Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Содномдорж: Бэлтгэл сайтай байсан болохоор заанаас том цол хүртчих юмсан л гэж бодож байлааУншсан36,229

Бөх сонирхогч олон түмний анхаарлын төвд байдаг олон сайхан бөхчүүд, улсын цолтнуудын нэг, улсын арслан Ц.Содномдоржийн тухай онцолж байна.

Бөх сонирхогч олон түмний анхаарлын төвд байдаг олон сайхан бөхчүүд, улсын цолтнуудын нэг, улсын арслан Ц.Содномдоржийн тухай онцолж байна.

Тэрээр бөхийн ертөнцөд алдар нэрээ дуудуулан 2002 онд анх орж ирсэн ч 2009 онд улсын цолтны өндөр босгыг даван эгнээнд нь нэгдсэн юм. 2009 оны улсын наадамд Ц.Содномдорж гурвын даваанд улсын начин Б.Баянмөнхөөр, дөрвийн даваанд улсын харцага Т.Амартүвшинг, тавын даваанд улсын начин Т.Өсөх-Ирээдүйтэй тунаж барилдан давж улсын начин болсон билээ. Харин зургаагийн даваанд хүчтэй, бяртай харцага Ө.Бат-Оршихтой тунаж барилдан өвдөг шороодож байв.

Тэрээр энэ наадмын тухай "2009 оны наадмаар шүү дээ. Дөрөв давчихаад ирсэн чинь аадар бороо асгараад л. Хэсэг амраад гараад ирэхэд тайлбарлагч улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй тунасан талаар хэлж байлаа. Бороо орсон, халтирчих гээд их эвгүй барилдаан болж байсан даа. Хашиж мордоход нь мэдрээд дээр нь тусч байсан. Харцага цолны төлөө Ө.Бат-Оршихтой тунаж барилдаад унасан. Шуудганд хүрэхийн өмнөхөн л тахимдуулаад суучихаж билээ. Улсын аварга С.Мөнхбат, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат нар тэр жил шинээр улсын цол хүртэж байлаа. Хожим нь бүгд цолоо ахиулсан байна" хэмээн ярьжээ.

2010 оны наадамд тэрээр дөрөв даваад, тавын даваанд мөн л улсын харцага, тэр үед улсын начин цолтой байсан Т.Өсөх-Ирээдүйтэй тунаж барилдсан. Өмнөх жил нь яг энэ даваанд тунаж үлдсэн бөхөө энэ удаад тэрээр барсангүй.

2011 онд Ц.Содномдорж цолоо ахиулав. Тавын даваанд эрхбиш тунаанаас мултарч аймгийн арслан Д.Болдбаатарыг давж, зургаагийн даваанд мөн аймгийн арслан Б.Батмөнхийг (одоогийн улсын заан) даваад долоогийн даваанд яалт ч үгүй энэ цаг үеийнхээ хамгийн шилдэг хүчтэнүүдийн нэг улсын аварга Ч.Санжаадамбатай тунаж барилдсан юм. Энэ үед Ц.Санжаадамба цэргийн арслан цолтой, заал танхимын барилдаануудад хүчрэгдэхээргүй болсон байв. Үзэгч олныг шуугиулсан, дуулиант барилдаануудын нэгд яах аргагүй тооцогдох энэ барилдаанд тэрээр өвдөг шороодож, Ч.Санжаадамба улсын заан цолны болзол хангаж байв.

2012 оны наадамд улсын харцага цолтой зодоглосон Ц.Содномдорж тавын даваанд үнэн хүчит харцага Ө.Бат-Оршихтой тавын даваанд тунаж барилдаад өвдөг шороодов.

2013 онд хоёр жилийн өмнө мөнөөхөн улсын харцага цолны даваанд өвдөг шороодуулж байсан Б.Батмөнхийг барсангүй.

2014 онд заалны барилдаанд улсын гарьд Б.Гонигдамбатай барилдахдаа гарыг нь хөшиж унасан гэх асуудлаар МҮБХ-ноос сануулга авч, дөрвөн сар барилдах эрхээ хасуулж байв. Тэрээр энэ тухай "Тухайн үед барилдаан үргэлжлээд явж байсан. Ямар ч бөх дэвжээнд өвдөг шороодно гэсэн бодол тээж зодоглодоггүй. Мэдээж өрсөлдөгчөө давж, даваа авахын тулд ядаж хайнцах юмсан гэж бодож зүтгэсэн. Барилдаан дууссан болохыг мэдээгүй. Энэ санаандгүй мэрийлт л үзэгчдэд буруугаар ойлгогдлоо. Тэрнээс биш гарыг нь ингээд хөшчихье  гэсэн хорон муу санаа байгаагүй. Миний ёс жудаг арай ч тийм цэгт хүрчихээгүй. Санаандгүй л болсон явдал. Гэхдээ би орой нь гэртээ хариад өөрийнхөө бичлэгийг гүйлгэж үзсэн. Үнэхээр санаатай л юм шиг харагдсан шүү. Түүндээ эмзэглэсэн. Шатаж барилдахаар тийм юм болдог юм байна. Тиймээс бөхийн өргөөнд цугласан болон цэнхэр дэлгэцээрээ бөхийнхөө барилдааныг шимтэн үзэж суусан олон түмнээсээ уучлал гуйя. Зургадугаар сарын 11-нд миний барилдах эрх сэргэнэ. Тэгэхээр наадмын барилдаан надад амаргүй байх нь тодорхой. Гэлээ гээд яалтай ч билээ. Монголын үндэсний бөхийн холбооноос ийм шийдвэр гаргасанд эсэргүүцээд байх зүйлгүй. Нэгэнт холбооноос шийдвэр гарсан бол дагаж мөрдөхөөс өөр замгүй шүү дээ" хэмээжээ. Үнэхээр ч тэр жилийнхээ наадамд дөрөв даваад, тавын даваанд ирээдүйн улсын заан Б.Пүрэвсайхантай тунаж барилдаад өвдөг шороодсон.

