Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Х.Алтанцэцэг: Аавыг газар орны байдлыг сайн судлалгүй, дайсныг ойртуулсан гэж буруутгасанУншсан12,195

Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, хүн төрөлхтөнд энх амгалан цаг айлчлан ирсэн ч НҮБ-д ч элсэж амжаагүй Монгол Улсын хувьд хил хязгаар үргэлжид түгшүүртэй байв.

Ярилцсан Л.Батцэнгэл


Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, хүн төрөлхтөнд энх амгалан цаг айлчлан ирсэн ч НҮБ-д ч элсэж амжаагүй Монгол Улсын хувьд хил хязгаар үргэлжид түгшүүртэй байв. Тэр л үед өөрсдөөсөө арван тав дахин их хүчтэй зэвсэгт хүчин бүхий дайсантай тулгарч алтан амиа өргөж, ариун цусаа өгөн эх орныхоо сөөм газрын төлөө тулалдсан Байтагийн арван баатрын түүхийг бид хэзээ ч мартаж үл чаднам. Ай, ямархан аавын хөвүүд тэгж ард үлдсэн бүхнээ огоорон ард олныхоо төлөө амиа өгдөг байнам даа. Байтаг Богдын тулгаралтад есөн дайчнаа удирдан эрэлхэг тулалдсан Хилийн 24 дүгээр отрядын аравдугаар заставын улс төрийн орлогч, дэслэгч Гомбожавын Хаянхирваагийн охин Алтанцэцэгтэй уулзаж хөөрөлдлөө.

-Монголын ард түмэн “Байтагийн арван баатрын домог”-ийг бүгдээрээ мэднэ. Таны аав Г.Хаянхирваа тэр есөн баатрыг удирдаж явсан хүн дээ?

-Миний аав Гомбожавын Хаянхирваа 1921 онд хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Намнан уулын өвөр Арслан толгой гэдэг газарт төрсөн гэдэг. Эцэг Сосорбурам нь тайж хүн байсан учир өвөг Гомбожаваараа овоглосон байдаг. Эх нь Цэрэнчимэд гэж малчин хүн байсан. Аав маань эцэг эхээс есүүлээ, айлын хоёр дахь хүүхэд. Зулай дээр нь гишгэж төрсөн ах нь Загдаа. Дүү нар нь Хишигт, Дуламсүрэн, Дугар, Загдаасүрэн, Дэлгэрэх, Чулуун, Наваан гэж хүмүүс байлаа. Аав маань бага насаа эцэг эх, дүү нартайгаа өнгөрөөж, Намнан уулын хүрээний хамба лам, нагац ах Дамдин гавжид долоохон насандаа шавилан 18 нас хүртлээ шавилсан түвд, Монгол бичигтээ гарамгай хүн байсан юм билээ. Энүүхэндээ гэж хэлэхэд шашны өндөр боловсролтой, нүгэл буяныг гүнээ ойлгосон лам хүн л байхгүй юу даа. Аав минь шашин номын талаар ил цагаан яриад байхгүй ч аливаад сэтгэлийн тэнхээтэй хүн байсан. Аавын нутгийнхан мал маллахаас гадна шар будаа тарьдаг байж. Аав багаасаа л энэ төрлийн ажлыг хийдэг байсан юм билээ.

-Аавын тань энгийн амьдралын намтрыг мэдэх хүн цөөхөн. Хамгийн гол нь Байтаг Богдод юу боллоо гэж харах хүн олон. Буун дуу тасраагүй дайны утаа суунаглаж байсан тэр л жилүүдийн тухай юу хуучилдаг байв?

-БНМАУ-ын Халхын голд болсон 1939 оны дайн, 1941-1945 онд болсон дэлхийн хоёрдугаар дайны ялалт зарим улс орны эрх ашигт нийцээгүй нь анзаарагддаг. Эзлэн түрэмгийлж колоничлох байдлаа хадгалж үлдэх нь их гүрнүүдийн амин чухал асуудал байж. Хятадад Ардын чөлөөлөх арми ялалт байгуулахын эсрэг гоминдан, хасгийн дээрэмчин Оспаны оролцоотой Шар сүмийн районд тагнуулын хэд хэдэн отряд байгуулан, тэднийг зэвсгээр хангаж америкийн мэргэжилтнээр удирдуулан хичээллүүлж бэлтгэсэн байдаг. Эдгээр дээрэмчид Монгол Улсын баруун хилийн амгалан тайван байдалд мөнхөд заналхийлж байв. Зөвхөн 1947-1950 оны хооронд хилийн зөрчил тулгаралт, байлдаанд манай 240 гаруй хүн эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөө алтан амиа алдсан байдаг.

-Та бид хоёрын яриа түүхийн албан ёсны хуурай цөл рүү даялаад байх шиг санагдах юм. Хамгийн гол нь аавын чинь тухай ярих гэсэн хэрэг шүү дээ?

