Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Ханиасаа айгаад гурил руу хийчихсэн чинь санаа зовоод салдаггүй”Уншсан97,221

Нэг удаа ажлаас эртхэн тараад иртэл зохиолч Дашдооров, манай өвгөн хоёр гал тогоонд их л томоотой сууцгаах юм. Би хувцас хунараа солиод ороод ирэхэд нөгөө хоёр чинь гэм хийчихсэн хүүхдүүд шиг, Пүрэвсүрэн хулмаганаад нэг л биш ээ.


Төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн гэргий Б.Навчаа: Ханийн минь надад зориулж бичсэн шүлгийн гар бичмэлүүд бий

 

 Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн насны хань Балдангийн Навчаатай уулзаж хөөрөлдлөө.

-Таныг Пүүжээ ахын гэргий гэхээс өөрөөр үнэндээ сайн мэдэхгүй юм. Ингэхэд та аль нутгийн хүн билээ?

-Би Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн хүн. Аав маань Тасрангийн Балдан гэж хүн байсан. Монголбанкны Ерөнхий хорооны анхны даргын албыг дөчөөд оноос хашсан хүн л дээ. Уг гарал нь Дорнод аймгийн Булган сумын уугуул. Улсын мэргэн харваач цолтой, Сүхбаатарын одон, Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонтой Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хүн байлаа. Ээж маань Цагаанхайрханых болохоор намайг төрөх үед манайх тэр суманд айл болон аж төрж байсан юм билээ. Цагаанхайрхан чинь Увсын халх сумдын нэг. Би төрсөн нутгаараа Увсынх ч гэлээ дөрвөд, баяд аялга огт мэддэггүй. Намайг төрөөд удалгүй хотод шилжиж ирсэн болохоор үндсэндээ Улаанбаатарын иргэн гэхэд хилсдэхгүй шүү. Би чинь уг нь 1943 онд төрсөн юм. Сургуульд найзтайгаа хамт орох гээд насаа нэмэн дөчин хоёр оноор бичүүлчихсэн. Пүүжээ минь надаас тав ах хүн байлаа.

 -Та эцэг эхээс олуул уу?

-Бид эцэг эхээс гурвуул. Би айлын ууган охин. Миний дүү Балдангийн Алтанцэцэг гэж Монгол Улсын гавьяат жүжигчин, СУИС-ийн бүжгийн найруулагч, багш байлаа. Оросын их хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Шелкунчик”, “Хунт нуур”, С.Прокофьевын “Чулуун цэцэг”-ийн цыган бүжиг, Минкусын “Дон Кихот”, Ф.Шубертын “Серенада”, Н.Конкегийн “Орос кадриль бүжиг”, Д.Шостоковичийн “Вальс”, Э.Чойдогийн “Мөнгөн залаа”, “Шарилжин дундах цэцэг” бүжгийн жүжгийн адажио, Ж.Чулууны “Уран хас” бүжгийн жүжиг, И.Штраусын “Вальсын аялгуунд”, Р.Корсаковын “Шехерезада” бүжгийн жүжиг зэрэг дотоод, гадаадын хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдийн бүжгийн хэсгийг найруулж тайзнаа тавьсан авьяаслаг дүүгээрээ дэндүү бахархдаг байлаа. Харамсалтай нь уржнан жил гэнэтхэн өөд болсон. Отгон дүү Энхбулаг маань гадаад яаманд олон жил ажилласан хүн. Ноднин ханиа хорвоогийн жамд үдээд гуравхан хонож байтал бурхан боллоо. Хүний хорвоо гэж ийм л богинохон тавилантай бурхны хишиг юм байна.

-Таны сайхан ханийг Монголын ард түмэн зохиол бүтээлээр нь андахгүй. Пүрэвсүрэн хэмээх тэр агуу уран бүтээлчийн талаар сайхан дурсамж дэлгээч?

-Би МУИС-ийн сэтгүүлчийн анхны ангийг 1964 онд дүүргээд “Залуучуудын үнэн” сонинд хуваарилагдсан. Ер нь манай ангийг төгссөн гуч гаруй хүн бүгд төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилд орцгоосон. Пүрэвсүрэн сэтгүүлчээр ажиллаад гурав дөрвөн жил болчихсон архаг амьтан байхгүй юу. Манай хүн чинь өмнө нь амьдралтай байсан. Охин Энхзаяа, хүү хоёр нь одоо ч бидэнтэй холбоотой байна. Залуу улс биендээ татагдаж, хоёр гурван жил үерхэж байгаад 1967 онд манай аавын авч өгсөн байранд орж, хойтон жил нь охин Заяа маань төрж байлаа. Охин цэцэрлэгийн багш. Арвандөрвөн жилийн дараа хүү Пүрэвжаргал маань төрсөн. Хүү “TV-9” телевизэд аав ээж хоёрынхоо мэргэжлийг өвлөн сэтгүүлчээр ажиллаж байна. “Монгол коммент” нэвтрүүлэг хөтөлдөг залуу гэхээр хүмүүс таних байх.

