Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Иракийн цөмийн реакторыг устгасан Вавилон ажиллагааУншсан4,559

Энэ бүлэглэлийн очих эцсийн зорилго нь 1600 км-ийн цаана, Иракийн нутгийн гүн дэх “Осирис” нэртэй цөмийн реактор байв.

Орчуулагч Б.Бадрал

Израилийн нисэх хүчин 1981 оны зургадугаар сарын 5ны өдөр тусгай ажиллагаа явуулснаар шаардлагатай гэж үзвэл ямар ч асуудлыг Македоны Александр хаан Гордийн зангилааг тас цавчсантай адилаар шийдэж чадна гэдгээ дэлхий дахинаа харуулсан. Долдугаар сарын 7-ны 15 цаг 55 минутад хөдөлгүүрээ асаан нэмэлт цэнэглэлт хийж тушаал хүлээж байсан Израилийн нисэх хүчний найман ширхэг F-16A, зургаан ширхэг F-15A оролцсон баг ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг аваад тухайн үед Израилийн мэдэлд байсан Синайн хойг дахь Эпион нисэх баазаас Акабын буланг өнгөрөн Иорданы агаарын орон зай руу 300 метрийн өндөрт нэвтрэн радарт харагдалгүй өнгөрөөд Саудын Арабын агаарын орон зайд мөн л 300 метрийн нам өндрөөр орж, радарт мэдэгдэлгүй ниссээр Иракийн тэнгэрт нэвтэрчээ.

Энэ бүлэглэлийн очих эцсийн зорилго нь 1600 км-ийн цаана, Иракийн нутгийн гүн дэх “Осирис” нэртэй цөмийн реактор байв. Төлөвлөгөө ёсоор бол дайралтын явцад тус бүр 950 кг-ийн бөмбөг ачсан F-16A онгоцууд реактор руу дайрч харин F-15A онгоцууд нь радарын эсрэг идэвхтэй хориг саад агаарт тавиад, Иракийн амдан устгагч онгоцнуудын болзошгүй дайралтаас бусдыгаа хамгаалах ёстой байв.

Иракийн орон зайд нэвтэрсэн даруйдаа онгоцууд нислэгийн өндрөө 30 метр хүртэл багасгав. Реакторт дөхөж ирэх үед F-15A радарын эсрэг идэвхтэй саад тавьсны дараа F-16A онгоцнууд 2100 метрийн огцом өндөр авч 35 градусын өнцгөөр цагт 1100 км-ийн хурдтайгаар шунган дайрчээ. Үргэлжлүүлэн 1100 метрийн өндөрт хүрмэгцээ таван секундийн зайтайгаар бүгд Mark-84 бөмбөгийг хаясан байна. Довтолгоо амжилттай болж бүх 16 бөмбөг байгаа оносон ч хоёр нь дэлбэрээгүй аж. Энэ үеэр сэхээ авсан Иракийн агаараас эсэргүүцэх хүч буудаж эхлэх үеэр онгоцууд хэдийнэ 12 мянган метрийн өндөр аваад яг ирсэн замаараа буцаж нисчээ.

Иракийн агаараас эсэргүүцэх хүч Саудын Арабын талаас онгоц орж ирж дайрна чинээ төсөөлөө ч үгүй байсан тул хамгийн үнэтэй эхний хэдэн секундийг алдсан ч араас нь гал нээж, пуужин тавьжээ. Гэвч балмагдах зуур нь довтолгоогоо дуусаад өндөр аван буцах зүгт нисэж байсан онгоцнуудад ямар ч гэмтэл учирсангүй бөгөөд тэд буцаж Саудын Араб, Иорданы нутгаар дайран цэргийн бааздаа эсэн мэнд иржээ.

Үр дүнд нь дайралтад өртсөн Иракийн цөмийн реактор эргэн сэргээх боломжгүй гэмтэл авсан тул энэ улсын цөмийн хөтөлбөр зогсож, Саддам Хусейны цөмийн зэвсэгтэй болох мөрөөдөл агаарт замхарсан юм.

