Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Апачийн индианчуудын дайн: Домогт дайчин ЖеронимоУншсан10,284

Кочайсын хамгийн чин сүжигт дайчдын нэг байсан Жеронимо өмнөх удирдагч Кочайсын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж явлаа.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Америкийн уугуул иргэд индианчуудын түүхтэй холбоотой өмнөх нийтлэлдээ (Апачийн индианчуудын дайн: Эрэлхэг зоригт Кочайс удирдагч) Апачигийн Чирикахуа омгийн удирдагч Кочайсын тухай өгүүлсэн билээ.

Харин энэ нийтлэлд Апачи омгийн мөн л домогт удирдагч болох Жеронимо.

Жеронимо уг нь омгийнхоо домч, бөө байснаас ахлагч байгаагүй юм. Гэсэн ч тэрээр өмнөх ахлагч Кочайсын нэгэн адилаар ард иргэдээ эрх чөлөөтэй амьдрах ёстой, ийм хувь тавилан хэзээ нэгэн цагт тохионо гэдэгт итгэж явдаг байсан болохоор байр суурин дээрээ хатуу зогсож, тэмцлээ явуулсаар эцэстээ омгийнхоо ахлагч нь болж чадсан. Кочайсын хамгийн чин сүжигт дайчдын нэг байсан Жеронимо өмнөх удирдагч Кочайсын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж явлаа. Кочайсын хадам эцэг Мангас Колорадосын эцсийн мөчид ч итгэлт дайчин нь болох Жеронимо дэргэд нь байсан юм. Шинэ Мексикийн (Нью Мексико муж) Гила голын хөвөөнд мэндэлсэн Жеронимод “эвшээдэг хүн” гэсэн утгатай нэрийг хайрлажээ. Нэр нь гайхалтай тохирсон мэт багадаа нойрмоглон эвшээж суудаг хүүхэд байсан ба нас биед хүрсэн гайхалтай дайчин болохдоо бөөгийн чадлаараа дайсныхаа бодлыг уншиж, тэднийг хуурч, сум нь байгаа онохгүй усанд уусдаг, тэр ч бүү хэл цаг хугацаа орон зайг өөрчилж чаддаг гэж индианы омгууд дунд алдаршсан юм. Апачуудыг дайсандаа харанхуйгаар дөхөж очин довтлоход нь тусалж нар мандахыг хэдэн цагаар хойшлуулсан гэж гэрчлэх нэгэн ч байдаг гэнэ. 

Жеронимо бага залуу насандаа мексикчүүдийн явуулсан хоморголон устгах дайралтад эхнэр хүүхдүүдээ, ээжийгээ алдсан юм. Элэг эмтэрч, зүрх зүсэм энэ эмгэнэлт явдлаас хойш Жеронимо мексикчүүдийг үхэн үхтлээ үзэн ядсаар байсан гэдэг. Кочайс ахлагчийн жадны үзүүр америкчуудын эсрэг чиглэж байсан бол Жеронимогийнх мексикчүүд рүү илүүтэй чиглэснээрээ ялгаатай.

Хайртай хүмүүсээ харгис хэрцгийгээр алдсан түүнд амьдралын зорилго үгүй мэт бодогдох болжээ. Нэгэн үдэш Жеронимо Бови уулын оргил дээр зогсож байхдаа “Дайн тулаан, буу шийдмийн аль нь ч амийг чинь авч эс чадна. Нумыг чинь би татаж өгнө” хэмээн салхи шивнэхийг мэдэрсэн гэдэг. Мэдээж хэрэг энэ апачи омгийнхны дунд үлдсэн домог л доо. Ямартай ч Жеронимо гэр бүлийнхнийхээ өшөөг авахаар мексикчүүдтэй тулалдах зөвшөөрөл ахлагч нараасаа хүсчээ. Ахлагч нар нь америкчуудтай дайтаад завгүй байсан ч Жеронимо Мексикийн хилийн ойролцоох нэгэн багахан тулалдаанд тодрон гарсан гэдэг. Тулалдааны үеэр Апачи омгийн эрчүүд нум сумаа тавьж, хөнөөлдөн байлдаж байхад Жеронимо Мексикийн цэргүүдийн суманд өртөхгүйн тулд хөрөөний ир маягаар гүйсээр дайснууддаа хүрч тэднийг хөнөөж, яаж ашиглахыг нь мэдэхгүй болохоороо винтов буунуудыг нь өөрийнхөө омогт авч иржээ. Жеронимог ерөнхийд нь амаргүй, төвөгтэй хүн байсан гэж тодорхойлж болно. Түүнтэй нэг цаг үед амьдарч байсан олон америкчууд “Миний мэдэх хамгийн өөдгүй индиан” гэж тодорхойлсон нь үлджээ. Түргэн ууртай, яаруу адгуу зантай гэхдээ тун азтай. Зальтай, харгис хэрцгий, зөн совин сайтай, хурц ухаантай, хоёрдмол зан чанартай, заримдаа бага зэрэг номхон даруу талдаа. Түүний зөрчилдөөнтэй боловч үр дүнтэй зан чанарууд Жеронимог Апачийн дайнуудад оролцсон хамгийн шилдэг дайчдын нэг болгосон билээ.

