Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ч.Оюунгэрэл: Шуудангийн онгоц очоогүй бол тэр тулаанаас амьд хүн нэг ч үлдэхгүй байсанУншсан22,563

Залуу байх үед нь Байтаг Богдын арван баатрын нэг гээд ард түмэндээ хүндлэгдээд сайхан амьдарч байлаа.

Ярилцсан Л.Батцэнгэл


1948 оны долдугаар сарын 8-ны өглөө Дамжигийн II сумангийн дарга Мадригаас үүрэг авч авч гарсан заставын хилийн манаанд улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар удирдуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа хүн хүчээр 13 дахин их дайсантай тулалдсан баатарлаг хилчдийн түүх домог болон үлдсэн билээ. Дайсантай баатарлагаар тулалдан амь үрэгдсэн Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Бэгзийн Гиваан, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат Лхүнровын Даваадорж нарт БНМАУ-ын баатар цолыг нэхэн олгосон бөгөөд Булган аймгийн Хутаг сумын харьяат ахлах дэслэгч Гомбожавын Хаянхирваа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харьяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Түвшингийн Баян нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харьяат хилчин Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харьяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Сумандаа богино хугацаанд хэл хүргэсэн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат хилчин Чойжилсүрэнгийн Пэлжээг Байлдааны медалиар тус тус нэхэн шагнажээ. Байтаг Богдын арван баатрын нэг түрүүч Доржийн Чойжингийн охин Ч.Оюунгэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Байтагийн арван баатрын алдарт тулааны тухай Монгол Улсын түүхэнд тодорхой дурдсан байдаг. Аав тань энэ тулалдааны талаар юу ярьдаг байсан бол?

-Миний аав Доржийн Чойжин хуучнаар Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошуу Чин сүжигт Номун ханы шавь, Дархан гүний хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр тээл гэдэг газар 1925 онд төрсөн хүн байлаа. Аав маань 1946 онд ардын цэрэгт татагдаж Зүүн хязгаарт Монгол Улсын баатар Чогдон гуайн удирдлагад 24 дүгээр отрядад цэргийн алба хааж эхэлсэн. Энд бага даргын курст сууж, түрүүч цолтой болоод байж байтал Баруун хил хязгаарын байдал түгшүүртэй болсон гэсэн тушаал ирсэн учир Дамжиг усны заставт алба хаахаар хэсэг нөхдийн хамт очсон. Тэнд Мадриг, Зонров, Ванчин, Хаянхирваа гэх мэт дарга нарын удирдлага дор албаа хааж байж. 1947 онд хилийн манаанд гарахдаа дайсны амьд хэл барьж “Онц хилчин” цол хүртсэн байдаг. 1948 оны долдугаар сарын тэр тулгаралт чинь Ардын хувьсгалын 27 жилийн ой болох гэж байсан үеэр гарсан. Тэр үеэр хилийн зөрчил гарч магадгүй гэсэн болгоомжлол байсан учраас отрядаас хүч нэмэгдүүлж арван хүнийг долдугаар сарын 5-ны өдөр гаргасан юм билээ. Тэрнээс өмнө нь цөөхөн хүн гаргадаг байж. Тавны өдөр гарсан манай гурав хоног хилээ манасан. 8-ны өглөө үүр хаяарч байтал Байтаг Богдын Бүдүүн харгайтын голоос ус авч котелдоо цай чанаж байж. Хоёр нь харуулд гараад байснаа дайсан ирлээ гэж дохио өгснөөр юун цай уухтай манатай юм болж. Бүдүүн харгайтын голын усанд адууны нойтон хомоол урсаж ирж байсан нь дайсан этгээд ойрхон ирсэн байх магадлалтайг харуулж байж л дээ.

-Тэгээд цай цүй ч ууж амжилгүй л тулалдаж эхэлсэн юм байх даа?

