Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тавин жилийн үерхэл-насан туршийн найзуудУншсан1,256

Саяхан буюу “Монгол цэргийн өдөр”-өөр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд үр бүтээлтэй ажиллаж буй цэргийн алба хаагчид, ахмадууд, ажилтнуудад шагнал гардуулах үеэр энэ зургийн эзэд болох дөрвөн буурал олны хайр, хүндэтгэлийг эрхгүй татаж байсан юм.

Саяхан буюу “Монгол цэргийн өдөр”-өөр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд үр бүтээлтэй ажиллаж буй цэргийн алба хаагчид, ахмадууд, ажилтнуудад шагнал гардуулах үеэр энэ зургийн эзэд болох дөрвөн буурал олны хайр, хүндэтгэлийг эрхгүй татаж байсан юм.

Нэг найз нь Цэргийн гавьяаны одонгоор шагнагдаж нөгөөдүүл нь найздаа баяр хүргэхээр ирсэн нь илт. Үүнээс хойш хэд хоногийн дараа Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбатын нүүр хуудаснаас энэхүү зургийг олж хараад холбогдсон юм. Шагнал авсан буурал нь З.Эрдэнэбат хурандаагийн ээж байсан аж.

Ярилцлага хийх хүсэлтэй байгаагаа хэлэхэд З.Эрдэнэбат хурандаа ээжийнхээ найз болох армид насаараа том тэрэгний жолоо мушгисан Д.Цэгмид гуайтай уулзвал сонирхолтой ярилцлага болно доо гэж санал тавьсан юм. Гэхдээ надад энэ дөрвөн буурлын тухай хурандаагийн өгсөн мэдээлэл буюу дөрвүүлээ Зэвсэгт хүчинд үр бүтээлтэй ажиллаж гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа бас нэр алдартай дөрвөн хурандаагийн гэргий нар болохыг сонсоод хэнийг нь ч үлдээмээргүй санагдаж редакцдаа урьж ярилцахаар шийдсэн юм.

Хоёр хоногийн дараа товлосон хугацаандаа хурандаа хүүгээрээ газарчлуулсаар Ц.Цэрэнбаяр “тэргүүтэй” орчин үеийн хэллэгээр сэмбийсэн, эрхэмсэг дөрвөн “бүсгүй” ороод ирэх нь тэр. Барьц алдсан би гурван сурвалжлагчийнхаа хамт нэг нэгээр нь “амлан авч” ярилцлага өрнүүллээ. 50 жил үерхэж байгаа 80 насыг шүргэж буй дөрвөн “бүсгүй”-н сэтгэлд тавтай морилно уу.

МИНИЙ БАХАРХАЛ БОЛ МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН

Чөлөөнд байгаа ахлагч Цэрэнчимэдийн Цэрэнбаяр

-Эхлээд Таныг уншигчидтайгаа танилцуулъя ...

-Би 1937 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага балчир насаа эцэг, эхийнхээ гар дээр өнгөрүүлж, бага, дунд сургууль дүүргэсэн. Дараа нь тэр үеийн Худалдааны техникумд суралцаж төгсөөд “Өндөр хоршоо” их дэлгүүрт хуваарилагдан ажлын гараагаа эхэлж байлаа. “Өндөр хоршоо” их дэлгүүр гэдэг чинь одоогийн Занабазарын музейн байр шүү дээ. Тэнд ажиллаж байхдаа ханьтайгаа танилцсан юм. Одоогийн Тагнуулын ерөнхий газар байгаагийн тэнд БХЯ байлаа. Манай өвгөн яамны Захиргаа, аж ахуйн хэлтэст ажилладаг, дэслэгч цолтой залуу байв. Мэдээж ажлын газар ойрхон учраас бид орж, гарч явахдаа л биесээ олж харан танилцаж дотносохгүй юу.

-Ажил, амьдралын гараагаа эхэлж байсан мөчөө дурсвал...

-Биднийг залуу байхад цаг үнэхээр сайхан байж дээ. Хөдөлмөрлөж, хийж бүтээж чаддаг л бол түүнийг нь үнэлэн шагнаж урамшуулдаг байж. Миний хань үндсэн ажлынхаа зэрэгцээ хорооны дарга хийдэг байлаа. Ингэхдээ соёлын довтолгооны үед хороондоо долоон жилийн сургуулийг хөдөлмөрчдийн оролцоотойгоор бариулсан юм.

Түүнийг нь үнэлж ханийг минь Эвлэлийн төв хорооноос гурван өрөө байраар шагнав. Тэгээд л бид 40 мянгат буюу Улсын их дэлгүүрийн урд талын 66 дугаар байранд орж билээ. Дөнгөж нэг гэрт орж, амьдралаа эхлүүлэх гэж байгаа бидэнд ямар юмных нь эд хогшил, тавилга байх вэ дээ. Хоёулаа тавих юм байхгүй болохоор гурван өрөө байраар яах юм гээд тэр үеийн мебелийн үйлдвэрийн даргын нэг өрөө байранд орж, тэднийхийг гурван өрөө байрандаа оруулж билээ.

Одоо бол хэн ч тийм шийдвэр гаргахгүй шүү дээ. Социализмын үеийн хүмүүжил тийм байж дээ. За тэгээд амьдрал буцаллаа. Аав, ээж боллоо. Гурав дахь хүү минь гарчихсан, би бас давхар биетэй байсан санагдана. Тэгж байтал манай өвгөн доод нисэх рүү, Ардын Армийн 019 дүгээр ангийн захирагчийн орлогчоор томилогдлоо. Тэр үед тус ангид галын аюул гарч, ангийн удирдлагуудыг бүгдийг нь сольсон юм. Миний хувьд хүүхдээ төрүүлчихээд ханийнхаа хамтаар 019 дүгээр ангид ажилд орсон. Эндээс л миний цэргийн хүн болох гараа эхэлж, амьдралын нэг шинэ хуудас нээгдсэн дээ.

