Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүдэр даян аварга Гомбожавын тухай домог, хууч яриаУншсан12,053

Хүдэр хүү хамгийн анх 1835 оны уул тайлгын наадамд Духтай арслан, Гомбожав заан нарын зэрэг нутгийнхаа алдар цуутай бөхчүүдийг даган ирж барилдаад гурав даваад нутаг буцсан байна.

Монгол бөхийн түүхийн гайхамшигт цаг үе болох Даншгийн олон алдарт бөхчүүдийн дундаас Хүдэр даян аварга хэмээн алдаршсан Должингийн Гомбожавыг энэ удаа онцолж байна. Д.Гомбожав Их даншгийн наадамд 1836 онд 10, 1838 онд 10, 1841 онд 10 давж, уул тайлгын наадамд мөн өндөр амжилт үзүүлж Даян аварга хэмээх өндөр цолонд хүрч барилджээ.

Сэцэн хан аймгийн Мин засгийн хошуу буюу Минжүүрдоржийн хошуу нь одоогийн Дорнод аймгийн Баян-Уул, Баянтүмэн, Хэрлэн, Булган, Сэргэлэн, Чойбалсан сумд бүтнээр ордог, Цагаан-Овоо, Баяндун сумдын нутгийн хагас ордог том хошуу юм. Энэ нутагт 1810 оны цагаан морин жил Монголын дорнод их тал дунд, ядуу эмэгтэй Должингийн нуган үр ямар ч бэлтгэлгүй нар, салхи авахуулан төрж, хүдэр боргил байдлаар хүн болж байгааг өхөөрдөн Хүдэр нэр хайрласан гэдэг.

Даян аваргын тухай хууч, домог яриа олон буй. Түүнээс нэгийг нь дурдвал, өдөр бүр ээлж халаагүй аргалд явж, мал хариулдаг ядуу хүү улам хүч тамир орон зузаарч, хур хүчтэй тарган шар нь өдөр хоног өнгөрөх тусам тураад байгааг малч гярхай эзэн нь ажиглаж мэдээд учрыг нь олохоор шийдэв. Нэг өдөр Гомбожав хүү аргалд явахад нь айлын эзэн мордож нэгэн довцог дээр гарч суугаад зарц хүүгээ юу хийж байгааг  тандаж дуранджээ. Хүү аргалаа түүж дуусчихаад тэргээ буулгаж, шартайгаа ноцолдож эхлэв гэнэ. Харсаар байтал бүдүүн шарыг дээр өргөөд шидэх юм уу, эвэрдэж муриад дээш харуулчихаж байгаа харагджээ. Бага үд өнгөртөл ноцолдоход шар нь эцэж туйлдаад босож чадахаа больжээ. Тэгмэгц хүү шараа өргөж босгон хөтөлж, өөрөө тэргэнд орж аргалаа гэрийн ойролцоо авч ирээд шараа тэргэнд оруулж, гэрийн гадаа аргалаа буулгаж байжээ.

Хүүгийн ойгүй их бяр тэнхээтэй болж өсч байгааг нутгийн хүмүүс нь удалгүй мэдэж, нутаг хошууны наадмуудад барилдуулж эхэлсэн гэдэг.

Бас нэгэн хууч олны дунд ийн үлджээ. Наадмаас ганц өдөр хоцорч очсон ч ам авч барилдах эрхтэй даншгийн цолтой том бөхчүүд замдаа айл хэсч, дайлуулж, наргиж цэнгэж налайгаад мөд хүрээ орох шинжгүй болохоор нь аманд гарч үзээгүй хөвгүүн ихэд яарч том бөхчүүдээс хүрээ орох зам заалгаж аваад түрүүлээд алхжээ. Гэтэл газар мэдэхгүй хөвгүүн ууланд төөрч будилж арайхийж нэг айл олж хүрээ орох зам асуужээ. Уранхай ноорхой хувцастай биерхүү булиа хөвгүүнийг гэрийн эзэд тараг хоормогоор дайлаад "Уг нь энэ уулыг эгц даваад явбал хүрээ ойрхон л доо. Даанч хүн барьж иддэг баавгайтай болчихоод түүгээр амьтан явахаа байчихаад тээр баруунтай уулын бэлээр тойрч хоёр, гурав хонож очдог болоод байгаа юм" гэхэд баавгай үзээгүй талын хөвгүүн “Баавгай гэж ямархуу амьтан байдаг юм бэ? Хэр зэрэг чадалтай амьтан бэ? Бие нь том уу?” хэмээн гэрийн эздээс асууж лавлаад бүрэнхий болохоос өмнө дөт замаар хүн барьж иддэг баавгайтай давааг чиглэн алхсанд гэрийн эзэд “Хөөрхий дөө. Хаа газрын тэнэг, тэнэмэл амьтан юм бол доо. Хэлсээр байхад махчин баавгай руу яваад өгөхийг бодоход маанаг амьтан байхаас зайлахгүй” гэлцсээр хоцорчээ. Шөнө дундын алдад гэрийн хана шажигнаж, унь унаж эхлэхэд өнөө айлынхан учиргүй айж “Өнөө маанагийг баавгай барьж идчихээд биднийг барьж идэхээр мөрөөр нь ирснээс зайлахгүй” хэмээн айж эмээцгээж байтал хаалга онгойж бүдүүн хар юм орж ирэх шиг болсноо пидхийтэл газар ойчоод чив чимээгүй болчихов гэнэ. Гэрийн эзэн шүдэнз зурж харвал өнөө залуу цус нөжтэйгээ хутгалдчихсан хэвтэж байх нь тэр. Түүний цус нөжийг цэвэрлэнгээ учир явдлыг лавлавал “Шөнө даваан дээр гартал их үстэй том хар амьтан над руу гэнэт дайрлаа. Сандрахдаа чихдэж аваад хоншоороор нь газар цохиод байлаа. Тэгтэл ашгүй өнөө амьтан нэг юм нүд аньж, хоёр шууны арьс, мах зулгарч гүйцсэн болохоор танайх руу ирлээ” хэмээжээ. Үлэмжийн бяртай хөвгүүнийг өрөвдсөн гэрийн эзэд шархыг нь угааж цэвэрлэж боогоод хоол, унд өгөөд унтуулжээ. Нэгэнт айх аюулгүй болсон тул Гомбожав хүү маргааш нь өнөө замаараа Да хүрээг зорьжээ. Түүнийг явсны дараа ярьсан зүйл нь үнэн эсэхийг шалгахаар нутгийн хэдэн анчин буу саадаг агсан хүн барьж иддэг баавгайтай даваан дээр гарч харвал асар том баавгайн толгойны арьс хоншоороор нь цохисоор байтал ухагдсан нүхний ирмэгт шамарч өвчигдсөөр хоёр чихэндээ хүрч, нүхний ирмэгт үрэгдсээр хөвгүүний хоёр шуу улаан нялга болсныг сая мэдэцгээж ирээдүйн даян аваргын хүч чадлыг гайхаж биширсэн гэдэг.

