Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гүег хаан- Солонгос ажимаУншсан6,752

Кино зохиолыг бичсэн Хасбагана гэв үү, монгол хүний нэр харагдав. Монгол хүн зохиолыг нь бичсэн гэхэд итгэмгүй.

Зохиолч, нийтлэлч Б.Наминчимэд Хятадын "Хубилай хаан" олон ангит киноны тухай оройд гармаар үнэнийг ийн өгүүлжээ. 


"Хубилай хаан" олон ангит уран сайхны кино манай нэг ТВ-ээр гарч байна. Сонирхоод хоёр гурван ангийг нь үзэв. Хачин хачин юм их гарч байна аа. Зарим нэгээс нь сонирхуулбал...

- Манай монгол цэргүүд байлдахдаа дандаа ушу, кунфу хийнэ ээ, орилоод л үсэрч өшиглөөд л хятадын тэр урлагт жинхэнэ мастерууд байжээ дээ, янз нь. Угаасаа мэддэг ч байсан юм шиг л харагдана.

- Сүбээдэй баатар, Чулуун жанжин хоёр нэг алмайдуу, гэнэн, бүдүүн бараг бойтог мунгинуу хүмүүс гарах юм. Тэгээд Гүег хааны зарлигаар Чулууныг хадруу нисгэчих юм, бас Гүег хаан өөрийн биеэр Сүбээдэй баатрыг харваад алчих юм. Тэгэхдээ бүр ач хүүг нь амин золио болгож байгаад шүү. Хэлсэндээ ч хүрэхгүй өнөөх ач хүүг нь ч бас алчихав. Нэг л тийм явуургүй.

- Залуу Хубилай нэг хятад тосгоныг дээрэмчдээс хамгаалж байна аа. Тосгоныхныг үзүүрлэсэн хулс, өвсний сэрээ тэргүүтнээр зэвсэглэнэ. Тосгон руу ордог хоёр замыг отон, янз бүрийн занга сааль тавина. Өөрт нь бас нэг хэдэн дайчин хавсарна. Яг Акира Курасавагийн "Долоон самурай"-д гардаг шиг л. Гэхдээ их муу хуулжээ. Санааг нь авсан бол баяжуулах ёстой, эс чадвал хуулсан болдог.

- Турхан хатны дүр харин зэвүүн. Хорон, хонзогнуур гэж жигтэйхэн, хольж хутгах, мууг сэдэхдээ гарамгай. Гэхдээ Ойгул Хаймишт Фатимаг шингээчихэв үү дээ, миний үзсэн ангид Фатима харагдсангүй.

- Мөнх хаан овилгогүй, түргэн зантай, бодол мөхөс хүн болж гарав. Чингис хаанаас хойшхи хаадаас ер явж явж хамгийн тулхтай нь Мөнх хаан. Гэтэл эсрэгээр нь хийчихсэн. Хубилай хааныг товойлгохын тулд Мөнх хааныг зориуд тэгэж үзүүлээд байх шиг ээ. Ах дүү хоёр хааны хооронд зөрчил байсан нь үнэн ч нэгийг нь хэт тэнэг, нөгөөг нь хэт ухаантай болгож харуулснаар тэр зөрчлийг хялбархан шийдчихэж байгаа нь болсонгүй ээ.

- Гүег хэдий хурдан түргэн зантай ч арай тийм тэнэг байсан гэдэгт би эргэлздэг. Үгүй мөн мунгинуу амьтан болгож харуулжээ. Эхнэр Огул Хаймиштайгаа дандаа тулга тойрсон хэрүүл хийнэ ээ, яг өнөөгийн солонгос киноны Ажимаа нар шиг.

- Хархорины даамал Алаандар ноёныг нэг ядарсан хов зөөгч болгож харуулав.

- Хүлэг хаан, Аригбөх хаан нарын дүр ч мөн адил нэг жаахан жаахан ойворгон залуусаас хэтэрсэнгүй.

- Кино зохиолыг бичсэн Хасбагана гэв үү, монгол хүний нэр харагдав. Монгол хүн зохиолыг нь бичсэн гэхэд итгэмгүй. Арга ч үгүй байх, цаадуул нь шахдаг биз.

Бүхий л утга, илэрхийллээрээ хятад соёлыг давуу сурталчилав. Хятад хүмүүс эвийг эрхэмлэдэг, ухаалаг, хүнлэг нь илүү талдаа. Монголчууд нь ойворгон, шуналтай, ойрын бодолтой нь илүү талдаа. Тийм учраас ухаалаг Хубилай хятадуудыг дэмжсэн гэсэн үзэл санаа нэвт харагдаад л өнгөрөв. Тэгээд Хубилайн зөв байж, үнэхээр их хятад үндэстнийг түших ёстой юм байна гэсэн гаргалгаа гарна.

- За ерөнхийдөө миний үзсэн хоёр гурван ангийн талаар хэлэхэд ийм. Их олон ангитай бололтой. Бүгдийг нь үзвээс чухам юу болохыг чөтгөр бүү мэд. Магадгүй их үзээд байвал монгол хүнд ой нь гутаад, хятад хүн, хятад соёлыг илүү таашаан талархдаг ч болчих шинжтэй.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]