Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Даргын ногоон хэмээх хүлгийн тухайУншсан9,533

Олны ам дамжин домог болтлоо яригдаж буй ногоон азарга уг нь Түвшинширээ сумын адуу. Бүр тодруулбал “Бор” Чоймчиг хэмээгчийн хурдан хар азарганы отгон төл нь юм.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынхан адууны удам угшил гэхээр нэн тэргүүнд Ширээтийн цагаан адуугаа ярина. Дараа нь Даргын ногоон гэх хурдан азарганы талаар хууч дэлгэдэг. Олны ам дамжин домог болтлоо яригдаж буй ногоон азарга уг нь Түвшинширээ сумын адуу. Бүр тодруулбал  “Бор” Чоймчиг хэмээгчийн хурдан хар азарганы отгон төл нь юм. Чоймчигийн хар азарга нь “Борын ногоон” хэмээх домогт хурдан хүлэг бөгөөд дээд угшил нь Мэрэг вангийн хошууны Дэндэв тайжийн Цээдээгийн борлог адууны /Орлой адуу/ удам угсааных хэмээдэг. “Борын ногоон”-ы төлөөс Довдонгийн ногоон, Довжийн ногоон, Даржаагийн ногоон, Гөлгөөгийн ногоон зэрэг хурдан ажнайгууд төрөн гарсан байдаг. Сум орон нутагтаа хурдалж алдар цуугаа мандуулж байсан дээрх хурдан хүлгэд дээр Даргын ногоон буюу  Баяндэлгэр сумын уугуул Б.Лхамжавын ногоон азарга нэмэгддэг.

Б.Лхамжав  нь намын үүрийн дарга, намын хорооны нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж насаараа дарга хийсэн нэгэн бөгөөд хурдан моринд элэгтэй, басхүү хурд таних нүдтэй нэгэн байсан гэдэг.

Ногоон азарга Б.Лхамжавынх болсон нь бас чиг түүхтэй. Ажлын шаардлагаар Баяндэлгэр сумнаа томилогдож ажиллаж байсан Б.Лхамжав 1966 оны зун нутагтаа очиж ах нартайгаа уулзаад буцахдаа: “Дүү нь нутагтаа удахгүй шилжиж ирнэ. Ирэхдээ та нарынхаа ”Хурдан цагаан адуу”-ны цусыг холдуулж, сэлбэх сайн үрээ нэгийг олж авчирна” хэмээн ам алдаж.

1966-1967 мичин жилийг зуднаар Түвшинширээ сумын хэсэг малчид Хэнтий аймгийн  нутагт отор хийж, тэдний байдалтай танилцахаар намын үүрийн дарга Б.Лхамжав очиж, эхлээд адуучны отроор орж. Адууг нь харж байтал жижигхэн биетэй, шар үстэй хөөрхөн хар даага өөдөөс нь хараад шээж байснаа цавьдар гүүг очоод хөхөж байна гэнэ. Эх гүү нь аятайхан санагдаад адуун дотор цааш алхвал  бас нэг хар шүдлэн үрээ /энэ үрээ хожмоо Гөлгөөгийн ногоон гэж хурдан азарга болсон /байх аж. Үрээ дааг хоёрыг зэрэгцүүлж хараад шинжвэл даага нь хамаагүй илүү санагдаж. Адуучид дээр ирээд  дааганы эзнийг сураглавал Чоймчиг өвгөний “Борын ногоон” хэмээн хурдан азарганы отгон төл. Эцэг нь сая өнхрөөд өгсөн. Өвгөн “хар даагыг л үхүүлж болохгүй шүү. Хавар эхтэй нь хамт заавал авчраарай гэсэн юм” гэж.

