Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Гэндэнжамц: Япончууд юм сурахгүй хүний мөр, толгойг цавчих энүүхэндУншсан7,659

Тэр данжаадын хөл нь хавтгай болоод сарвайчихсан байна гэнэ. Баартуу хүний хөл андашгүй, хүнд юм үүрч явган явсаар байгаад хөл нь хавтгайраад сарвайчихсан байдаг юм санж.

Л.Батцэнгэл


Өнгөрөгч зууны гучаад оны үед манай улсын олон айл өрх Өмнөд Монголын нутагт дүрвэн гарсан байдаг. Тэдгээр айлууд Өмнөд Монголын Алшаа, Дархан бэйл гэдэг газарт хэсэг бүлгээр тархай бутархай аж төрж байгаад гучаад оны сүүлчээр Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд бөөгнөрч Дилов хэмээх аймгийг байгуулан амьдарч байжээ. Тухайн үед 600 гаруй айл өрх дүрвэн гарсан тухай яриа байдаг бөгөөд 1945 онд 502 айл эх орондоо буцаж ирсэн байдаг. Тэр үеийн үйл явдлын халуун голомтод байсан хүмүүсээс эдүгээ насны эрхээр гарын арван хуруунд багтам амьд түүхийн цөөхөн гэрч үлдсэн байдгийн нэг 89 настай Цэрэнгийн Гэндэнжамц гуайтай сонин хачныг хөөрөлдлөө.

-Хэлмэгдүүлэлтийн үед Өмнөд Монгол руу манай олон айл өрх дүрвэсэн гэдэг байх аа?

-Гучаад оны үед Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын олон айл харгислалаас зугтан Өмнөд Монгол руу дүрвэн гарсан байдаг. Улсын баруун хилээр олон арван айл өрх Хятадын Шинжаан нутагт, мөн зүүн хил Дарьганга чиглэлээр цөөн тооны айл дүрвэсэн юм билээ. Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын Их Богдын өврөөс Өврийн лам Жамбалзундуйгаар ахлуулсан Ламын гэгээнийхэн, Өмнөговиос Очирдара лам тэргүүтэй Балдан засгийнхан, Дундговиос Ганжуурваа ламаар толгойлуулсан Түшээ гүнийхэн гэсэн айлууд тус тусын чиглэлээр Өмнөд Монголын Эзэний гол, Урд дунд гүний хошуу зэрэг газруудад цагаачлан амьдарч байлаа. Ар халхаас урд зүгт дүрвэн гарсан их хутагт Дилов Жамсранжав гучаад оны сүүлчээр Өмнөд Монголын зүүн талаас баруун тийш явж цагаач халхуудтай уулзан “Газар газар тархай бутархай зовж зүдэж байхаар нэг дор бөөгнөрсөн нь дээр” гэж цагаач 600 гаруй айлыг Муумянган хошуунд хошуунд бөөгнүүлсэн юм билээ. Муу мянган гэдэг нь энэ хошууны ардууд ноёныхоо хатныг хөнөөж бэлиг эрхтнийг нь шарж идсэн учраас муу махан хошуу гэж нэрлэсэн гэгддэг байсан нь хожмоо Муумянган хошуу болж өөрчлөгдсөн юм гэнэ лээ гэж цуурдаг байсан.

-Цагаач халх айл өрхөөс бүрдсэн аймаг хүртэл байгуулсан гэл үү?