Жеронимогийн анхны орголт

Ахлагч Кочайсыг нас барснаас хойш эх нутгаа орхин тусгай бүсэд цөлөгдсөн апачигийн олон омгууд үржил шимгүй, хорих лагерь мэт газарт туйлдан ядарч байлаа. Үүнийг Жеронимо тэвчиж чадсангүй. Тэрээр Шинэ Мексик дэх Ожо Калиентегийн тусгай бүсэд бослого гаргалаа. Гэвч тэрээр урвагчдаас болж Засгийн газрын цэргүүдэд баривчлагдав. Азаар шүүхээс түүнийг амьд үлдээсэн юм.

Вашингтон дахь индианчуудын хэрэг эрхлэх газар болон Дайны хэлтэс Чирикахуа омгийнхны бослогоос айж байв. Энэхүү дайнч омгийнхон нэг тэрслэн босвол ямархуу том давалгаа үүсгэдгийг тэд сайн мэдэх учир. Тиймдээ ч Жеронимог хатуу шийтгэхээр зэхэж байтал мань оргож амжжээ.

Эрх баригчид тусгай бүсээс зугтсан Чирикахуагийн омгийн иргэн бүрийг хөнөөх зарлиг гаргав.

Энэ зарлиг гарч байхтай зэрэгцэн Мексикийн хилийн ойролцоох Сиерра Мадре уулсын гүн дэх Жахын хэрэм хэмээх газарт Чирикахуа Апачи омгийнхон ахлагч Кочайсыг таалал төгссөнөөс хойш анх удаагаа өргөн бүрэлдэхүүнээр цугларав. Эл цугларалтад бүлгийн хамгийн гарамгай тулаанч гэгддэг Фун тэргүүтэй олон шилдэг дайчид хүрэлцэн ирсэн байлаа. Фунаас гадна дарлагдсан ард түмнээ хамгаалж, дайчин болохын тулд эмэгтэй хүний амьдралаа орхисон Лозен, апачигийн бусад омгуудын ахлагч Чихуахуа, ахлагч Нана нар хүрэлцэн ирэв. Нана 75-тай хэдий ч ер бусын эрэлхэг, тун чиг овсгоо самбаатай дайчин байсан. Шаардлагатай хоол хүнс, бусад хангамжаа америкчуудын гар хүрэхгүй Мексикийн хилийн гүнд нөөцөлж орхиод тэд тулалдаанд орлоо.

Апачигийн дайчдын бослого Америк даяар дуулиан дэгдээж, хүн ам ихтэй уугуул олон омгийнхны дэмжлэгийг хүлээж эхлэв. Засгийн газар ч тэвдэн сандарлаа.

Өмнөх нийтлэлд дурдагдаж байсан генерал Жорж Крүүк Апачи омгийнхонтой байлдахаар 5000 орчим цэрэгтэй дахин ирлээ. Бор шаргал өнгийн хувцас өмсдөгөөс нь болж түүнийг "Тан Волф" гэж хочлох болжээ. Ахлагч Нана түүнийг “сайн дайсан”-аа гэж үздэг байсан болохоор түүнийг эргэн ирсэнд таатай хандаж байлаа. Нанагийн нэгэн адилаар генерал Крүүк ч дайсандаа гүн хүндэтгэлтэй хандаж байв. Крүүк “Авхаалж самбаатай, төгс бие бялдартай, амьдарч буй газраа нэгд нэгэнгүй мэддэг, аюулыг сөрөх асар их чадвартай Апачи омгийнхон бол хүн төрөлхтөний өмнө зогсч буй бартай л адил” хэмээн хэлсэн байдаг. Олон тулаан болж, тэр бүртээ ялалт байгуулсан Чирикахуагийн удирдагч Жеронимогийн яруу алдар улам л бадарсаар байлаа. Крүүк Жеронимог олж, барьж авах нь амжилтад хүргэх гол түлхүүр гэдгийг мэдэж байсан учраас урвагчидтай хамтран ажиллав.