-Улс төрийн орлогч Хаянхирваа байлдагчдаа гурав гурваар нь хуваан байрлуулаад Пэлжээ гуайг Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан холбоо бариулахаар явуулсан юм билээ. Би хожим Хаянхирваа гуайтай зөндөө уулзаж байсан. Аав тэдний яриагаар өглөөний 08 цагт тулаан эхэлсэн байдаг. Хаянхирваа гуайд цаг байсан юм билээ. Бүтэн гурван цаг тулалдсан байдаг. Эхлээд дайсны тоо толгойг тоолтол 135-140 хүргээд тоогоо алдаж. Нөгөөдүүл нь байраа эзлээд давшаад байсан учир тоолохоо байхаас ч аргагүй болж. Аав эдэнд миномёт гэдэг буу ганцхан ширхэг байсан. Тэгэхэд нөгөө талд их олон байсан гэдэг. Жамьян генералаас 1998 оны дөрөвдүгээр сард бичиж авсан дуртатгалд “Дайсны хүч тэнцвэргүй тулаанд гурван цаг барьж, зургаан хилчин газар дээрээ амь үрэгдэж, нэг нь холбоо барихаар явж, үлдсэн гурав нь байлдах чадваргүй болтлоо амь тэмцэн тулалдсан” гэсэн байгаа. Яагаад амь нь тэмцсэн гэхээр винтовных нь сум нь дуусан, тэр өдрийн нарны халууныг хэлэх үү, дарийн утааны тоос тортог хоолой ам руу нь ороод маш хэцүү байдалд орсон байдаг. Дайсны хамгийн гол зорилго нь амьд хэл барих зорилготой байж. Тухайн үед улсын хил тогтоогоогүй байсан юм билээ. Тиймээс наашаа болж л өгвөл хилийн постыг сунгах сонирхолтой байсан.

-Бүх сумаа буудаад дуусчихсан байж гэнэ үү?

-Бүх сум нь дуусаад ганц гранат л үлдсэн юм билээ. Хаянхирваа гуай, Гончигзэгвэ хилчин, аав гурав дайснууд шаваад ирвэл тэсэлье гээд аваад үлдсэн гэдэг. Дайснууд ч сум дууссаныг мэдээд барихаар дөхөж ирж. Хаянхирваа гуай “Өндөрлөг дээрээс харахад манайхан ирж явах шиг тоос татаж байсан. Бидэнд ч тийм горьдлого төрж байсан. Гэтэл нөгөө бараа алга болсон. Харин азаар манай нэг онгоц нисэж ирсэн. Тэр онгоц нисээд ирэхэд дайснууд цэргийн цогцос, буу зэвсгээ аваад зугтаасан” гэсэн. Хэрвээ тэр онгоц нисээгүй бол өнөөдөр би ч гэсэн ингээд ярьж суухгүй, тэр арван хүн юу болсныг ч мэдэхгүй өнгөрөх л байсан байх. Тэр ч бүү хэл дайснууд бүр наашаа орж ирээд Байтаг Богд гэдэг уул хилийн цаана үлдчихсэн ч байж магадгүй байсан юм билээ. Отряд дээр очсон шуудангийн онгоцыг л эргүүлээр нисгэсэн нь тэр. Отряд дээр гэхэд байлдааны бэлэн байдалд байгаагүй байсан юм шиг байгаа юм. Давхиад очиход бэлэн биш байсан учраас юу ч гэсэн онгоц нисгэсэн юм байна гэж ойлгогдсон.

-Тийм аюултай тулгарсан танай аав болон Хаянхирваа, Гончигзэгвэ нарыг эх орноосоо бараг урвасан гэх хэрэгт далаад онд буруутгаж байсан гэл үү?

Д.Чойжингийн гэр бүл. 1971 он

-Тэр байлдаан болсны дараа хамгийн анх очсон Жамьян генералын үгийг голтой юм байна гэж боддог. Жамьян генерал гурав хоногийн дараа сургагч оростойгоо очсон. Тэр орос нь зураг аваад үнэхээр хүч тэнцвэргүй тулгаралт болсон юм байна гэж дүгнэсэн юм билээ. Зонров нарын отрядын дарга нар нь маргааш нь очсон байдаг. Азаар л тэр онгоц очсоноор дайснууд зугтсан болохоос биш бүгд л амь үрэгдэх байж дээ. Бид чинь ааваас есүүлээ. Бидний энэ хорвоод ирэх хувь ерөөл л аавыг минь амьд мэнд үлдээж гэж боддог юм. Нөгөө үлдсэн ганц гранат нь ч дэлбэрээгүй юм гэсэн.