-Гучаад оны сүүлч гэхэд одоогийн Эрээн хотоос урагш, Сайхан талаас зүүн тийш Бүтэмж хошууны төвөөс хойш хуучин хятад цэргийн хуаран байсан туурь Ханхүү буюу Панжаан гэдэг газар дүрвэж гарсан их хутагтын нэрээр нэрлэсэн Дилов аймаг хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдсан. Тэр үед япончууд зүүн хойд Хятадыг эзлэн засаглалаа тогтоосон байсан учир бүх л үйл ажиллагаа япончуудын удирдлагаар явагдаж байлаа. Дилов аймаг байгуулагдах үеэр Дилов хутагт Өмнөд Монголд байгаагүй, япончууд зөвхөн алдар хүндийг нь л ашигласан юм билээ. 1910-аад оны үед Хятадын хар цэрэг энд бөөгнөрч байгаад Ар Монголын хилийг давдаг байсан гэж нутгийн хүмүүс хуучилдаг байсан. Тэр үед Өмнөд Монгол таван аймаг, 49 хошуутай байсан ч халхуудаас бүрдсэн засаг захиргааны нэгжийг аймаг гэж томруулан нэрлэсэн нь их л онцгойлсон хэрэг байж. Аймгийн захиргааг Зургаан гэдэг байсан. Ямар учиртай нэр байсныг мэдэхгүй юм. Анхны Зургааны даргаар Ар Монголоос оргож очсон Намсрай гэдэг хүн, орлогчоор нь Очирдара лам, Ганжуурваа хутагт нар ажиллаж байсан. Намсрай нь Ар Монголын тагнуул болох нь илэрч, японд баригдаж алуулсан гэж ярьдаг байсан. Дилов аймгийн төвөөс зүүн тийш Гашууны ус гэдэг газарт Монгол гэрийн хэлбэртэй халхуудын хийд шинээр байгуулагдаж ном хурдаг байлаа. Халхууд нааш нүүхдээ овор ихтэй хөрөнгө хогшлоо тэнд их орхисон. Бодвол нутгийн хүмүүс тэр эд хогшил дээр найрласан биз. Гашууны хийдийн лам нар дөчин таван онд нүүж ирээд Дорноговь аймгийн Иххэт сумын зургадугаар багийн нутаг Нүдэн хэмээх газар шинээр хийд байгуулж арваад жил болоод Улаанбаатарын Гандантэгчинлэн хийдийнхэнтэй нийлсэн дээ. Нэгэн үе Гандангийн их хамбаар ажиллаж байсан Дагвадорж гуай бол Гашууны хийдэд шавилан сууж байсан лам нарын нэг байсан.

-Тухайн үед урд талд байдал ямаршуухан байсан бол?

-Тэр үед Өмнөд Монголд Ар Монголын тагнуул их очдог байлаа. “Тагнуул баригдаж гэнэ. Буцаад хил даваад зугтчихаж гэнэ” гэсэн яриа их дуулдана. Нэг удаа япончууд Монголын нэг цэргийг бариад Хан хугийн төв дээр ирж хонохдоо ганцааранг нь гэрт хийгээд цоожилчихож. Шөнө халхын хэдэн цагаач залуус гэрийн хаяаг өргөн дотор нь байсан цэргийг гарган, унаа морь олж өгөн зугтаалгаж. Маргааш нь япончууд “Олзлогдсон цэрэг оргоод явчихаж” гэж баахан хайснаа, яваад өгсөн, бодвол явуулын улс байсан шиг байгаа юм. Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул “Алтан панз” хочит Батсүх тагнуулчаар очоод баригдаж Хан хугийн төв дээр гадуур ажил хийдэг байсан. Тэгэхдээ халхын Балжин хүүхэнтэй ханилж их л чөлөөтэй байж байтал Жанчхүүд аваачаад хорьчихож. 1945 онд Монголын цэрэг Өмнөд Монголыг чөлөөлөх үед тэнд хоригдож байсан бүх хүн суллагдаж эсэн мэнд нутагтаа ирсэн юм гэсэн. Нөгөө Батсүх ч нутагтаа ирчихсэн айл хэсээд архи уугаад явж л байсан. Алтанширээгийн уугуул хүрэл Наваан гэдэг хүн Жанчхүүгийн шоронгоос оргож өдөр нь гуу жалга, уул хаданд бүгэж, шөнө нь нуугдаж явсаар сар гаруйн дараа цагаач халхууд дээр ирж унаажин хөл залгаад хил давсан гэж ярьдаг байсан.

-Дайн тулаантай цөвүүн цагт Монгол ахан дүүс маань нэгэндээ хэр элэгтэй хандаж байв?