-Мэдэж байна аа. Байтаг Богдын тулгаралт жирийн нэг жалгын толхилцоон биш байсныг л хэлэх гэж эгч нь ийн улиглаад байгаа хэрэг. Би аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж “Эх орны төлөө зүтгэе” гэсэн дурсамж номыг энэ онд хэвлүүлсэн. Амьд ахуйдаа үгэн-суман сийчүүлсээр сэтгэлийн зовлонтой буцсан аавынхаа гэгээн сүнсийг баярлуулах гэсэн юм. 1948 оны долдугаар сарын 8-нд гоминданы 170 гаруй зэвсэглэсэн дээрэмчдийн эсрэг манай арван хилчин тулж байлдан ялсан түүхэн үйл явдлыг бодохоор сэтгэл шимширмээр санагддаг. Эгч нь энэ номоо сэтгэл зүрхний хөөрлөөр биш, дан түүхэн баримтад түшиглэн бичсэн. 170 дайсан болоод есхөн хүнийг харьцуулаад бодохоор тэд манайхнаас арван тав дахин их байсан байдаг. Энэ хилийн манааны ахлагчаар томилогдон ажиллаж байсан миний аав, ахлах дэслэгч Г.Хаянхирваа цэргийн амьдралтай хэрхэн холбогдсоныг дурдвал 1939 онд цэрэгт татагдаж Улаанбаатар хотод ирээд, 1940-1943 онд Цэргийн төв сургуульд суралцан төгсөж, улмаар 1943-1946 онд Сүхбаатар аймгийн Олон булгийн, Дорнодын Чоно голын заставт улс төрийн орлогч, 1946-1948 оны дунд үе хүртэл Халхын голын Сүмбэрийн долдугаар заставын улс төрийн орлогчоор, 1948 оноос Байтаг Богд, Бүдүүн Харгайтад байх Дамжигийн усанд байрлах заставт улс төрийн орлогчоор тус тус ажилласан байдаг. Аав Дорнодын Чоно гол, Халхын голын хилийн заставт ажиллаж байхдаа “Онц хилчин”-ээр тодорч байсан хүн дээ.

-Аав тань тэр хилийн манааны ахлагчаар томилогдсон байсан гэл үү?

Өвөр эгнээнд зүүн гар талаас Гончигзэгвэ, Хаянхирваа, зохиолч Ц.Уламбаяр охин У.Амарсайханы хамт, түрүүч Д.Чойжин. Арын эгнээнд хилчин Пэлжээ болон бусад шагнагдагсад. 1949 оны Ардын хувьсгалын 28 жилийн ойн баярын үеэр. Улаанбаатар хот

-Монгол Улсын баруун хилийн хамгаалалтыг чангатгах зорилгоор шилэгдсэн хилчин дайчдыг зүүнээс баруун руу шилжүүлэхэд аав хамрагдан 1948 оны тавдугаар сард Ховд аймгийн Булган сумын Байтаг Богд Дамжигийн усанд байрлах хилийн заставт шилжин ирж ажилласан юм билээ. Аав маань газар орны байдалтай танилцахын зэрэгцээ элстэй хайрцаг хиймэл дүрсэн дээр хилчдийг хаана, яаж байрлуулах, ээлжээр яаж амраах, хэрэв дайсан тулгарвал хэрхэн цохилт өгөх, ар талын нэмэгдэл хүчтэй ямар дохио зангаагаар харилцах зэрэг сургалтыг сумангийн дарга ахмад Мадригийн хамт судалж байсан гэдэг. Аавын удирдсан арван хилчдийг манаанд гарахын урд өдөр буюу 1948 оны долдугаар сарын 5-ны өдөр дайсны 20-иод морьтой цэрэг хилд ойртон ирж үүнээс дөрвөн хүнтэй тагнуулын хэсэг манай хилийн постын байранд 200-300 м ойртон тагнаж байгаад буцсан тухай мэдээг хүлээн авсан байдаг. Энэ цаг үе нь улсын баяр наадам ойртож байсан цаг үетэй давхцаж байсан зэргээс шалтгаалж хилийн постыг хүч нэмэгдүүлэн офицероор ахлуулах даалгаврыг дээд удирдлагаас сумангийн дарга ахмад Х.Мадригт үүрэг өгсөн гэдэг. Аав баруун хилд ирэхээс өмнө Халхын голын Олон булгийн сумангийн харьяа Сүмбэрийн заставт ажиллаж байхад сумангийн дарга Х.Мадригтай ажиллаж байсан байдаг. Иймээс ахмад Х.Мадриг ажлын туршлагыг харгалзан итгэл хүлээлгэн эгзэгтэй үед хилийн манааны ахлагчаар аавыг томилсон юм билээ.

-Ямар шийдвэрээр томилсон байдаг бол?

-1948 оны долдугаар сарын 6-нд заставын даргын тушаалаар аавын удирдлагад тасгийн дарга Б.Гиваан, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, байлдагч Л.Даваадорж, Н.Дандархайдав, Б.Баян, Ч.Пэлжээ, Ч.Гончигзэгвэ, Д.Чойжин, Э.Архад нарт хүч нэмэгдүүлсэн хилийн постын үүргийг гурван хоног гүйцэтгэх үүрэг даалгавар өгсөн байдаг. Эд нар тус бүрдээ 120 сумтай винтов, хоёр ширхэг гранаттайгаас гадна дундаа нэг хөнгөн пулемёт авч явжээ. Дайсан нэвтэрч болзошгүй гэж үздэг байсан Бүдүүн Харгайтын голын адаг хэсгийг долдугаар сарын 6-7-ны шөнө боож, отож хянаж хоножээ.