-Цэргийн даргын эхнэр, өөрөө бас цэргийн хүн байна гэдэг нэг талаасаа бахархалтай ч нөгөө талдаа тийм ч хялбар даваа биш. Ядаж л ар гэрийн амьдрал орхигдоно шүү дээ ...

-Одоо эргээд бодоход өвгөн бид хоёр ажил, амьдралдаа тэгтлээ түүртдэггүй байсан санагддаг юм. Улсын ажлаа ч амжуулдаг, хувийн амьдралаа ч аваад явдаг, үр хүүхдүүдээ ч өсгөж хүмүүжүүлэх талаар хариуцлага алддаггүй байсан шүү. Мэдээж хүнд хэцүү үе байсныг үгүйсгэхгүй, хамгийн гол нь тэр болгоныг хэцүү гэж боддоггүй, шантардаггүй байлаа. Аргагүй залуу байж дээ.

-Ханийнхаа ололт, амжилтаар хамгийн их бахдаж байсан үеийг дурсаач гэвэл та юуг онцлох вэ?

-Миний өвгөн 019 дүгээр ангид гурван жил ажиллаад тухайн үеийн ЗХУ-ын Ленинград хот дахь Ар тал, тээврийн академид суралцахаар шалгалтад орж тэнцлээ. Тэгээд Армийн намын комиссын хурлаар орсон юм. Гэтэл намын комиссын дарга Т.Алтангэрэл генерал нас хэтэрсэн учраас явуулахгүй гэсэн аж. Тэр үед академид суралцах хүмүүсийн насыг 35-аар хязгаарладаг байсан юм.

Манай өвгөн 36 настай. Гэтэл тухайн үеийн БХЯ-ны сайд Ж.Лхагвасүрэн генерал “Наад хүнээ явуул, залуу сайхан насыг нь бид үрсэн, сурч чаддаггүй юм бол газар үзээд ирэг, яадаг юм. Хэрэв сурч чадаад төгсөөд ирдэг юм бол хэдэн хүүхдийнх нь хоол өтгөрөг” гэж хэлээд явуулахаар болсон гэдэг.

Манай өвгөн орой нь гэртээ бөөн баяр ирж билээ. Тэр үед л хамтдаа баярлаж, ханиараа бахдаж байсан маань тод санагддаг. Хамгийн гол нь академид явахдаа биш, хүн тэгтлээ итгэл хүлээлгэнэ гэдэг чинь асар том шагнал шүү дээ. За ингээд л өвгөн маань академид явлаа, би хүүхдүүдтэйгээ доод нисэхэд үлдлээ, 019 дүгээр ангид би долоон жил ажилласан.

Доод нисэх ямар сайхан газар байсан гэж санана. Зун нь нов ногоон, өвөл нь цав цагаан. Хүүхдүүд хамрын ханиад хүрнэ гэж үгүй, тийм сайхан эрүүл агаартай газар байлаа. Түүний ачаар хүүхдүүд минь эрүүл саруул байж, аавынхаа эзгүйд хамрын ханиад хүрч намайг зовоогоогүй дээ. Ингээд л өвгөн маань 1972 онд сургуулиа дүүргэж ирээд Зүүнбаянгийн бригадын ар талын орлогчоор томилогдож, манайх гэр бүлээрээ хөдөө шилжсэн юм.

-Тухайн үед “Хээрийн академи”-иар дамжаагүй цэргийн дарга ховор байсан гэх юм билээ ...

-Тийм шүү. Манайх тэнд таван жил болсон. Тэр цаг хугацаа бол бидний хувьд хамгийн дурсамж дүүрэн он жилүүд байв. Дараа нь манай өвгөн 016 дугаар ангийн ар талын орлогч, Ар талын удирдах газарт барилга, орон сууцны газрын дарга зэрэг алба хашиж байгаад 1989 онд тэтгэвэрт гарсан.

Хөөрхий дөө, 1990 онд бурхан болсон. Миний амьдралын 28 жил армитай салшгүй холбоотой. Энэ хугацаанд Ардын Армийн 019, 126, 169, 065, БХЯ-ны шуудан станц, ЦНДС, 289, 096, 121 дүгээр ангиудад ахлах тогоочоор ажиллаад тэтгэвэртээ гарсан даа.

Хүүхдүүдээс минь Эрдэнэбат аав, ээжийнхээ замналаар замнаж, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбон хурандаа цолтой болтлоо дэвшин ажиллаж байна. Мөн миний ач хүү ахмад Э.Энхбаяр өвөө болон аавынхаа замналаар цэргийн хүн болсон бөгөөд одоо ОХУ-ын Хуурай замын цэргийн сургалт, эрдэм шинжилгээний төв, Зэвсэгт хүчний Ерөнхий цэргийн академид суралцаж байна. Ач хүүгээ цэргийн хүн болоход учиргүй их баярласан.

Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн дурсамжийн тухайд тодруулбал...