Төлөвлөлт

“Вавилон” хэмээн нэрлэгдсэн энэ ажиллагаа Иракийн цөмийн зэвсэгтэй болох бүх боломжийг таслан зогсоох Израилийн Засгийн газрын урт хугацааны шаргуу хүчин чармайлтын оргил нь байсан гэж болно.

Ирак 1959 оны наймдугаар сард ЗХУ-тай Засгийн газар хоорондын гэрээ байгуулж, энхийн зорилгоор цөмийн эрчим хүчийг ашиглах салбарт хамтран ажиллахаар тохиролцсон нь тус улсын цөмийн хөтөлбөрийн эхлэл юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Зөвлөлтийн тал Иракийн мэргэжилтнүүдийг бэлдэж, ураны хүдэр хайхад туслаад зогссонгүй 1968 онд Багдадаас холгүйхэн ердөө 2 мегаваттын хүчин чадалтай жижиг реактор барьж өгчээ. Ийм реактороос цөмийн зэвсэг хийх плутон гаргаж авна гэж үгүй тул бүс нутгийн улс орнууд, түүний дотор Израйль нэг их сэтгэл түгшихгүй байв. Харин Саддам Хусейн засгийн эрхийг гартаа төвлөрүүлснээр байдал эрс өөрчлөгджээ. Тэрээр 1975 онд Москвад айлчлахдаа илүү өндөр хүчин чадалтай цөмийн реактор хүсэхэд Зөвлөлтийнхөн зөвшөөрсөн ч МАГАТЭ-гийн мэргэжилтнүүдийн хяналт дор ажилладаг байх ёстой гэсэн болзол тавьжээ. Цөмийн реакторыг ашиглан цөмийн бөмбөг хийхэд хангалттай хэмжээний плутон гарган авах зорилготой байсан Хусейнд энэ болзол таалагдсангүй. Иймд дипломат шугамаар бусад улсуудын боломжийг тандаж эхлэв. Удалгүй Францын удирдлага түүнд туслахад бэлэн байгаа тухай мэдээ авсны дараа Саддам тухайн үеийн Францын Ерөнхий сайд Жак Ширактай тохиролцож “Осирис” цөмийн реактор, судалгааны “Изис” лаборатори ба 93 хувийн баяжилттай 72 кг ураны хамт авахаар тохиролцжээ. Хамгийн гол нь гурван тэрбум доллараар Францын тал МАГАТЭ-гийн ямар ч хяналт, шалгалтгүйгээр хийж өгнө гэж амласан явдал байлаа.

Үүний дараагаар 1976 онд Ирак ураныг дахин боловсруулж, плутон гарган авахад ашигладаг “халуун камер” гэгч зүйлийг худалдан авахаар Италитай гэрээ байгуулж амжив. Үүнтэй зэрэгцээд Португал, Нигер, Бразил улсуудаас ердийн уран худалдан авч, ХБНГУ-аас баяжуулсан уран худалдан авах тухай хэлэлцээ хийж эхэлжээ. Энэ бол Саддам Хусейн цөмийн зэвсэгтэй болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэсэн үг байв.

Ийм нөхцөлд Израйл Саддамыг хэзээ цөмийн бөмбөгтэй болох бол гээд зүгээр суухыг хүссэнгүй, бүх боломжийг таслан зогсоохоор янз бүрийн аргаар оролдож эхлэв. Эхний ээлжинд дипломат шугамаар Францын удирдлагад хандан Иракт цөмийн реактор барьж өгөх хэрэггүй гэж янз бүрээр ятгаж үзэв. Гэвч цагийн сайханд буюу 1960-аад онд Израилийг нууцаар цөмийн зэвсэгтэй болоход маш их тусалж, Алжир дахь цөмийн туршилтын талбараа хүртэл ашиглуулж байсан Франц өчигдөрхөн өөрсдөөс нь тусламж авч байсан улс өнөөдөр ирээд тэрэнд битгий тусал, түүнд ч битгий барьж өг гэж заахыг зөвшөөрсөнгүй, Иракт цөмийн реактор барьж өгөхөөр хатуу шийдсэн гэдгээ ойлгуулжээ.