-Тулгаралтын эгзэгтэй мөч хормын тухай аав чинь юу гэж ярьдаг байв?

-Долдугаар сарын 8-ны өглөө долоон цагийн орчим Б.Тэгшээ, Б.Баян хоёрыг хилийн постондоо үлдээж бусад хилчид цайгаа чанах гэж байтал “Дайсан ирлээ” гэдэг дохиог хүлээн аваад бүгд санд мэнд галаа унтрааж постын өндөрлөгт очиж байраа эзлэхэд Бүдүүн Харгайтын голыг уруудан 20 орчим морин ачаанд зэр зэвсэг ачсан 170 гаруй, рот орчим цэргүүд гол уруудан ирж яваа харагджээ. Эд бол Мэргэн ууланд бут цохигдсон 22 дайчныхаа өшөөг авч амьд хэл баривчлах зорилгоор “баатар” хэмээгдсэн Манатаар гэдэг хүнээр ахлуулсан 170 орчим цэргийг Сантуха тосгон дахь хуарангаас явуулж байсан байдаг. Эдгээр дээрэмчид Америкийн зэвсэг техникээр иж бүрэн зэвсэглэсэн байж. Дайсан уулын цаанаас далд хараагаар бууддаг 50-75 мм-ийн миномёт 4, хүнд пулемёт 2, хөнгөн пулемёт 6, винтовын бөмбөг буудагч хоёртойгоос гадна хүн бүр Америкийн хутган жадтай винтовоор зэвсэглэсэн байсан тухай зэвсгийн шинжээчид тогтоосон байдаг. Зэвсэглэсэн дайсан хилд тулж ирээд өдөөн хатгаж байгаад буцах тохиолдолд манай хилчид хэт давуу хүчний эсрэг эхэлж гал нээж дайн өдөөхгүй байх зарчим баримталдаг байсан юм билээ. Манай улсын хилд ихээхэн хэмжээний хүн хүч зэр зэвсэгтэй дайсан тулж ирэн дайн өдөөх болсон шалтгаан нь манай хилчдийн байлдааны арга техник хүн хүч үзэл санааны байдлыг сорин танихын зэрэгцээ мөн оны зургадугаар сарын 2-6-нд Мэргэн ууланд болсон тулгаралтад манай дайчдад бут цохигдсон дайсны талын шилдэг гэгддэг 22 хүнийхээ өшөөг авах мөн амьд хэл олзлох, боломж гарвал газар нутгаас тасдан эзэмшин хяналтаа тогтооход давхар чиглэгдэж байсан гэдэг. Энэ удаа манай хилчдээс 12-15 дахин илүү хүн хүч, зэр зэвсэгтэй зэвсэглэсэн дайсан манай улсын хилд тулж ирээд ачаа бараагаа буулгах хандлагатай болсон тул дайн өдөөх нь гарцаагүй болсон байна. Иймээс аав маань хүчээ дайны үеийн зохион байгуулалтад оруулж, дайчдаа хуваарилсан байдаг.

-Тэгээд яасан бол?

-Хилчин Ч.Пэлжээг морьдын хамгийн сайныг шилж унуулан 36 км-ийн зайд байрлах ар талд яаралтай холбоо барихаар явуулах, Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарыг баруун хойд талын өндөрлөгийг эзлэн байрлах, Д.Чойжин, Н.Дандархайдав, Л.Гочингзэгвэ нарыг зүүн талын өндөрлөгийг эзлүүлэн байрлуулахаар тогтжээ. Энэ хоёр өндөрлөгийн голын онинд командын удирдлага болох аав, Б.Баян нар байрласан байгаа юм. Э.Архад ар талын хэвгийд морь барьж хамгаалахаар болсон байна. Хилчдийг таран байрлахаас өмнө ахлах дэслэгч Г.Хаянхирваа дайчдадаа хандан хэлсэн үгийг хамт байлдсан Д.Чойжин 1948 оны долдугаар сарын 27-нд өгсөн ярилцлагадаа “Айх хэрэггүй, сумаа гамнасугай, харин түргэн групп удаж магадгүй. Сум дуусвал гранатаа өөр дээрээ тэслэх хэрэгтэй” гэхэд, бүгдээрээ “За мэдлээ” гэж хэлээд гурван толгойг эзлэхээр болж бэлхэнээ болсон” гэсэн байдаг. Зэвсэг техник, хүн хүчний давуу байдалдаа эрдсэн дайсан гал нээх тушаал өгөх тэр агшинд хилийн манааны ахлагч Г.Хаянхирваа улаан пуужингаар гал нээх тушаалыг дайчдадаа өгсөн байна. Дайсны эхний цохилт манай холбоочныг саатуулахад чиглэгдэж байсан боловч хамгийн сайн сургуультай Баянбалын Тэгшээгийн хүрэн халзан морийг унасан Ч.Пэлжээ дайсны суман мөндрөөс гарч асга, хад, гуу жалга, атираа, нугачаа ихтэй 36 км-т байрлах ар талд холбоо барьж чадсан түүхтэй. Энэ дайны дараа хүрэн халзан морийг дархалсан гэдэг.

-Байлдааны үйл явцын тухай аав тань ярьдаг байв уу?