Мексик рүү довтлов

Засгийн газартай тохиролцоонд хүрч чадаагүй, тулаанууд улам их хурцдаж байсан ч Чирикахуа омгийнхон АНУ, Мексикийн аль алинтай нь тулалдаж байв. Мексикийн индианчууд Жеронимог цагаан арьстнуудын үйлдсэн нүгэл хилэнцэд тохирох шийтгэл өгөхөөр ирсэн буг чөтгөр гэдэгт итгэлтэй байсан юм. Америк, Мексикийн тал боломж л гарвал Чирикахуа Апачи омгийнхныг мөрдөж мөшгин, баривчилж, устгасаар байв. Талуудын аль алинаас хүмүүс амь насаа алдаж цөөрсөөр л...

Чирикахуачуудыг эрж хайж, бослогыг дарахаар АНУ-ын цэргийн ангиуд, Мексикийн цэргүүд аль аль нь улайран довтолж нэг нэгнийхээ хилийг давав. Хэдхэн арван жилийн өмнө дайтаж байсан энэ хоёр улсын хооронд хийгдсэн хэлэлцээр ердөө л нэг цаас  төдий зүйл байсан гэдгийг энэ явдал харуулсан юм. Нэгэн удаагийн тулаанд Мексикийн нутгийн гүнд шурган алга болсон Жеронимогийн бүлгийн араас америкчууд хөөсөөр Мексикийн цэргүүдэд бүслэгдэж орхижээ. Хурандаа Кроуфорд тэргүүтэй америкчууд учир байдлаа хэлж буцахыг хүссэн ч мексикчүүд бүгдийг нь устгав.

Генерал Крүүкийн ангиуд ч Жеронимог барихаар Мексикийн Засгийн газрын цэргүүдийг үл тоон араас нь мөрдөж эхэллээ. Нэгэн удаагийн багахан тулалдааны дараа Жеронимо болон түүний бүлгийнхэн Крүүк санаанд оромгүй байдлаар хэлэлцээр хийжээ. Бас л өмнөх шигээ Мексикийн хил даван нутгийн гүнд нэвтэрсэн генерал Крүүкийн цэргүүд Жеронимогийн дайчидтай хийсэн тулааны дараа амсхийх гэж байтал гэнэтхэн Мексикийн Засгийн газрын цэргүүд гараад иржээ. Хурандаа Кроуфордад тохиолдсон шиг хэрэг явдал бүслэгдсэн америкчуудад тохиох нь гарцаагүй болж ирэв. Гэнэт ор сураггүй зугтаж алга болсон Жеронимогийн хэдэн зуун дайчид мексикчүүдийн араас довтолж, бүслэгчид ч санд мэнд тэвдэн зугтахаас өөр аргагүйд хүрчээ.

Жеронимо ахлагч ямар учраас ийм алхам хийх болсон нь тодорхойгүй ч түүнийг нэгдүгээрт мексикчүүдийг үзэн яддаг, хоёрт зогсолтгүй хийж байсан олон тулаанаас залхсан, өдөр өдрөөр цөөрч байсан дайчдынх нь шахалт байсан ч байж мэднэ хэмээн хүмүүс таамаглах болсон.

Ямартай ч Жеронимо тохиролцоо гэхээс илүүтэй тулган шаардлагыг хүлээн авч Аризона руу буцлаа.

Дайн намжиж, энх цаг нэг жил үргэлжлэв. Орон нутгийн эрх баригчид индианчуудад зориулсан шинэ бүс байгуулж өгөв, уугуул иргэд ч амьд үлдэхийн тулд цагаан арьстануудын амьдралын хэв маягийг сонгохоос өөр гарц алга гэсэн итгэл үнэмшилд дуртай дургүй хүрч байв.

