Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гоц ухаантан, хамгийн өндөр IQ-тай Уильям Сидис 1 настайдаа уншиж сурчээУншсан3,226

Гоц ухаантан, хамгийн өндөр IQ-тай Уильям Сидис 1 настайдаа уншиж сурчээ

Оросын цагаачийн хүү, Харвардын хамгийн залуу оюутан, профессор, эрдэм шинжилгээний олон бүтээлийн эзэн, хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр IQ-тай гэж тэмдэглэгдсэн Уильям Жеймс Сидис бол манай гариг дээр амьдарч байсан хүмүүсээс хамгийн ухаант хүн гэж болно. 19 дүгээр зууны сүүлээр Европ, оросын цагаачдыг ачсан хөлөг Нью-Йоркийн боомтод ар араасаа ирж зогсдог байхад ийм  хөлгүүдийн нэгэнд Хаант Оросоос цагаачилсан Борис болон Сара Сидис хоёр сууж очжээ. Тэд Украйны цагаач еврей гэр бүл бөгөөд өөрсдийн ажилладаг салбарт шилдэг мэргэжилтнүүд гэж тооцогддог байсан аж. Тиймээс ч Уильям маш ухаалаг төрсөнд гайхах явдалгүй.

Эцэг Борис нь шинэ газраа удалгүй нэр хүнд олж сэтгэл судлалын ухааны анхдагчдын нэг болсон байна. Борис Сидис Харвардын Их сургуулийн сэтгэл судлалын тэнхмийн багш болсон бол харин ээж Сара нь Бостон хотын Анагаах ухааны Их сургуулийг төгссөн, анагаах ухааны докторын зэрэг хүртсэн анхны хэдхэн эмэгтэйн нэг болсон юм. Гэвч доктор эмэгтэй хүүгээ сод ухаантан болгож хүмүүжүүлэхийн тулд ажлаа орхисон гэдэг. Ийм гэгээлэг гэр бүлд өссөнөөрөө Уильям Жеймс Сидис ер бусын авьяаслаг хүүхэд байсан юм. Тэр төрсөн эхний сараасаа л боловсрол эзэмшиж эхэлсэн гэж болно.

Эхнэр нөхөр хоёр өөрсдийн бодож боловсруулсан шинэлэг арга барилаар хүүдээ боловсрол эзэмшүүлж эхэлжээ. Үүний үр дүнд бяцхан Уильям 18 сартайдаа (1 нас хагастай) «Нью-Йорк Таймс» сонинг уншдаг болсон гэнэ.

Эхлээд тэд модон шоон дээр бичсэн үсгүүдээр Борис хүүд цагаан толгой зааж, хүүгээ хагас унтаа байдалд оруулан эдгээр үсгээ давтдаг байсан нь үр дүнгээ өгч зургаан сартай байхдаа “door”  гэдэг үгийг хэлж, дахиад сарын дараа “moon” гэж хэлсэн байна. Найман сартайдаа жаал хүү халбагаа өөрөө барьж, шоон дээрх үсгүүдийг давтан ер нь дөрвөн настай хүүхдийн хэмжээнд сэтгэж чаддаг болжээ. Ингээд л ой хагастайдаа тэрээр өдөр тутмын сонин уншдаг болсон байна.

Таван настай болохдоо хэвлэлийн амтанд орж, бичгийн машинаар бичиж, латин, грек, орос, франц, немц, иврит хэл сурч эхэлжээ. Түүний сурч мэдэх хүсэл  байнга нэмэгдэж “Анатом”-ын сурах бичгийн ботиуд, Гомерын бүтээлийг уншдаг боллоо.

Зургаан настайдаа дунд сургуульд орж нэг жилийн дараа төгсөх ангийн хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн байлаа. Энэ тухай “Нью-Йорк Таймс” сонины эхний нүүрэнд бичиж байв. 9 насандаа тэрээр Харвардад орохыг оролдсон ч элсэлтийн шалгалтаасаа илүүтэй оюутан болоход арай тэнцэхээргүй настай гэдгээр татгалзжээ.

Гэсэн ч 11 нас хүрмэгц Харвардын Их сургуулийн оюутан болов.

Харвардад элсэх зөвшөөрөл хүлээх зуур тэр коллежид элссэн байна. Энэ хугацаандаа тэрээр дөрвөн ч ном бичжээ. 1909 онд залуу ухаантан 11 нас хүрч их сургууль арай гэж оюутан болгож авлаа. 1909 онд  тэрээр Харвардад элсэхдээ хамт Норбер Винерт бас элссэн байна. Сидис 16 насандаа Харвардыг онц төгсч дээд боловсрол эзэмшжээ. 

Ингээд хэсэг хугацаагаар Хьюстоны их сургуульд багшилж байгаад удалгүй халагдсан байна. Оуютнууд түүний лекцийг сонсохоосоо бага залуу насыг нь илүү их сонирхоод байснаас ингэхэд хүрсэн гэдэг. Удалгүй тэр хуулийн боловсрол эзэмшихээр Харвардад эргэж ирсэн ч хууль түүнд нэг их сонин биш болсон байлаа.

1919 онд тэрээр өөрийн үзэл бодлоосоо болж эсэргүүцлийн жагсаал арга хэмжээнд оролцдог боллоо. Энэ нь түүний бурхны талаарх  уламжлалт биш философитой холбоотой. Ер нь Сидис улстөрийн талаар либерал маягийн үзэл бодолтой нэгэн байсан юм.