Б.Лхамжав цааш өөр сууриудаар явах ажилтай байсан ч тэр даруй сум  буцаж шөнө ирээд хүүгээ дагуулан нохой шуугиулсаар Чоймчиг өвгөнийд очиж. Өвгөн намын үүрийн даргаа шөнө хэрэг гарган ирсэнд битүүхэн эмээж байснаа зорилгыг нь дуулаад баахан тайвширч: “Чи ах хар шүдлэнг нь ав. Тэр нь хамаагүй илүү. Тэгээд ч нэг муу даага онд орооч уу үгүй ч үү” хэмээн харамын сэтгэлээ нуух гэж оролдож. Гэсэн хэдий ч Б.Лхамжав даагыг нь авъя шийдэмгий шавдуулах тул өвгөн арга буюу өөрийн бодлоо ил гаргаж “би муу хар азарганыхаа отгон төлийг өгмөөргүй л байна”гээд дуугаа хурааж.

Б.Лхамжав ч бууж өгөлгүй “хар даагыг чинь эхтэй нь авъя. Үнэ хөлсийг нь гомдоохгүй шүү. Би ах нартаа нутгийн адуу сайжруулах сайн үрээ олж ирнэ гээд ам гарчихсан юм” хэмээн учирлаж. Өвгөн ч дуугүй л байна гэнэ. Тэр үед үнэтэйд тооцогддог байсан гэрийн бор эсгий, тэмээн тэрэг /эрээний тэрэг ч гэдэг/ зэргээс дөрөв дөрөвийг өгье гэтэл өвгөн хариу өгсөнгүй. Тэгэхээр нь 100-тын бор дэвсгэрт нэгийг гэтэл өвгөн ухасхийн босч ирээд “хүүе одоо боллоо. Та ногоон даагаа эхтэй нь ав” хэмээн зөвшөөрсөн гэдэг. Дээрх амласан зүйлүүд нь тэр үеийн ханшаар тооцоход 1000 төгрөг болж байсан гэдэг. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлан урин дулаан орохуйд Б.Лхамжав дарга ногоон даагаа суман дээр авчирч сургах гэтэл дийлддэг юм биш. Тэр үедээ эмнэг сургахдаа гаргуун гэгдэж явсан Б.Гомбодорж, А.Дамдинжав нараар унуулсан ч тойроод л булгиад шидчихнэ. Олон ч хүүхдийг булгиж шидэлсээр эцэстээ нэг юм номхорч сонгуулийн баярын “Дааганы уралдаан”-д мордуултал аман хүзүүнд хурдалж. Эмнэг хангал зан нь дийлдэхгүй даагаа номхруулах гэж лагс томхон хүүхдээр унуулсаар наадам болоход ногоон үрээ цээжээ авчихсан хөл нь доголоод хөдөлж чадахааргүй болсон байв. Гэтэл эзэн нь /Б.Лхамжав/ “Сайн адуу яах ч үгүй, явж ирээд л зүгээр болно” гэж хэлээд мордуулчихаж. Нээрэн ч замын дунд хүртэл баян ходоод болж явсан ногоон үрээ гэнэтхэн хөл нь доголохоо байж урагшилсаар дөрөвт хурдалжээ. 1959 онд нутгаасаа гарч есөн жил Түвшинширээ сумнаа ажилласан Б.Лхамжав 1968 онд бодож хүсэж байсанчлан төрлөх Баяндэлгэр сумнаа  шилжин ирж, ах дүүстээ амлаж байсан хурдан үрээгээ хүлээлгэн өгчээ. Ногоон үрээг Б.Лхамжавын авга ах Дуужаа буюу Б.Галсанжамц уях болсон бөгөөд шүдлэндээ аман хүзүүдэн, хязааландаа хол тасархай түрүүлжээ.Угаас омголон ногоон үрээ хязаалан цагаас эхлэн гүү хураасан бөгөөд азаргатай зодолдон бариулан тамир тэнхээ тааруу байсан ч Б.Лхамжавын хэлснээр авга нь уяж. Хэдхэн хоногийн дараа “бага сунгаа” үзэхээр очтол ногоон үрээ азарганд бариулаад сэглүүлчихсэн, бүрзийсэн юм байна гэнэ. Гэрт ортол уяач Дуужаагийн хамар нь тав тогтоод харлачихаж, учрыг асуувал “ногоон үрээ улам л маяг ороод болдоггүй. Самардаад, миний хамарт адис тавьчихлаа” гэсээр угтаж. Тэр жил ногоон үрээ хол тасархай түрүүлэн, уясан эзэн унасан хүүхдийн урмыг сэргээсэн ч наадмын дараа Дуужаа буурал дийлж уяж чадахгүй нь гэдгээ хэлж худ Р.Бүдээр уяулах болжээ. Олон хоногийн хатуу уяатай. Уяа нь орохоороо ааш нь дийлдэхээ больдог ногоон азарга 1970 онд соёолондоо гурвалж, дараа жил нь аман хүзүүнд хурдалж. Дааган цагаас уягдсан ногоон азарга 14 нас хүртлээ уралдаж, хавар зуны наадамд 14 удаа айрагджээ. /зуны наадамд гурван түрүү, дөрвөн аман хүзүү, гурван удаа гуравт, нэг удаа дөрөвт хурдалсан бол хаврын уралдаанд /намын баярын наадамд/ гурван удаа түрүүлсэн байдаг/