Дипломат аргаар үзээд дийлэхгүй байсан тул Израилийн Засгийн газар алдарт “Моссад”-даа даалгавар өгчээ. Үүнээс нэг их удалгүй буюу 1978 онд Иракт зориулсан цөмийн реакторыг угсарч байсан Францын үйлдвэрт дэлбэрэлт болов. Реактор сүйрэхэд хэн ч мэдэхгүй “Францын экологийн бүлэг” гэдэг байгууллага байгаль орчныг хамгаалахын төлөө ийм арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн ч үнэн хэрэг дээрээ энэ ажиллагааг “Моссад” явуулсан гэдэгт хэн ч эргэлзэхгүй байлаа.

Гэвч тэр үеийн Франц бол одоогийнхоос илүү амбицтай, нэр хугарахаар яс хугар гэдэг улс байсан тул Иракт цөмийн реактор барьж өгөхөөр хатуу шийдэж шинээр угсарч эхлэв. Ингээд 1979 онд бэлэн болсон хоёр дахь реакторыг Тулон хотын боомтод авчран Ирак руу хүргэх усан онгоцонд ачих явцад дэлбэрэлт болж, реактор устжээ. Энэ ажиллагааг ч “Моссад”-ын хорлон сүйтгэгчид хийсэн гэдэгт хэн ч эргэлзсэнгүй. Францын удирдлага энэ удаад ч бууж өгсөнгүй өөрийн хөрөнгөөр реактор барьж өгнө гэж амлаад хамгаалалтын арга хэмжээгээ асар өндөрт хүргэж чангалсны ачаар реакторыг 1980 онд Иракт хүргэжээ.

Одоо Израилийн Засгийн газар тийм амар буугаад өгчихдөггүй гэдгээ харуулах ээлж болов. Иракт авчирсан реакторыг угсрах явцад төслийг удирдаж байсан Иракийн гурван толгой эрдэмтэн учир битүүлгээр нас баржээ. Гэвч Францын мэргэжилтнүүдийн зүтгэлээр ажил амжилттай урагшилж 1981 оны долдугаар сард гинжин урвалыг эхлүүлэхээр төлөвлөөд байв. Хэрэв ажлаа төлөвлөсөн ёсоор явуулбал Ирак 1983 он гэхэд гурван цөмийн бөмбөг, 1985 онд таван цөмийн бөмбөг хийх хэмжээний плутонтой болохыг мэргэжилтнүүд тооцоод байв.

Энэ үеэс Израилийн удирдлага Иракийн цөмийн реакторыг устгахын тулд арми оролцсон ажиллагаа явуулах боломжийг эрчимтэй судалж эхлэв. Тухайн үеийн Израилийн Ерөнхий сайд Менахем Бегим энэ ажиллагааг дэмжиж байсан ч гарцаагүй явуулах шаардлагатай гэдэгт эргэлзэж байтал АНУ-ын Төрийн департаментаас Иракийн цөмийн реактор гагцхүү Израилийн эсрэг чиглэсэн байлдааны объект мөнөөс мөн гэсэн шинжээчдийн дүгнэлт бүхий захидал ирснээр эргэлзэхээ байж шийдвэр гаргажээ.

Ингээд 1980 оны аравдугаар сарын 29-нд Израилийн удирдлага Иракийн реакторыг агаараас устгах ажиллагаа явуулах эцсийн шийдвэр гаргаж, тусгай ажиллагаандаа “Вавилон” гэсэн нэр өгөв. Ажиллагааг боловсруулсан Израилийн ЦНХ-ий хошууч генерал Давид Иврийн төлөвлөгөө ёсоор F-15А онгоцнуудаар хамгаалуулсан F-16A онгоцнууд бөмбөгдөх ёстой байв. Үүнээс гадна эсрэг тал агаараас хамгаалах пуужин, амдагч онгоцоор дайрах үеэр онгоцууд оногдож, нисгэгчид шүхрээр газардвал аврах зорилгоор онгоц нисэх зам давуу нисгэгчдийг аврах ажиллагаа явуулдаг “669-р анги”-ийн дайчдыг урьдчилан нисдэг тэргээр нууцаар хүргэж, болзошгүй аврах ажиллагаанд бэлдэв.