-Нэг айлд Ар Монголын гурван тагнуул ирээд явлаа гэсэн мэдээ сонсоод нутгийн нэг ноён хэдэн хүн дагуулаад нөгөөдүүлийг барихаар явж. Тэдний дунд халхын цагаач сагсуу Дагва гэдэг хүн байж. Тэр үед буу зэвсэг ховор, гол төлөв цахиур буу хэрэглэнэ. Сагсуу Дагва хаанаасаа ч олсон юм, тэр үеийн боловсронгуй зэвсэг болох бирдаан буутай байж. Ноён тэргүүтэй хүмүүс нөгөө гурвыг гүйцэх үед тэд хил рүү зугтаахад Дагвыг “Бууд” гэж тушаасан ёсоор нэгийг нь буудаж унаган, хоёр нь хил даваад явчихжээ. Дагвыг Алшаа яамнаас дуудсан ёсоор очиход “Эв хамтын тагнуулыг устгахад гавьяа бөайгуулсан” хэмээн нэг мориор шагнаж. Дагва тарган бор морь хөтлөн гэртээ хүрээд ирэхэд хавь ойрынхон аль хэдийнэ дуулчихсан чулуу модоор шидэж, хөөж тууж хачин юм болов. Зарим цагаач залуус Дагвыг хэвтэрт ортол хэдэнтээ зодож, үүдэн шүдийг нь хуга цохьсон байв. Үүнээс хойш Дагвынхан халхчуудаас нэлээд зайдуу бараадах төдий амьдардаг болсон юм. Дагва дөчин таван онд Монголд орж ирээд баригдаж яваад буцаж ирээгүй. Бодвол зохих шийтгэлээ хүлээж тэр чигтээ алга болсон байх.

-Цагаач халхууд ч их өрөвдөлтэй байж дээ, зайлуул?

-Жүгдэр чавганцынх гэж хоёр чавганцтай, хоёр хүүхэнтэй айл байсан. Тэд нар их уйламхай, юм л бол бүгд уйлцгаана. “Тэнд нэг хүн үхэж” гэвэл биенээ дагаад енгэнэтэл уйлцгаана. Нутгийнхан эднийхийг “Уйлдагийнхан” гэж хочилцгоох. Халхын тагнуул алагдсаныг сонсоод эднийхэн хоёр гурав хоног уйлцгаасан юм байх. Худалдаа арилжаа хийх гэсэн наймаанууд их явна. Наймаа гэдэг нь маймаа гэдэг хятад үгээс гаралтай, манайхан сонсголоороо м үсгийг н болгож дуудсанаар наймаа гэсэн нэр үүсэж. Данжаад гэсэн нь харин дарга даамал, эзэн гэсэн утгатай. Дамнуурга мөрөн дээрээ тохож поолуу сагс үүрч намбаганан явах наймааг баартуу гэнэ. Баартуу гэдэг нь зарц боол гэсэн үг. “Хонь тэмээний ноос авна” гээд нэг тэмээ унасан наймаа ирсэн. Манай хөгшчүүл тэр хүний хөлийг хараад “Энэ данжаад урьд нь баартуу байсан хүн байна” гэдэг байлаа.

-Баартууг нь яаж таньсан юм бол?

-Тэр данжаадын хөл нь хавтгай болоод сарвайчихсан байна гэнэ. Баартуу хүний хөл андашгүй, хүнд юм үүрч явган явсаар байгаад хөл нь хавтгайраад сарвайчихсан байдаг юм санж. Данжаадууд морь унаатай явдаг учир хөл нь эвдэрч хэлбэр дүрсээ алдаагүй цомбогор хэвээр байдаг юм байна л даа. Намар цагт айлуудын эсгий хийх ноосыг савж өгнө гээд нум сумны нум үүрчихсэн хоёр наймаа явдаг байлаа. Айлын хашаа пүнзний мухарт том ширээ шиг юм засчихаад түүн дээр ноос асгаад нумаа ноосныхоо голд хийчихээд нум сум харвах гэж байгаа юм шиг хөвчлөөд татаж тавиад байна. Үүнийг ноос нумдах гэнэ. Тэгээд хонины ноосыг яах ийхийн зуургүй сэмлээд хаячихна. Нарийн технологи нь юундаа байсныг сайн мэдэхгүй юм.

-Монголын хилийн цэргээс японд урвасан хүмүүс мэр сэр байдаг байсан гэл үү?