2015 оны төрийн наадмын хүчит бөхийн барилдаанд Ц.Содномдорж тавын даваанд улсын начин Б.Амарзаяаг, зургаагийн даваанд аймгийн арслан Б.Батжаргалыг тус тус өвдөг шороодуулж, зааны даваанд улсын харцага Э.Оюунболдтой тунаж барилдаад өвдөг шороодлоо. Энэ жилийн наадмын од нь гийсэн бөх улсын харцага Э.Оюунболд байсан юм. Тэрээр ес даван түрүүлж улсын арслан цолтон болсон.

2016 онд арслан маань тавын даваанд аймгийн арслан Б.Суманчулуун, зургаагийн даваанд цэргийн арслан Л.Батзоригийг тус тус давж харцага цолоо батлаад зааны даваанд хоёр жилийн өмнөх наадмын тавын даваанд өвдөг шороодсон улсын харцага (улсын заан) Б.Пүрэвсайхантай тунаж барилдаад барсангүй, тухайн жилийнхээ наадмыг өндөрлүүлж байв.

 2017 онд бөх сонирхогч түмэн олныхоо хүслийг биелүүлж тэрбээр ес даван түрүүлж Монгол Улсын арслан хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон билээ. Өнөөдрөөс дөрвөн жилийн өмнөх энэхүү наадамд Ц.Содномдорж тавын даваанд улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтохыг, зургаагийн даваанд аймгийн арслан Г.Ганжадыг тус тус давж харцага цолоо батлаад, долоогийн даваанд аймгийн арслан М.Бадарч (улсын заан М.Бадарч 2017 оны наадмаас л зааны даваанд гарч ирсэн аргагүй энэ цагийн шилдэг бөхчүүдийн нэг аж) -аар давж улсын заан цолны болзол хангаад, наймын даваанд заан цолны болзол хангасан улсын харцага Н.Жаргалбаярыг өвдөг шороодуулан үзүүр түрүүнд үлдэж, есийн даваанд мөнөөх л нэг үеийн хүчтэй өрсөлдөгч, төрийн наадмын торгон ногоон дэвжээн дээр унахдаа унаж, давахдаа давж явсан улсын харцага Ө.Бат-Оршихыг өвдөг шороодуулан түрүүлж байлаа.

Тэрээр энэ жилийн наадмаар хэрхэн барилдсан тухайгаа "Ээ дээ, заан цолны босго үнэхээр өндөр байлаа шүү. Өмнө нь заан цолны даваанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Э.Оюунболд, улсын заан Б.Пүрэвсайхан нарт өвдөг шороодсон хүн дээ, би. Тэгэхдээ ганц ч удаа харамсаж байгаагүй. Бүгдэд нь өвдөг шороодсоныхоо дараа “Сайн барилдаарай. Амжилт хүсье” гээд тахимаа өгөн, “Харцагаас том цол хүртэх цаг хараахан ирээгүй бололтой” гэж бодож байлаа. Харцага цолондоо ч хайртай байлгүй яах вэ. Үнэнийг хэлэхэд энэ жил учраа бөхдөө өвдөг шороодон, харцага цолтойгоо дөрөв дэх удаагаа үлдэх вий гэх айдас байсныг нуугаад яах вэ. Барилдааны эхнээс санасан мэхээ зоригтой хийн, шуурхай барилдъя гэж төлөвлөсөн. М.Бадарчийг өвдөг шороодуулан, заан цолны болзол хангасны дараа сэтгэл уужраад, цээжин дотроос том чулуу аваад хаячих шиг болсон.

