Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гагарины Хатан хаантай зоог барьсан түүхУншсан26,303

Ю.Гагарин сансарт ниссэний дараа түүний нэр хүнд дэлхий даяар тархаж улс болгон л “бурханд хамгийн их ойртсон” хүнийг авчрахаар, иргэд нь түүнийг харахаар зүтгэж байсан бөгөөд энэ хүнийг уриагүй улс орон гэж цөөхөн байх.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Юрий Гагарин 1955 онд цэрэгт татагдан Чкаловын цэргийн нисэх хүчний сургуульд хуваарилагдан очсон байна. Сонсогч байх үедээ Гагарин өөрийн зарчимч, маш их сахилга баттай шинж чанараараа ялгарч байсан учир нэг даргын туслах нэртэй болж хэрдээ л сонсогч нарынхаа нэг жижигхэн дарга болсон байна. Тэрээр дүрмийн бус үйлдлийг тэвчиж чаддаггүй байсан учир иймэрхүү зүйлтэй эвлэрдэггүй, хэрэгтэй гэж үзвэл дээд дарга нартаа ийм зүйлийг нь мэдээлэхээсээ огтхон ч зовдоггүй, ингэж мэдээлэх болно гэдгээ ч ил хэлдэг зөрүүд нөхөр байсан гэдэг. Тийм ч учраас зарим нэг нь ирээдүйн сансрын нисгэгчийг бүр “стукач” буюу матаач хэмээн хочилдог байжээ. Мэдээж сонсож, хараагүй байхад нь, араас нь...

Юрагийн иймэрхүү зан аашинд ихээхэн дургүйцдэг зарим нэг овгорууд мань хүнийг дарж авахын тулд сайн гэгч нь хашраахаар шийджээ. Бушнев гэгч сонсогч Гагариныг зодохын тулд Шпанько болон Ошурков гэсэн хоёр нөхөртэй нийлж тохирон 1957 оны 1 дүгээр сарын 3-ны шөнө гэнэт мань нөхөр рүү дайрсан байна. Маршал Жуков цэрэг байхдаа бага даргаа зодож байсан аргаар буюу нүүрээ юмаар боож, халхалж (Жуков харин бага даргынхаа толгойд гэнэт юм углаж хэнд зодуулж байгааг харагдуулахгүй гэсэн бол энд эсрэгээр өөрсдийнхөө нүүрийг танигдахгүй болгож) байгаад балбасан аргаар дээрх нөхдүүд ирээдүйн анхны сансрын нисгэгчийг А.Дюмагийн роман дээр бичсэн байдаг шиг нямбай гээч нь сайтар нүдэж өгсөн байна. Гэхдээ “хашраалтыг” Шпанько, Ошурков нар л хийсэн бөгөөд хэргийн гол эзэн Бушнев хажууд нь хүн хараад, ингэ тэг гээд зааварлаад зогсож байсан гэдэг.

Өнөөх хоёр ч хэргээ хэтэрхий “сайн” хийсэн учир Гагарин ухаан алдаж эмнэлэгт хүргэгдлээ. Хэрэг мандаж бөөн юм болон мөрдөн байцаалт явуулж хэрэгтнүүдийг олсон бөгөөд Бушнев, Шпанько нар гурван жилийн хорих ял, Ошурков нь сахилгын батальонд хоёр жил алба хаах шийтгэл авсан билээ.

Сонирхолтой нь эмнэлгээс гарч ирсэн Юрий улам бүр л хатуу чанд сахилга бат шаарддаг болсон тухай цуг сурч байсан нөхдүүд нь хожим дурссан байдаг.

Ер нь Гагарин маш шударга хүн байсан бөгөөд зарим домгоор бол чухам түүний энэ чанар сансарт ниссэн анхны хүн болох нөхцөл болсон гэсэн яриа бий. Уг яриагаар бол Сергей Павлович Королев сансарт нисэх хүн нь ямар ч зүйлийг үнэнээр нь хэлж чадах, сансарт гараад болох явдлыг яг болсноор нь хэлэх хүн сонгох хэрэгтэй байсан  учир нууцаар сансрын багийнханд толгой өвтгөх эм өгч туршиж үзсэн байна. Маргааш нь “аваргууд” хэдийгээр толгой өвдөж байсан боловч цэрэг хүний хатуужил заан ямар ч өвчин зовлон байхгүй гэж тангараглаж байхад Гагарин л харин толгой их өвдөж байгаагаа өнөөх хайр татсан инээмсэглэлээ тодруулан хэлж байсан гэдэг. Чухам ийм хүн л сансарт болсон явдлыг ямар нэг гоёл чимэг бүхий сүртэй байдлаар, эсвэл нууж хаалгүй хэлнэ гэж Королев тооцсон байж таарна.

