Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Манж Чингийн нийслэлийг найман улсын цэрэг эзэлсэн түүхУншсан1,849

1900 оны зургадугаар сарын 10-нд Хятадад байрлаж байсан Британийн тэнгисийн цэргийн командлагч, адмирал Эдвард Сеймурын 2000 цэрэг Тяньжин хотоос төмөр замаар Бээжинд ирэв.

Одоогоос 120 жилийн өмнө буюу 1900 онд Манж Чин улсын нийслэл Бээжинг хэрхэн өрнөдийн гүрнүүд хамтран эзэлсэн түүхийг сонирхуулья. Японтой хүнд бэрх дайн хийж тэнгисийн флотоо алдсан, ялагдал амсч дорой буурай, хоцрогдсон армитай, байнгын бослого хөдөлгөөнд туйлдаж гүйцсэн Манж Чин гүрэн хэрэг дээрээ өрнийн хэт их гүрнүүдийн дарамт шахалтад орж, шаардсан болгоныг нь биелүүлж байв.

Цыши хатны их хэмжээний зардал тансаглал, энгийн ардын ядуурал зэргээс үүдэн Манжийн засаглалыг эсэргүүцэгчдийн тоо ихэд нэмэгдэхийн хажуугаар европынхон буюу загалмайн шашинтнуудыг үзэн ядах үзэл дэвэрчээ. Ингэсээр түүхэнд “боксёрын бослого” хэмээгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэж, энэ бослого нь Манжийн засаглалыг түлхэн унагаж, харийнхныг Хятадаас хөөн гаргах зорилготой байсан ч бодит байдал дээр Цыши хатны хяналтад орж, удирдагчаар нь “Чин улсыг дэмжин гадныхныг устгая” гэсэн уриа гаргуулан эрчимжүүлжээ. 1899 онд боксёрууд Хятадад байсан хэдэн мянган загалмайн шашинтнуудыг хэрцгийлснийг Цыши өөгшүүлэн дэмжиж байв.

Үүнд нь эгдүүцсэн Европын гүрнүүдийн элчингүүд хатан хаанд боксёрын бослогыг дарах, Бээжин дэх гадны иргэдийг хамгаалах шаардлага тавьсанд мөн л үл хэрэгсэв. 1900 оны зургадугаар сарын 10-нд Хятадад байрлаж байсан Британийн тэнгисийн цэргийн командлагч, адмирал Эдвард Сеймурын 2000 цэрэг Тяньжин хотоос төмөр замаар Бээжинд ирэв. Ингээд ч боксёруудын дайралтаас загалмайтнуудыг хамгаалж чадсангүй, улмаар Их Британи, Франц, Герман, Хаант Орос, Австри-Унгар, Япон, Америк, Итали гэсэн найман орны 18000 цэргийн хамтарсан хүчин Таку бэхлэлтийг дайран эзлэв. Энэ үед хэт даврагсад Германы Элчин сайд Клименс фон Кеттлерийн аминд Бээжингийн гудамжинд халдав.

Найман орны хамтарсан цэргийн хүчинд 4300 орос, 8000 япон, 3000 британи, 2500 америк, 800 орчим франц цэрэг багтаж байв. Тэдний эсрэг боксёруудын бослогод нэгдсэн хятадууд болон Манжийн хааны цэрэг хамтарсан 250 000 цэргийн хүчин зогсож Бээжинг хамгаалав.

 Холбоотнуудын арми 8-р сарын 5-ны Пицангийн тулаан, 8-р сарын 6-ны Янгцуны тулаанаар тус тус манж, хятадуудыг хиар цохиж, 8-р сарын 12-нд Бээжингээс 14 милийн зайтай Тонгчоуд хүрэв. Гэвч нар хэт халж, цэргүүд нарны хордлого болж байсны улмаас Бээжин рүү хийх довтолгоог удаашруулж байв.

Их Британи, Америк, Японы командлагч нар довтолгоог улам шамдуулж, 8-р сарын 13-нд Бээжин рүү дайрахыг хүссэн боловч Оросын командлагч бэлтгэл хийх дахин нэг өдөр хүссэний улмаас 8-р сарын 13-ны өдрийг тойм судалгаа явуулах, амрахад зориулжээ.

