Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

И.Доржсамбуу: "Таван минут тэр цээжин дор тэснэ гэдэг тэвчсэний шинж"Уншсан26,708

гүй дээ, сандраагүй. Түрүүн хэлсэнчлэн өөрийнхөөрөө л барилдана гэж бодсон. Гараад нэг өрсөн. Гэтэл шинэ цолтнуудад шагнал гардуулна гээд зогсоосон.

Монгол Улсын хүчит гарьд И.Доржсамбуугийн тухай "Наадмын үзүүр түрүүнд үлдчихээд толгойгоо уургалуулаад түрүүгээ алдаж билээ" нэртэй нэгэн бодрол нийтлэл, ярилцлага хэвлэлд гарсан байдаг. Бөх сонирхогч уншигчдадаа толилуулж байна.

"Хүний орчлонд утга төгөлдөр амьдрах үнэт чанаруудын нэг нь хувь хүн өөрийгөө олоход оршдог болов уу. Өөрийгөө олоогүй, хэн бэ гэдгээ мэдрээгүйгээс үүдэн нэр алдартай олны танил хүмүүс байж боломгүй алдаа гаргаж, тэнэглэж, мунхагладаг. Зарим үед арай ч дээ гэж өрөвдөхөд хүргэн, дэндүү өчүүхэн шүү гэдгээ ард түмэнд гэрлийн хурдаар таниулна.

Ийн өгүүлж байгаагийн учир өөрийгөө олсон юм шиг бодогддог (олох гэж эрж хайж яваа ч байж магад) нэгэн хүний тухай санаа бодлоо уншигчидтайгаа хуваалцахыг хүссэн хэрэг. Энэ бол Монгол Улсын гарьд И.Доржсамбуу.

Түүнийг нуруулаг, жудагтай сайхан бөх гэдэгтэй хэн ч маргадаггүй. Бүгд л хоёр гараа өргөж хүлээн зөвшөөрнө. Ингэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байгаа нь дээр өгүүлсэнтэй минь утга дүйнэ. Гарьдад бөхийн эрдэм заасан анхны багш нь зэргэлдээ сумын (Хишиг-Өндөр) Батлайн Төмөрхуяг гэдэг хүн байж. Сумын заан цолтой, физик-математикийн багш энэ хүн Доржсамбууг анх хараад "Би эрж явсан эрдэнээ оллоо" хэмээн дуу алдсан гэдэг. Багш шавь хоёр 1989 оны намрын тунгалаг нэгэн өдөр бие биенээ ийн олжээ. "Доржсамбуу чи үе тэнгийнхээ залуучуудтай их удаан барилдаж байна. Тэртэй тэргүй давна. Ер нь унасан ч, давсан ч аль болох түргэн барилдаж үзэгч олноо хүндэтгэж бай" гэж захисныг нь ой тоондоо ортол ухаарсан тэрбээр барилдаан бүрийн өмнө багшийнхаа хэлснийг санадаг гэнэм.

Харамсмаар барилдаан алийг тэр гэхэв. Гэхдээ л 1999 оны наадмын тавын давааны тунасан хоёр бөхийн барилдаан санаанаас ер гардаггүй.

Заан цолонд тун ойр гэгдэж байсан И.Доржсамбуу, Б.Ганбат нар энэ даваанд тунасан. Хоёр начны хэн давсан нь заан болох байв. Тэд аргагүй торгон ирэн дээрээ байсан үе л дээ. Тунасан хоёр бужигнаад л явчихав. Яах ийхийн зуургүй Доржсамбуу өрсөлдөгчийнхөө ард гарчихаж. Тэгтэл Б.Ганбат элэг бүсээ тайлж барилдаан зогслоо. Дүрмийн дагуу хуучин барьцаар нь барилдааныг дахин эхлүүлэх байтал Ганбат "Элэг бүсний уяа барилдаан дунд өөрөө тайлагдсан" хэмээн гүрийгээд.

Доржсамбуу маргасан ч үгүй. Дахин барилдаж яалт ч үгүй өвдөг шороодон тахимаа өгөөд буцав.

Наадамчид "Түрүүнд хуучин барьцаар нь барилдуулах байсан юм. Жудагтай бөх учир маргасангүй. Гэхдээ өөрөө л хохирч үлдлээ шүү дээ. Одоо Ганбат заан болно" хэмээн дор бүрнээ харуусч суусан. Үнэндээ ч тэр жил Б.Ганбат аварга О.Балжиннямаар долоо даван заан цолд хүрсэн билээ. Хэзээ билээ дээ, сар шинийн нэгэн барилдаанд Д.Сумъяабазар аваргатай түрүү үзүүрт үлдэж хоёр бөх зэрэг шахам унасан. Тэгтэл гарьд (тухайн үед заан цолтой байсан санагдана) "Миний өвдөг арай түрүүлж хүрсэн байх" гээд тахимаа өгөв. Олны нүдэн дээр илт уначихаад түрүүлж гүйн дэвдэг "моод" газар аваад байсан үед Доржсамбуугийн энэ шийдвэр олны сэтгэлд ихэд нийцсэн.