-Ёстой л ус уух хувь байж дээ?

-Хаянхирваа гуайн дурсамжинд энэ тухай тодорхой байгаа. Дайснуудынх нь шидсэн гранат ч бас дэлбэрээгүй гэсэн. Жамьян генерал шинжилгээ хийхээр ирээд “Энэ гранат дэлбэрсэн бол тулаанд орсон хүнээс нэг нь ч амьд үлдэхгүй байж” гэсэн байдаг. Онгоц, гранат хоёр дээр цэргийн шинжээчид их маргадаг. Далаад онд Цэдэн-Иш генерал нэг ном гаргаснаас хойш улам их маргалдах болсон. Байтаг Богдын тулгаралтын тавин жилийн ой 1998 онд боллоо. Тэр үед Хаянхирваа гуайн өргөмөл охин Алтанцэцэг бид хоёр Гончигзэгвэ гуайн цахилгаан станцт ажилладаг нэг хүүг олж аваад Ерөнхийлөгчид захидал бичсэн. 1988 онд Байтагт арван баатрын хөшөө босгосон тухай “Эх орны манаа” сонин дээр гарсан чинь л Цэдэн-Иш гуай чинь “Баатар цол горьдоод хэрэггүй” энэ тэр гээд янз бүрийн юм бичээд эхэлсэн. Хаянхирваа гуай чинь тэр үед хоолой нь хяхатнаад ярьж чадахаа больчихсон байсан учир надад хамаг юмаа бичиж өгсөн нь энд байна. (Жамьян генерал, Хаянхирваа нарын гар бичмэл баахан баримт үзүүлэв. сур)

-Дайнд орсон хүний сэтгэл санааны байдал их хэцүү байдаг гэдэг. Аав чинь тэр байлдаанаас биедээ шарх сорви авсан байв уу?

-Аав тухайн үедээ зүүн мөрнийхөө булчинг сэт буудуулсан шархтай байсан. Сумны сэтэрхий байдаг байлаа. Хамгийн гол нь улаан хоолойн түлэгдэлт. Жамьян генералын бичсэн зүйл энд байна. “Анх Батын Дулмааг хүмүүсээ аваад туслах хүчээр очиход амьд үлдсэн Хаянхирваа, Чойжин, Гончигзэгвэ гурав ярьж чадахгүй, ус балгаад залгиж чадахгүй хамраар нь гараад байсан. Энэ бол дарийн утаанд улаан хоолой нь түлэгдчихсэн байсан гэсэн үг. Нэг ёсондоо манай аав болон тэд бүгд улаан хоолойн хавдраар өнгөрч буйн учир энэ. Одоо ганц үлдсэн Хаянхирваа ярьж чадахгүй байгаа. Бүдүүн Харгайт гол дээр тэднийг авч очиж усанд толгойг нь дүрж баймааж ус залгисан” гэж бичиж үлдээсэн. Байдал ийм л байсан юм билээ. Амьд үлдсэн гурван хүн чинь гурвуулаа улаан хоолойн хавдраар өнгөрсөн. Отрядын штаб холбоочноос мэдээ аваад Бодончийн отрядын агаарт нисэх онгоц хөөргөсөн гэдэг. Энэ онгоцыг хөөргөсөн, хөөргөөгүй гээд одоо хүртэл маргаад байдаг юм билээ. Жамьян генерал “Онгоц хөөргөхөд манай гурвыг барих гэж улайрч байсан дайснууд айн сандарч ухран зугтааснаар гурван хилчин амьд үлджээ” гэж бичсэн байгаа. “Дотоод яамны цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн удирдах газрын дарга Жамьян миний бие өөрийн сургагч Сметанин болон бусад мэргэжилтэн офицеруудын хамт очиход алагдсан хилчдийн цус ч хатаагүй байсан юм шүү. Хоёр өдөр шинжлэн судлаад 43 цуст цэг илрүүлэн, чулуу босгон тэмдэг байсан юм” гэж гараар бичиж өгсөн нь энэ байна. Сургагч Сметянин зургийг авч, альбом хийн дарга нарт танилцуулж байсан гэнэ ээ. “Мөн Зонров, Жамьян нарын тус Хязгаарын газраас тус отрядад ажиллаж байсан мэргэжлийн олон офицер, бага дарга нарын хамт очсон. Тэгтэл энэ тулааны талаар Базарын Цэдэн-Ишийн ойлголт хачирхалтай. Холын холоос сурвалжтай мэт ойлгогддог гэж комиссын дарга Самбуу гуай хэлж байсан юм шүү” гэж асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг олныг тавин цохон тэмдэглэсэн байгаа биз.