-Пүрэвсүрэн зохиолчийн уран бүтээлээ туурвидаг нууц нь юу байв?

-“Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна даа...” гэдэг ардын гэмээр алдарт дуугаа надтай танилцахаас өмнө бичсэн байсан. Ер нь манай хүн хэдүйдээ зохиолоо биччихдэг байсан юм бол гэж би одоо ч гайхдаг. Хүүхэд шуухдаа л гэнэ үү гэхээс зохиолоо бичсэн эсэхийг нь анзаардаг ч үгүй байж. Өдөр, ажил дээрээ л бичдэг байсан байх. Хааяа шөнөдөж суух нь сууна. Гэхдээ л махраад махаа идээд байдаггүй байсан. Харин “Үдийн нар өндөр” туужийг нь би машиндаж өгч байсан юмдаг.

-Танд зориулж олон зохиол бичээ болов уу?

-Пүрэвсүрэн их өргөн сэдвээр бичдэг зохиолч шүү дээ. Эх орон, нутгаа их бичнэ. Харин гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулдаг “Шинэ жилийн үдэш” дуу зурагтаар явахаар л “Чамд зориулсан дуу гарч байна” гэдэг сэн, хөөрхий. Тэр нь ч үнэн л дээ. Наян хэдэн онд надад зориулж бичиж өгсөн шүлгийнх нь ноорог ч байдаг юм. “Цастай гудамж гантиг шиг цайрч

Цацрах гэрлээр туяаран мишээгээд

Холын тэнгэрт одод инээнэ

Хонгор чи минь дэргэд ирнэ ээ

Энэ жилийн эхний наадам

Шинэ жилийн шөнө сайхан аа

Энэ жилийн эхний наадам

Шинэ жилийн шөнө сайхан аа...” гээд миний нэрийг бичээд дурсгаж билээ.

-Та одоо хэнтэйгээ аж төрж байна. Бурхан болоочийн уран бүтээлийн найз нөхөд, шавь нар эргэж тойрч байна уу?

-Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ эрхлэгч маань мэнд мэдэж үе үе ярина. Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Дорждулам, Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Цэнд-Аюушийн Ичинхорлоо, яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нар утасдана. Зохиолч Дөнгөтийн Цоодол өвгөний сайн найз байсан болохоор байнга л ярина. Би зээ хүү Хантүшигтэйгээ голдуу өнжинө. Энэ ч ёстой л “дайсны цэрэг” дээ. Хоёрхон ойтой мөртлөө л тэнд ч тавагтай чихэр хуурайлаад л, энд ч ам арчдаг цаас хөврүүлээд л эмээгээ зүгээр суулгана аа нэг байхгүй шүү дээ. Өвгөний маань бэлэглэсэн хөөрхөн цэцэгтэй амны алчуур байдаг юм. Нэг өдөр харчихаад нэхээд байхаар нь өгчихсөн чинь харин хогийн саванд аваачаад хийчихсэн байдаг байгаа. Түүнээс хойш энэ Хантүшигийг явснаас хойш хогийн саваа хүртэл шалгах ажилтай болсон. Сая хүртэл аавынхаа цагийг хааш нь хийчихсэн юм бүү мэд. Аав нь хайгаад л байна.

-Та өнөөгийн бидэнд байхгүй сайхан цагаан шүдтэй хүн юм. Шүд арчилдаг нууц аргатай юм биш биз?

-Би хоол идээд шүдээ угаадаг зантай хүн. Залуудаа нэг шүдээ ломбодуулснаас биш бүх шүд эв эрүүл шүү. Тэгж ломбодуулахад “Соодтой усаар байнга зайлж бай” гэж эмч зөвлөсөн юм. Өдөрт гурван удаа соодтой усаар зайлсных бүрэн байж мэдэх юм шүү.

-За тийм байж. Танайхаар зохиолч, яруу найрагчид их ирдэг байсан даа?

-Манай босгоор өвгөний багш төрийн шагналт яруу найрагч “Хүрэн морь”-ны Лхамсүрэн гуайгаас эхлээд олон зохиолч ирдэг сэн. Манайхыг МУИС-ийн тэндэх байранд байхад яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга нар их ирнэ. Болд-Эрдэнийг ороод ирэхээр л “Заяа дүүгийнхээ зургийн даалгаврыг хийгээдэхээч” гэхээр жигтэйхэн уриалгахан зурна. Заяа дунд сургуулийн сурагч байхгүй юу. Нэг удаа сайхан мод зурлаа. Пүрэвсүрэн харж харж “Чи тийм амьд юм шиг адилхан зурж болохгүй шүү. Багш нь муу охиныг маань зураагүйг мэдээд муу тавьчихвал яана” гэж ямар сайндаа хэлж байхав.