-“Хэрлэн-73”, “Говь-77”, “Зоргол-87” гээд нөгөө алдартай том сургуулиуд, дээр нь 2000 цэргийн каринтинд гарч байснаа мартдаггүй юм. Олон хүний хоол хийнэ гэдэг чинь хялбар ажил биш. Шөнөжин бэлтгэл ажлаа базаагаад, өдөржин хоол, цай хийнэ гэдэг чанга л байлаа. Дээр нь ахлах тогоочийн хариуцлага, ачаалал маш өндөр болохоор ядарч цуцахыг мэдэхгүй ажиллаж, ард нь гарч байсан даа.

Таны бахархал ...

-Би Монгол Улсын Зэвсэгт хүчнээр бахархдаг. Хэн бүхнийг жинхэнэ хүн болгон төлөвшүүлдэг газар бол арми. Энд л аливаа хүн тэвчээртэй, хүнлэг, хамт олонч, зөв хандлагатай, зовлон жаргал ойлгодог, сахилга бат, журамтай болж төлөвшдөг. Олон жил армийн халуун тогоонд буцалсан болохоор ингэж бардам хэлж чадаж байгаа юм.

Ахмад Д.Мэндбаяр

МИНИЙ ХАНЬ ХҮНИЙ ДЭЭД БАЙЛАА

Доожавын ЦЭГМИД

Та уншигчдад маань өөрийнхөө болон ханийнхаа тухай товч мэдээлэл өгөхгүй юу?

-Би 1946 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн. 1961-1966 онд Багшийн сургуульд суралцаж төгссөн. Миний хань армид насаараа зүтгэсэн, олондоо хурандаа Н.Загдаа гэж хүндлэгдсэн, бурхан шиг сайхан хүн байлаа. Ханьтайгаа 1963 онд танилцаад 1965 онд гэр бүл болсон доо.

Тэр үед нөхөр маань хойд хөршид Алс Дорнодын Благовещенскийн цэргийн сургуулийн сонсогч байлаа. 1971 онд Фрунзын академи, 1980 онд академийн дээд курс төгссөн юм. 1968 онд манай хүнийг академид суралцахаар явахад хадам аав маань бэр, ач хоёроо хотод үлдээхгүй гээд Говь-Алтай аймаг руу аваад явж байлаа. Би тэнд хоёр жил багш, цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан. Тэгж байтал нөхөр маань төгсөж ирээд Зүүнбаянгийн 132 дугаар ангид штабын даргаар томилогдож, 1971 оны намар тэнд очиж байлаа.

“Хээрийн академи” гэж алдаршсан газар анх очиход ямархуу санагдсан бэ?

-Нэг л их элсэн дунд яваад орчихсон. Гэхдээ ханьтайгаа, хүүхдүүдтэйгээ хамт халуун ам бүлээрээ амьдарна гэж бодохоор сайхан байлгүй яах вэ. Ер нь гэр бүл болсноосоо хойш бараг хамт байгаагүй. Шат шатны сургуулиа төгсөж иртэл нь долоон жил хүлээсэн. Бидний ажил, амьдралын гараа энэ нутгаас, энэ ангиас эхэлж олон сайхан дурсамжийг үлдээсэн дээ. Очоод би дөнгөж байгуулагдсан Цэргийн оёдлын III үйлдвэрт Үйлдвэрчний хорооны даргаар ажилласан. Тэгтэл аймгийн боловсролын хэлтсээс дуудаад мэргэжлийн ажлыг чинь хийлгэнэ гээд Зүүнбаянгийн цэцэрлэгийн эрхлэгчээр томилчихсон.

Хээрийн сургууль, дадлага гээд гэрийн бараа хардаггүй нөхөртэй байсан нь мэдээж...

-Юу үнэн тэр үнэн. Гэхдээ сурчихдаг юм. Нэг ч удаа ингэлээ, тэглээ гэж гомдоллож байгаагүй ээ. Энэ хугацаанд хоёр хүү, нэг охинтой болсон, ажлаа хийгээд үр хүүхдээ өсгөөд, ар гэрийнхээ асуудлыг зохицуулаад л явна шүү дээ. Үр хүүхэд гэснээс би нэг сайхан дурсамж ярих уу?

Тэгэлгүй яах вэ...

-“Хэрлэн-73” гэж маш том хээрийн сургууль болсныг цэргийнхэн сайн мэдэх байх. Манай хүн тэгэхэд ангийн захирагч, хошууч цолтой байсан. Ангиа сайн удирдаж оролцсон гээд Ю.Цэдэнбал дарга цагаар шагнаж байлаа шүү дээ. Хээрийн сургууль дуусаад БХЯ-ны “зэвсгийн” Сандаг гэж алдартай хурандаа тэргүүтэй тус сургуулийн дундын хянагч нар манай гэрт ирэв ээ. Би тулгар, төрөх хугацаа болчихсон. Хоол, цай хийж байтал өвдөөд эхэлдэг юм байна. Гэтэл Сандаг гуай “Энэ охин өвдөөд л байх шиг байна даа. Царай нь хувьс, хувьс гээд байна” гээд над руу харахад нь би толгой дохилоо. Тэгтэл “Загдаа чи үлд, бид өөрсдөө хот руу буцчихна. Хүү гарвал “Хэрлэн-73”, охин гарвал “Хэрлэн” гэж нэр өгөөрэй гэчихээд явж билээ. Тэгээд Хэрлэн гэдэг охинтой болсон түүхтэй.

Ямар сонин, гоё түүх вэ?