 

Тэрээр нөлөө бүхий эцэг эхийн ачаар арай шоронд ороогүй ч түүнийг Калифорни дахь зуны байшинд гэрийн хорионд суулгах нь тэр. Ингээд л тэр эцэг эхээ ч бодолгүй, өөрийнх нь нэрлэснээр хэнд ч хэрэггүй “архаизм” гэсэн  суу билэг авьяасаа ч бодолгүй америкийн зүүн эрэг тийш зугтааж явжээ. Тэгээд албан хаагч, энгийн нэг нягтлан бодогч зэрэг ажил хийж ажлаа байнга солин сайндаа л математикинй суутан гэгдэж явжээ. Нэг удаа тэрээр “Математикийн энэ хэдэн арга намайг нэг л хэлбэрт оруулаад залхаалаа. Би одоо тооны машин бүтээхийг хүсч байна. Энэ намайг амар заяа үзүүлэхгүй байна” гэж байжээ.

Сидис насанд хүрэх үедээ өөрийгөө олны анхаарлаас холдуулахыг хүсч байж. Тэр хэд хэдэн ном бичиж зохиомол нэрээр хэвлүүлжээ. Түүний “Омгууд болон мужууд” нэртэй гар бичмэлд Шинэ Английн улстөрийн систем, индианчуудыг нэгтгэх ардчилсан зарчмууд зэргийг бичсэн нь бий.

Үүнийхээ зэрэгцээ тэрээр хэл сурах ажлаа үргэлжлүүлж 200 гаруй хэл сураад нэг хэл шинээр зохиожээ. Тэрээр америкийн түүх, сансар судлал, сэтгэл судлал гээд  шинжлэх ухааны олон салбарын  судалгаа бүтээл үлдээсэн юм.

Түүний бүтээлүүд шинжлэх ухааны олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсны дотор Америкийн түүх, сэтгэл судлал, сансар судлал ч багтана.

Уильям галт тэрэгний билет цуглуулдаг өвөрмөгц хоббитой байсан гэнэ. Ер нь төмөр замын системийг ихэд сонирхож, төмөр замын тээврийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх арга барилыг тодорхойлж байжээ. Харин энэ санаанууд нь дөнгөж одоо л зохих хүмүүсийн анхаарлыг татаж буй нь хачирхалтай. Уильям 1930 онд өндөр жилүүдийг алдалгүй тооцоолсон төгсгөлгүй хуанлийг зохион бүтээж патент авчээ. Түүний ер бусын авьяас чадвар үүгээр хязгаарлагдсангүй. Зарим эх сурвалж түүнийг 40 хэл мэддэг гэдэг ч, зарим нь 200 гэж баталдаг. Тэрээр хэлийг зүгээр нэг мэдээд зогсохгүй ямар ч сэдвээр чөлөөтэй орчуулдаг байлаа. Vendergood гэдэг нэртэй шинэ хэлийг ч зохиосон юм. Сонирхолтой нь, Уильям 8 настайдаа өөрийн 2 дахь ном болох «Book of Vendergood»-дээ энэ хэлээрээ бичжээ. Шинэ хэлний суурь нь латин, грек, франц, герман болон бусад ром язгуурын хэлнүүд гэнэ.

Гэвч Сидис нийгмийн амьдралд тун идэвхгүй хойрго нэгэн байлаа. Бүр залуу байхдаа оюуны хөдөлмөрт өөрийгөө зориулахаар шийдэж сексээс татгалзсан гэдэг.

Хэвлэлийнхэн түүнийг байнга мөрдөж янз бүрээр бичиж байж. 1937 онд “Нью-Йоркер” сэтгүүлд “Дөрөвдүгээр сарын нэгний тэнэг” гэсэн өгүүлэл гарсан нь түүнийг ёстой амьдаар нь алсан гэж болно.

Тэрээр хувийн амьдрал, нэр хүндэд нь халдлаа хэмээн шүүхэд заргалдаж багагүй мөнгө авсан байна.

Насан туршдаа Сидис жирийн нягтлан бодогчоор ажиллаж, бусдаас онцгойрч ялгарахыг огт хүсдэггүй байв. Түүний суут ухаан мэдэгдээд ирмэгц ажлаасаа халагддаг байсан гэнэ. Энэ гайхалтай хүн 1944 онд, дөнгөж 46 настай байхдаа тархины доторх цус алдалтын улмаас Бостон хотод нас баржээ. Эмгэнэл дээр нь “хамгийн гайхамшигтай ч бүтэлгүй нэгэн”, “шатаж дууссан аугаа ухаантан” гэж бичсэн байдаг.  

Уильям Жеймс Сидис бол манай гарагийн хамгийн авьяаслаг хүн байсан юм. Түүн шиг 1,5 настайдаа уншиж, бичиж, 4 настайдаа Гомерийг эх хэл дээр нь уншиж, 6 настайдаа Аристотелийн гүн ухааныг судалж, 7-тойдоо Харвардын анагаах ухааны сургуулийн шалгалтыг өгч, 8 нас хүрэгүй байхдаа 4 ном бичиж, 8 хэл мэддэг байсан, 16 настайдаа Харвардын Их сургуулийг онц дүнтэй төгссөн хүн одоогоор гараагүй байгаа юм.

Сэтгэл судлалд бага залуудаа ер бусын ухаантан байсан ч насанд хүрсэн хойноо ямар ч амжилтад хүрээгүй хүнийг нэрлэдэг “Феномен Сидиса” гэдэг нэр томъёо бий болж  өнөө ч гэсэн хэрэглэгдсээр байдаг гэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]