин хүний хувьд хэвшмэл ойлголтоос хазайж  хүний дотор арзайтал эсрэг дүр бүтээхийг маш их хүсдэг нэгэн.

Түүний эцэг, эх хоёул их сайхан дуулдаг хүмүүс. Аав нь насаараа боловсролын байгууллагад ажилласан бол ээж нь төрмөл дуучин бөгөөд Жаахан шаргыг уягалуулан дуулдаг байжээ.

Базаррагчаа нь Улаанбаатарт төрж, 40 мянгатад бага насаа өнгөрүүлсэн, 10 хүүхэдтэй айлын дундах хүүхэд юм.  40 мянгатын ойролцоо ясли, цэцэрлэгт явж, нийслэлийн 23 дугаар сургуульд суралцжээ.

Харин наймдугаар ангид байхад нь тэднийх 19 дүгээр хороолол руу шилжиж, тэнд аравдугаар ангиа төгсчээ. Тэрээр “Нуух юм байхгүй ээ. Би сурлага муутай, сахилгагүй хүүхэд байлаа.

Яагаад ч юм бэ. Хичээлээ анхаардаггүй. Аавын чихийг халууцуулна. Төгсөх дөхөөд ирэхээр аав ямар мэргэжилтэй болох уу гэж асуухаар яг энэ тэр гээд хэлчих юм олддоггүй үе ч байлаа” гэв.

Мөн хүүхэд байхдаа бокс, байт сурын спортоор хичээллэдэг, бартаат замын уралдааны мотоцикль унадаг спортлог нэгэн байж. Жүжигчин болно гэж огт төсөөлж ч байгаагүй бөгөөд байлдааны сөнөөгч, онгоцны нисгэгч болно гэдэг мөрөөдөлтэй байсан гэдэг.

Мөрөөдөлдөө хөтлөгдөж явсаар Иргэний хамгаа­лалт­тай 122 дугаар ангийн офицер болсон юм. 1985 оноос кино урлагийн босгыг алхан жүжигчин болсон түүхтэй. Урлагийн салбарт орох зам мөрийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Х. Дамдин найруулагч нээж өгчээ.

Тэрээр багшийнхаа тухай “Миний энэ амьдралын ачтан гэвэл Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Х.Дамдин багш. Тэр хүн анх миний далд авьяасыг олж харж, намайг кино урлагт долоон жил чиглүүлж өгсөн дөө. Багшийнхаа ач гавьяаг үгээр илэрхийлэхийн аргагүй ээ” хэмээсэн байдаг.   

Түүний хамгийн анхны дүр нь Чөлөөлөх дайнд БНМАУ-ын анги нэгтгэлүүд болон ЗХУ-ын Улаан армитай хамтран дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг унтраахаар тулалдаж буй тухай өгүүлэх “Бид мартахгүй” уран сайхны киноны Аюуш баатрын дүр байлаа. Анхны дүр гэдэг утгаараа “Бид мартахгүй” киноны Аюушийн дүрдээ ихэд хайртай нэгэн.

1986 онд алдарт кино найруулагч Ж.Бунтар гуайн “Ирж яваа цаг” киноны Готовын дүрийг бүтээсэн.

Удалгүй “Мандах нарны туяа” кинонд жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн. Ингэхдээ огт дүрийн судалгаа хийлгүйгээр өөрийнхөө өнцгөөс дүрийг бүтээх томоохон даалгавар авсан гэдэг. 1985-1995 он хүртэл тасралтгүй 20 гаруй бүтээлд тоглосон байдаг. Үүнээс 15 орчим нь гол, туслах дүр. Нямдаваагийн “Уул усны үр сад”-ын Цэрэн, “Цөвүүн цагийн богд”-ын уран Гарав, “Цэц магнай”-н Төмөрсүх мэргэн гээд олон сайхан киноны дүрд тоглосон. Нийт 40 гаруй бүтээлд тоглосноос  Ирж яваа цаг” киноны Готов, “Бид мартахгүй” киноны Аюуш баатар, “Мандах нарны туяа” киноны Сүхбаатар жанжны дүрүүд үзэгчдийн сэтгэлд хоногшсон.

Украйны Харьковт сургууль төгсөөд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан С.Сарангэрэл гэдэг бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон тэрээр 1997 онд эхнэр­тэйгээ хамт "Хоёр жил болоод 20 мянган ам.доллартай болоод ирье" гэсэн зорилготой хилийн дээс алхан БНСУ-ыг зорьсон ч "Хорин жилийн хугацаанд хоёр хүүхэдтэй болоод ирлээ дээ" хэмээн дурссан байдаг.

Түүний эхнэр мөн жүжигчин мэргэжилтэй бөгөөд Солонгос руу явахаас өмнө “Ламбугайн нулимс”, “Хайрын нулимс хатдаггүй”, “Эзэнгүй айл” гээд Монголын анхны телевизийн цуврал кино зэрэг бүтээлүүдэд тоглож байсан.

Анх 1992 оны зун “Амилсан чөтгөр” кинонд дуу оруулж байх үеэр эхнэрээ олж харсан гэдэг. Түүний хүү ч мөн олон кинонд тоглосон гэдэг. Энэ талаар тэрээр  “Монголдоо ирээд хүүгээ анх “Учрал” кинонд тоглуулсан. Түүнээс хойш хүү маань дөрвөн кинонд тоглосон. Сүүлд хүүтэйгээ хамтран “Он цагийн эрэлчид” олон ангит кинонд тоглосон. Миний бүтээсэн хамгийн муухай дүр. Ажилгүй, архичин аав хүүгээ зах дээр ажил хийлгэж, мөнгө олуулдаг аавын дүр. Гэхдээ киноны төгсгөлд засардаг л даа. Миний хувьд хүүгээ жүжигчин болгох гэж зорьдоггүй. Охин маань ч гэсэн ганц хоёр кинонд тоглоод амжсан” хэмээсэн юм.

Эх орондоо эргэн ирснээсээ хойш 10 гаруй кинонд дүр бүтээж, 2017 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр шагнуулсан билээ.  Тэрээр жүжигчин хүний хувьд хүний дотор арзайтал эсрэг дүр бүтээхийг маш их хүсдэг бөгөөд залуу найруулагчдад “Та нар жүжигчдийг нэг хэвэнд орсон байна гэж загнадаг.

Өөрсдөө сэтгэлгээний нэг хэвэнд орчихоод байна. Жүжигчин Б.Базаррагчааг харахаар л даруу төлөв хүнээр, ширүүн дүр гэхээр л Ц.Төмөрхуягаар л хардаг. Үүнийг эвдээд Ц.Төмөрхуягийг даруу төлөв дүр, намайг яагаад этгээд дүрд тоглуулж чаддаггүй юм бэ” гэж хэлдэг. Тэрээр сөрөг дүрд цөөхөн тоглосон бөгөөд “Бүү март” кинонд шоронгийн даргад, “Итгэл”-д тендер завшдаг төрийн албан хаагчийн дүрийг бүтээсэн байдаг.

О.Цэцэгсүрэн

Эх сурвалж: Zaag.mn

Албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 19. 22:37
Зочин

fd

2019, 12 сар 26. 5:56
Зочин

Царайлаг сайхан залуу байжээ

.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]