-Японы цэргийн хэргэм зэрэгтэй, цэрэг хувцастай нэг цэргийн дарга халхчуудын дунд үе үе үзэгдэх. Батбуян хэмээх тэр хүн Японд цэргийн сургууль төгссөн, уугуул нутаг нь Архангайнх юм байна. Батбуян нутагтаа нэг хүүхэнтэй хайр сэтгэлтэй болж хурим найр хийх, хамтран амьдрах тухай ярьж байтал гэнэт цэрэгт татагдаж, урд хил дээр цэргийн агт маллах болж. Цэрэгт ирсэн даруйд хүүхнээс ганц хоёр захиа ирж байснаа сүүлдээ захиа огт ирэхээ байж, Батбуян хэчнээн их захиа илгээвч чимээ ч үгүй тул “Өвдөж зовсон юм болов уу” гэж дэмий л сэтгэл зовж хоног өдрийг өнгөрөөх болж. Батбуян нутгаасаа хоёул цэрэгт ирсэн юм байж. Анхны жил өнгөрч байхад нутгийн цэргийн ах нь дүүгээ эргэхээр иржээ. Батбуян бөөн баяр болж хүүхнээ асуусан чинь нутгийн баян айлын хүүтэй суучихсан гэж. Ингээд Батбуян нэг шөнө оргож Өмнөд Монгол руу гараад очиж. Япончууд Батбуянг шууд сургуульд явуулсан байдаг. Мань эр Японы цэргийн сургуульд гурван жил сурч төгсөөд салаа цэрэг захиран 1945 онд Төмөртэй тосгоны хавьд тууж явахдаа “өст хүн Өлийн даваан дээр” гэгчээр хуучин салаан даргатайгаа халз тулгарч баригдан ирж, 15 жил шийтгүүлж ялаа эдэлж дууссан байдаг. Тэр тавин хэдэн онд шоронгоос суллагдаж, тэр үеийн Долдугаар гуанзанд манаачаар ажиллаж байсан. Батбуян “Би хүүхнээс болж балрах шахсан хүн. Энэ засаг энэрэнгүй сайхан засаг, би өчиггүй буудуулах байсан хүн” гэж байнга ярьдаг байсан.

-Монголоос хятадууд эх орон руугаа мэдээж гардаг байсан байлгүй?

-Гучаад оны сүүлээр нэг жил гурван зуу гаруй хятад хүн Монголын хилээс урд зүгт Баруун Сөнөдийн нутаг дамжин явган явж өнгөрсөн. “Хил давуулаад хаячихсан юм байх аа” гэлцэж байв. Олон хүн замдаа өлсөж, зарим нь өвчнөөр үхсэн. Нутгийн хүмүүс хоол цай зөөж өгөөд нэмэр болохгүй үхээд байсан гэдэг. Нэгэнт дордсон хүн сэхдэггүй юм байна лээ гэж ярьж байсан. Заримаас нь Монголд ямар байна гэж асуухад “Үхэр Монгол их муу. Үхвэл таарна” гэлээ гээд доог тохуу болцгоож байсныг сайн санаж байна.

-Та тэр үед юу хийж байв?

-Дилов аймгийн төвд хоёр жил болоод төгсдөг бага сургууль, зургаан сараас хоёр жилийн хугацаагаар ажилладаг Цэргийн түр сургууль байсан. Бага сургуульд Монгол бичиг, дөрвөн аргын тоо, япон хэл зэрэг хичээл орно. Багш нар нь гол төлөв Ар халхаас оргож очсон хүмүүс байлаа. Мухар хуруу Пунцаг гэж багш улаан шороо тавьсан хаврын өдөр хүүхдүүдийг жагсаан алхуулаад “Дэлхийн хөдөлмөрчдийн баяр мандтугай. Банзай” гэж хашгируулж байсан. Банзай гэдэг нь японоор ура гэсэн үг. Биднээр “Бүхий олон багачууд...” гэсэн дууг заан дуулуулдаг болсон. Хэн зохиосны нь ч мэдэхгүй. Нэг мэдсэн нэг япон хүн хүүхдүүдийг ээлжлэн дуудаж уулзан “Энэ дууг хэн зааж өгсөн, ямар утга агуулгатай дуу вэ” гэх мэтээр байцаах болов. Удалгүй Пунцаг багш “Эв хамтын эсэргүү тагнуул хүн юм гэнэ” гэсэн яриа гарч нэг л шөнө тэр алга болсон. Түүнийг тагнуул гээд бариад явсан юм билээ. Бид дээд тал нь 12-13 насны хүүхдүүд юугаа мэдэхэв. Тэр үед тагнуулч ч бай, биш ч бай “Эв хамт” гэсэн үгтэй нэг л холбогдвол амьд гарна гэсэн ёсон байхгүй, өчиггүй буудуулдаг байсан. Ар Халхаас очсон гэм зэмгүй олон хүн ийм байдлаар амь насаа алдсан.

-Пунцаг багшийн чинь оронд ямар багш томилогдов?