Хилийн цэргийн штабт ажиллаж байгаад Гадаад яамны консулын даргаар очиж, улмаар Хятадад Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ирснийхээ дараа Байтагийн энэхүү тулгаралт мөргөлдөөнийг онцгойлон анхаарч, үйл явдлаас хорин жилийн дараа газар дээр нь очин амь эрсдэгсдийг нь гавьяатан, амьд үлдэгсдийг нь урвагч хохирогч болгосон. Энэ бол гүтгэлэг. Үүнийг ард түмэн олон баримтаар нотолсон. Одоо та нарын гол зорилго бол Ерөнхийлөгчид захидал бичих” гэж бидэнд ерэн найман онд бичиж өгч байсан. Жамьян гуайнх Мэргэжилтний хорь буюу “Мөнгөн завьяа” дэлгүүртэй байрны хоёрдугаар давхарт байлаа. Арвай генерал эдэнтэй уулзаад бид их хөөцөлдсөөн. “Танай аавууд баатрууд шүү” л гэдэг байсан. Хэзээ нэг цагт цагаадна шүү гэж байлаа.

-Эх орныхоо төлөө тулалдчихаад урвагч гэж хэлүүлэхээр ч хэнд ч гунигтай л түүх юм даа?

-Үнэхээр хэлмэгдсэн. Аав маань цэргээс халагдаж ирээд ээжтэй 1950 онд суугаад арван нэгэн хүүхэд төрүүлсэн. Хоёр нь багадаа бурхан болж, есөн хүүхэд нь хүн болсон.

-Аав тань цэргээс халагдсаныхаа дараа ямар ажил алба эрхэлж байв?

-Залуу байх үед нь Байтаг Богдын арван баатрын нэг гээд ард түмэндээ хүндлэгдээд сайхан амьдарч байлаа. Далан оны дунд үеэс аавыг минь хэлмэгдүүлж ажлыг нь гэхэд улам л бууруулаад байсан. Цэргээс халагдаж ирээд Баянхонгор аймгийн Галуут сумын МХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж байсан юм билээ. Дараа нь Заг суманд прокуророор очиж ажилласан. Түүнээс хойш аймгийн хөдөө аж ахуйн газрын нягтлан бодогч, арван жилийн сургууль, Өвгөнжаргалантын пионерын зуслан, үнэт цаасны газар зэрэгт няраваар ажиллаж байлаа.

Элдэв яриа гараад ирүүт Цэргийн хэлтсээс шагналд тодорхойлохоо болиод, гадуурхаж эхэлсэн. Аавын маань хамгийн том шагнал нь Байтагийн тулаанд нэхэн олгосон “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” байсан. 1947 оны гуравдугаар сард бүрэн зэвсэглэсэн дайсан барихад олгосон “Онц хилчин” тэмдэгтээ их хайртай байлаа. Далаад оноос ойн медалиар ч шагнагдахаа больсон. Наяад онд тэтгэврээ тогтоолгохын тулд аймгийн театрын урд талд галчаар хүртэл ажилласан. Наян найман онд Байтаг Богдод байлдсан газар нь арван хилчний нэрийг бичсэн хөшөө босгоход аав минь “Баатар цол хүртээгүй, байр сууцаар шагнуулаагүй ч байлдсан газраа нэрээ мөнхлүүлчихлээ” гэж нулимс унаган баярлаж байсан даа.