Хүдэр хүү хамгийн анх 1835 оны уул тайлгын наадамд Духтай арслан, Гомбожав заан нарын зэрэг нутгийнхаа алдар цуутай бөхчүүдийг даган ирж барилдаад гурав даваад нутаг буцсан байна. Мөн наадамд 1836 онд дахин ирж барилдаад 5 даван шөвгөрч шонхор цол авч, улмаар тухайн оныхоо Их даншигт онцгойрон өндөр амжилт үзүүлж, Даншгийн алдартай аварга, арслан, заануудыг өвдөг шороодуулсаар 10 давж, 11-ийн даваанд Богдын шавь (хүлэгч) Намжилжав дархан аваргад буулгуулж үзүүрлэн арслан цол хүртжээ.

Тохой алгадан тахимдах, хавсрах, дагуулж тонгорох дархан мэхтэй болсон даншгийн арслан Хүдэр дараа дараагийн наадмуудад тогтмол өндөр амжилт үзүүлж, тухайн үед ид амжилт үзүүлж байсан бусад аварга арслангуудтай Халх даяарын наадмуудын түрүү, үзүүрийг булаалддаг болжээ.

Тухайлбал 1838 оны Их даншигт 10 давж үзүүрлэн аварга, 1841 оны их даншигт 10 давж, Богдын шавь Ринчин арслан (хожмын дархан аварга)-д буулгуулж үзүүрлэн даян аварга цол хүртсэн байна. Ер нь Хүдэр даян аварга Д.Гомбожав тухайн үеийнхээ томоохон 6 наадамд түрүү үзүүрт үлдээд Богдын шавийн бөхөд буулгуулж байжээ.

Энэхүү домогт аваргын өргөж тавьсан үхрийн дайтай том чулуу ”Үүнийг Сан бэйсийн хошууны Хүдэр даян аварга Гомбо хэмээх хүн өргөж тавилаа, ийм хүчтэй хүн байсныг хожмын хүмүүс мэдтүгэй гэсэн” хятад бичигтэйгээр Баянтүмэнгээс Долнуур орох замд бий. Энэ тухай Ж.Дамдин гуай батлан бичиж байж. Энэхүү үхрийн дайтай том чулуутай холбогдох нэгэн ам дамжсан яриа бий.

Сэцэн хан аймагт үйл ажиллагаа явуулж байсан Хятадын худалдааны том пүүсийн эзэн данжаад нэг өдөр Хүдэр даян аваргыг гэртээ урьж, "Би Бээжин явна. Чи миний ачаа хөсгийг хамгаалж Бээжин хүргэж өг. Би чамд их шан хөлс өгнө" гэсэнд Хүдэр даян аварга тэр пүүсийн жингийн цувааг хамгаалагчаар явсан юмсанж. Хятад пүүсийн эзэн өдгөөгийн Өвөр Монголын нутгийн гүнд орж Долнуурын наахна явснаа жингийн цуваагаа зогсоож, "Энд үдэлнэ, ачаагаа буулга" хэмээгээд Хүдэр даян аваргыг дуудаж, "Чамайг маш их чадалтай сайн бөх гэж дуулсан. Чи энэ чулууг өргөж тэр чулуун дээр тавь. Тэгвэл чамд их шан өгнө" гээд бүдүүн үхрийн дайтай хөх чулуу руу зааж гэнэ. Хүдэр даян аварга зодог шуудгаа өмсөж, цолоо дуудуулснаа наадамд барилдаж байгаа мэт өрж, шавж байгаад өнөө нүсэр том чулууг сэвхийтэл өргөж том хадан дээр аваачиж тавьсанд Хятад данжаад амласан ёсоороо түүнд их шан өгч чулуучнаа дуудаж “Энэ чулууг Халхын Хүдэр даян аварга өргөж тавив” хэмээн бөөрөн дээр сийлүүлсэн хэмээх домог, ам дамжсан яриа өдгөө бидний үед хүрчээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]