Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шар айрагны үерУншсан638

Энэ торхнуудын хамгийн том нь 6,7 метр өндөртэй, 610 000 литр шар айраг агуулах бөгөөд хэрэг болдог өдөр нийт хэчнээн торх шар айраг байсан тухай тоо олсонгүй.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Архин далай байдаг болоосой

Ангир болоод сэлэхсэн...

Зарим нэг гашуун нясуун юманд дуртай нөхдүүд ийн ярьж дуулан байх нь олонтаа тохиолддог. Гэтэл бодит амьдрал дээр иймэрхүү юм болж байсан цөөнгүй түүх бий бөгөөд энэ удаа харин дээрх “шүлэгт” гардаг архин далай биш шар айрагны үер болж хүний аминд хүрсэн тухай.

Шар айраг бол англичуудын хоол хүнс, соёлын нэг хэсэг. Энэ нутагт XVIII зуунд гарсан аж үйлдвэрийн хувьсгалаар шар айргийн үйлдвэрлэл ч эрс нэмэгдэн, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг олон компани, үйлдвэр бий болсны дотор өөрийн худалдааны эргэлт, цар хэмжээгээр Meux and Company Brewery нь томчуудын тоонд орж байжээ. Тус компанийн хамгийн томоохон үйлдвэрийн нэг болох “Морины тах” нь Тоттенхем-корт-роуд хэмээх ядуу зүдүү хүмүүс ихээр амьдардаг районд байрладаг байсан ба тус үйлдвэрийн агуулахад шар айраг хадгалах олон тооны модон торх байна. Энэ торхнуудын хамгийн том нь 6,7 метр өндөртэй, 610 000 литр шар айраг агуулах бөгөөд хэрэг болдог өдөр нийт хэчнээн торх шар айраг байсан тухай тоо олсонгүй. Ямар ч байсан арваар тогтохгүй их юм байсан бололтой. 

1814 оны 10-р сарын 17-ны өдөр нэг том торхны төмөр бүслүүр тасран унасан байна. Иймэрхүү юм урьд өмнө олон болж байсан болохоор ажилчид айхавтар их ач холбогдол өгсөнгүй. Тухайн өдөр жижүүрлэж байсан Жорж Крик ийм бүслүүр тасарсан тухай тэмдэглэл үйлдэж, засварчдыг дуудаж янзлуулах хэрэгтэй гэсэн бичиг үлдээсэн ба урьд өмнө ч бас нэг иймэрхүү байдлаар ажиллаж, засварчид ирж засаж янзлаад л бүх зүйл хэвийн байдаг байв.  Ер нь л “сүртэй ш дээ, яавал гэж” гэмээр.

Төмөр бүслүүр тасарч унаснаас хойш ойролцоогоор нэг цагийн дараа асар хүчтэй тэсрэлт болох мэт дуу гарч сүйд болж эхэлжээ. Хэсэг хугацаагаар гадагшаа гарсан байсан Жон Крик энэ чанга дуу чимээнээр ажлын байрандаа яаран иртэл 8 метр өндөртэй, бараг хагас метр зузаантай бетон хана тэр чигээрээ нурж, тэр хэсгээр нь шар айраг үерлэн урсаж байв. Төмөр бүслүүр нь тасарч унасан тэр торх доторх даралтаа даалгүй зад үсэрсний улмаас бусад торх ч бас задарсан нь энэ.

Хотын гудамж руу орсон энэ үер зарим газраа 4 метр хүртэл өндөртэй, маш эрчтэй байсан гэх бөгөөд үйлдвэрийн хажууд тоглож байсан 14 настай охиныг үер хаман авч өөр нэг байшингийн хананд шидсэн байжээ. Мөн эндээс холгүй байранд оршуулгын ёс үйлдэж байсан нэгэн гэр бүлийнхнийг урсган авсан ба ойр хавийн айл гэрийн хонгил төдийгүй доод давхар тэр чигээрээ үерт автжээ. Хүмүүс дээд давхартаа гарах нь гарч, дээд давхарт гарах боломжгүй нэг нь тавилга хэрэгсэл дээрээ гарч амь аврагдаж байсан бөгөөд нэг эрэгтэй лав шар айрганд хордож үхсэн гэдэг. Гэхдээ энэ хүн урсан орох шар айргийг уусан биш ердөө л битүү шахам орон байранд удаан хугацаагаар шар айрагны дунд зогссон учраас, бүх л биед нь шар айраг нэвчин хордсон нь тэр.

Хэд хэдэн байшин нурж, доторх хүмүүс нь дарагдаж, тэднийг аврахаар ирсэн хүмүүс бусад айж сандарсан олныг чимээгүй болгох гэж ихээхэн юм болж байж. Нурангид дарагдсан хүмүүс ямар нэг дуу чимээ өгч байгаа эсэхийг мэдэхийн тулд ийм арга хэмжээ авсны хүчинд таван хүний амийг аварч чадсан байна.

Хэрэг явдал үүгээр дууссангүй. Аврах ажиллагаа болон үерийн учруулсан хохирлыг харах гэх мэтээр хэрэгт дурласан олон хүмүүс нэг дор цуглаж байснаас нэг байшингийн шал олон хүний жинг даалгүй нуран, шар айргаар дүүрсэн хонгил руу бөөн  бөөнөөр унаж гэмтэцгээжээ. Харин хүний амь эрсдээгүй бололтой.

Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн гомдол гаргаж, Meux and Company Brewery компаниас нөхөн төлбөр шаардлаа. Ослын учир шалтгааныг тогтоож, гэмт хэрэгтнийг тогтоох шүүх хурал удаан хугацаагаар үргэлжилж, ихээхэн маргаан дагуулж байсан ч шүүхийн шийдвэр хэн нэг тодорхой хүнийг буруутгалгүй, гол буруутан нь давагдашгүй хүчин зүйл гэж үзсэн байна.

Meux and Company Brewery компани өөрөө санхүүгийн ихээхэн хохирол амссан ба зөвхөн нурсан хана, алдагдаж урссан шар айраг, торхны үнэ гэхэд л 23000 фунт болсон нь тухайн үедээ маш их мөнгө байв. Тус компани дампуурахгүйн тулд сүүлийн жилд зарж борлуулсан шар айрагны татвараас чөлөөлөхийг парламентаас хүсч гуйсны үр дүнд тэсэн үлджээ.

“Морины тах” үйлдвэр үүнээс хойш 100 гаруй жил ажиллаад 1921 онд хаагдаж, суурин дээр нь Доминион театр (Dominion Theatre) байгуулагдсан нь одоо хүртэл ажилладаг гэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]