-Есөн хүүхдээ харж л сэтгэлээ баясгадаг байж дээ?

Ч.Оюунгэрэл “Маш нууц” кинонд өвөөгийнхөө дүрийг бүтээсэн хүү Төгөлдөрийн хамт

-Ээж маань 1932 онд Мандал суманд төрсөн Дуламсүрэн гэж тогооч, дэлгүүрийн худалдагч, худгийн ус түгээгч хүн байлаа. Наян дөрвөн онд бурхан болсон. Манай ууган ах Зээчир 1951 онд төрсөн, Улаанбаатар хотын эвлэлийн хорооны үзэл суртал хариуцсан ажилтан байсан. Эгч Дэнсмаа маань аймгийн захиргаанд мэргэжилтэн, Сүхбаатар ах маань Эрдэнэтэд слесарь, Оюунчимэг эгч маань Баянхонгор аймагт мэдрэлийн их эмч. Миний бие 1962 онд төрсөн, сувилагч мэргэжилтэй, Одбаатар гэж цагдаа дүү маань бурхан болсон. Оюунбилэг дүү минь инженер, Одхүү гэж бас нэг эрэгтэй дүү бий. Отгон дүү Оюундэлгэр маань Нийслэлийн 18 дугаар сургуульд багшилж байна. Есөн хүүхэд нь ихэнх нь гурваас дээш хүүхэдтэй шүү.

-Аав чинь хэдэн онд бурхан болов. Өнгөртлөө сэтгэл санаа нь тайвангүй байв уу?

-Аав маань ерэн нэгэн онд бурхан болтлоо мөнхийн дарамттай байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс нь хүртэл үг дуугарахаа байчихаар аав маань нэг хэсэг балгаж эхэлсэн. Тэгэнгүүт би аавыгаа хотод авч ирж оюутан дүү нартайгаа хамт аль болох л өөдрөг байлгах гэж хичээдэг байлаа. Аав хотод такси баазад манаач, 24 дүгээр яслид жижүүр хийсэн. Тэтгэврийнхээ хугацааг гүйцээх гээд л байгаа царай нь тэр шүү дээ. Тэр хооронд хотын паспорт олгохгүй. Хотын паспорт хөөцөлдөхөөр бараг л эх орноосоо урвасан ч гэдэг байсан юм уу, юу гэдэг ч байсан юм өгдөггүй. Тухайн үеийн хотын дарга нар дээр зөндөө л орж байсан. Сүүлдээ настай хүн чинь залхдаг ч юм уу “Дарга нартай уулзсан, уулзлаа” гэж хэлнэ. Өрөвдмөөр л байсан даа. Бид чинь олуулаа, айлын хажуу өрөөгөөр амьдарч, ер нь зовлон үзсээн үзсэн.

-Танд Байтагийн найз нөхдийнхөө тухай ярих уу?

-Тэгшээгийнхээ хүрэн халзан морийг их ярьдаг байсан. Манай аавыг цэрэгт явахаасаа өмнө морь сайн уургалдаг, адуунд эрэмгий хүн байсан гэж хөгшчүүл ярьдаг байлаа. Амь үрэгдсэн нөхдөө ярина. Тэгшээ гуай гэхэд их сэргэлэн цэрэг байсан гэдэг. Тэгшээ нь цагаан эсгий гутлаа тостой хөөгөөр тослоод бүжиглэдэг байсан их алиа хүн байсан юм билээ. Гончигзэгвэ гуай нь манайд далан тав, зургаан оны үед нэг охиноо дагуулан ирж аавтай уулзаж байлаа. Өвөрхангайн Богд сумандаа мал маллаж байгаагаа яриад л. Аав бас тэднийд очиж байсан. Аав үнэт цаасны нярав болохоор Өвөрхангайн Нарийнтээл сум руу очиж тооцоо хийдэг, тэр үеэрээ уулздаг байсан гэдэг. Нэг яваад ирэхдээ “Нөхөр минь бурхан болчихож” гэж их гунигтай ирснийг би мартдаггүй. Хаянхирваа гуайтай болохоор хотод ирсэн цагаасаа байнга холбоотой байсан даа.