-Хожим нь Сандаг хурандаа манайд ирэх тоолондоо “30-ын” чихэр килограммаар нь барьчихсан “Миний охин хаана байна” гэсээр л орж ирдэг сэн. Энэ олон хүүхэд байхад гэхээр “Бусад нь хамаагүй ээ” гээд л инээнэ. Их сайхан хүн байсан даа.

Өмнөговь аймаг руу хэзээ явсан юм бэ?

-Хээрийн сургууль 5 дугаар сард дуусаад өвгөн маань улсын баяр наадмын бэлтгэлд гарсан. Наадам өнгөрөөд л Өмнөговьд байгуулагдах шинэ ангийн захирагчаар томилсон. За тэгээд л манай хүн олдохоо болилоо. Хүн, техникээ Налайхад төвлөрүүлж байгаад 8 дугаар сарын эхээр Өмнөговь руу марш үйлдэж, намайг гурван жаахан хүүхэдтэй гээд онгоцоор явуулсан.

Манай хүн тэр маршийн талаар дурсах тун дуртай. Дандаа залуу гэр бүл явсан, нэгнийх нь гэргий “БТР” дотор өвдөөд. Ж.Ёндон генерал “УАЗ-469”-өө өгөн аймгийн эмнэлэгт хүргүүлж төрүүлсэн гээд л... Биднийг очиход хоёр агуулахын байшин, Монгол гэр, майхан л угтсан даа. 1975 он хүртэл гэр, майхандаа ажиллаж, амьдарсан. Ж.Ёндон генерал цэргийн алба хаагчдын гэр бүлийг чадах ядахаар нь ажилд оруул гэж үүрэг өгсөн болохоор надад санхүүгийн даргын туслахын ажил оногдсон. Энэ талын мэдлэг байхгүй, хүн орж ирэхээр сампингаа нуучихаад л их хөгжилтэй. Гэхдээ их зүйл сурч, сайн нягтлан болсон шүү. Цэргийн ангид ажиллана гэдэг онцлогтой. Эмнэлэг, хоол хүнс, машин техник, санхүү гээд “хутгалдахгүй” юм байхгүй. Олон талын мэдлэг шаардана, бүгд хоорондоо уялдаа холбоотой.

Цэцэрлэгийн багш, эрхлэгч, үйлдвэрчний хорооны дарга, нягтлан гээд л олон мэргэжил “эзэмшжээ”...

-Нягтлан бодогчоор ажиллаж байтал Аймгийн намын хорооноос яриад нэг нь ангийн захирагч, нэг нь туслах нягтлан байх хэрэггүй, асуудал гарч магадгүй. Танай эхнэр намын гишүүн юм байна. Ардын хянан шалгах хороонд нарийн бичгийн орон тоо байгаа. Гайгүй хүн авчихмаар байна гэж хэлжээ. Би ч дуртай зөвшөөрсөн. Эхнэр, нөхөр хоёр нэг дор ажиллах ер нь л хэрэггүй юм билээ. Тэгээд ч нэг их удалгүй хот руу ирсэн дээ.

Таны ярьсан “БТР”-ийн асуудлаас болоод уу?

-1977 онд актлагдсан хуягт тээвэрлэгчийг хот руу явуулсан юм. Гэтэл манай санхүүгийн дарга хамаатныхаа нэг хүүхдийг замаас нь суулгаад явуулчихаж. Замдаа осолдоод, нөгөө хүүхэд нь бурхан болчихсон харамсалтай хэрэг гарсан. Тэгээд 12 дугаар сард БХЯ-ны коллегийн хурлаар орж арга хэмжээ авахуулаад 016 дугаар ангийн Оперативын хэлтэст операторчоор томилогдсон. Харин би тус ангид химийн складын нярав, энгийн ажилчид хариуцсан боловсон хүчнээр ажиллахаар болсон юм. Чиний хэлсэн дээр хоёр мэргэжил нэмэгдэж байгаа биз. Дараа нь хань минь 096 дугаар ангийн захирагчаар томилогдсон.

Танд ер нь дагаж явахаас залхаж дургүйцсэн удаа бий юу?

-1984 онд Ховд руу 123 дугаар ангийн захирагчаар томилогдсон. Том хүү маань 10 дугаар анги төгсөх гээд байдаг. Би тэгэхэд анх удаа ханьдаа “Явахгүй байж болохгүй юм уу, чи л дандаа явах юм. Би явахгүй, үлдэнэ ээ” гэж хэлсэн. Гэхдээ дотроо бол дагаж явах нь тодорхой, зүгээр л өөрийн эрхгүй тэгээд хэлчихсэн. Хань минь “Одоо яах вэ дээ. Миний үүрэг, өргөсөн тангараг юм чинь” гэж хэлээд л хэдэн ногоон хувцсаа дуу муутайхан бэлдэхэд нь хачин их өрөвдөж билээ. Юу гэж ханиа ганцааранг нь явуулах вэ дээ. Сэтгэл санаа, хамгийн гол нь эрүүл мэндийг нь хайрлахгүй бол болохгүй.

Нэгэнт л хамт амьдарна гэж сонгосон юм чинь бүх л талыг бодолцох ёстой. Хэдэн боодол хувцас, ганц шкаф, хоёр ороо чирээд л Ховд аймгийг зорьсон. Бидэнд ээлээ өгсөн нутаг, очоод хурандаа цолоо авсан, сайн ажиллаж, сайхан амьдарсан он жилүүд байлаа. Тэнд ажиллаж байгаад хоёулаа тэтгэвэрт гарсан. Миний хувьд Цэргийн худалдаанд эдийн засагчаар ажилласан. Бас нэг мэргэжил нэмэгдэж байгаа биз. Тэтгэвэртээ гараад бид хоёр их сайхан амар тайван он жилүүдийг үдсэн дээ. Би амьдралдаа хэзээ ч харамсаж байгаагүй. Хань минь ч гэсэн ажил албаараа үргэлж бахархдаг байсан.

