Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын эзэнт гүрний доторхи дөрвөн хүчирхэг улсын нэг. Перст төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменстан, Армен, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа.

Ил хаан Абага: "Самагар жанжнаа илгээлээ, дайсантай тулалдах сар, өдрөө тохирно уу"Уншсан12,402

Энэ зуур цаг хожиж тусламж дуудсанаар Антиох эзлэгдсэний хариуд, Английн I Эдвард 1271 онд Аккад ирж, Загалмайтны шинэ аян дайн хийхийг оролдов.

Зурагт: Ил хаан Хүлэгүг тосон Аргуныг тэвэрсэн Абага хаан

Загалмайтны ертөнцийн хэзээ ч чадал нь үл хүрч буулгаж авч чадаагүй араб дахин, исламын улсуудыг нэгтгэн дагуулж Ил хаант улсыг байгуулсан хүн бол Ил хаан Хүлэгү билээ. Түүний ууган хөвгүүн Абага, Ил хаант улсын хоёр дахь “Ил хаан”. Сурвалжид түүнийг “Абага хан-Үлэхү ханы хамгийн сайн, их хүү нь билээ. Тэрбээр Сүлдүс овгийн Есөнжин хатангаас нарт хорвоод мэндэлсэн” гэдэг. Тэрбээр Хүлэгү хааныг дагаж Иран, Перс, Сирийн нутагт дайтаж явжээ.

1265 оны 6 дугаар сарын 19-нд өнөөгийн Ираны нутаг Перахан мужийн Цагаан нуурын дэргэд түүнийг хаан ширээнд суулгасан байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Византийн хаан Михаэл 1265 онд өөрийн охидын нэгэн болох Мария Деспина Палеологинаг Абага хаантай гэрлүүлэхээр илгээсэн гэдэг. Тэрбээр хаан сууринд суусны дараагаар Ил хаант улсын дотоод асуудлаас гадна гадаад харилцаанд ихээхэн анхаарч Египетийн Мамлюкууд, Анатолийн Сельжукуудтэй, Византитэй харилцах харилцаанд ихээхэн анхаарал хандуулж байжээ. Тэрбээр 1266 онд Бейбарст, 1268 онд Арагоны Жеймс ванд, 1271 онд Английн I Эдвард хаанд тус тус захидал илгээж байв.

Мөн Зүчи хийгээд Цагадайн угсааныхантай найрамдахдаа найрамдаж, дайсагнахдаа дайсагнаж байсан эрх ашгийн зөрчлүүд түүний хаанчлалын жилүүдэд Ил хаант улсын төрийн бодлогын гол цөм нь байв. Гэвч Алтан Ордны улс, Мамлюкуудын улстай ихээхэн зөрчилтэй харилцаа үргэлжилж улмаар Алтан Ордны улсын цэрэгтэй 1265 оны 7 дугаар сард томоохон тулаан хийсэн байдаг. Абага хааны цэрэг Ногай болон Бэрхийн цэрэгтэй тулалдсан тухай “Судрын чуулган”-д, "Аксу нэртэй Цагаан мөрний дэргэд Кур голыг гатлаад хоёр талын цэрэг тулгарсан байна. Хоёр тал эгнээ болон тулалдав. …Бас Ногайн нүдэнд сум тусч цэрэг нь буруулан зугтааж явсаар Ширванад хүрч ирлээ. Абага хаан Кур голыг гатлаж байхад тэртээ талаас Бэрх гурван зуун мянган цэрэгтэй амжин тулж ирлээ. Абага хан дахин гол гарч энэ эрэгт ирээд голын гармыг тасал гэж тушаасан” гэжээ. Гол үертэй тул хоёр талын цэрэг тулалдалгүй байсаар Алтан Ордны цэрэг өөр замаар довтлохоор оджээ. Гэвч Бэрх (1257-1266) хааны гэнэтийн үхэл нь энэхүү дайныг зогсооход хүргэжээ. Абага хаан, Алтан Ордны Мөнх-төмөр (1266-1282) хаантай энхийн гэрээ байгуулж хоёр улсын дайн түр зогсов. Хойшид Абага хаан, Алтан Ордны хийгээд Цагадайн хаадын довтолгоог амжилттай няцааж чадсанаар Ил хаант улс бүс нутагтаа амжилттай бэхжих бололцоог буй болгож чаджээ. Үгүй бол ямар ч дайснаас илүү хүчирхэг Цагадайн улс, Алтан ордны улсын түрэлтийг Ил хаант улсаас өөр ямар хүч тэсэж тогтох билээ.

1282 онд Абага хаан нас баржээ. Түүний улс төрийн бодлого нь шашны хувьд бөө, буддын шашинд таатай хандсан, христийн шашинд аядуу бодлого баримталж байсан ба энэ үед Ираны нутагт исламын шашны шийтийн урсгал дэлгэрэх нөхцөл бүрджээ.