Зүүн гараас урд эгнээ Г.Хаянхирваа, хүү Баатархүү, эхнэр Ажаахүү Арын эгнээнд охин Алтанцэцэг, дүү Түмэндалай

-Байлдаан эхэлж байх тэр үед манай дайчдын хөнгөн пулемётын дуу тасралтгүй тачигнаж, винтовын мэргэн галд дайсан хиар цохигдон байх тэр агшинд Байтаг Богд Бүдүүн Харгайтын голын лус савдаг эзэн нь эрэлхэг дайчдынхаа эр зоригийг бахархан бас өрөвдөн байрлаж байсан болов уу гэж аав минь дурсан ярьж байсан. Байлдаанд хилчин Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Гиваан нар сумаа дуустал эр зоригтой байлдаад олон удаа шархдаж эгзэгтэй үед өөрсөд дээрээ гранат тэсэлж, барихаар тойрон ирсэн дайсныг устган алтан амиа эх орондоо өргөсөн байдаг. Байлдагч Л.Дандархайдав байлдааны явцад хэд хэдэн удаа шархдан байраа өөрчилж байлдаж байсан боловч хүч тамир нь буурахад дайсан түүнийг амьдаар нь барихаар ойртоход дайснаас өрсөж өөрийгөө буудаж, цугласан олон дайсны өмнө эх орон газар шороо, аминаас үнэтэй байсныг харуулж чадсанаараа тэдэнд сэтгэл зүйн том цохилт өгч байсан гэдэг. Л.Дандархайдав маш сайн ухуулагч байсан бөгөөд зүүн хязгаараас манай аавын хамт шилжиж ирсэн байсан юм билээ. Хилийн манааны ээлж болоогүй байхад өөрийн саналаар манаанд гарч байсан гэхээр ямар гайхамшигтай эр зоригтой хүн байсан нь мэдэгддэг. Байлдагч Б.Баян дайсны өөдөөс нилээн сайн эсэргүүцэн байлдаж байсан боловч тулалдааны явцад шархдан буу нь гацаж хүндрэл учирснаас аргагүй давуу хүчинд автан дайсны суманд оногдож амиа алдсан юм билээ.

-Дайн гэдэг ч хүн хүсэхээргүй зүйл гэдэг нь тодорхой доо?

-Байлдаан эхлэхээс өмнө нам гүм, тайван байсан орчинд буун дуу тачигнан хад чулуу нүргэлэн цуурайтахад зогсоолдоо байсан манай морьд догшрон цовхорч, тал тал тийшээ зүтгэлэхэд хилчин Э.Архад эр чадлаараа тогтоох гэж үзсэн юм билээ. Энэ үед манай холбоочин Ч.Пэлжээ морио унаад хяр давж байгааг харсан дайсан энэ зүгт галын хүчээ төвлөрүүлснээр морьдыг хянахын зэрэгцээ байлдаж байсан хилчин Э.Архад дайсны суманд оногдож амиа алдсан нь гунигтай. Тэмцэлдэн байлдаж байгаа хоёр талын галын хүч дээд цэгтээ хүрч, аль аль тал нь ихээхэн хохирол амсч байх тэр агшинд дайсны командлагч манай суманд өртөн амиа алдсан гэдэг. Энэ үед дайсан галаа түр зогсоосон боловч хэсэг хугацааны дараа дайралт улам ширүүсч манай амьд үлдсэн гурван дайчдыг тус бүрд нь бүслэн олзлохоор улайран дайрсан юм билээ.

 -Таны аав болон бусад хоёр хилчин хэрхэн дайсны этгээдээс амь өрсөн гараа бол?

-Ахлагч Г.Хаянхирваа, байлдагч Д.Чойжин, Л.Гончигзэгвэ нарт дайсны бүслэлтээс яаралтай гарах тушаал өгөөд өөрөө галын хүчээр дайсныг торгоохоор үлдэж. Гэтэл зургаан дайсан аавын байрлаж байсан толгойг эзлэн түүнийг олзлохоор дайрсан байдаг. Иймээс дайснаас урьтаж толгойн оройд гараад тэдгээр дайсныг гранат шидэн устгасан байна. Дайсны хүч улам олон болж ойртоход Г.Хаянхирваа байлдсаар Гончигзэгвэ, Чойжин нартай нийлэн буудалцсаар байх тэр эгзэгтэй хүнд үед манай талын онгоц алсаас нисэн ирж байгаа нь харагджээ.

-Тэр ямар учиртай онгоц байж вэ?

-Хилчин Пэлжээ ар талд холбоо барьж чадсанаар холбоочин Мягмаржав, Пэрэнлэй нар шифр хүлээн авч Байтагт тулалдаан болж байгааг мэдээлснээр Бодончийн Хөх толгойн VI отрядаас нисэн ирж байгаа манай онгоцыг алсаас харсан дайсан алагдсан, шархадсан хүмүүсээ голын бургасанд нуун байрлуулсан хөсөгтөө ачин зугтсан байдаг. Энэ эгзэгтэй мөчид амьд үлдсэн манай дайчдын сум дуусаж өөрсөд дээрээ гранат тэслэхээс аргагүй болж байсан гэдэг. Байлдааны явцад аав, хоёр дайчинтайгаа дайсны хоёр давхар бүслэлтээс эсэн мэнд гарч чадсаныг цэргийн мэргэжилтнүүд “Г.Хаянхирваагийн цэргийн эрдмийг муугүй эзэмшсэн нь нөлөөлсөн” гэж дүгнэсэн байдаг.

