Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дөрвөн өдрийн дайнУншсан11,287

1941 онд Иран улс төвийг сахих бодлого баримталж байгаа гэх боловч үнэн хэрэгтээ Германы нэгэн холбоотон адил улс байв.

Нийтлэлч Чалчаа саарал.

Дэлхийн түүхэнд тодорхой цөөхөн хоногийн тоогоор нэрлэгдсэн олон дайн бий. Тэдгээр дайнаас хамгийн бага нэрд гарсан гэж болох, олон хүмүүсийн мэдэхгүй нэгэн дайны тухай.

Уг дайн 1941 онд болсон, дөрвөн өдрийн дайн хэмээх нэрээр нэрлэгддэг бөгөөд Ираны эсрэг Их Британи болон ЗХУ-ын хийсэн дайн юм. Дэлхийн хоёрдугаар дайн ид явж байх үед болсон учир их дайны тэр их цар хүрээ, сүрд дарагдан тун чимээ багатай өнгөрсөн гэж болох үйл явдал билээ.

1941 онд Иран улс төвийг сахих бодлого баримталж байгаа гэх боловч үнэн хэрэгтээ Германы нэгэн холбоотон адил улс байв. Төрийн олон чухал албан тушаалд нь Германы нацистууд алба хаших бөгөөд гудамж талбайд Гитлерийн Германы маягаар “зиг”-лэх нь ихээхэн дэлгэрсэн ёсолгоо болсон байсан нь байдлыг ямар нэг хэмжээгээр тайлбарлах байх. Иранчууд нь Германы их арми Кавказд ЗХУ-ыг, Африкт Англи Америкийн армийг бут ниргэн Ирантай хил залгах цаг ойрхон гэж хүлээж түүнд бүрэн итгэж байсан учир ЗХУ болон Английн элдэв сануулга анхааруулгыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг болсон тийм л үе.

Удалгүй "даварсан" оросууд болон британичууд нь Германы нацистуудыг хөөж явуулах, Англи-Персийн хамтарсан нефтийн компанийн аюулгүй байдалд бүрэн баталгаа гаргаж өгөх зэрэг шаардлага тавьсан “нот” бичиг илгээснийг шах тоосонгүй. Харин ч тусгаар улсын дотоод эрхэд бүдүүлгээр халдаж буй Английн хөрөнгөтөн, Зөвлөлтийн коммунистуудын эсрэг жагсаал цуглаан улам бүр хүчтэй болж, тоо хэмжээ нь ч эрс өслөө.

Яг энэ үед Германы армитай хийж буй хүнд тулалдаанд нь Зөвлөлтийн улаан армийг дэмжих, тэсэн үлдэхэд нь тус болох ленд-лизийн барааг хүргэх хамгийн сайн зам нь Иранаар дамжих зам гэдэг нь улам бүр тодорхой болсон бөгөөд ганцхан иранчууд нь Германтай хэтэрхий нялуурч байгаа гэсэн нэг асуудал байв. Хэлээд яриад болохгүй болохоор нь хоёр том улс иранчуудыг богинохон хугацаанд хашраахаар шийджээ.

Британичууд Иракийн нутгаас Энэтхэгийн хоёр дивиз болон бригад, Английн танкийн болон морин бригадын хүчээр довтлохоор болсон бол ЗХУ бараг 1000 гаруй Т-26 танк, бүр ч олон автомашинтай механикжуулсан хүчээр довтлохоор тохирсон байна.

8-р сарын 25-нд Ираны цэргийн гол байгууламжийг агаараас бөмбөгдсөний дараа хоёр улс цэргээ хил давууллаа. Шах үүнд асар их хорсож халдан довтолсон хоёр улсын элчин сайдыг дуудан ирж зандрахад харин элчин сайдууд анхааруулга өгч байсныг сануулаад Гитлертэй бага налигнах хэрэгтэй байсан тухай хариу анхааруулж.  Аргаа барсан шах Пехлеви АНУ-д хандан дипломат тусламж гуйхад Рузвельтэд Британи болон ЗХУ нь Ираны газар нутгийн энд тэндээс шилж тасалж авчихгүй байх нь л чухал учраас бас нэг их анхаарч сүйд болсонгүй.  