-Өмнөговийн уугуул өндөр Ойдов гэдэг хүн бидэнд хичээл зааж төгсгөсөн. Ойдов багш бас баригдаж Жанчхүү хотод хоригдож байхад нь азаар Монголын цэрэг чөлөөлж, дөчин таван онд энд ирээд “Японы тагнуул, эх орноосоо урвагч” гэсэн шалтгаанаар баригдаж олон жилийн ял сонсон шоронд орсон. Арваад жил хатуу газар суугаад ялаа дуусган Өмнөговь аймгийн Хүрмэн суманд амьдарч байгаад насан өөд болсон доо. Түүний хүү Баяр Хүрмэн сумын орлогч даргыг насаараа хийж байгаад тэтгэвэртээ гарч одоо эрүүл сэрүүн амьдарч байна.

-Япон багш хичээл ордог байв уу?

-Коно гэж япон багш япон хэл заадаг байсан. Хүүхдэд жигтэйхэн хайртай. Хүүхдүүдийн үсийг хусаж өгч, чихний хулхийг ухаж өгөх зэргээр бидэнтэй эрээ цээргүй харьцана. Бид ч Коно багшдаа их хайртай. “Хүүхдүүдийн хоол ундны чанар чанар муу, ариун цэвэр хангалтгүй байна” гэж ярьдаг ганц хүн байсан. Коно багш нэг жил хэртэй болоод яваад өгсөн. Сүүлд сонсоход “Эв хамтын үзэл санаатай эсэргүү байсан учир халхчуудын дунд ажиллуулж болохгүй” гэж үзсэн юм гэсэн яриа дуулдсан.

-Дилов аймгийн төв нь ямаршуухан суурин байв?

-Аймгийн захиргааны байшин нь гадна талаараа хашаатай, хашаанд тулгаж барьсан хоёр намхан байшингийн нэгэнд нь бага сургуулийн сурагчид бид эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгаран суудаг байсан. Цэргийн түр сургуулийн хэдэн байшинд халхын залуучууд зургаан сарын хугацаатай цэргийн алба хаана. Хөл гарын сургуулийг өдөр, шөнөгүй хийж гутал хувцас нь урагдаж нооройсон хүмүүс байсан. Цэрэг хувцас тавьж өгөхгүй тул Монгол дээл, гуталтай, урагдсан гутлаа олс дээсээр боочихсон явна. Улаан бурхан, хижиг гэсэн халдварт өвчин гарч цэргийн сургуулиас маш олон хүн үхсэн. Манай бага сургуулиас харин нэг ч хүүхэд өвдөөгүй өнгөрсөн. Сургуулийн тогооч нахиу Гэндэн гэдэг хүн өглөө бүхэн данхтай улаан ус барьж зогсоод хүүхэд бүрийн хоолойг зайлуулдаг байсан. Бодвол маарганцтай ус байсан юм болов уу. Нэг жил хүүхдүүдийн дунд бөөсний өвчин гараад Даариймаа гэдэг хүүхэд өвдөж үхэхээ шахаад бослоо. Сүүлд сонсох нь ээ, бөөсөн тип гэдэг өвчин юм билээ. Бүх бие нь бөөсөнд битүү баригдсан, чих, хамрын нүх, нүдний хөмсгөнд хүртэл бөөс шигдчихсэн байх юм билээ. Жаахан удсан бол бөөс арьс махыг нь цоолж идэх байсан байх.

-Ёстой нэг бузрын өвчин байж дээ?

-Коно багш л Даариймааг усанд оруулж, бүх хувцсыг нь сольсон. Үстэй дээлийг нь гадаа наранд дэлгэж тавиад нэг шар эм цацсан чинь бөөснүүд тал тал тийшээ ус урсах мэт бэлчиж байлаа. Бид дээл тэрлэгээ нөмрөөд халуун ханзан дээр унтана. Ханз гэдэг нь өвлийн цагт доогуур нь гал түлчихдэг шавар ор л гэсэн үг. Бид япон гэдэг нэрийг огт мэдэхгүй. Наран улс, наран багш л гэж ярьдаг байсан. Цагаач халхчууд, наран багш гэсэн хоёр өөр үндэстэн ястан иймэрхүү янзтай нэг дор амьдарна. Цэргийн сургуульд япон болон өмнөд Монгол багш нар орно. Урт сэлэм зүүсэн наран багш нар цэргүүдийг их дарлаж зодно. Уур нь хүрвэл сэлмээ шууд сугалж аваад дүрэх цавчих зэргээр харгислана.