Гэсэн ч аажимдаа тусгай бүсэд үймээн самуун үүсч эхэллээ. Хурцадмал байдал дээд цэгтээ хүрэхэд хүргэсэн хүн нь өмнөх нийтлэлд дурдагдсан, Жонн Вардын фермээс хулгайлагдсан Феликс Вард хүү байжээ. Түүнийг Мики гэж дуудах ба Апачи омогт өсч торнижээ. Англи, Апачи хэлийг бүрэн төгс биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд ойлгочихдог Мики хэлмэрчийн үүргийг гүйцэтгэдэг байв. Энэ үед хоёр хэлний хооронд орчуулга хийнэ гэдэг өнөө цагийнх шиг амархан байгаагүй ажээ.  Хэл нэвтрэлцэхийн тулд юу түрүүн Англи хэлнээс Испани хэл рүү хөрвүүлж дараа нь Апачи хэл рүү хөрвүүлдэг цаг их орсон,  нарийн төвөгтэй үйлдлийг хийх болдог байсан байна. Гурван хэлээр дамжуулж харилцахад буруу зөрүү ойлголцох явдал бишгүй гарна.

Тэр нэг удаа Жеронимог удахгүй баривчлах гэж байна гэсэн цуу яриаг дэгдээж орхижээ. Генерал Крүүк ийм санаа байхгүй, Жеронимо тусгай бүсдээ омгийнхонтойгоо энх тайван амьдралаар амьдрахад саад хийх зүйлгүй гэсэн цахилгаан мэдээ явуулсан ч нэгэнт хожимдсон байлаа. Апачи омгийнхон ахлагч Жеронимогоо даган тусгай бүсээс оргожээ.

Эцсийн зугталт

 Апачигийн Чирикахуа омгийн ихэнх иргэд энэ удаа тусгай бүсэд үлдсэн бол сул чөлөөтэйгээр зугтаж яваа үлдсэн хүмүүс Сиерра Мадре ууланд нуугдацгаав. Мөн л генерал Крүүк Мексикийн нутаг дэвсгэр рүү гүн орж сүүлийн удаа Жеронимог эрэв. Генерал өөрийн биеэр Жеронимогийн дайчид дээр хүрч очоод "Өгсөн бүх амлалтаасаа буцсанд сэтгэл дундуур байна" гэсэнд Жеронимо "Хэрэв намайг барих нь гэсэн сураг сонсоогүйсэн бол ингэж зугтахгүй байсан" гэдгээ учирлалаа. Ямартай ч өмнөх шигээ тэд тохиролцоонд хүрэв. Апачи омгийнхон нутагтаа эрх чөлөөтэй нүүдэллэн аж төрнө, тусгай бүсэд хоригдохгүй, хэрвээ хорих гэж оролдвол Жеронимо эцсийн мөчөө хүртэл Засгийн газрын цэргүүдтэй үзэлцэнэ гэдгээ хэлж генерал ч зөвшөөрсөн байна.

Генерал Крүүк буцаж ирээд Ерөнхийлөгч Грүвер Кливлендтэй цахилгаан мэдээ явуулж холбоо барив. Крүүк чирикахуачуудыг дахин бослого гаргуулахгүйн тулд амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулахад туслахыг хүссэн ч Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй төдийгүй ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр тэднийг хуулинд захирагдах ёстой, тусгай бүсэд л амьдрах ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсчээ. Крүүк Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй байгаагаа цухуйлгаж, аятай таатай нөхцөл олговол бидэнд л дээр, үгүй бол би Жеронимод өгсөн амлалтаасаа буцсанаас армиас халагдсан нь дээр гээд үүрэгт ажлаасаа хусагдав. Засгийн газар Жеронимогийн толгойг авчирсан хүнд 25000 алтан долларын шан харамж амласан бөгөөд Нелсон Майлс хэмээх шинэ генерал Өмнөд нутагт томилогдон ирлээ. Тэрээр Апачи омгийнхны хүндэтгэлийг төдийлөн хүлээж чадаагүйн дээр Крүүкээс өөр арга барилаар алс хол орших цайзаас удирдах ажлаа хийдэг байв. Майлс Чирикахуачуудыг буулгаж авах хэрцгий бөгөөд ухаалаг аргыг бодож оллоо.