-Тухайн үед дээш нь уламжилсан албан ёсны дүгнэлтэд юу гэж дурдсан байх юм?

-Тулгаралт байлдааны талаар 1948 оны долдугаар сарын 10-нд Дотоод яаманд ирүүлсэн мэдээнд “Хүнд тулгаралт 8-12 цаг хүртэл үргэлжилсний эцэст ахлах дэслэгч Г.Хаянхирваа нэгэнт хүчин үл хүрэлцэх болсон учрыг мэдэн цэрэг Чойжин, Гончигзэгвэ нартай дайсны чөлөөг харж ухран буудалцаж, дайснаас замд нь тосуулан тавьсан дөрвөн хүнийг гранатаар устгаж чөлөө гарган дайсны бүслэлтээс амжилттайгаар мултран гарахад дайсны зургаан этгээд хоёр километр гаруй мөрдөн хөөж буудсан боловч манай гурван хүн хариу буудалцсаар ойртуулаагүй учир дайснууд буцжээ. Дайснаас ухран гарсан Г.Хаянхирваа, Д.Чойжин, Л.Гончигзэгвэ нар нь үнэхээр гарамгай буудалцан чөлөөгөөр гарсан нь мөр олон ба дайсныг алж байсан цус зэргээс тодорхой батлагдаж байгаа юм” гэж тусгай ангийн дарга, хошууч Ш.Базар дээд удирдлагадаа гаргаж өгсөн илтгэлд тэмдэглэсэн байдаг. Дайсан зугтаж байхдаа амь үрэгдсэн манай хилчин Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын цогцосны ойролцоо мина булаад явсныг байлдааны дараа газар дээр нь очсон мэргэжилтэн Жамбаа аюулгүй болгосон гэдэг.

-Байлдааны дараа бодвол газар дээр комисс очиж дүгнэлт гаргаа байлгүй?

АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д төл хүлээн авч байгаа нь. Хурга тэвэрсэн нь Г.Хаянхирваа. 1958 он.

-Хил хязгаарт болж байсан тулгаралт байлдаан бүрийн дараа улсын комисс томилогдон газар дээр нь очиж нарийн шалгаж акт тогтоон шийдвэрлэдэг журамтай байж. Журмын дагуу долоодугаар сарын 9-нд Хилийн цэргийн намын комиссын дарга Сандив, VI отрядын дарга Зонров, штабын дарга Цэвэгмид, тусгай тасгийн дарга Базар, төлөөлөгч Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй комисс газар дээр нь очин нарийн шалган дүгнэлт гаргасан байдаг. Байлдааны явцад амь эрсэдсэн хилчин дайчдын цогцост хийсэн шинжилгээгээр “Тасгийн дарга Б.Гивааны толгойн яс битүү хэмхэрсэн. Наводчик Б.Тэгшээгийн баруун хөл нь өвдгөөрөө тасарч зөвхөн арьсан дээрээ тогтсон. Цээжний зүүн талд гранатын тэсрэлтээр том нүх гарсан. Хилчин Л.Даваадоржийн зүүн гарын дунд хуруунд гранатын кольцоо байсан. Бие нь дундуураа хоёр хэсэг болон хуваагдаж хоорондоо зургаан метр зайтай хол шидэгдсэн. Нас барахын өмнө Эвлэлийн батлахаа чулуун дор нууж байрлуулсан. Хилчин Б.Баянгийн хоолойд нэг сум туссан. Хилчин Э.Архадын цээжинд нэг сум, толгойд нэг сум тус тус туссан. Хилчин Н.Дандархайдав анх байсан газраас цээжинд нэг шарх, байраа өөрчилсний дараа дахин хоёр шарх аваад буудалцаж байх үед нь дайсан амьдаар олзлохоор ойртоход толгойн тус газраа өөрийгөө буудсан байна. Амьд гарсан Г.Хаянхирваа тэргүүтэй гурван хилчний тухайд үнэхээр эр зориг, авхаалж гарган чөлөөгөөр гарсан мөр олон ба дайсныг алж байсан цус зэргээр тодорхой батлагдаж байна” гэж дүгнэжээ.

-Дайсны тал хэд орчим хүнээ алдсан гэж үздэг вэ?

-Энэ байлдаанд дайсан 70 гаруй хүнээ алдсан гэж үздэг. Тулааны дараа хилийн цаана орших Шар хөтөл гэдэг газар дайснууд нас барсан хүмүүсээ гурван хоног оршуулсан. Энэ оршуулганд нэг ачааны, нэг суудлын, 23 морин тэрэг оролцсон гэдэг.

-Пээ, ёстой махан овоо босгоно гэдэг л болж дээ?