-Япончуудын сэлмэнд өртсөн хүн олон байв уу?

-Дугуйцагаан гэдэг тарган цагаан залуугийн мөрийг цавччихсан, өөх нь цухуйж байсныг цэргүүд утаатай шар навтас эсгий шатааж тавиад байсан чинь сайхан эдгэсэн гэж ярилцдаг байсан. Тэр үед ойр зуур хэрэглэдэг эм тан, үзэж хардаг эмч доктор ч байгаагүй цаг байж. Хосоомий гэдэг дарга халхын бүх цэргүүдийг шарх сорвитой болгосон. Наран багш нарт бялдуучлан долигонож хов зөөдөг хүмүүс ч байлаа. Лав л тагнуулч Нанхүү гэдэг хүнээс хүмүүс их болгоомжилж айдаг байсан. Харин нааш нүүх үймээний үеэр хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон доо. Нууц харилцааны хэрэгсэл моорзын аппарат дээр сургууль хийж байгаад ойлгохгүй мунгинасны улмаас наран багшаар толгойгоо цавчуулж хөглөж байснаа Бөнтгөр гэдэг хүн ярьдаг байсан. Бөнтгөр гуай “Хүн гэдэг бол бөх амьтай, зовлон даадаг амьтан. Хуйхны арьсаа эргүүлж наачихаад хичээлдээ боолттой явсаар эдгээсэн” гэдэг сэн.

-Та тэр Хан хугийн сургуульд хэдэн онд сурч байв?

-Жамьяндорж, Жумдаан бид гурав 1942 онд Хан хугийн бага сургууль төгсөөд Баруун Сөнөд хошууны төв Вангийн ордны дэргэд байсан Багачуудын дунд сургуульд шилжин сурсан. Багачуудын сургуулийг японоор “Ю Нэн Ка Ко”, хятадаар “Юненша шо” гэнэ. Одоо бодоход энэ сургууль япон дэг журмаар ажилладаг байсан юм билээ. Өглөө хоол идэхдээ “Эрт оройн идээн бол бүгд тэнгэрийн хайрласан хишиг. Идатакимс” гэж залбираад иднэ. Идатакимс гэдэг нь японоор хүртье гэсэн үг. Вангийн ордноос баруун хойш хорь гаруй километрт Баян-Овоо гэж уул байсан. Энэ уулыг жил бүрийн зун тахиж тэнд янз бүрийн хүн их цуглана. Анх удаа тэнд гэдэс нь урагшаа цүдийчихсэн, нүд нь ногоон, хөнхөр, хамар нь өндөр шовгор, үс царай нь шар европ хүн үзэж “Ийм хачин хүн бас байдаг аа” гэж ахин дахин эргэж тойрч байж билээ. Сүүлд дуулахад хувьсгалаас зугтан оргож очсон орос хүн байсан юм билээ. Багачуудын сургуулийн зүүн талаар том зам явах бөгөөд ердийн хөсөг, хааяа нэг чийчаан явж харагдана. Нэг өдөр энэ замаар үхрийн хар тугал шиг юм жигтэйхэн хурдтай давхиад явчихсан. Тэгсэн тэр нь одоогийнхоор мотоцикль байсан сан. Машиныг хятадаар чи-чан гэх бөгөөд чи гэдэг нь уур, чан гэдэг нь тэрэг гэсэн үг л дээ. Тэр мотоцикльтой давхидаг хүн бол Өмнөд Монголын Дэмчигдонров ноёны туслах Ишням гэдэг өмнөд Монгол хүн байсан. Энэ хүн Баянхонгор аймгийн Баянговь сумаас Алшаа нутагт дүрвэж очоод байсан Дорждулам гэдэг хүүхэнтэй ханилан сууж байсан тухай доктор С.Бадралын бичсэн “Өврийн хувилгаан багштай дүрвээд, эргэж ирсэн Ламын гэгээний шавь халхчуудын хууч яриа” гэдэг номд тодорхой дурдсан байдаг.

-Тантай хамт суралцаж байсан нөхдийн тань хувь заяа хэрхсэн бол?

-Би Багачуулын сургуульд элсэн зургаан сар болоод хөдөө мал малладаг эцэг маань нас барсан учир мал дээр гарсан. Жамьяндорж Монгол Улсдаа ирээд нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөж, улмаар ЗХУ-д дээд сургуульд суралцан санхүү, эдийн засгийн мэргэжил эзэмшиж Сангийн яаманд БНМАУ-ын ерөнхий нягтлан бодогчоор олон жил ажиллаж, одоо эрүүл саруул амьдарч байгаа сурагтай. Жумдаан маань 1945 онд Ар Монголын цэрэг очих үед өвчнөөр нас барсан гэдэг.

