Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сократ үхлийг сонгосон ньУншсан3,651

Сократ хэмээх эртний Грекийн гүн ухаантныг мэдэхгүй хүн ховор. Бүр гүн ухааныг “Сократын өмнөх”, “Сократаас хойших” хэмээн хуваан ангилдаг үзэгдэл ч байдаг гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Сократ хэмээх эртний Грекийн гүн ухаантныг мэдэхгүй хүн ховор. Бүр гүн ухааныг “Сократын өмнөх”, “Сократаас хойших” хэмээн хуваан ангилдаг үзэгдэл ч байдаг гэдэг. Гэхдээ энэ удаа энэ ер бусын хүний сургаалын тухай биш харин хэрхэн яаж үхсэн талаар сонирхуулъя.

Янз бүрийн шашин шүтлэгт бурхны төлөө, хүний төлөө өөрийнхөө амь насыг золиослон үхсэн тухай олон баатарлаг түүх бий. Зулын гол болж өөрийгөө шатаах, бөөн бөөнөөрөө хор ууж үхэх...Иймэрхүү явдал нь ямар нэг мухар сүсэг, мухайрлалтай холбоотой юм шиг санагддаг уу? Тэгвэл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цэцэн мэргэн хүмүүсийн нэг болох Сократ нь хор ууж үхсэн түүхтэй билээ.  

Манай эриний өмнөх 431-404 оны хооронд Афин болон Спарта улсуудын хооронд нэгэн их дайн өрнөжээ. Түүхэнд Пелонпений дайн хэмээн алдаршсан энэ явдал 27 жил үргэлжилсэн бөгөөд Сократ нь залуу зандан цагтаа энэхүү дайнд оролцон цөөнгүй гавьяа байгуулсан хүн байсан гэх бөгөөд нэгэн үхэж байсан цэргийг үүрч дүүрэн тулалдааны талбараас гарган амийг нь аварсан түүх бий.

Ингээд дайн Спартагийн ялалтаар өндөрлөж Афинчууд дайсныхаа тавьсан шаардлагыг хүлээн авахаас өөр аргагүй боллоо. Тэрхүү өч төчнөөн шаардлага дотор Афины улс төрийн тогтолцоог Спарта хэлбэртэй буюу ганц хүний засаглал (диктатур)-тай болгох зүйл байжээ. Эдгээр шаардлагыг хүлээн авахгүй бол Спартчууд Афиныг тэр чигээр нь эзэлж авахад бэлдэн байсан цаг.

Ардчилсан тогтолцоонд дассан Афинчууд нь ярилцаж байгаад гаднын дарангуйлагчтай байснаас өөрийн дарангуйлагчтай байсан нь дээр, гэхдээ ганц хүний биш олон хүний зөвлөл бүхий дарангуйлал дор байя гэж шийдэн Спартчуудтай ярилцан зөвшөөрөл авлаа.

Одоо Афиныг 30 хүний зөвлөл удирдах бөгөөд тухайн үеийн Афины хамгийн нэр хүндтэй хүмүүсийг үүнд сонгон авсны  дотор Сократын найз нөхөд, сургаал номыг нь сонирхон дагадаг хэд хэдэн хүн байжээ.

Дайнд ялагдаж хоосорсон улс орныг эдгээр 30 хүн яаж өөд нь татахаар оролдож эхэлсэн гээч? Юун түрүүнд том баячуудын хөрөнгийг хурааж хот улсаасаа хөөн явуулах нь хамгийн амархан, хамгийн түргэн үр дүн өгөх арга байна гэж үзээд хэрэгжүүлснээр ард түмний дэмжлэг авч байгаа гэж жигтэйхэн.

Баячуудыг хөөх туух нэрээр нугалаа завхрал гаран, нэг нэгнээсээ өшөөгөө авах янз бүрийн явуулга хэрэгжиж эхэлсэн гэх ба лав 1500 гаруй хүнийг цаазалсан юм байх. Мэдээж эдгээр 1500 хүн нь жирийн нэг гэмгүй хүн биш хэн нэгний улс төрийн болон хувийн дайсан байлаа. Дээр нь хөрөнгөө хураалгаад хөөгдөж туугдсан өч төчнөөн хүнийг нэмэх хэрэгтэй.

Сократ энэ бузар явдлыг тэвчилгүй гудамжинд очоод 30 дарангуйлагчийн үйл хэргийг буруутган ярих ба хүмүүс ч их цуглана. Сократаас өөр ингэх хүн байсангүй буюу түүний алдар нэр нь амийг нь хамгаалж байв. Эсвэл 30 дарангуйлагч дотор буй найз нөхөд , даган бишрэгчид нь...