-Тухайн үед хилийн цэргийн удирдлагад ажиллаж байсан генерал Ж.Жамьян Байтагийн тулгаралтад оролцсон арван хилчин хатан зоригтой эх орончид байсныг дурсамж номондоо бичиж үлдээсэн. Хилийн цэргийн 55, Байтаг Богдын ялалтын 40 жилийн ойгоор хилчин дайчдад зориулсан хөшөөг босгосон байдаг. Энэ хөшөөг зураач Б.Гантулга, архитекторч Ц.Бат-Эрдэнэ, уран барималч Ү.Болд нарын зураг төслөөр Авдрантын чулууны аж ахуйд хийлгэж Ховд аймгийн Булган сумын Бүдүүн Харгайтад баатруудын өндөрлөгт босгосон. Нутгийнхан энэ газрыг эдүгээ ч “Арван баатрын гозгор” гэж хүндэтгэн нэрийддэг юм.

-Аав тань энх цаг ирэхэд ямар ажил алба эрхэлж байв?

-Дөчин есөн онд Хятадад хувьсгал ялж БНХАУ-ыг байгуулан, тавин онд дипломат харилцаа тогтоосноор хил хязгаар харьцангуй тайван болж цэргийн анги салбарыг цөөлөн, тэнд ажиллаж байсан 36 мянга гаруй хүнийг энх цагийн бүтээн байгуулалтад шилжүүлсэн түүхтэй. Аав тухайн үеийн энэ жишгийн дагуу 1952 онд цэргээс халагдан Улаанбаатар хотноо шилжин ирээд Сангийн яаманд зааварлагчаар ажилласан юм билээ. Манайх тухайн үеийн Усны гудамж буюу одоогийн шинэ циркийн орчимд Сангийн яамны долоон тоот хашаанд, төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтавын хадам Жадамбаа гуайнх, Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Содном, Молом, Чоймбол нарын олон айлуудтай хаяа хатган аж төрж байлаа. Зуны улиралд манайх Шадивлингийн зусланд зусна. Бид хавар намрын улиралд Туул голд сэлнэ. Аав 1953-1957 онд Намын дээд сургуульд суралцахад ээж Ч.Ажаахүү маань Сангийн яаманд жижүүр, Төв шууданд холбоо зөөгч-шуудан хүргэгч зэрэг ажил хийж амьдралаа залгуулдаг байсан. Аав Намын дээд сургуулиа төгсөөд 1957-1959 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д намын хорооны даргаар ажилласан даа. Аавыг энд ажиллаж байхад Сангийн аж ахуй үр тарианы тариалалтын талбайгаа гурав дахин нэмэгдүүлж, улсдаа шалгаран тэргүүлж, трактор комбайнч Эрхэмбаяр хөдөлмөрийн баатар болж байлаа.

-Танайх тэндээсээ Зүүнхараа руу шилжсэн гэл үү?

-Аав маань намайг ахлах ангид орох үед Зүүнхараа хотын Намын хороо болон Зүүнхараагийн САА-н Намын хорооны даргаар 1960-1963 онд шилжин ажилласан. Энд ажиллаж байхад нь гахайчин Буниа гуай хөдөлмөрийн баатар болж байлаа. Дараа нь 1963-1964 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн САА-н Намын хороонд шилжин ажиллалаа. Атрын-I аяныг эрчимжүүлэхэд хөдөө аж ахуйд боловсон хүчин зайлшгүй шаардагдах болсныг үндэслэн Алтанбулагийн ХАА-н техникумыг байгуулах саналыг аав маань тавьж байж. Аав 1967-1972 онд ХАА-н дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Дараа нь Төв аймгийн Батсүмбэрийн САА-д Намын хороон даргаар 1964-1979 онд ажилласан. Энд хамгийн удаан буюу 14 жил ажиллахдаа САА-н дарга А.Бадарчин, Амаржаргал гэсэн хоёр хүнтэй хамтран нийслэлийг хүнсний ногоо, сүү, цагаан идээгээр хангах зорилго тавин ажиллаж 400 үнээний хоёр, 800 үнээний нэг фермтэй болж, жил бүр таван сая литр сүү үйлдвэрлэн, дөрвөн мянган га-д тариалалт хийж найман мянган тонн төмс-хүнсний ногоо улсад тушааж 15-17 сая төгрөгийн борлуулалт хийж байснаа бахархан ярьдаг сан. “Тунгалаг Тамир” киноны Бадарч тахрын дүрд тоглосон жүжигчин Цэрэннадмид гуайг клубийн эрхлэгчээр аваачиж ажиллуулж хамт олноо манлайлснаар хөдөлмөрийн баатар дөрөв, улсын хошой аварга малчин хоёр, улсын аварга малчин хоёр тус тус төрөн гарсан. Хөдөлмөрийн баатар ногоочин Ц.Хорлоо, Монголд анх удаа гэр бүлээрээ хөдөлмөрийн баатар болсон ногоочин Ж.Пүрэв, Я.Должинжав, Монголын анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар, саальчин Авирмэд нар аавыг удирдаж байхад алдар цолонд хүрсэн хүмүүс дээ. Аавыг САА-д олон жил үр бүтээлтэй ажилласан гэж төр засгаас Алтан гадас одонгоор шагнаж, албан хэрэгцээнд нь зориулж автомашин олгож байсан сайхан үе бий. Харамсалтай нь амьдралын хал зовлон аавыг ч бас тойроогүй дайран гарсан даа.

-Амжилттай сайхан аж төрөлд нь ямар хар сүүдэр нүүрлэв?