-Танайхан Монголдоо хэзээ, яаж орж ирэв?

-Цагаач халхчуудын бүх өрхийн тэргүүлэгчид 1945 оны долдугаар сард аймгийн захиргаан дээр цугларан хуралдаж Дилов аймгийг татан буулгаж, Баруун Сөнөд хошуунд харьяалуулах болсон. Ингэж байгуулагдаад зургаа, долоон жил болсон Дилов аймгийн үйл ажиллагаа дуусгавар боллоо. “Ар Монголын цэрэг хориод хоногийн дараа орж ирнэ. Замаас зайлж нүүцгээ” гэж зар тарсны дагуу айлууд тал тал тийш нүүж, манайх Ундрахын элс гэдэг элсэн манхан дунд буусан. Наймдугаар сарын зургаан долооны үед элсэн манхны оройгоос харахад баруун хойд зүгт битүү улаан тоос манараад байсан нь Монголын цэрэг орж ирж байсан нь тэр юм байж. Үүнээс хойш нэг их удалгүй Баруун Сөнөд хошууны төв Вангийн ордон дээр Ар Монголын цэрэг Өмнөд Монголын ард түмнийг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсний баярыг тэмдэглэн бөх барилдуулж, морь уралдуулан наадам хийсэн. Энд Ар Монголын дарга нар үг хэлж байсантай манай цагаач халхчууд таарч нутаг ус, ах дүү саднаа сураглан бөөн баяр хөөр, уйлаан майлаан болж байсныг би сайн санадаг. Удалгүй халхчууд нутгийн зүг нүүх болж илүү гэр, овор ихтэй зүйлээ хаяж хойт хилийн зүгт бөөгнөрч эхэлсэн. Яг энэ үеэр Өмнөговиос дүрвэж гарсан Очирдара хувилгаан, жасын нярав цоохор Найдан, Жаал Чанрав, Дагданпунцаг нарын хүмүүс гэр бүлийн хамт оргож алга болсон байв. Арван хэдэн морьтой, ногоон хувцастай цэргүүд давхилдан “Очирдара лам хаа байна” гэж хүн амьтнаас асуусан ч олдоогүй юм.

-Тэд хаашаа явсан хэрэг вэ?

-Сүүлд сонсоход цоохор Найдан насбарж, Дагданпунцаг урд нутагт үлдэж, Очирдара лам, Чанрав нар Энэтхэгт цагаачилж очсон байдаг. Очирдара лам жараад оны үед өөд болж,Чанрав гэр бүл, үр хүүхдүүдийн хамт Монголдоо ирж насан өөд болсон. Хүүхдүүд нь одоо Монголдоо байгаа.

-Цаг цөвүүн үед Ар Монголдоо байхдаа гэмт хэрэг хийсэн хүмүүс урагшаа хил давсан л байгаа даа?

-Зарим халхчууд дүрвэн гарахдаа хоршоо дэлгүүр тонон дээрэмдэж, хүн алах зэргээр их л будлиан самуун үүсгэсэн юм гэсэн. Тиймэрхүү муу үйл хийсэн Дэлэгсамба, алаг Намнан гэх хүмүүсийн сураг дуулддаг байсан. Гэхдээ бидний амьдарч байсан Баруун Сөнөд хошуунд тэд амьдарч байгаагүй. “Дэл хөнжлөөр нутагладаг уу, Дэлэгсамбатай холбоотой юу” гэсэн байцаалтын асуулт хүртэл байсан гэдэг. Алаг Намнан гэдэг хүн алуулсан гэх бөгөөд түүний эхнэр Хандсүрэн Жамбалцэрэн гэдэг хүнтэй сууж байгаад Өмнөговьд нутагтаа ирж насан өөд болцгоосон юм билээ.

-Чөлөөлөхөөр очсон орос, Монгол цэргүүд дүрвэгсэдтэй яаж харьцдаг байв?