30 дарангуйлагч дотроо хагаран муудалцаж эхэлснээр энэ засаглал жил гаруйхны дараа унаж ардчилагчид засаг авлаа. Ардчилагч дарангуйлагч гэж янз бүрээр нэрлэж байснаас биш бас л сонгогдсон гэх цөөхөн хэдэн хүн нь өөрсдийн хүсэл сонирхлыг хамгаалан байсан гэдгээрээ яг л адил. Тэрхүү засгийн эрхийг авсан нөхдүүдийн ихэнх нь урьд засгийн үеэр хөрөнгөө хураалгаж, хөөгдөж цөлөгдсөн нөхдүүд ба хариугаа авах гэж ёстой л улангасан байв. Энэ үеэр чухам хичнээн хүн амьтныг шорон оронд хийж, цөлж цаазалсан юм мэдэхгүй, лав л өмнөх засагтай ойрхон байсан нөхдүүдийг шүүж, хорихыг нь хорьж, цаазлахыг нь цаазалж эхэлжээ.

Эдгээр шүүгдэгчдийн дунд Сократ багтсан байлаа.

Сократ нь 30 дарангуйлагчийн цөөнгүй хүнтэй ойрхон харилцаатай байсан, зэрлэг харанхуй засаглалын үед ямар нэг байдлаар хохироогүй. Сократ нь ардчиллыг дэмждэггүй буюу ард түмний хүсэл сонирхлоос илүү хууль зүй, шударга ёсыг дээдлэх тухай хачин юм ярьдаг, эртний Грекийн бурхдыг хүлээн зөвшөөрөлгүй өөрийн бишрэх ойлгомжгүй нэгэн дээд хүчний тухай ярьдаг... гэх  мэт.Гүн ухааны сургуулиудын зөрчил ч бас энд нөлөөлсөн гэх ба Сократ өөрийн үзэл бодол, гүн ухаанаа олны өмнө ямар нэг төлбөр мөнгөгүйгээр ярьдаг ухуулдаг таниулдаг байсан нь баячуудыг сургах гүн ухааны төлбөртэй сургуулиудад ихээхэн гай болж байсан бололтой.

Ингээд м.э.ө 399 онд шүүх хурал болж Сократыг хэд хэдэн зүйлээр буруутган байх үед тэрээр  өөрийгөө хамгаалж ямар нэг юм хийсэнгүй байсаар цаазын ял авчээ. Аливаа хувьсгал “хүүхдүүдээ иддэг” гэдэг энэ. Хүн төрөлхтний түүхэнд иймэрхүү юм хичнээн олон болж байсан билээ...

Цаазын ял авсны дараа 70 настай өвгөн Сократ хэлэхдээ:

“Та нар энэ өрөөнөөс амьдрахын тулд гарах бол харин би үхэхийн тулд гарах болно. Харин бид хэдийн хэн нь илүү зөв зам сонгож байгаа вэ гэдгийг зөвхөн бурхан мэдэх биз ээ” гэсэн гэдэг. Тэрээр үхэхээр нэгэнт шийдсэн байж.

Ийм юм болохыг урьдчилан харсан Сократын сургаалийг дагагч нөхдүүд нь багшийгаа оргуулахаар бэлдэж ихээхэн ажил хийсэн боловч Сократ өөрөө зугтахаас татгалзсан байна. Тухайн цагт оргож зугтаад хэдэн жилийн дараа эргээд баатар болоод ороод ирдэг тийм цаг үе байсан болохоор гүн ухаантныг сэнхрүүлж , зугтан зайлж чадна гэж төсөөлж байсан ч Сократ шийдвэрээсээ буцсангүй. Тэрээр цаазын ялын дагуу хор уун үхэж байхдаа биед нь ямар өөрчлөлт болж байгааг чадлынхаа хэрээр хэлсээр өөд болжээ.

P.S

Сократ цаазын ялыг шууд хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь жигтэйхэн мундаг гүн ухаан, улс төртэй огт хамаагүй, хувийн шалтгаан байсан гэж үзэх нөхдүүд ч бий. Сократ өөрөөсөө 40 дүү Ксантиппа хэмээх охиныг эхнэр болгож авсан бөгөөд энэ хоёрын хоорондын харилцаа, муудалцаж сайдалцаж байсан тухай сонирхолтой олон зүйлүүд түүхийн хуудсанд бичигдсэн үлдсэн байдаг билээ. Магадгүй "Сократ залуу эхнэрийнхээ ааш занг тэвчиж дийлэхээ байгаад бушуухан шиг үхэж далд орж амарсан” гэдэг дээрх нөхдүүдийн таамаг үнэн ч юм бил үү хэн мэдлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]