Эх орныхоо аль хэрэгтэй гэсэн газар эр цэргийн ёсоор үүрэг гүйцэтгэнэ гэдэг бахархал байлгүй яах вэ. Одоо ч би хүүхдүүддээ “Аав, ээж хоёр нь төр, түмнийхээ төлөө шударга хөдөлмөрлөж, нэр цэвэр, сэтгэл амгалан амьдарч ирлээ. Аливаа зүйл цагаан мөртэй байна гэдэг хамгийн чухал. Аав, ээж хоёрынх нь хүний төлөө гэсэн сэтгэл, зүтгэл та нарт ч буянаа өгч байгаа хэрэг” гэж хэлдэг юм. Бид эд мөнгө хураагаагүй ч юутай ч зүйрлэмгүй үнэт зүйл болох найз нөхөд, хамт олонтой болж, сайн сайхан хүмүүсээр хүрээлүүлж чадсан нь амьдралын хамгийн чухал зүйл юм даа. Одоог хүртэл үе үеийн хамт олон, найз нөхөд, ханийн минь цэргүүд үргэлж холбоотой байдаг.

Ханийнхаа тухай ...

-Миний хань гуравхан настайдаа өнчирч нагац ах нь өсгөсөн юм гэнэ лээ. Цэргийн албаа хаагаад халагдах гэж байхад нь БХЯ-наас Орост сургуульд явуулах болсон тухай дуулгаж, гэр рүүгээ цахилгаан биччихээд л явсан гэдэг. Ёстой л цэргийн хүн болох хувь тавилантай байж дээ гэж боддог юм Энэ хорвоод сайн хүн олон л байх. Гэхдээ миний хань шиг сайн хүн миний амьдралд таараагүй. Хамгийн сонгодог хүн. Хайр нь дотроо хал нь гаднаа. Цэргүүддээ бол амиа тавина шүү дээ. Хэдэн цэргийн төлөө ч ёстой хэн бугай ч байсан үзэж тарна. Ажлын төлөө л төрсөн хүн дээ. Хариуцсан анги бүр нь маршийн тэмцээний аварга болдог байлаа. Ханийнхаа тухай дурсах сайхан байна. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог, сайхан ханьтай учирсан.

Бидний ярилцлагыг унших цэргийн алба хаагчдын гэргий нарт хандаж та юу гэж хэлэх вэ?

-“Цэргийн хүний гэргий гэдэг бусад жирийн айлын эзэгтэй нараас хоёр дахин илүү үүрэг, хариуцлага, ачаалал хүлээдэг юм шүү. Хэцүү бэрх үе байлгүй яах вэ. Энэ бүхэнд ханиа ойлгож дэмжин, бие болоод сэтгэлийг нь өвтгөхгүйг хичээж яваарай” гэж хэлье дээ.

Х.Зул

АЧААНЫ ТЭРЭГНИЙ ЖОЛООЧ АРМИЙН АХЛАГЧ БҮСГҮЙ

Эгэлгүй гэж хэлэхгүй ч найрууллын гол баатар чөлөөнд байгаа ахлагч Дашийн Цэгмид эх орондоо залуу халуун насаа зориулжээ. Тэр дундаа Зэвсэгт хүчин буюу хуучнаар Ардын Арми гэх олон эрчүүдийн хөлс, хүч, уухайн түрлэг шингэсэн энэ л салбарт он удаан жил ажиллаж эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч, хийсэн ажилдаа эзэн нь болж явсан нэгэн.

Архангай аймгийн Хотон сумын уугуул тэрээр зургаан настайдаа хот хэмээх их айлд хөл тавьжээ. Оройгоор наймдугаар анги төгссөнийхөө дараагаар 1964 онд Батлан хамгаалах яамны харьяа Политехникийн техникумын автын ангийг жолоочоор төгссөнөөр Зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбох эхлэл нь тавигдсан байна. Тэр жил 800 гаруй жолооч бэлтгэгдсэн агаад ердөө хоёрхон эмэгтэй байсны нэг нь Б.Цэгмид. Дөч гаруй жил жолоо мушгисан тэрээр Барилгын III бааз, Соёлын яам, Зүүнбаянгийн бригад, ЦНДС-д ажилласнаас гадна “Мандухай сэцэн хатан” киног бүтээхэд олны хэсэгт ч ороод амжжээ.

Мандухай сэцэн хатан гэснээс, үйлс гавьяагаараа түүхэнд мөнхөрсөн олон хатад, хүчирхэг эмэгтэйчүүдийн үргэлжлэл болсон Д.Цэгмидийн амьдралд жолооны араас ховхорч өндийсөн удаа тун цөөн. Гоёж гоодох учиртай залуу насныхаа ааг омгийг замын тоосонд даруулж, зудын шуурганд царцааж явсан түүнийг гангаас ч хатуу тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүлсэн нь Зэвсэгт хүчний л ач буян. Бүсгүй хүн ганцаараа хээр хоноглоно гэхээр таны санаад бууж байна уу, баргийн хүнээс тийм зориг гарахгүй байх.