Энэ мэтчилэн жижиг юм шиг хэрнээ том алхмууд түүнийг хэн бэ гэдгийг олонд улам таниулсаар. Үндсэндээ тэр өөрийгөө нээсээр яваа юм. Хөдөө нутаг, айраг цагаа, адуу мал, Монгол бөх түүний оршихуй. Өвгөд хөгшид, багш нараа ихэд хүндэтгэн дээдэлж, ард түмэн наа¬дамчин олныхоо өмнө хэзээд жижиг байдаг нь бас л түүнд нуугдан байдаг чанар. 2007 оны наадамд Х.Мөнхбаатар арсланд унаж үзүүрлэснийхээ дараа "Төрийн наадамд түрүүлэх хувьтай хүн гэдэг өөр юм байна" хэмээн хээв нэг өгүүлж суух.

Барилдааны цаг, дүрмийн тухай тэрбээр

- Би энэ үгийг хэлье гэж боддог ч урьд нь ердөө гаргаж хэлж байсангүй. Гэхдээ энэ удаад хэлье гэж бодлоо. Энэ зөвхөн миний барилдааны онцлогтой холбоотой гэж хүмүүс бүү бодоорой. Намайг сэнжигнээс барилддаг болохоороо л ингэж хэлж байна гэж бодохвий. Барилдааны цагийн хувьд 10 минут барилдлаа гэж бодьё. Гэтэл нөгөө бөхчүүд зугтаад байдаг. Цаг яваад байдаг. Зугтаад буй бөхийг шийтгэж, шахаж элэг бүс, сэнжиг хоёуланд нь атгуулдаг. Гэтэл шийтгэж байгаа юм бол өнөөх зугтсан бөхөд барьц бариулахгүй байвал илүү ончтой юм шиг. Яагаад гэвэл тэр бөх шийтгүүлж байгаа шүү дээ. Гэтэл барьц өгдөг нь шийтгэл биш бараг амжилт, шагнал болчих гээд байгаа юм шиг санагддаг.

- Хаялцах барьцын тухай :

- Барилдааны цагийг багасгаж, хаялцах барьцаар барилдуулах болсныг би ч бас боддог. Бөхийн холбооныхноос асуухаар “Үзэгчдээ бодсон хэрэг” гэж хэлдэг. Гэтэл үзэгчдээ бодоод бөхчүүдээ бас бодохгүй байж болохгүй санагдана. Уран гоё барилдаан бараг үгүй болсон гэж хэлж болно. Өрөөд, мэх хийгээд, нэг л болохооргүй бол барьц халаад, шодолт хүлээх хандлагатай. Ингэхээр Монгол бөхийн мэх цөөрч, үзэгчид ч уйдаж цөөрөх юм шиг сэтгэгдэл надад төрдөг. Харин ч олон мэх хийж, уран сайхан барилдаж байж үзэгчдийн тоо нэмэгдмээр.

Бөхийн дүрэм бөхчүүдийг жин нэмэхээс өөр аргагүй байдалд оруулж байна гэж сүүлийн үед ярих болжээ. Энэ аль хэр үнэний ортой вэ ?

- Үнэн. Бөхийн дүрэмд хугацааг богиносгосноор залуучууд дор хаяж 100 кг жинтэй байх гэж хичээдэг болж. Үзэгчдэдээ нийцүүлнэ гэх юм. Хугацааг богиносгосноор барилдаан хурдан болоод байгаа гэж бас ойлгож болохгүй. Миний хувьд дүрмийг бөхчүүддээ, ялангуяа уран сайхан барилдаг бөхчүүддээ нийцүүлбэл илүү үр өгөөжтэй байх гэж боддог.

- Таны амьдралын хамгийн хүнд, харуусалтай үе хэзээ байсан бэ ?

- 1995 онд аавыгаа алдсан маань. Манай гэр бүлийн хувьд үзсэн анхны зовлон. Би тэр жил Есөнзүйлийн даншигт барилдаж, заан цол хүртсэн юм. Аав минь тэрний дараахан өөд болсон. Харин дараа нь заан цолыг минь хураагаад авчихсан. Өгөх ёсгүй наадам байсан гээд. Ингээд би “Аав минь намайг тэнгэрээс харж байгаа. Миний хүү заан цолтой гэж бодож байгаа. Тиймээс би аавынхаа бодолд хүрч, энэ цолыг авах ёстой” гэж боддог байлаа. Тэгж өөрийгөө ирлэдэг байсан даа.

- Бөхийн дүрэмд эмчилгээний цагийн тухай заасан байдаг санагдана. Гэтэл бөхчүүд эмчлүүллээ гээд цагаа аваад байдаг ?