Энэ жил бэлтгэл сайтай байсан болохоор заанаас том цол хүртчих юмсан гэж бодож байлаа. Гэхдээ түрүүлэх юмсан гэж бодоогүй. Үзүүр түрүүнд Ө.Бат-Оршихтой таараад өмнөх наадмуудын даагаа нэхэх юм сан гэж бодсон. Заавал давна, түрүүлнэ гэж бодоогүй. Гарьд голох учиргүй сайхан цол учраас тэр. Үнэн хүчийг үзэн, шударга барилдъя л гэж бодсон доо. Урьд нь наадмын өмнө олон хүн “Цолоо ахиулаарай. Хичээгээрэй” гэж хэлдэг байсан. Харин энэ жил таарсан хүн бүхэн “Харцага энэ жил өнгөтэй байна. Наадамд түрүүлнэ ээ. Цаг нь болсон” гэхэд нь их бэлгэшээж байлаа. Монгол түмнийхээ бэлгэтэй сайхан үгийн хүч, олон жил үнэнч, шударга барилдсаныг минь бөхийн босоо цагаан хийморь ивээсний ачаар түрүүллээ. Олон жил шүүслүүлсний үр ач гарлаа" хэмээж байв аа.

Мөн тэрээр "Сүүлийн үед цолны найраа гэж айхтар өвчин гарч ирсэн. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Цолны найраа гэдэг харьцангуй ойлголт. Тухайн хүн аль өнцгөөс харж буйгаас их зүйл шалтгаална. Ирээдүйтэй юм уу, нутгийнхаа бөхийг тунаанаас гаргах, өндөр амжилт гаргах замыг нь засахын тулд өвдөг шороодох бол байх л зүйл. Дээр үеэс ийм зүйл байсаар өдий хүрсэн. Энэ жил л гэхэд улсын аварга С.Мөнхбат Ө.Бат-Орших найздаа, Г.Эрхэмбаяр аварга нутгийн дүү Н.Жаргалбаярыгаа тунаанаас гарган, заан цолны болзол хангуулсныг буруутгаж болохгүй. Нэг нэгнээ гэсэн сайхан сэтгэл бүхнийг мөнгөөр шийдэн, цол хүртэх гэж явахаас тэс өөр гэдгийг ялгаж ойлгох нь чухал" хэмээн энэхүү 2017 оны наадмын долоогийн даваанд Н.Жаргалбаяр, Ө.Бат-Орших нарын барилдааны тухай бодлоо илэрхийлсэн байдаг.

Шинэхэн арслан 2018 оны наадамд ямартай ч зургаа давж долоогийн даваанд хүрч барилдан, өмнөх түрүүлсэн жилийнхээ наадмын наймын даваанд унагаж байсан учраа болох улсын заан Н.Жаргалбаярт өвдөг шороодсон. Харин 2019 оны наадамд Ц.Содномдорж өмнөх жилээсээ амжилтаа ахиулав. Тэрээр долоогийн даваанд улсын арслан (улсын аварга) П.Бүрэнтөгсөд амлуулж барилдан өвдөг шороодуулаад, наймын даваанд улсын арслан Э.Оюунболдод унасан. Энэ тухай "Долоогийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгс гурван бөхөөс амлаж барилдсан нь олон хүний анхаарлыг татсан. Долоогийн даваанд гурван аварга гарч ирсэн. Улсын арслан П.Бүрэнтөгс бид хоёр нэг үед сайхан өрсөлдөж байгаа бөхчүүд. Э.Оюунболд, Д.Анар бид гурваас намайг амлаж барилдсан. Тэнцүүхэн л барилдаан болсон. Шоо шидээд миний талд буухад барьц сонгоод л давсан. Арслан хий зайгүй нягт барилдаж байна лээ. Шоо П.Бүрэнтөгсийн талд буусан бол боломжоо алдахгүй л байсан байх" хэмээж байв.

Харин тухайн наадамд түрүүлсэн ч допингийн асуудалд холбогдсон Э.Оюунболдын тухайд "Төрийн наадмын түрүү бөх допингийн асуудалд холбогдсон нь харамсмаар юм. Түрүү бөхийн өөрийнх нь хариуцлагатай холбоотой асуудал гэж үзэж байна. Мэдээллийн эрин зуунд мэдээлэлгүйгээс допингийн төрлийн бодис хэрэглэнэ гэдэг боломжгүй асуудал. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхийн галуудаар явж хориотой эмийн жагсаалтын талаар танилцуулж сургалт хийдэг. Үүнийг мэдсээр байж допингийн асуудалд холбогдож байгаа нь нэг талаараа төрөө хүндлэхгүй, ард түмнээ үл тоож байгаа хэрэг л дээ. Энэ их өв соёлыг нуруундаа тээж, манлайлж яваа хүний хувьд байж болохгүй асуудал. Энгийнээр тайлбарлахад допингтой бөх чинь гурван настай хүүхдүүдийн дунд тав зургаан настай хүүхэд ороод л барилдаж байна гэсэн үг" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.

2020 оны наадамд арслан маань тавын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаярт өвдөг шороодсоноор өнөө жилийн наадмыг хүлээж байгаа билээ.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 29. 0:34
Mandela

Nelson Mandela-giin tuhai bichij baisnaa yu bolchihvoo.

2017, 5 сар 21. 18:20
Зочин

ene chin tiimch ariuhan hun baigaagui sain yarival zugeer l alan hydagch

2017, 5 сар 11. 9:55
зочин

үнжээ шиг хүн байсан бол яанаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]