37-гийн эсрэг

Баруун захад Жеронимо

Чирикахуачуудын эрх чөлөөгөө эдэлж байсан сүүлчийн жил болох 1886 оны зун Америкийн баруун өмнөд нутагт айдас хүйдэж бүчиж эхэллээ. Цэргүүд ирж уугуул иргэдийг тусгай бүсэд хөөн аваачих болов. Тухайн үед Апачи омгийнхны дээд ахлагчийн үүргийг Найч гүйцэтгэж байсан ч Жеронимо далдаас бүхнийг удирдаж байв. Жеронимог дагалдан яваа уугуул иргэд ердөө 37-хон хүн. 18 дайчин эр, 13 эмэгтэй, 2 хөлд орж байгаа хүүхдийг оруулаад нийт 6 хүүхэд. Тэд өөрсдийг нь барих үүрэгтэй АНУ-ын армийн 5000 цэрэгт баригдчилгүйхэн шиг 5 сарын турш сул чөлөөтэй явжээ. Нэмэлтээр мексикийн 3000 цэрэг, 1000 арай хүрэхгүй тооны сайн дурынхныг Жеронимогийн бүлгийнхнийг бариулахаар илгээсэн байдаг.

Бүтэн зуны туршид энэ бүлгээс ердөө нэг хүний амь эрсэдсэн агаад баруун өмнөд нутгийн зуныг АНУ-ын цэргүүд тэвчиж чадсангүй. Америкийн Засгийн газрын 319 цэрэг, Мексикийн Засгийн газрын 682 цэрэг Жеронимогийн бүлгийг устгах тулаанд үрэгдэв.

Удалгүй генерал Майлс бууж өгөхгүй бол тусгай бүсэд байгаа уугуул иргэдийг ч хөнөөхөөс сийхгүй гэдгээ ил тод зарлаж эхлэв. Цэргүүдийн харгислалыг тэвчихээ байсан Жеронимо эцэст нь генерал Майлс дээр ирж “Би нэгэнтээ салхи шиг зугтсан. Харин одоо чамд бууж өгч байна. Гүйцээ” гэж хэлсэн гэдэг юм.

1886 оны 9-р сарын 4-нд Апачийн удирдагч Жеронимо 30 жилийн турш газар нутаг, хүн ардынхаа төлөө тэмцсэн тэмцлээ дуусгав. Апачууд ядарч туйлдсан бөгөөд хүнийх нь тоо нь байлдахад цөөхөн байсан тул дайнд ялах ямар ч найдваргүй байв. Генерал Нельсон Майлз Жеронимогийн бууж өгсөнийг хүлээн зөвшөөрч, баруун өмнөд хэсэгт дайн дууссаныг АНУ-ын иргэдэд зарласан байна. Хэдэн жил хоригдоод гарсан түүнийг өөрийн омгийнхонд хэзээ ч очуулаагүй ба тэрээр хожмоо христийн шашинд орж ердийн амьдралаар амьдрах болсон.

Бууж өгснөөсөө хойш 23 жилийн дараа Апачи омгийн домогт толгойлогч Жеронимо нас барж 1909 оны хоёрдугаар сарын 17-нд Силл боомтын дэргэд оршуулжээ.

1898 он Жеронимо

Хожим нь АНУ-ын армийн тусгай хүчнийхэн зартай террорист Осама Бин Ладенг устгах үйл ажиллагаагаа "Жеронимо" хэмээн кодлон нэрлэсэн байсан нь Америкийн нийт уугуул иргэдийн хилэнг төрүүлсэн юм. Дайсан, индиан хүн гэсэн ойлголт адил сонсогдохоо больсон гэж бодож байсан америкийн уугуул иргэд үүнд ихэд цочирдохоос ч биш яахав. "Жеронимо төрөлх нутагтаа эх орноо л хамгаалж цагаан арьстнуудтай тэмцсэн хүн. Энэ бол дэндүү арьс өнгөөр ялгаварласан үйлдэл" гэж индианчууд үзсэн. "Индиан дайчин эрийг Бин Ладентай холбож буй нь түүхийг гуйвуулж буй бөгөөд уугуул иргэдийг гутааж буй хэрэг” гэж Индианчуудын Үндэсний Конгрессийн (NCAI) Ерөнхийлөгч Жефферсон Кеел мэдэгдсэн байдаг. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан бичсэн Апаче омгийнхны захидалд “Жеронимог хэдэн мянган хүн алсан өөдгүй террористтой зүйрлүүлэх нь манай омог болон Америкийн бүх индианчуудыг доромжилсон явдал боллоо” гэж бичсэн байв. Уг нь бол Жеронимо "АНУ дахь индианчуудын эсэргүүцлийн хөдөлгөөний хамгийн том бэлгэ тэмдэг байх ёстой” гэж тэмдэглэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]