- Тийм ээ, би саяхан Баянзүрх уулын хишиг барилдаанд аймгийн арслан Ш.Мөнгөнбаатартай таарч барилдсан. Гэтэл түүний элэг бүс хэт нарийн, гар авчих гээд. Тэгэхээр нь би хэлтэл “Тэгье ээ, ахаа би сольчихьё” гээд эмчийн тийшээ очоод элэг бүсээ ороолгоод ирсэн. Энэ хооронд нөгөө барилдааны цаг чинь бараг дуусчихаж байгаа юм. Ингээд барьц авч барилдана гэхээр нь би “Элэг бүсээ ороолгоно гээд удсан шүү дээ. Тэгэхээр тэр цагийг барилдааны цагт тооцохгүй” гэж хэлсэн. Гэтэл засуул, хөлийн цэц ерөнхий цэцээс асуух боллоо. Ерөнхий цэц П.Дагвасүрэн гуай ирээд “Золгож барилд” гэсэн. Ингээд миний үгийг сонсоогүй. Гэлээ ч би “За, уг нь дүрэм нь тийм биш. Гэхдээ та нарыг хүндэтгээд барилдья. Энэ залуугийн талаар золгоод барилдья” гэж хэлээд барилдсан. Ийм зүйл бөхөд байгаа юм аа.

- Ер нь залуу бөхчүүд хэл ам хийх нь их болсон шиг харагддаг. Танд тэгж санагддаг уу ?

- Тийм ээ, цаг үеэ дагаад тэр юм уу бидний үеэс эрс өөрчлөгдсөн. Миний зодгийг зарим залуу бөхчүүд барьц өгдөггүй гэж Бөхийн холбоонд гомдол гаргасан юм шиг билээ. Нэг удаа холбооноос над руу ярьж байсан. Тэгэхээр нь би үнэнээ л хэлсэн. Миний сэнжгэнд хоёр биш дөрвөн хуруу ч багтдаг, элэг бүсэнд ч хоёр хуруу орох зайтай чангалдаг. Миний зодог яг стандартаар хийгдсэн. Би олон жил бөх барилдсны хувьд хүнд барьц өгөхгүй байх чадварыг өөрийнхөө хэмжээнд сайн эзэмшсэн гэж боддог юм. Гэтэл үүнийг зодогтой холбон тайлбарлаад байдаг. Тэгээд би холбооныхонд хэлсэн л дээ. “Хэрвээ тэгж үзэж байгаа бол би зодгоо аваад очье. Та нар сайн шалгаад үз” гэж.

Х.Мөнхбаатар арслантай барилдахад та сандарч байв уу. Улсын наадмын үзүүр түрүүний барилдаан гэдэг тэр бүр таараад байх даваа биш шүү дээ ?

- Үгүй дээ, сандраагүй. Түрүүн хэлсэнчлэн өөрийнхөөрөө л барилдана гэж бодсон. Гараад нэг өрсөн. Гэтэл шинэ цолтнуудад шагнал гардуулна гээд зогсоосон. Ингээд дахиж өрмөгц хагалж цохиод толгой уургалчихсан. Тэгээд таван минут тэр цээжин дор тэснэ гэдэг бас тэвчсэний шинж. Тэгээд унасан л даа.

- Та Х.Мөнхбаатарыг бодвол олон жил улсын наадамд барилдаж, танигдсан бөх. Унасандаа хэр их харамссан бэ ?

- Харамсаад бухимдаад байгаагүй ээ. Нэгэнтээ дийлэхгүй л унасан юм чинь. Харин дахиж ийм алдаа гаргахгүй байх нь чухал. Гэхдээ би давшиж, урагш явж барилддаг болохоор ихэвчлэн унасан ч гэсэн барилдаандаа сэтгэл хангалуун үлддэг юм. Гэтэл тэр барилдаан дээр тэгж өөрийнхөөрөө барилдаж чадаагүй нь л тоогүй. Энэ барилдааны дараа олон хүн намайг хариуцлагагүй барилдсан гэж хэлж зэмлэж байсан. Уг нь сайн барилдья л гэж гарсан.

- Танд ер нь бөх үзэгчид хатуу үг хэр хэлж байв. Санаанаас гардаггүй тохиолдол бий юу ?

- Бий. Цэргийн арслан цолтой байсан юм болов уу. Паркийн цэнгэлдэхэд Их сорилгын өмнөх барилдаан болсон санагдана. Би барилдаж яваад дэвжээний захад хүрээд, буцахдаа шүлсээ хаячихаж. Тэгсэн нэг өвгөн намайг “Чи дэвжээ рүүгээ шүлсээ хаялаа. Ийм бөх яаж ахиж, сайн барилдах вэ дээ” гэж загнаж билээ. Энийг би дандаа санаж явдаг.

- Тэрнээс хойш та шүлсээ дэвжээн дээр хаяагүй гэж үү. Зарим бөхчүүд бүр нусаа нийж хүртэл харагддаг шүү дээ ?

-Би түүнээс хойш үргэлж тэр үгийг санаж, тийм үйлдэл хийхгүй гэж бодсон. Дэвжээгээ дахиж тэгж бузарлаагүй ээ.

Эх сурвалж: Zaluu.com, Тод магнай

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]