Хатан хаантай цуг хооллосон нь

Ю.Гагарин сансарт ниссэний дараа түүний нэр хүнд дэлхий даяар тархаж улс болгон л “бурханд хамгийн их ойртсон” хүнийг авчрахаар, иргэд нь түүнийг харахаар зүтгэж байсан бөгөөд энэ хүнийг уриагүй улс орон гэж цөөхөн байх. Гагарин нэгэн цагт ган хайлуулах үйлдвэрт металл цувигч хийж байсныг мэдсэн Английн металлуригчид эх орондоо ирэхийг урьжээ. Хэдийгээр энэ нь хувийн шинж чанартай урилга байсан боловч Гагарин ирэхэд Англи даяараа сүйд болж, хэвлэл мэдээллийнхэн ч энэ явдлыг янз бүрийн сайн муу чимэг хачиртай мэдээлж байсан байж таараа.

Уг явдлаас нэлээд зай барьж байсан Британийн дээдэс байдлыг хараад зүгээр сууж байж болохгүй гэж шийджээ. Учир нь Гагариныг ирэхэд, түүний ийш тийш явах замд нь “хүнэн хана “ босч бүгд л Гагариныг харахыг хүсэж, түүнд баяр хүргэн  бөөн юм болж байсан бөгөөд зөвхөн дэлхийн 2-р дайны ялалтын үеэр л англичууд ийм баяр баясгалантай, олуулаа гудамжинд зэрэг гарч байсан хэмээн хэвлэлүүд бичиж байв. (Гагариныг ирэхэд нь нисэхээс Зөвлөлтийн консул хүртэл 20 км гаруй замын дагуу жагссан хүмүүс  түүнийг угтан авч байсан гэдэг)

Ингээд албан бус айлчлал нь албан ёсных болж хувиран Хатан хаантай цуг оройн зоогонд орох болжээ. Ер бусын сайхан инээмсэглэлтэй, даруухан орос залуу Английн дээдсийн хайрыг татсан бөгөөд Хатан хааны нөхөр  бас ямар нэг хэмжээгээр нисэх хүчинтэй холбоотой хүний хувьд Гагаринтай нисэхийн нарийн ширийн зүйл ярилцан ихэд додигор байсан гэдэг. Хоол идэх цаг болон ширээнд суухад Хатан хаан Гагариныг хажуудаа суулгаж таарсан ба (?) (энэ нь ихэс дээдэс, төрийн тэргүүн биш жирийн хүнтэй цуг суусан буюу ордны дэг журам зөрчигдсөн хэрэг гэнэ) элдэв хоолны хэрэгсэл гэсэн юмнууд ширээн дээр тоо томшгүй ихээр өрөөтэй байж. Гагарин ч чухам юуг нь яаж барих, яаж хооллох ёстойг мэдэхгүй учир шууд л үнэнээ хэлсэн байна.

“Би жирийн нэгэн бөглүү Орос тосгоны хүүхэд. Тэнд бид бүх л хоолыг ганцхан халбагаар иддэг учир би энэ олон янз бүрийн хэрэгслийг яаж хэрэглэхийг үнэхээр мэдэхгүй юм байна“ гэж. Хатан хаан ч гэсэн дээд зэргийн дипломатч тул “Би ч гэсэн насаараа Букингемд амьдарч байгаа боловч эдгээрийн зориулалтыг тэр болгон мэдэхгүй, эдгээр бараа бологч нар л хэрэгтэй юмыг нь хэрэгтэй цагт авчирч өгдөг юм“ гэж хэлж гайхаж мэлэрсэн Гагариныг тайвшруулсан байна. Зориг орсон Гагарин ч хамгийн том халбагыг аван салатаа таваглаж эхлэхэд ордны нарийн хүмүүжилтэй хүмүүс яахаа мэдэхээ байн гайхаж суухад Хатан хаан “Ноёд хатагтай нараа, Гагарины аргаар хоол идэцгээе“ хэмээн түүнийг дууриан халбага барьж авсан гэдэг.

Энэ бүх албан ёсны үйл явдлын дараа Хатан хаан бас дахин ордны дэг журам зөрчсөн нь Гагаринтай цуг зургаа авахуулсан явдал байв. Энэ явдлыг нь шүүмжилсэн яриа гарахад Хатан хаан "Би тэнгэрийн хүнтэй цуг зураг авахуулсан учир газрын хүнд зориулсан дүрэм журам энд хамаагүй ээ" гэж хэлэн дэмий ярианд цэг тавьсан байна. Дараа нь Хатан хаан Хрущевтай уулзахдаа “Ноён Хрущев, танай улс яаж тэр агуу пуужинг хийж чадсаныг ямар нэг байдлаар ойлгож болох юм, харин яаж ийм сайхан, хайр татсан хүн олж чадсан юм бэ гэдгийг л ойлгож чадахгүй байна“ гэж хэлсэн гэдэг билээ.

P.S.

Хатан хааны Гагаринтай хамт авахуулсан зургийг хайгаад фотошопоор янзалж өөрчилсөн худлаа зургийг эс тооцвол жинхэнэ зураг олоогүй бөгөөд магадгүй ордны дэг журам эвдсэн үйл явдал учир тэр зураг нийтэд дэлгэрээгүй байж болох юм. Эсвэл дээрх яриа нь жирийн л нэг домог гэмээр цуу яриа байж болох ч Гагарин нь Хатан хааныг уяраасан цөөхөн хүний нэг гэдэг нь харин маргаангүй бололтой.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]