-Батсүмбэрийн САА нийслэлийн зургаан сургуультай шефийн холбоо тогтоон зуны улиралд багш сурагчдыг ээлжээр амраан ажиллуулах “Хөдөлмөр амралтын зуслан”-г 1970 оноос байгуулан ажиллуулсан нь улсын хэмжээнд анхдагч байж. Гадаад, дотоодын зочид төлөөлөгчид ч туршлага солилцохоор олонтаа ирдэг байлаа. Тухайн үед VI сургуулийн захирлаар агрономийн мэргэжил давхар эзэмшсэн Ренчин гэдэг хүн ажиллаж байв. Багш сурагчдыг сүү, цагаан идээгээр хангахад мал аж ахуй, газар тариалан хоёр зайлшгүй зайтай байх шаардлагаар сүү зөөвөрлөхөд хүндрэлтэй байж. Тиймээс аав сүүний чиглэлийн сайн үүлдэрийн хоёр үнээг хөдөлмөр зусланд байршуулж багш сурагчдын хэрэгцээг хангахаас гадна үнээ саах, үхэр тугал хариулах зэрэг ажилд тэднийг дадлагажуулж байв. Гэтэл 1979 онд өндөр үнэтэй сүүний чиглэлийн үнээг өөр газар байршуулан сүүг нь улсад тушаалгүй олон жил зориулалтын бус аргаар ашиглан шамшигдуулсан гэдэг шалтгаанаар аав, Ренчин захирал нарыг Ардын хянан шалгах хорооноос байцаан шалгаж эцэст нь ажлаас нь халлаа. Ренчин захирал хожим Баянчандманьд суурьшин хувийн аж ахуй эрхлэн “Мон таримал” компанийг байгуулсан. Энэ компани маш амжилттай ажилласан тул Тайландын вангийн хааны шагнал хүртсэн манай урдаа барьдаг том компани болон өргөжиж, хүү Р.Цогтбуянт захирлаар нь ажиллаж байна.

-Хаянхирваа гуайг цаашид ямар хувь заяа хүлээж байв?

-Аав дээр дурдсан шалтгаанаар 1979 онд ажилгүй боллоо. Үүний хажуугаар ээж Ажаахүү маань өвчний улмаас нас барлаа. Генерал Б.Цэдэн-Ишийн бичсэн “Дархан хилийн домогт сургамж” ном Байтаг Богдын тулгаралтын 30 жилийн ойгоор гарч “Манай хилчид дайсныг хэт ойртуулж гал нээсэн. Мөн хилчин дайчдыг хэт өндөрт байрлуулсанаас байлдаанд зургаан хүн амь үрэгдсэн нь ахлагч Г.Хаянхирваа газар орны байдлыг сайн судлаагүйтэй холбоотой” гэж буруутгасан. Энэ бүхэн өндөр настай болсон аавд минь хүнд цохилт болсон доо. Аавыг минь нэг ёсондоо хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайран гарсан гэж олон хүн одоо ч дүгнэдэг. Аав маань удаан хугацаанд байцаагдсаны дараа 1980-1981 онд Төв аймгийн Үйлдвэрчний эвлэл, “Залуучууд” САА-н Үйлдвэрчний эвлэлд зааварлагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гавьяаны амралтад гарсныхаа дараа ч зүгээр суулгүй Арьс ширний эрдэм шинжилгээний төвийн захирал О.Рагчаад санал тавьж боловсон хүчнээр ажилласан. Малын гаралтай түүхий эдийг хэрхэн боловсруулах, түүгээр яаж бүтээгдэхүүн хийх зэрэг техник, технологийн нарийн ажиллагаатай танилцан туршлага хуримтлуулж Хилийн цэргийн харьяанд “Амгалан” хоршоог 1986-1994 онд байгуулан ажиллуулж байлаа. Энэ хоршоо хилчин дайчдад зориулж эмээл, хазаар, ногт, эмээлийн мод, гөлөм, тохош, богц, нэхий дотортой Монгол гутал, ажлын дээл хувцас, бээлий оёж нийлүүлэх зэрэг олон ажлыг гүйцэтгэж байсан. Аав минь шинэ мянганы эхний жил 79 насандаа бурхан болсон доо.

-Та ээжийнхээ тухай дурсамжаас хуваалцаач!

-Аав маань Халхын голын Эрс уулын заставт улс төрийн орлогчоор ажиллаж байхдаа ээж Ховд аймгийн Дарви сумын харьяат Чоёнгийн Ажаахүүтэй гэр бүл болсон юм билээ. Ээжийн маань эцэг эх багад нь нас барсан болохоор Улаанбаатар хотод байх лам ах Ч.Гомбосүрэн, Ч.Чанарав нарын гар дээр хүн болж. Ч.Гомбосүрэн ах Гандан хийдийн аж ахуй хариуцсан дэд хамба байсан гэдэг. Гучин долоон оны их хэлмэгдүүлэлтээр лам ах нар нь баригдан хороогдоход ахин өнчирлийн гунигт автсан гэдэг. Төрсөн нутагтаа байх эгч Цэрэнбал, Дарьхүү нар дээрээ очихыг хүссэн ч унааны зардал мөнгөгүйгээс нутгийн айл Ядмаагийнд байж байгаад тэднийхтэй хамт Халхын голд очсон юм билээ. Ингэж л аав ээж хоёр минь биесээ олжээ. Аав удирдаж явсан зургаан хилчин нас барсны улмаас тэднийгээ гашуудан дурсаж дотроо ихэд шаналснаас зарим шөнө зүүдэндээ тушаал өгч орилоод босон харайдаг байсан нь маш хүн цохилт болж байлаа гэж ээж маань ярьдаг сан. Аав, ээж хоёр нэг хүүхэд төрүүлсэн ч дутуу төрсний улмаас нас барсан гэдэг. Ингээд аав маань тухайн үед болсон тулгаралт байлдаан, цэрэг дайчдынхаа алдрыг мөнхлөн бодол санаагаа тайвшруулан тэгшлэх үүднээс нутгийн уугуул иргэнээс нэг охин үр үрчлэн авахаар ээжтэй тохирчээ.