Даргын ногоон хэмээн алдаршсан энэхүү хурдан буян 18-22 тооны гүү хураадаг байсан бөгөөд голдуу эр унага гарч тэдгээр нь эцгийн шийрийг хатаан хурдалдаг байжээ.

1985 онд Баяндэлгэр суманд цас ихтэй хатуухан өвөл болж, ногоон азаргыг онд орж чадаагүй бөгөөд энэ тухай хүү нь Б. Лхамжавт дуулгахад /тухайн үед бие нь тааруу хотод байсан/ нэлээд бодлогоширсоноо:”Надтай их л учир тавилантай тохиосон амьтан даа. Миний сүлд хийморийг олон жил сэргээж, нэрийг минь гаргаж өгсөн. Одоо ингээд надтай цуг дуусаж байгаа юм байлгүй. Миний хүү ерөөл тавчих, буян болог” хэмээн хөөрөгнийхөө даалингаас мөнгөн гарган өгсөн гэдэг. Эцэст нь дүгнэн хэлэхэд “Даргын ногоон” гэж өргөмжлөгдсөн энэ хурдан азарга нь өөрийн аймгаас гадна Дорноговь, Хэнтий аймгуудад хурдан үр төлөө өгсөн, аргагүй л буян хишиг оршоосон аргамаг хүлэг байсан гэдэг. Ингээд та бүхэнд Даргын ногоон азарга түүний үр төлүүдийн гаргасан ажилтыг тоймлон хүргэе.

Даргын ногоон азарганы амжилтын товчоон:

Түвшинширээ суманд:

1967 онд- даагандаа 6-р сарын 1ны уралдааны түрүү

1967 онд даага-сумын наадмын айргийн дөрөв

Баяндэлгэр суманд:

1968 онд шүдлэндээ-аман хүзүү

1969 онд хязаалан-түрүү

1970 онд соёолон-айргийн гурав

1971 онд хавчиг-аман хүзүү

1972 онд –хөл доголж уралдаагүй

1973 онд- түрүү

1974 онд-Халзан сумын наадамд уралдсан ч хоолны алдаа гарч айрагдаагүй

1975 онд- айргийн гурав

1976 онд-түрүү

1977 онд-аман хүзүү

1978 онд –айргийн гурав

Хаврын уралдаануудад:

1971 оны 3-р сарын 1-нд-түрүү

1973 оны 3-р сарын 1-нд-түрүү

1974 оны 3-р сарын 1-нд-түрүү

А.ТЭЛМЭН

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]