Бээжингийн хамгаалалт нүсэр байв. Хотыг 33 км-ийн урттай ханаар хүрээлүүлсэн бөгөөд 16 хаалгыг эвдэж, бэхэлсэн байв. Бээжингийн дайралт нь үнэндээ аль үндэстний арми нь хотыг түрүүлж эзлэх вэ гэдгийг үзэх уралдаан болсон юм.

Дөрвөн улсын армийн командлагч нар тус бүр өөр хаалгаар довтлохоор зөвшилцжээ. Оросууд хамгийн хойд Тунчи хаалгыг, япончууд зэргэлдээх өмнөд хаалга болох Чи Хуаг, америкчууд Тун Пиен хаалгыг, харин Их Британийн цэрэг хамгийн өмнөд Ша Во хаалгыг тус тус хуваарилан авчээ. Францын цэрэг харин нөөц хүчин болов.  14-ний өдрийн өглөө дайралт эхэлж, хотыг хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ба үнэн хэрэгтээ маш цөөн цэргийн бүрэлдэхүүн бүхий орчин үеийн арми, асар олон хүнтэй хуучирсан зэвсэглэлтэй армитай тулалдсан юм. Манж, хятадууд тулалдах гэхээс илүү орчин үеийн их буу, пулёмётын золиос болж, эхнээсээ л энэ байлдааны ялагч нь тодорхой байв.

Ингээд бусад улсын цэргүүдээс бага эсэргүүцэлтэй тулгарсан англичууд Бээжингийн дотоодод, элчингүүдийн хороололд бүслэгдчихээд байсан загалмайтнууд дээр түрүүлж очиж, чөлөөлөв. Хятадууд элчингийн хороолол дайрч нэг бельги эмэгтэйг шархдуулсан, мөн нарны хордлогоор нас барсан нэг англи цэргийг эс тооцвол британичууд хохиролгүй шахам байв.

Энэ үед Америк цэргүүд давшсаар элчингийн хороололд ирэв. АНУ-ын нэг цэрэг үрэгдэж, ес нь шархдаж, хана руу авирах явцдаа нэг нь маш хүнд гэмтэл авсан байв. Шархдагсдын дунд хожим генерал болж, өөрийн үеийнхээ хамгийн шилдэг тэнгисийн цэрэг болсон Батлер байсан юм. Тэр өдрийнхөө орой манж, хятадын цэргүүд бүрэн ялагдаж, амьд үлдэгсэд нь хотоос үерийн ус мэт дайжин зугтав.

Дараа өдөр нь буюу 8-р сарын 15-нд Найман улсын цэргүүдэд эсэргүүцэл үзүүлж байсан цор ганц хүчин нь Манжийн бусад мужуудаас дайчлан ирүүлсэн мусульман шашинт цэргүүд л байв. Орос, Францын цэргүүдийн тусламжтайгаар Америкийн их бууны анги Эзэн хааны Хориотой хот руу ордог хэд хэдэн хана, хаалгыг дэлбэлж, Хориотой хотыг довтлов. Тэр өдөр Америкийн нийт 7 цэрэг үрэгдэж, 29 нь шархадсан байна.

Цыши хатан болон Манжийн хэдэн ноёд америкчууд Хориотой хот руу дайрахаас хэдхэн цагийн өмнө Бээжингээс амь зулбан зугтжээ. Цыши хатан тариачин эмэгтэй шиг хувцаслаад, модон тэргэнд суун хотоос гарсан гэдэг.

Дайралтын дараа Бээжин сүйрэв. Бээжингийн дүүрэг тус бүрт булаан эзэлсэн улсын цэргүүд хяналтаа тогтоов. Шашны номлогч Луелла Майнер гэгч "найман улсын цэргүүдээс хамгийн харгис нь Оросын цэргүүд, францууд ч дээрдэх юмгүй. Харин япончууд ямар ч өршөөлгүйгээр тонож, шатааж байсан” гэжээ.

Найман Үндэстний Холбоо болон Манжийн Засгийн газар 1901 оны 9-р сарын 7-нд энх тайвны гэрээ байгуулж, 39 жилийн турш 335 сая доллар (одоогийн ханшаар 4 тэрбум гаруй доллар) төлөхийг, боксёрын бослогыг дэмжиж байсан Манжийн засгийн газрын гишүүдийг цаазлах, цөлөх, Хятадын хойд хэсэгт байрладаг бэхлэлт болон бусад хамгаалалтыг устгах зэрэг шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байж Бээжинг манжууд эргүүлж авсан юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]