Агаарын дайралтыг хийхдээ хамгийн дөт замаар Сирийн нутаг дээгүүр дамжилгүй, бүр эсрэг талаас буюу Саудын Арабын нутгаар хэний ч төлөвлөөгүй баруун зүгээс дайрах нь зүйтэй гэж үзжээ. Ингэвэл Иракийн агаараас эсэргүүцэх хүч цочирдож цаг тухайд нь хариу арга хэмжээ авч чадахгүй гэж тооцсон нь ч туйлын зөв болохыг дараагийн үйл явдал харуулсан.

Үүнээс гадна Израилийн холбогдох албаны хүмүүс ажиллагаа эхлэхээс сарын өмнө Парис хотноо Ираны удирдагч Хомейнийн хүмүүстэй уулзаад, шаардлага гарвал Тебриз дэх Ираны нисэх хүчний баазын буудал дээр онгоцуудаа газардуулах талаар тохиролцоод авсан байна. Найман жил үргэлжилсэн Иран, Иракийн дайн дөнгөж эхлээд, Иран ихээхэн ялагдал хүлээж байсан тул дайсан этгээддээ ноцтой хохирол учруулах боломжийг еврейчүүдтэй нийлээд ч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Иран үзсэн бололтой. Ингээд зогсохгүй Ираны тал бөмбөгдөлт хийх газар нутгийн дэлгэрэнгүй газрын зургийг Израилийн талд өгч нэмэр болсон байна.

Ингээд бүх бэлтгэл хийгдсэний дараа 1981 оны зургадугаар сарын 7-нд хийсэн дайралт амжилттай болсон тухай дээр өгүүлсэн тул давтан нурших нь илүүц биз.

Төгсгөл

Хэдийгээр Иракийн цөмийн реакторыг Израйль 1981 онд бөмбөгдөж, 1991 онд Персийн булангийн дайны үеэр америкчууд олон арван удаа бөмбөгдөж юу ч үгүй болгосон хэдий ч 2003 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Израилийн болон өөрсдийн хийсэн 1981 оны судалгааны мэдээлэл дээр үндэслээд Саддам Хусейнийг үй олноор хөнөөх зэвсэг түүний дотор цөмийн зэвсэг нууцаар үйлдвэрлэж байна гэж буруутган дайрч түлхэн унагаад улсыг нь эзэлж, төр эргүүлсэн. АНУ нь Ойрхи Дорнодыг Иракийн цөмийн зэвсгээс чөлөөлсөн баатар болох гэж Иракийг эзэлсний дараа маш нарийн шалгалт явуулаад юу ч илрүүлээгүй юм.

Израилийн явуулсан энэхүү ажиллагаа нь Ираны хувьд ч том сургамж болсон. Тэд Израилийн нисэх хүчний боломж, тусгай албадынх нь төлөвлөх, тооцоолох чадвар ямар өндөр болохыг харсан тул хожим өөрсдөө ОХУ-ын тусламжтайгаар Бушерт цөмийн реактор барьж эхлэхдээ нэн тэргүүнд оросуудаас С-300 агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авч, аль ч зүгээс ирсэн дайралтыг няцаах боломжтой болж авсан төдийгүй дэд бүтцийн нэн чухал элементүүдийг газар дор байрлуулах болсон. Иймээс ч Ираны цөмийн объектыг дэлхий дээрх агаарын довтолгооноос хамгийн сайн хамгаалагдсан объектуудын нэг гэж үздэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]