Дайныг хэзээ ч үзэхийг хүсмээргүй муухай зүйл гэнэ. Гурван нөхрийгөө эрсдэж байхад нүүр нүдгүй гал шунгинаад, дайсан орж ирэхэд улаан тоос босоод, буудалцаж байхад хүн хэзээ ч ар гэр, ах дүүгээ боддоггүй, тэр шунгинаж байгаа суман мөндөр дундуур хэдэн хүн унагаах вэ л гэж амь тэмцэн мэрийдэг гэдэг байсан. Дандархайдав нь морио бариад байж байхад дайснууд миномётоор морьдыг нь буудан дэлбэлсэн юм билээ. Морьд нь гэдсээ чирж ийш тийш давхиад, аав хүртэл морио өрөвдөөд “Амьтан зовоож байхаар” гээд буудсанаа ярьдаг л байсан. Дайн бол кино биш учраас ямар олиг байв гэж.

-Пэлжээ гуайтай уулздаг байсан бол уу?

-Ер нь уулзаж амжаагүй байх. Хөөрхий амьтан, “Увс аймгийн Өндөрхангай сумын өндөр настан Пэлжээ” гэсэн нэг хаяг дэвтрийнх нь булан дээр байдаг байсан. Бодвол цаанаас нь л захиа ирсэн юм болов уу даа. Аавыг Хилийн цэрэг дээр байнга дуудчихна. “Хаянхирваа ухар гэсэн нь үнэн биз дээ. Ухарсан гэж гарын үсэг зур” гээд байнга л байцаадаг байсан. Энэ чинь одоо хэлмэгдүүлэлт мөн биз дээ. Аав “Энэ тулааны талаар нөхөр Хаянхирваа үнэн зөвөөр нь тодорхой ярьж байна. Би үүнийг давхардуулж ярихын хэрэг алга. Энэ тулааны талаар тэр үед зөв зохион байгуулж сайн байлдсан гэж бид бүгд Засгийн дээд шагналаар шагнагдаж, ном зохиол бичигдэн, намын “Үнэн” сонинд хэвлэгдэн, кино хүртэл гарч байсан. Үүнд нь бид их баярлаж явдаг билээ. Тэгэхэд одоо биднийг буруутган хэлмэгдүүлж, худал цуурхал яриа гаргаж, түүхийн үнэнийг гуйвуулж байгаа нь үнэхээр их гомдмоор зүйл болж байгаа юм” гэсэн өргөдөл нь энэ байна. (Д.Чойжингийн өргөдлийг үзүүлэв. сур)

-Ёстой нулимстай өргөдөл бичиж байж дээ?

Өвөр эгнээнд зүүн гар талаас Гончигзэгвэ, Хаянхирваа, зохиолч Ц.Уламбаяр охин У.Амарсайханы хамт, түрүүч Д.Чойжин. Арын эгнээнд хилчин Пэлжээ болон бусад шагнагдагсад. 1949 оны Ардын хувьсгалын 28 жилийн ойн баярын үеэр. Улаанбаатар хот

