Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны гутгаар хүү, Их Монгол улсын хоёр дахь эзэн Өгөдэй нь эцэг их хааныхаа босгосон их улсаа улам хүчирхэгжүүлж, батжуулсан бөгөөд түүний удмынхан Монгол гүрний төрд асар их нөлөөтэй байв.

Өгөдэй хаан: Гуйсныг нь хурдан өгөгтүн, өөд болох цаг нь өрсчихөж ч магадУншсан7,743

Дээд төрөлт хаанд нэгэн их өндөр настай өвгөрсөн хүн ирж хоёр зуун алтан зоос өгөөч гэж гуйсан байна. Хаан түүнд өг гэж айлдав.

Судрын чуулган бол Монгол эзэнт гүрний хаадын түүх төдийгүй тухайн цаг үеийн дэлхийн түүхийг хойч үедээ хүлээлгэж өгч чадсан гайхамшигтай бүтээл юм. Энэхүү оюун ухааны гайхамшигт эрдэнэсийн санг үе үеийн олон эрдэмтэн, судлаачид, академичид тал бүрээр нь судлан зэрэг цол хамгаалан, зохиол бүтээлдээ ашиглаж ирснийг дурдах нь илүүц бизээ. Ингээд манай сайтын зүгээс Рашид ад дины "Судрын чуулган"-аас Өгөдэй хааны засаглалын цаг үед хаантай холбогдон болж байсан үйл явдлуудыг дурдсан бяцхан өгүүллүүдийг сонгон авч цувралаар хүргэж байгаа билээ. Таалан болгооно уу.

 

БАС /НЭГЭН ӨГҮҮЛЭЛ/

 Ажилладаг ч үгүй, юм хийдэг ч үгүй, ямар ч зүйл урладаггүй нэгэн хоосон хүн байжээ. Нэгэнтээ тэр хэдэн хэсэг төмөр олж, шовх үзүүр гарган нарийн мөчирт суулгаад хаан явж өнгөрдөг замд сууж байв. Өгөдэй хаан буянт мэлмийгээрээ холоос ажив. Тэрбээр түүний хийж буй ажлыг мэдэхээр хүн явуулсан байна. Тэр хэлэх нь “Би бол чадалгүй, чинээ багатай, олон ам бүлтэй хүн. Энэ шөвгийг хаанд тус болохоор авч ирлээ” гээд нөгөө /үзүүртэй төмрүүдээ/ өгөв. Нөгөө очсон ноён хаанд түүний байдлыг айлтгаад, харин тэр төмөр нь дэндүү болхи, чанаргүй болохоор нь хаанд харуулсангүй. Гэтэл хаан “Түүний авч ирсэн юмыг өг дөө” гэв. Тэр шовх төмрүүдийг нь буянт мутраараа аваад айлдсан нь “Энэ бараа нь хэрэг болно. Үүгээр малчид айрагныхаа хөхүүрийн цоорхойг оёх болно” хэмээв. Тэгээд мөнгөний ч үнэгүй зүйлд ширхэг бүрт нь мөнгөн зоос соёрхжээ.

 

НЭГЭН /ӨГҮҮЛЭЛ/

Дээд төрөлт хаанд нэгэн их өндөр настай өвгөрсөн хүн ирж хоёр зуун алтан зоос өгөөч гэж гуйсан байна. Хаан түүнд өг гэж айлдав. Хааны дотны хүмүүс “Энэ хүний амьдралын наран гудайжээ. Тэр орох орон ч үгүй, төрөл төрөгсөд ч үгүй, үр хүүхэд ч үгүй, түүний амьдралын байдлыг хэн ч мэдэхгүй билээ” гэжээ. Хаан айлдсан нь "Энэ чинь бүх насандаа үүнийг л хүсч мөрөөдөж яваад ингэх аятайхан тохиолдлыг эрж явсан юм. Түүнийг цөхрөөж ордноос хөөн гаргах нь таарахгүй. Бүхний дээдэс бурхнаас ямар байхыг минь бидэнд зааж заяасан болохоор  ингэх нь ийм эзэнтэнд таарахгүй, нэн зохимжгүй, уужуу тавиун санаатай нийцэхгүй болно. Гуйсныг нь хурдан өгөгтүн. Түүний өөд болох цаг нь өрсчихөж ч магад. Тэгвэл хүсч мөрөөдсөндөө хүрч чадахгүй болно" гэжээ. Айлдсан ёсоор түүнд зоосных нь ихэнхийг өгөөд байтал бүгдийг нь авч амжилүй өөд болж бурханд сүнсээ өргөв.

 

НЭГЭН /ӨГҮҮЛЭЛ/

Нэгэн хүн наймаа хийхийн тулд түүнд сангаасаа бэлэн цэврээр таван зуун алтан зоос өг гэж хүссэн байна. Хаан гаргаж өг гэж тушаасан байна. Ойр дотны хүмүүс нь энэ хүнд баталгаа болговоос зохих юм алга, мөнгө ч байхгүй, мөн төдий чинээ өртэй юм гэж айлтгасан байна. Хаан түүнд мянган зоос гаргаж өг, түүний хагасыг нь зээл олгогсоддоо өгөг, нөгөөг нь эргэлтэд оруулаг гэж тушаасан байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]