Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЗХУ-ын Баатар Иван Даценкогийн сургийг Канадаас гаргасан ньУншсан26,872

Гэтэл ЗХУ-ын ардын жүжигчин Махмуд Эсамбаев 1980-аад онд нэгэн түүх ярьсанаар амь үрэгдсэн баатрын намтрын араас ангуучлагчид гарч иржээ.

Эх орны дайны баатар, Зөвлөлтийн нисгэгч Иван Даценкогийн түүх эхлээд сонсоход хүн үнэмшмээргүй, үлгэр домог шиг боловч нөгөө талаар оньсого таавраар дүүрэн. Байлдааны нэгэн нислэгээс эргэж ирээгүй түүнийг сураггүй алга болсон, амь үрэгдсэн гэж албан ёсоор үзэж байсан ч олон жилийн дараа Зөвлөлтийн төлөөлөгчид түүнтэй Канадад, бүр индианчуудын омогт уулзсан гэдэг яриа гарчээ. Иван тэнд бүр "Бадарсан гал" нэртэй болоод тэр омгийнхоо удирдагч болсон байсан гэнэ.

Баатрын албан ёсны намтар

 

Эх орны дайн эхэлсэн өдрөөс тэрээр агаарт байлдаж Сталинградын тулалдаанд оролцож 1943 он гэхэд байлдааны 213 нислэг хийж 1943 оны есдүгээр сарын 18-ндл ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан байна. Улмаар нисэх эскадриль командлах болжээ. 1944 оны дөрөвдүгээр сарын 19-нд Львов-2 төмөр замын өртөөг бөмбөгдөх үеэр онгоц нь дайсны суманд өртөн амь үрэгдсэн гэдэг. ЗХУ-ын Батлан хамгаалах ардын комиссариатын 1944 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 01957 тоот тушаалаар Иван Даценког амь үрэгдсэн хэмээн Улаан армийн бие бүрэлдэхүүнээс хасчээ.

Гэтэл ЗХУ-ын ардын жүжигчин Махмуд Эсамбаев 1980-аад онд нэгэн түүх ярьсанаар амь үрэгдсэн баатрын намтрын араас ангуучлагчид гарч иржээ. Тэрээр 1967 онд Канадад ЗХУ-ын соёлын өдрүүдийн үзэсгэлэнгийн үеэр концерт тоглоход Эсамбаев “галын бүжиг” хэмээх бүжиг бүжсэн нь канадчуудад таалагдаж иймэрхүү  бүжиг хийдэг индиан омогт түүнийг зочлуулсан байна. Гэтэл омгийн удирдагч Бадарсан гал гэгч нь  орос, украин хэлээр орчуулагчгүй ярьж Эсамбаевыг өөрийн урцандаа урьжээ. Тэрээр урцандаа орос, украин дуу дуулж, нандин нууцаа дэлгэн ярьсан гэнэ. Тэр өөрийгөө өнөөх нисгэгч Иван Даценко гээд өөрийн төрсөн нутаг Украинаа, төрсөн тосгон Чернечий Ярыгаа дурсан ярьжээ. Энэ бүхнийг Махмуд Эсамбаев хамгийн анх “Советский экран” сэтгүүлд ярьсан бол хэдэн жилийн дараа “Труд” сонины сурвалжлагч өөртэй нь уулзаж энэ тухай асуухад дэлгэрэнгүй ярьсан байдаг.

Тухайн үед соц нийгмийн төмөр гинж суларч, цаг тавирч байсан тул Эсамбаевын ярианы араас үй түмэн таамаг, адал явдал чөлөөтэй хөврөх болсон байна. Даценког Польшийн нутагт онгоцтойгоо унахдаа шүхрээр үсэрч амь гарсан, партизаны отрядад харсан гэрч ч гарч ирэв, мөн германчуудад олзлогдсон тул (ЗХУ-ын баатар дайсандаа олзлогдоод дайны дараа нутагтаа очиход ичгэвтэр байсан тул) дайны дараа баруун Берлинд явж байсан ч гэх шиг, иймэрхүү яриа олон гарчээ.

Ингэж явсаар 2001-2003 онуудад Оросын телевизийн чамгүй олон үзэгчтэй “Жди меня / Намайг хүлээ” нэвтрүүлгээр энэ тухай яриа болж сураг тавьж байсан ч тодорхой мэдээлэл олж чадаагүй. Тэр нэвтрүүлгээр Эсамбаевын далайн тэртээгээс олж ирсэн гэрэл зургийг ч үзүүлсэн байна. Баатрын төрөлх тосгоныхон ч өөрийн нутгийн баатрынхаа талаар тодорхой зүйл олж мэдэх гэж нэг биш удаа хичээсэн ч энэ нь амжилт олсонгүй.

Улмаар бүр ч илүү шуугиулсан нь гэрэл зургийг харьцуулан судалсан шүүхийн шинжээч Сергей Никитин гэрэл зураг дээрх хоёр эр нэг хүн байна гэсэн дүгнэлт гаргасан явдал байв. Энд мэдээж нүүрний гол шугам, хамар, эрүү, ам, шанаа зэрэг нь нэг хүнийх гэдгийг баталжээ. Олон жилийн хугацаанд Иван Даценкогийн төрөл төрөгсөд түүнийг “олох” гэж, үүнд нь ч “Намайг хүлээ” нэвтрүүлгийнхэн оролцож хичээсэн ч амжилт олоогүй байна. Яв явсаар дуучин Махмуд Эсамбаев ч насан эцэс болж Канадын Жон Маккомбер буюу мөнөөх оросоор чөлөөтэй ярьдаг омгийн ахлагч "Бадарсан гал" ч насан өөд болжээ. Харин сөрөг тагнуулынхнаас зугтааж хэрхэн амь гарсан, ЗХУ-ын баатар нисгэгч хэрхэн Канадад очсон хийгээд яаж индиан омгийн ахлагч болсон зэрэг нь таамаг, яриа батлагдаагүй хэрнээ өнөөг хүртэл интернэтээр хэсүүчилсээр, тайлагдашгүй нууцын тоонд ч орчихсон явдаг билээ. Андуураагүй бол украинчууд бүр энэ түүхээр уран сайхны кино хийсэн санагдана.

Г.Ванчиг

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]