-Цааш нь “Энэ байлдаан дууссаны маргааш Зонров даргатай хүмүүс газар дээр нь ирэн үзэж шалгаад акт баримт бичээд явсан билээ. Тэр хүмүүсийн бүрэлдэхүүнд орж шалгасан, тухайн үед тусгай ангийн дарга байсан Базар энд сууж байна. Энэ хүн үнэний талаар дахин зөв тодруулж ярих байх. Мөн тэр байлдаан болсноос гурав хоногийн дараа хурандаа нөхөр Жамьян сургагчтайгаа очиж шалгаад “Зөв зохион байгуулж, сайн ажилласан байна” гэж баяр хүргэж Хаянхирваатай гар барьж байсныг би одоо болтол мартаагүй байна. Тэгэхэд Гончигзэгвэ бид хоёр цуг явж байсан. Ер нь биднийг үүрэг гүйцэтгээгүй гэж үзсэн бол эхнээсээ яах гэж тэгж магтсан юм бэ. Нөгөө “Махан дээрээ санаагүйгээ шөлөн дээрээ санав” гэгч болж байгаа юм биш үү. Та нар тэр үед бүгд л залуу, ухаантай, сэргэлэн дарга нар байсан шүү дээ. Та нар чинь ганц хил дээр гарсан зөрчилдөөний талаар үнэн зөв шийдээд зогсохгүй, хилийн гаднах улс гүрэнтэй харилцан тохиролцох эрх бүхий томоохон албан үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс биз ээ. Манай дарга нарын дотор худлаа цуурхал тараадаг, өөрөө биеэр оролцож хийгээгүй байж оролцож хийснээр нэр хүнд хөөцөлддөг хүмүүс мэр сэр байна шүү дээ. Үүнийг нам засаг үнэн мөнөөр нь олох нэн түрүүний зорилт баймаар юм даа. Жишээ нь, бидэн дээр хамгийн түрүүнд Ванчин даргаар удирдуулсан туслах групп очсон, дараа нь ахмад Мадригийн групп очсон Зонров, Дулмаа нарын хүмүүс “Би түрүүнд очсон” гэж худлаа яриад байх юм. Зонров “Би тэр дайснуудыг хөнгөн пулёметоор буудаад хөөсөн” гэж худал бичиж байна. Бид дайсанд бууж өгөөгүй, амьд хэл олзлуулаагүй, хил давуулж өөрийн орон нутаг, газар шороог дайсанд алдаагүй, буу зэвсгийнхээ хүчээр, өөрсдийн чадлын хэрээр ядрахын туйлд хүрэн тэмцэж явсныг та бүгд үзсэн бол одоо өрөвдөх сэтгэл төрөх байсан байх. Ер нь амь өрсөлдсөн тийм үед “Манайхаас хэн ирж туслах бол, бидний амийг хэн аврах бол” гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан учир хамгийн түрүүнд ирсэн Ванчин, Чимэддорж нарыг, Мадригийн удирдсан туслах группуудээс тов тодхон санаж мартагддаггүй юм. Дайсанд бид тухай бүр цохилт өгч нам засаг, ард түмнийхээ өгсөн даалгаврыг биелүүлсэн гэж баярлаж явдаг юм” гэж хөөрхий амьтан бичсэн байгаа юм.

-Аав чинь ч аргагүй л хэлмэгдсэн юм байна шүү?

-Аав захидал өргөдөлдөө “Гэтэл гуч гаруй жилийн дараа түүхэн үнэнийг ингэтэл гуйвуулах болсон учрыг би одоо болтол бодоод олохгүй юм. Ер нь Цэдэн-Ишийн ном бичигдсэнээс хойш бидний гүйцэтгэж байсан үүргүүд үгүйсгэгдэж, энэ ном ширээний ном болсон гэж би сонссон. Тэгвэл тэр ном хэдий хэрийн түүхэнд хэр зэрэг үнэн юм бичсэн ном юм? Бидний тэр өдрийн байлдаан бол зөвхөн тэнд явж байсан арваадхан хүний үйл явдал биш Хилийн цэргийн түүх, ард түмний түүхтэй холбоотой юм биш үү? Ийм учраас үүний үнэн зөвийг үнэнээр нь ард түмэнд, хилчин дайчдад ойлгуулах цаг болсон гэж би бодож байна” гэж бичсэн байгаа юм.

-Ахмад дайчдад байр орон сууц олголоо л гэдэг. Аав чинь бурхан болохоосоо өмнө байртай болсон байлгүй?