 

Сирийг дайлсан нь

Абаха нь Исламын шашинт Мамлюкуудын эсрэг Өрнөдтэй хамтрахыг оролдсон олон Монгол удирдагчийн нэг байлаа. Тэрбээр 1267-1268 онд Пап лам IV Клементтэй харилцаа тогтоохыг оролдож, 1268 онд Монгол элч илгээж, Өрнөдийн орнууд болон хадам эцэг VIII Михаэлтэй хамтран Франц-Монголын эвсэл байгуулахыг зорьж байлаа.

Абаха Арагоны ванд бичихдээ түүнийг Силисид ирвэл өөрийн дүү Ахайг угтуулж илгээнэ гэж бичжээ. Абаха мөн Английн I Эдвардад элч илгээж байсан бөгөөд 1274 онд Пап лам X Грегори руу төлөөлөгчид илгээжээ. Абаха өөрийн элч Рихалдусаар Лионы Хоёрдугаар Зөвлөлийн хурал дээр Хүлэгү Христүүдтэй ямар найрсаг байсныг тэдэнд сануулж, Сириэс Мамлюкуудыг хөөж гаргахаар төлөвлөж байгааг батлан хэлжээ.

Гэтэл бүх зүйл Антиох эзэгдсэнээр дахин эхэлсэн юм. Антиохын VI Бохемонд хаан хадам эцэг Армений I Хетумын нөлөөгөөр 1260 онд Абахагийн эцэг Хүлэгүг хан байх үед Монголчуудад сайн дураар даган орсон байдаг. Ингэснээр Антиох, Триполи улсууд Ил Ханы вассал улсууд болсон. Гэвч 1268 онд Мамлюкийн удирдагч Бэйбарс Монголчуудад дагаар орсонд нь өширхөж Антиох хотыг эзэлсэн тул Антиохын Бохемонд хаан Триполийг нэмж алдахгүйн тулд Бэйбарстай дайнаа зогсоож, Монголчуудтай эвсэхгүй хэмээн ам өгчээ.

Энэ зуур цаг хожиж тусламж дуудсанаар Антиох эзлэгдсэний хариуд, Английн I Эдвард 1271 онд Аккад ирж, Загалмайтны шинэ аян дайн хийхийг оролдов. Гэвч энэ оролдлого нь эцэстээ амжилтгүй болсон бөгөөд Эдвард арга ядаж Абаха руу элч илгээн Монголчуудаас цэргийн тусламж хүсчээ. Абаха Туркестанд тулалдаж байсан боловч Эдвардын хүсэлтэд нааштайгаар хандан Селжүкийн Анатоли дахь Монгол цэргээс нэг түмэн цэргийг Самагар жанжны удирдлага дор Сири рүү илгээв. Абаха хаан "Энэ хэрэг явдлын талаар ярилцаад бид хүчирхэг цэргээ Семакар (Самагар) жанжнаар удирдуулан танд туслуулахаар илгээхээр тогтлоо, тиймээс та дээр дурдсан Семакарыг оролцуулсан төлөвлөгөөг өвөр зуураа хэлцэхдээ дайсантай тулалдах сар, өдрөө тодорхой бөгөөд нарийн тохирно уу" хэмээн Английн хаан I Эдвардад захидал явуулсан байдаг.

Монголчууд туслах Селжүк цэргүүдийн хамтаар Алеппогоос урагших нутгийг сүйтгэж, мамлюкууды түрэн хөөв. Хэдийгээр энэ хүч харьцангуй жижиг байсан ч гэсэн, исламын шашинт хүн амыг (тэд урьд нь Монгол жанжин Хитбухын удирдсан цэрэг өмнө зүгт Каир хүртэл тулалдаж байсныг мартаагүй байв) зугтан дүрвэхэд хүргэв. Харин Эдвард Монголчуудтай байлдааны ажиллагаагаа зохицуулж, цэргээ цуглуулж чадахгүй, цэрэг дайны ямар ч амжилт гаргаж чадаагүй тул Абахагийн ганц түмэн цэрэг яалт ч үгүй ухарчээ. Бэйбарс арваннэгдүгээр сарын 12-нд Египетээс сөрөг довтолгоо хийхэд Монголчууд ухраад аль хэдийн Евфрат мөрний цаана гарсан байлаа.