-Ханийн чинь багш анх танайд орж ирээд гарахдаа таны нэрийг тав өөрчилж дуудсан гэдэг үнэн юм уу?

-Лхамсүрэн гуай манайд орж ирээд миний нэрийг асуулаа. Навчаа л гэлээ. Цай бариад ортол “За тэгээд ажил өндөр үү, Цэцгээ” гэж байна. Удаа ч үгүй л “Чимэгээ охин минь” гэдэг юм. Нэг тийм юм болох нь болсон шүү.

-Пүүжээ ах архиа танаас нууж савтай гурилд нуудаг байсан гэл үү?

-Нэг удаа ажлаас эртхэн тараад иртэл зохиолч Дашдооров, манай өвгөн хоёр гал тогоонд их л томоотой сууцгаах юм. Би хувцас хунараа солиод ороод ирэхэд нөгөө хоёр чинь гэм хийчихсэн хүүхдүүд шиг, Пүрэвсүрэн хулмаганаад нэг л биш ээ. “Та хоёр чинь яачихаад байгаа юм. Ганц лонх юм авахуулах уу” гэсэн чинь Пүрэвсүрэн босож очоод гурил дотроос нэг шил архи гаргаж ирээд ширээн дээр тавиад “Ханиасаа айгаад хийчихсэн чинь санаа зовоод салдаггүй” гэж санаа нь амарсан янзтай, ширээн дээр бөөн гурил тариад суудаг юм. Миний инээд хүрээд нөгөө өрөө рүү гүйгээд орж байгаа юм чинь. Тэгэхнээ, намайг ирлээ гэнгүүт л Дооров “Архиа гурилд хийчих” гэж арга зааж өгсөн юм билээ л дээ.

-Ханиа төрийн шагнал авахад яаж тосож авав?

-Социализмын үед ажил тасалбал арга хэмжээ авахуулна гээд их айдаг байлаа. Пүрэвсүрэнг төрийн шагнал авахад би сонины нүүрээ унших бөөн ажилтай болчихоод очиж амжаагүй. Өвгөн маань л төрийн ордонд очиж аваад ирж байсан. Сонины нүүр уншиж оройтохоор л хань минь шөнө хүрч ирж ханиндаа уншилцдаг байлаа. Насаараа л нүдээ ширгэтэл ном, сонины алдаа хянахдаа ажлаа хийж байна гэж хамтдаа уншиж жаргаж байснаас зовлоо зүдэрлээ гэж огт боддоггүй байж. Хоёр хүүхдээ гэртээ цоожилчихоод л Улсын хэвлэх үйлдвэр дээр сониноо уншаад суучихдаг байсан даа.

-Зохиолч П.Пүрэвсүрэнгийн дурсгалыг мөнхжүүлэх талаар ямар ажил хийх бодолтой явдаг бол?

-Төрсөн нутаг Баянхонгорын Баацагаан сумынхан уг нь хөшөөг нь босгоно гэж ярьж байсан. Сүүлийн үед сураггүй боллоо. Чухам яасан юм, бүү мэд. Бурхан болсных нь дараа “Мөнхийн үсэг” группын Доржсүрэн ирээд яруу найраг, өгүүллэг, туужийнх нь бүрэн ботийг гаргая л гэж байсан. Ботилбол ч уран бүтээлээс нь гадна дурсамж дурдатгалын гар бичмэлүүд нь ч байж л байна.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 8. 9:19
ЗочинSeded Choijil

Навчаа Танд баярлалаа, ярилцлагыг уншиж байхад маш сайхан байлаа. Өвгөний чинь боть хэвлэгдэх өдөр ирэх болтугай, үр хүүхэд, ач, зээ нарт чинь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе

2020, 12 сар 26. 19:38
Цагаан шүхэрт

Сайхан ярилцлага байна. Пүрэвсүрэнгийн Их Тээлийн даваа, Үдийн нар өндөр 2 тууж бол гайхалтай сайхан зохиолууд, 20 - р зууны Монголын уран зохиолд гарсан томоохон үзэгдлүүд, ээж хүү хоёр хоюулаа утга зохиол урлагт ойр хүмүүс бололтой. Тэр 2 туужаар кино хийгээч / хийлгээч Чингиз Айтматовын Жамиля, Улаахан алчуурт хонгор минь - ий энтэй кино болно доо. Харин сайн л хийх, сайн хүнээр /Жигжидсүрэн/ шиг хүнээр хийлгэх хэрэгтэй болов уу.
Цагаан шүхэрт

2020, 12 сар 9. 19:57
Цэрэндоржийн үр хүүхэдээс.

Уг удам нэгтэй,сайхан авга эгчдээ эрүүл энх,сайн сайханыг хүсье.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]