Д.Цэгмид уулын энгэрт нүднийхээ хорыг гаргачихаад ургахын улаан нартай уралдаад аяны дөрөө жийдэг байсан тухайгаа ярихдаа “Булгийн шүд ташим хүйтэн усаар гар нүүрээ угаачихаад ундаалж аваад л аяны дөрөө жийнэ, голын усны хоржигнох чимээнд “ЗиЛ-130” машины аахилж, уухилсан дуу түр ч атугай намсаад хөдөө газар сайхан шүү” гэх нь “хэнэггүй” ч гэмээр санагдаж байв. “Аймаг ороход олуулаа ч сумд руу нэг нэгээрээ тарцгаадаг. Замд хүн хүчээр дутмаг, ядруухан айл таарвал ачсан өвсөө өөрөө буулгахаас аргагүйд хүрнэ. Цасан шамаргыг сөрөөд ирсэн хүнд өвс буулгах ч хамаагүй амар ажил мэт санагдана шүү дээ. Түүнчлэн цэргүүдийн хүнсийг хоног алдалгүй хүргэж өгөхийн тулд машиныхаа бүрэн бүтэн байдал, засвар, үйлчилгээг гойд хийж байж л сая нэг санаа амарна. Энэ нь эмэгтэй, тэр нь эрэгтэй гэж ялгах юмгүй, харчуултай уралдаад, зэрэгцээд л машинтайгаа ноцолдоно, ёстой л гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан даа” хэмээн тэртээх он жилүүдийг дурссан нь нүдэнд харагдах шиг болж байлаа.

Тухайн үед эмэгтэй жолоочийг эвэртэй туулай үзсэн юм шиг л сонжиж, сониучирхдаг байсан үе. “Чи чинь жолоо мушгиж дөнгөдөг юм уу” гэлцэх хүмүүс цөөнгүй, дэлгүүр хоршоонд ар өврөөр багачууд тойрч зогсоод зог тусна, машины тэвшин дээр хүртэл авирч гарцгаагаад элдэвлэдэг байж.

Өөр олон дурсамж яриа бидний дунд хөвөрсөн. Нэг удаа Хэнтий аймгаас тос, масло тээвэрлээд буцахдаа сахилгад суусан цэргийг авч явах үүрэг оногджээ. Тэгэхдээ харгалзагч цэргийн хамт гурвуул явсан байна. Д.Цэгмидэд яагаад ч юм сайны совин таталгүй, муугийн цондон л төрөөд байж. Тиймээс харгалзагч цэрэгт “Наад нөхөр чинь ер нь гайгүй байгаа, оргочих вий дээ, байж, сууж ядаад л байна шүү” гэж хэлсэн байна.

Модон торхтой маслоо ачиж, бэхлээд удаагүй байтал “өнөөх гайхал” газрын гаваар орсон юм шиг бараа сураггүй алга болжээ. Булан тохой бүрийг нэгжиж явсаар сая нэг бутны араас олжээ. Түүнчлэн 1971 онд хятад цэргүүд хилийн торгон шугамд юу юугүй тулж ирээд, овоорцгоогоод нэг л сэжиг бүхий байдал үүссэн байна. Нэгэнт түгшүүр авсан учраас аймгуудын тээврийн жолооч нарын хүлээх үүрэг өндөрсөж, тэргүүн шугамд дайчлагджээ.

Шөнийн цагаар ангиудад махаа тараах нь Д.Цэгмидийн үүрэг. Тэгэхдээ холбооны хар утсыг дагаж явахгүй л бол 10 километрийн наана цаанатай хилийн дээсийг давчихвал ёстой л дайн өдөөсөн хэрэг болно гэж их л няхуур ханддаг байж. Тэрээр дайн эхэлчихвэл “Ард үлдсэн хэдэн нялх үр минь яана вэ, хот руу л хурдан татдаг байгаа даа” гэж болоогүй дайны өмнөөс халаглаж суусан гэдэг. Удалгүй орос ах нарын Улаан армийн сүр жавхаанд дарагдсан хятад цэргүүд тэрхэн агшинд цацсан шагай шиг тарж, бутраад манайхны магнай тэнийсэн тухай ч сонин болгож ярьсан.

Сүүний үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр тус үйлдвэрт байхдаа Л.Бэгзжавтай учирч гэр бүл болжээ. Түүний хань Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул бөгөөд Зэвсэгт хүчний 132, 149, 013 зэрэг ангид аж ахуйн салааны дарга, техникийн орлогчоор 40 гаруй жил ажиллаж, мэдлэг, чадвараа төр, түмэндээ зориулж явсан нэгэн. Хожим дэд хурандаа цолтой гавьяаныхаа амралтад гарсан тэр бээр залуудаа гэргийнхээ жолооч болох хүсэлтийг нь дуртайяа дэмжсэн гэдэг. Гэртээ ч, салбартаа ч нэг тогооноос хамтдаа хооллох хувь заяаны эзэд болсон тэд дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөн хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэжээ

Б.Цэгмид Зүүнбаянд 11 жил ажилласны эцэст 1987 онд өөрийн сурч төгссөн Батлан хамгаалах яамны харьяа жолооны курсэд сургагч багшаар ажиллан 50 гаруй жолоочийг бэлтгэжээ. 2002 онд гавьяаныхаа амралтад гарсан ч амар жимэр суухаас сурсан эрдмээ төр, түмэн олондоо зориулахыг илүүд үзэж Цагдаагийн академид мөн л жолооны багшаар ажилласан байна.