1280-1281 оны аян дайн

Мамлюкуудын удирдагч дайнч Бэйбарс 1277 онд нас барлаа. 1280-1281 онд Абаха Сири рүү шинэ довтолгоон хийжээ. 1280 оны есдүгээр сард Монголчууд Баграс, Дарбсакыг түрэмгийлэн авч, аравдугаар сарын 20-нд Алеппог эзлэв. Амжилтаа бататгахын тулд Монголчууд Акка руу элч илгээж, нэмэлт хүч хүсчээ. Гэвч Загалмайтнууд Монголчуудаас далдуур Мамлюкуудтай 10 жилийн турш дайтахгүй гэсэн гэрээ хийсэн нь дуусаагүй байв. Патриархын ширээт лам Абахагийн хүсэлтэд татгалзсан хариу өгөхдөө хот өлсгөлөнд нэрвэгдсэн байгаа бөгөөд Иерусалимийн ван өөр нэг дайнд татагдан ороод байна гэсэн худал тайлбар өгчээ. Киприйн ван III Хюг болон VI Бохемонд харин цэргээ хөдөлгөсөн боловч тусалж чадсангүй. Учир нь Мамлюкууд аль хэдийн Монголчууд болон тэдний хооронд цэргээ байршуулж амжсан байв.

Абаха, Арменийн III Лео хааныг шахамдуулж Франкчуудыг шинэ Загалмайтны аян дайн эхлүүлэхийг уриалсан боловч Мальтын орден болон I Эдвард (санхүүжилт байхгүйн улмаас ирж чадаагүй) нар л нааштай хариу өгчээ. Мальтын орден Бекаа руу хамтарсан довтолгоон хийж, Султаны эсрэг хэд хэдэн удаа тулалдан 1280 оны аравдугаар сард Крак де Шевальер хүртэл давшиж, 1281 оны хоёрдугаар сард Крак дахь Мамлюкийн цэргийг бутцохилоо. Энэ амжилтын гол эзэд болсон Монголчууд цэргээ татаж, намар нь дахин довтолгоо хийнэ хэмээн холбоотнууддаа амалжээ.

1281 оны намрын аян дайн

Египетийн Исламын шашинтнууд 1271 онд 10 жилийн хугацаанд загалмайтнуудтай тулалдахгүй байхаар тохиролцсон тохиролцоогоо сахин тулалдаан хийгээгүй билээ. 1281 оны тавдугаар сарын 3-нд Исламын шашинт шинэ султан Калавун Аккагийн баронуудтай дайтахгүй байх 10 жилийн гэрээгээ сунгаж шинээр байгуулаад (энэ гэрээгээ тэр сүүлд зөрчсөн) Триполийн VII Бохемондтой мөн ийм 10 жилийн хугацаатай гэрээ байгуулж дөнгөв. Холбоотнууддаа өгсөн амлалт ёсоор Монголчуудын довтолгоо 1281 оны есдүгээр сард эхэллээ. Монголчуудыг ирэх сургаар Мамлюкуудтай дайтахгүй байх гэрээнд өөрсдийгөө захирагдахгүй гэж үзсэн III Леогоор удирдуулсан Арменчууд болон Маркабын цайзыг хамгаалж байсан 200 орчим Мальтын ордений хөлөг баатар мамлюкуудын эсрэг зэвсгийн ирээ хандуулав.

1281 оны аравдугаар сарын 30-нд 50000 Монгол цэрэг, 30000 Армен, Гүрж, Грек, Маркабын Мальтын орденийн хөлөг баатрууд Исламын шашинтны удирдагч Калавунтай тулалдсан Хомсын хоёрдугаар тулалдаан болсон боловч аль тал ялсан нь тодорхойгүй өндөрлөж, хоёр тал маш их хохирол амслаа.

Энэхүү цуст тулааны дараа жил буюу 1282 онд Абаха хаан цаг бусаар нөгчив. Түүний бэлэвсэн эхнэр Мариа Константинополь руу төрхөмдөө буцжээ. Харин эцэг нь (Византийн хаан) Багдадад тохиолдсон шиг зүйлээс нийслэл Константинополь хотоо аврахын тулд түүнийг өөр нэг Монгол хантай суулгах гэж оролдов. Мариа энэ саналыг хүлээн авалгүй, гэлэнмаа болж, 1285 оны үед Панагиа Мухлиотисса сүм хийдийг байгуулжээ.

Абахагийн орыг Исламын шашинт дүү Тэкүдэр нь залгав. Тэкүдэр Абахагийн Христийг дэмжигч бодлогыг орвонгоор нь эргүүлж, Франкын нутаг дэвсгэрт дахин халдаж, 1285 онд Маргатын хойд цайз, 1287 онд Латтаки, 1289 онд Триполийг эзлэн авсан Мамлюкийн Султан Калавунтай эвслээ.

Хуучны өст дайсантайгаа эвлэрсэн энэ явдалд эгдүүцсэн Абахагийн хүү Аргун 1284 онд Хубилай хаанаар дэмжүүлэн амжилттай төрийн эргэлт хийж, авга ах Тэкүдэрээ цаазаар аваачин, төрийн эрхийг өөрөө авч, Абахагийн үеийн Христ шашныг дэмжигч бодлогыг эргүүлэн тогтоож, мамлюкуудыг бутцохиж, түүхийн тавцнаас арчсан юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]