-Та чинь тэгэхээр Хаянхирваа гуайн өргөмөл охин байх нь ээ?

-Ингэж Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул Төмөрийнхөөс Алтанцэцэг намайг үрчилж авсан юм билээ. Төөрч төрсөн аав ээж минь ёстой хүний дээд хүмүүс байсан даа. Миний төрсөн аав Пүрэвийн Төмөр Халхын голын дайнд зургаан жил явсан, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан мэргэж буудагч хүн байлаа. Төрсөн ээж Айку овогтой Цэвээн морин хуур сайн тоглодог, хил дээр цэргийн ангид хувцас оёх, хоол унд хийлцэх зэрэг ажилд сайн дураар тусалдаг байж. Төрсөн аав Төмөр маань цэргээс халагдаж ирээд ан хийж арьсыг нь улсад тушааж, махыг нь ойр орчмын айлуудын амьжиргаанд нэмэрлэдэг хүн байж. Тэргүүний анчдын нэг, хоёрдугаар зөвлөгөөнд оролцож байсан юм билээ. Аав Төмөрийг 1961 онд нас барахад охин Дуламсүрэн долоон, хүү Гомбосүрэн дөрөв, бага хүү Бямбасүрэн эхээс мэндлээд долоохон хонож байсан гэдэг. Дүү Гомбосүрэнг цэргээс халагдаж ирэхэд миний аав Хаянхирваа өөрийн гар дээр байлган Төв аймгийн цагдаагийн хэлтэст дагалдангаар оруулж цагдаа болгож байсан. Бага дүү Бямбасүрэнг маань ч хотод ТМС-д оруулж барилгын мэргэжил эзэмшүүлсэн дээ. Аав ээж хоёр маань 1959 онд Ховд аймгийн харьяат Түмэндалай гуайгаас миний дүү болох Х.Баатархүүг үрчлэн авлаа. Аав ээж хоёр минь аваатай өгөөтэй хорвоогийн дундуур дүүрэнг тэгшитгэх гэж үрчлэн авсан хоёр хүүхдээ ном эрдэм, ажил хөдөлмөрт сургахад бүхий л амьдралаа зориулсан юм. Миний дүү Баатархүү сургуулиа төгсөөд Төв аймгийн “Залуучууд” САА, Цээл суманд жолоочоор ажиллаж байхдаа ядарсан зүдэрсэн болгонд тусалдаг эгэлгүй нинжин өгөөмөр хүн байсан. Дүү маань 2006 онд өөд болсон.

-Та ямар мэргэжил эзэмшсэн хүн билээ?

-Миний хувьд 1953 онд Улаанбаатар хотын 13 дугаар сургуульд элсэн орж, хоёрдугаар сургууль, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын долоон жилийн сургууль, Зүүнхараагийн нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин суралцаж, Украины Харьков хотын политехникийн сургуулийг 1968 онд Силикат (цахиурлаг эрдэс)-ын инженер технологич мэргэжлээр дүүргэсэн. Монгол орны цахиурлаг элс өөрөөр хэлбэл манайхны өхөөрдөн хэлж заншсанаар өөхөн цагаан чулуу буюу түүнээс тогтсон элс чулууг ашиглахаар байгуулагдсан анхны үйлдвэрүүд нь шил шаазан эдлэлийн үйлдвэрүүд байлаа. Дээд сургуулиа төгсөөд Налайхын шилний үйлдвэрт дадлага хийж, улмаар инженерээр ажилласан даа. ХХҮЯ-нд 1974-1987 онд шил шаазангийн үйлдвэрийн техник технологийн ажиллагааг би хариуцан ажиллуулдаг байлаа. Манайх чинь шил шаазангийн үйлдвэрлэлээ сайн хөгжүүлж байлаа. Харамсалтай нь ерээд оны эхээр өмч хувьчлал нэрийн дор олон үйлдвэр хаалгаа барьсны нэг нь манайх. Гэвч, цаашид Монгол Улсад энэ чиглэлийн үйлдвэр хөгжих сайхан цаг ирэх биз дээ. Би аавынхаа байлдаж байсан Ховд аймгийн Булган сумын нутаг Байтаг Богд уулаас авчирсан хэдэн цагаан чулууг Налайхын шилний үйлдвэрийн зууханд дизелийн түлшээр хайлуулж 1985 онд амаар үлээгч Р.Банзрагчаар шилэн таваг бүтээлгэж музейд бэлэглэсэн дээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]