Тээврийн жолоочоос торгон хилийн манаанд хүртэл үүрэг гүйцэтгэсэн эгэл баатар маань “Осолгүй манлай жолооч”, “Онц тээвэрчин”, “Ахмад дайчин” цол, тэмдэг болон ойн медалиудаар шагнагдаж байсан ч Ардын Арми буюу амьдралын их сургуулиас олж авсан бүхэн нь юугаар ч сольшгүй, үл мартагдах үнэтэй эрдэм, шагнал байсан гэдэг нь лавтай.

Ц.Энх-Оргил

ЦЭРГИЙН ХҮНИЙ ГЭРГИЙ БАЙНА ГЭДЭГ БАХАРХАМ САЙХАН

Чөлөөнд байгаа ахлагч Лутын БАТАНХҮҮ

Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Завхан аймгийн Цагаан чулуут сумын уугуул, манай хүн бид хоёр нэг нутгийнх. Аав, ээж хоёр минь малчин хүмүүс байсан. Би эцэг, эхээс гурвуулаа. Намайг төрөхөд том эгч 22, бага эгч 18 настай, би аавыгаа 53, ээжийгээ 44 настай байхад нь буюу нэлээн нас дээр гарсан хойно нь отголж мэндэлсэн болохоор эднийхээ хайранд бөмбөрч хүн болсон доо. Говь-Алтай аймгийн Тайшир суманд дөрөвдүгээр анги, Нийслэлийн 14 дүгээр дунд сургуульд оройгоор суралцаж долоодугаар анги төгссөн. Ховд аймгийн Хүн эмнэлгийн бага мэргэжилтэн бэлтгэх сургуулийг 1961 онд эх баригчаар төгссөн. Нөхөртэйгөө амьдарсан цагаасаа эхлэн цэргийн анги, байгууллагыг дамжаад л оч гэсэн газарт нь очиж, боломжтой гэсэн ажлуудыг нь хийж 30 гаруй жил зүтгэсэн.

Та өөрийнхөө гэр бүлийн хүнийг уншигчдад танилцуулахгүй юу?

-Миний хань хурандаа Ц.Норовсамбуу гэж хүн байлаа. Дарханд салаа, салбарын захирагч, Улс төрийн газарт офицер, Зүүнбаянгийн дивизэд улс төрийн хэлтсийн дарга, 089 дүгээр ангид штабын дарга гэх зэрэг хариуцлагатай албан тушаалд томилогдон ажилласан. Манай хүнийг дагаад дүү нар, үр хүүхэд, ач, зээ нараас нь олон хүн цэргийн амьдралаар амьдарч, эх орондоо зүтгэж байна.

Цэргийн хүнтэй гэр бүл болно гэж хэлэхэд аав, ээж чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Миний аав намайг бага байхад өнгөрчихсөн. Харин ижий минь сайхан хүлээж авсан. Учир нь бид хоёр нэг нутгийнх. Тиймээс удам судрыг нь сайн мэддэг айл, саахалтын хүний хүүхэдтэй гэр бүл болоход дуртай байсан. Анхны маань хүүхдийг төрөхөд ээж минь хэдэн малаа орхиод зээгээ харна гээд Дарханд ирсэн. Долоон хүүхдийг маань миний ээж л хүн болгосон доо.

Эх баригчийн ажлаа хийх боломж гарав уу?

-Цэргийн, тэр тусмаа офицер хүний гэр бүл гэдэг, тушаал авсан газар руу нь нөхрөө дагаад л явна. Очсон газарт тэр бүр ажил олдохгүй учир аль байгаа ажлыг нь чадахгүй гээд суулгүй, хийхийг хичээдэг байлаа. Өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийх боломж гарч байгаагүй. Гэхдээ хүний хүүхдийг эх барьж аваад, ээж нь хөхөө амлуулах тэр нандин мөчид хамт байдаг учир эх баригч мэргэжил хамгийн сайхан мэргэжил.

Ямар ажлууд хийж байв, хамгийн хэцүү санагдсан ажил юу байсан бэ?

-Янз бүрийн л ажил хийсэн дээ. Тогооч, боловсон хүчний дарга гээд энгийн хүн, эмэгтэй хүний хийж болох бүх л ажлыг хийсэн. 1980-1991 он хүртэл буюу тэтгэвэрт гартлаа Зэвсэгт хүчний 310 дугаар ангид хүнсний нярав, үйлдвэрийн төлөөлөгчөөр ажилласан. Хамгийн удаан ажилласан мэргэжил, албан тушаал минь энэ. Энэ ажлыг хийх хугацаандаа цэргийн хувцас өмсөж, цол зүүх хувь заяа тохиосон юм.

Үйлдвэрийн төлөөлөгч гэдэг нь яг юу хийдэг ажил вэ?

-Мах комбинат, Сүүний болон Талхны үйлдвэр гээд тухайн үеийн өргөн хэрэглээний бараа нийлүүлдэг үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, армид нийлүүлэх ёстой хүнсний хангалтыг татдаг байлаа. Улсын төлөвлөгөөний комисс орон нутагт хуваарилчихсан байдаг. Тиймээс өвөл явж гэрээ хийгээд, хавар болон зун нь цуглуулж авчраад анги, байгууллагууд руу түгээх ажлыг гүйцэтгэдэг. Намар нь болохоор мах бэлтгэнэ. Бараг нэг цэргийн ангийн бие бүрэлдэхүүний хэмжээний хүмүүстэй хамтран орон нутгаас малаа цуглуулаад, дараа нь нэг сар гаруй хугацаанд нядлах ажлыг зохион байгуулдаг байлаа. Армийн хоол, хүнсийг хүний тоонд нь үндэслэж бэлтгэнэ. Тиймээс аль анги хэчнээн бие бүрэлдэхүүнтэй байгааг би л мэднэ гэсэн үг. Энэ нь нууц болохоор заримдаа хүнс бэлтгэхээр явах үед Улсын аюулгүй байдлын газрын ажилтнууд нууцаар дагах, мөрдөх явдлууд байдаг байлаа.