-Ерөөс ганц удаа ч байр аваагүй. Өөрийнх нь байр хүссэн 1989 оны есдүгээр сарын 8-ны өдөр бичсэн өргөдөл энэ байна. 1990 оны нэгдүгээр сарын 3-нд буцааж цохоод ирүүлсэн. Би өвгөнтэйгөө нэг хэсэг “Бөмбөгөр” худалдааны төв дээр ажиллаж байхдаа энд тэнд бараа тарааж явахдаа аль нэг шинэ байрны гадаа очих үед “Энэ олон гэрэл дотор миний аавын нэртэй ганц цонх байхгүй байгаад би их гунигтай байна” гэдэг байсан. Өвгөн минь “За, битгий тэгж хэл” гээд намайг аргаддаг байлаа. (Хоолой нь зангирав. сур) Хань маань Түвдэндорж гэж уурхайчин хүн байдаг.

-Тэнд байлдсан хилчид байтугай Тэгшээгийн хүрэн халзан морь хүртэл арваад жил тэтгэвэртэй байсан гэж би сонсож байлаа. Тэгэхэд аав тань харин ч бүр “Эх орноосоо урвагч” гэх шахуу хэлэгдэн хэлмэгдэж явсан гэхээр мөн ч гунигтай санагдлаа?

-Үнэхээр харамсалтай байсан даа. Хилийн цэргийн ерөнхий газарт хүртэл өргөдөл бичиж байсныг Нэргүй гэдэг хүн дарсаар байгаад сураггүй болгосон. Хүмүүст ярихаар “Арай ч үгүй байлгүй” гээд итгэдэггүй юм. Зарим нь “Та нарын өгсөн өргөдлөөр аавын чинь нэрээр өөрсдөдөө байр авчихсан байх” л гэдэг юм. Тийм ч байж магадгүй. Тийм бол дээрээс харсан юм байж л байгаа байх. Аавынхаа өмнөөс би их гомддог. Өчнөөн тэрбумаар нь ийш тийш нь хадгалуулж байна л гэж байна. Төрийн томчууд үр хүүхдүүдийнхээ нэр дээр гадаадад өчнөөн олон байртай байна л гэж байна. Тэгэхэд яагаад миний аавын нэр дээр ганц өрөө байр байдаггүй юм бол гэж их боддог шүү.

-Танайх хэдэн хүүхэдтэй айл билээ?

-Манайх хоёр хүүтэй. Ах Тулга нь “Хас” банкинд ажиллана. Хүү Т.Төгөлдөр маань “Фантастик” продакшны жүжигчин.

-Аавын чинь болоод алдарт Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын тэргүүтэй эрэлхэг баатруудын тухай “Байтаг Богд” уран сайхны киног та үзэв үү?

-Үнэхээр сайхан кино болсон. Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга Баярсайхан гэж хүн хүртэл энэ киног үзээд “Нутгийнхаа баатрыг дэмжилгүй яахав. Тодорхойлолтыг нь бичиж өгнө” гэсэн. Миний хүү тэр киноны багт жүжигчнээр ажилладаг юм л даа.

-Төгөлдөр жүжигчин дүр бүтээв үү?

-Миний хүү чинь өвөөгийнхөө дүрийг амилуулсан хүн шүү дээ. Өвөөгөө өнгөрөхөд дөрвөн сартай байсан юм. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн, ардын жүжигчин Сарантуяагийн шавь байгаа юм. “Маш нууц-1” киноны туслах дүрд тоглож байлаа. Өвөөгийнхөө түүхэн дүрд тоглоно гэдэг чинь их хувь ерөөл юм шүү. “Маш нууц-1”-ийг хийчихээд эдний продакшныхан “Маш нууц-2”-ыг Байтагийн арван баатараар хийнэ” гэж хуралдахад хүү маань “Нэг нь миний өвөө шүү дээ” гэтэл нөгөөдүүл нь “Битгий тоглоод байгаарай” гэсэн байгаа юм. Үнэмшихгүй байж байгаад Бат-Өлзий гавьяат эд нар надтай ирж уулзсан л даа. Бүх материалыг үзсэнээр энэ кино бүтэх ерөөл бүрдсэн. Аав минь жаран зургаан насандаа бурхан болсон. Одоо бол ануухан л нас шүү дээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]