-Дайны хажуугаар дажин гэж их үнэн үг шүү. Нааш нүүх санаатай бүх айлууд нэг газар бөөгнөрөөд буучихсан байсан чинь гэнэт хоёр муу морь уначихсан орос цэрэг ирээд айлуудыг дээрэмдэж, гэгээн цагаан өдөр охид хүүхнүүдийг хүчиндэх гэж бөөн юм болов. Хүмүүс цугларч бөөн үймээн шуугиан болж охидоо арай л хүчиндүүлсэнгүй. Тэгсэн нөгөө хоёр орос хоёр муу морио хаяад хэдэн сайхан морийг аваад явчихаж. Жооног Дэндэв гэдэг залуугийн ч хоёр сайхан морийг аваад явсан байв. Дэндэв нөгөө хоёрыг алсаас бараагий нь хараад дагаад байж. Хоёр орос Тамчийн тал гэдэг газар очоод морьдоо чөдөрлөөд шөнө унтаад өгөхөд нь Дэндэв сэмхэн хэдэн морьдоо суллаж тавиад хөөгөөд ирж. Эзэнгүй талд явган үлдсэн хоёр оросын хувь заяа хааш эргэснийг бүү мэд. Морь унаагаар хэдэн өдөр ч яваад гаталж барамгүй арвин тал шүү дээ.

-Монголдоо нүүж ирэхэд байдал ямаршуухан байв?

-1945 оны наймдугаар сард Баруун Сөнөдөд байсан таван зуу гаруй халх айл нэгэн зэрэг хил давж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Тоодогийн нуур гэдэг газар хэсэг саатаж, хүн малын тооллого явагдсан. Дотоод яамныхан хориос дээш насны бүх хүнээс байцаалт авсан. Эндэх хүмүүсээс Өмнөд Монголд цэргийн түр сургуульд байсан хорь гаруй эрсийг баривчилж тэмээн дээр мордуулан, хөлийг нь доогуур нь холбож уяад, нүдийг нь алчуураар боож, гарыг нь ард нь хүлээд тэмээний бурантгийг хүзүүнд нь эвхэж, таван цэрэг сул тууж аймгийн төвд авчирсан байдаг. Нүүдэлчдийн олонхи болсон Балдан засгийнхан буюу өмнөговийнхон Дорноговь аймгийн Иххэт суманд, Түшээ гүнийхэн буюу Дундговийн цөөн айл Хар-Айраг суманд, баянхонгорынхон буюу Ламын гэгээнийхэн Иххэт суманд арваад жил суурьшин суусан юм. Өссөн төрсөн нутагтаа шилжин суухыг удаа дараа хүсч өргөдөл хүсэлт гаргасныг 1955 онд дээд газраас зөвшөөрсөн ёсоор өөр өөрийн нутагтаа очицгоосон доо. Би Иххэт суманд шинэ үсгийн багшаар анхандаа ажиллаж байлаа.

-Түүнээс хойш ямар ажил алба эрхлэв дээ?

-Иххэт сумынхаа анхны хоршоонд тоо бүртгэгч, мөнгөний нярваар ажиллаж, тавиад онд хоршооны даргын алба хашсан. Ажлаа нэр төртэй хийж Худалдааны техникумд суралцаж төгсөөд ЗХУ-ын Москвагийн Мал эмнэлгийн академийн амьтны гаралтай түүхий эдийн бараа судлалын дээд сургуулийг дүүргэлээ. Эх орондоо ирж ажил албаа гүйцэтгэж байгаад Новосибирск хотын Хоршооллын худалдааны дээд сургуулийн дээд курс, Зөвлөлтийн Шинжлэх ухаан техникийн ордны дэргэдэх Ардын их сургуулийг тус тус дүүргэж сумын анхны хоршооны тоо бүртгэгчээс Хөдөө аж ахуйн дээд сургуульд багш, Худалдаа бэлтгэлийн яамны тасаг, хэлтсийн дарга, газрын орлогч дарга зэрэг албыг хашсан байна даа. Монголын ард түмний гавьяат худалдааны ажилтан, Түүхий эдийн бараа судлалын магистр, Олон улсын ангийн үс судлалын нийгэмлэгийн Азийн салбарын гишүүн, ийм л хүн дээ, би.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 15. 21:40
Батаа

Маш сонирхолтой ярилцлага, сонирхолтой түүх байна. Баярлалаа.

10 сар 30. 11:47
Зочин

сайхан түүх байна даа ,ийм хүмүүс ховордоод байгаа нь харамсалтай одоо яалтай билээ амьд ахуйд нь ххуч яриаг нь бичиж авч үлдэх нь чухаг шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]