Тэтгэвэртээ гараад та юу хийв?

-Яг тэтгэвэрт гарахтай зэрэгцээд Ардчилсан хувьсгал гарч, зах зээлийн нийгэмд шилжсэн учир аль болох зүгээр суулгүй хөдөлмөрлөхийг хичээсэн. Хойшоо, урагшаа наймаанд явж элсэн чихэр, гурил, будаа зөөж явлаа. Нарийн боовны үйлдвэр байгууллаа. Одоо ОХУ-ын эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээний компанид ажиллаж байна.

Мэргэжлээрээ ажиллаж чадсангүй дээ гэдэг ч юм уу, харамсах зүйл байдаг уу?

-Үгүй дээ. Сайн ханьтай учирч сайхан амьдарлаа. Цэргийн хүний гэргий байна гэдэг хэцүү хэдий ч бахархам. Эр нөхрөөрөө, эр цэргүүдийнхээ хийморь сүлд, жавхаагаар насан туршдаа бахархаж, омогшиж амьдарна гэдэг бүсгүй ертөнц бүхэнд оногддог тавилан биш шүү. Тийм учраас цэргийн даргын гэргий болсон бүсгүй үрс минь эр нөхрөө хайрлан хүндэтгэж, эзэмшсэн мэргэжлийг нь ойлгон хүндэтгэж яваарай.

Ахлах дэслэгч Э.Очхүү

Бидний яриа өндөрлөж До.Цэгмид, Л.Батанхүү, Ц.Цэрэнбаяр гуай бид хэд Да.Цэгмид гуайг ярилцлага өгч дуусахыг хүлээх зуураа “буу халав”. Ижил үсгээр эхэлсэн овогтой болохоор нь ийнхүү “До”, “Да” гэж ялгаж хэлтэл “Бид хэд бол үснийх нь өнгөөр “Хар толгойт” /До.Цэгмид/, “Цагаан толгойт” /Да.Цэгмид/ гээд дуудчихдаг юм. Цаад Цагаан толгойт чинь за бараг л эр хүн дээ. Ачааны тэрэгний жолоо мушгиж хөдөө гадаа явна гэдэг эмэгтэй хүн битгий хэл, хэрийн эр хүний хийчихдэг ажил биш. Мундаг хүн дээ” гэж цагаан толгойтоо найзууд нь гайгүй сайн магтав. Харин Л.Батанхүү гуай эд нар дундаа л ганц бизнес эрхлэгч нь гэнэ. Нарийн боовны цех ажиллуулж, Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг. Энэ хэддээ хэрэгтэй бүтээгдэхүүнийг нь залгуулчихдаг сүйхээтэй нэгэн аж.

Эдний үерхэл Зүүнбаянгаас эхтэй. Хаяа дэрлэн айл бууж, хань ижлүүд нь хамтдаа ажиллаж, үр хүүхдүүд нь эднийх, тэднийх гэлгүй бужигнаж өссөн сайхан үеэ санагалзан “Нэгнийх нь өөр газар томилогдож шилжихэд араас нь “элдээд” л оччихдог байлаа. Ёстой хувь тавилан тэгж тааруулдаг байсан байх. Ямар ч сайхан байсан юм дээ” гэж холын дурсамжийг ойртуулан ярихад нь сэтгэл эрхгүй даган хөөрч байлаа.

Одоо бол эд маань хийдгээ хийчихсэн ёстой л жаргах цагаа эдэлж явна. Бид дөрөв чинь гэрт тогтоно гэж байхгүй. Байнгын холбоотой. Жилдээ хэд хэдэн удаа амралт сувилалд амарна, нэгнийдээ очиж хөзөр, даалуу тоглоно. Үүр цайтал шахуу ярьж хононо. Ц.Цэрэнбаяр цолоор ч, насаар ч ахмад нь, амьдралын туршлага, эв дүйгээр ч гэсэн бид гурваас илүү болохоор бидний “удирдагч”. Удирдагч юу хэлнэ, мэдлээ, гүйцэтгэе л гэнэ шүү дээ гэж ам уралдан нэгнийгээ магтах нь бие биеэ нэвтэрхий сайн мэддэгийнх, бие биеэ дэндүү их хайрлаж хүндэлдгийнх болох нь илт. Бид дөрөв ч армийнхан дундаа аавынхаа овгоор биш Загдаагийн Цэгмид, Зулаагийн Цэрэнбаяр, Норовсамбуугийн Батанхүү, Бэгзжавын Цэгмид гэж нөхрүүдийнхээ нэрээр тодотгогдож насаа элээж байгаа хүмүүс дээ. Хааяа тэд минь байсан бол гэж гуниглаж, харамсах үе бий гэж нулимс цийлгэнүүлэх нь өрөвдөм. Гэхдээ байхгүй орон зай, нөмөр түшгийг нь нөхөж дөрвөн сайхан гэргий нь зүү орох зайгүй үерхэж, бие биеэ гэсэн халуун дулаан сэтгэлийн элчээр нэгнээ тэтгэж яваа биз ээ. Та нар минь урт насалж, удаан жаргаарай.

Хошууч Х.Ганзул

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]