Эзэн хааны тэнгисийн цэргүүд Ираны флот хэмээх дэндүү сүржин нэртэй нэгтгэлийн хамаг хүч болох хоёр “завийг” дор нь живүүлж нефть олборлож байгаа газар нутаг руу довтлохоор эрэг орчмын нутгаар десант буулгалаа. Тэд нефтийн нэг том төв болох Абаданыг эзлэн авсан боловч Ираны арми нутгийн ардын тусламжтайгаар хотоо дахин булаан авсан (нефть олборлох боловсруулах үйлдвэрт ажилладаг Англи болон Энэтхэг гаралтай нөхдүүдийг алахыг нь алж) боловч удалгүй мөн л хотоо алдсан бөгөөд тэдний араас хөөсөн цэргүүд болон хөөгдөж байгаа Ираны армийн цэргүүдийн хоорондох жижиг сажиг мөргөлдөөн тасралтгүй үргэлжилсээр 29-ний өдөр болжээ.

Хойд талаас нөмрөн ирэх “гангийн” том давалгаа замд дайралдах ямар ч эсэргүүцлийг үл анзааран бүхнийг хамж явахыг харсан, тэдний эсрэг зогсох ёстой Ираны дивизийн дарга айсандаа “юм дусаах” шахан хамаг цэргээ хаян зугтсан байна. Тэгж зугтахдаа цэргийн хангалтын машинуудыг дайчлан авч хувийн хивс, ваар сав зэргээ зөөхөд зориулан ашигласан ба их л яарч айж байсан бололтой. Ганц өдрийн дотор Улаан арми Ираны хоёр дивизийг үгүй болгосон боловч десант буулгах ёстой Каспийн дивиз Ираны боомтод орж чадсангүй. Боомт орох боломжит бүх л хэсэгт онгоц живүүлж, мина тавьсан, бас эргийн хамгаалалтын галын төвлөрөл маш нягт байснаас 28-ны өдөр агаараас цохилт өгч байж л Пехлеви хотыг эзэлсэн байна.  Дараа нь Мешхед хот ч оросуудын гарт орж Ираны хойд талын эсэргүүцэл нэг мөсөн дуусах нь тэр. Улаан арми Тегераныг эзлэн авахад ганц алхам хийх үлдлээ.

Бүр сүүлд 1944-1945 оны үед Германы цэрэг, үйлдвэрчдийн удирдлага Оросуудын биш Англи Америкчуудын гарт орох гэж зүтгэж байсантай яг адил зүйл болж Ираны олон сайд, цэргийн дарга нар Англитай яаралтай хэлэлцээ хийхээр бэлдэж эхэллээ.  Ийм юм хийж байгаа цэргийн удирдагчаа шах өөрийн гараар сайн гэгч зодож балбасан боловч дипломатуудын явуулга ямар нэг хэмжээгээр амжилтад хүрч Англичууд Оросуудын довтолгооныг “ярьж” байгаад зогсоосон байна.

Ингээд байдал тогтворжиж дайн дууссан боловч ЗХУ, Их Британи одоо тавих шаардлагаа эрс ширүүтгэсэн ба энэ нь одоо германчуудыг хөөж явуулах биш харин баривчилж хүлээлгэн өгөх явдал байв. Шах үгүй гэлээ. Оросууд ч 9 дүгээр сарын 16-нд цэрэг хөдөлгөн тэр өдөртөө Тегераныг эзлэн авч байх үед шах Англичуудад яаралтай баригдан, дараа нь Өмнөд Африкт хоригдсон боловч 3 жилийн дараа учир битүүлгээр үхсэн гэдэг.

Энэ бүх явдал болж байх үед германчууд зүгээр суугаагүй бөгөөд Отто Скорцени ленд-лизийн барааг хүргэх замд байнгын хорлон сүйтгэх ажиллагаа явуулах хэсэг илгээсэн нь Ираны нутагт буунгуутаа л нутгийнханд баригдаж тэдгээр нь хорлон сүйтгэгчдийг дор нь англичуудад хүлээлгэн өгч. Германы хийж чадсан юм ердөө л энэ. (Энэ хорлон сүйтгэх ажиллагааг Отто Скорцени удирдаж байсан гэхэд эргэлзмээр юм бас бий)

Албан ёсны мэдээгээр 40 улаан армийн дайчин, 22 британи болон энэтхэг цэргийн  хохирол хүлээн байж ялалт байгуулсан улсууд ЗХУ-д ленд лизийн бүтээгдэхүүний 30-40%-ийг саадгүй хүргэсэн найдвартай замтай болсон байна. Харин Ираны хохирлын тухайд хэдэн мянгаар тоологдох цэрэг амь үрэгдсэн тухай  яригддаг юм билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]