Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Даншгийн алдарт аварга Ц.БуянтогтохУншсан4,771

Ардын хувьсгал ялахаас өмнө Сүхбаатар аймгийн газар нутаг багтаж байсан Цэцэн хан аймаг нь Халх даяар алдаршсан хүчит бөхчүүдийн өлгий нутаг байжээ.

Өмнөх нийтлэлд Даншгийн алдарт аварга Ц.Буянтогтох мөн л Даншгийн алдарт аварга Шагдарын Намхайтай хэрхэн нас харьж яваа үед нь наадмын үзүүр, түрүү булаалдаж байсан тухай хууч яриаг хүргэсэн. Энэ удаа Ц.Буянтогтох буюу Буянтоо аваргын тухай өмнөх нийтлэлтэй давтагдахгүй түүх өгүүлье.

Ардын хувьсгал ялахаас өмнө Сүхбаатар аймгийн газар нутаг багтаж байсан Цэцэн хан аймаг нь Халх даяар алдаршсан хүчит бөхчүүдийн өлгий нутаг байжээ. Халхын долоон хошуу даншиг, арван засгийн наадамд Сүхбаатар аймгаас даншгийн аварга Гэнэнгийн Өсөхбаяр, Ц.Буянтогтох, арслан Гэнэн, Жамъянжүрмэд нарын зэрэг олон арван хүчтэнүүд одтой сайн барилдаж аварга, арслан, заан, начин цолыг авч алдар нэрээ дуурсгаж байв. Халхын даншиг наадмын зургаа дахь аварга, алдарт бөх Цэвэгийн Буянтогтох нь Цэцэн хан аймгийн Далай Вангийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт 1877 онд төржээ. Анх долоон хошуу даншиг наадамд 1903 онд барилдаж тав даваад зургаагийн даваанд Намхай аваргын аманд гарч унасан байна. Мөн 1904 онд Бат-Очир гэсэн /сахилын нэр/ нэрээр барилдаж Намхай аваргад унаж үзүүрлэсэн байна.

1907 онд арван засгийн наадамд Санзай арсланг орхиж түрүүлсэн. 1926 онд болсон ардын хувьсгалын 5 жилийн ойгоор зүүний магнайд улсын бага хурлын нэрийн өмнөөс барилдаж Гэндэндаржаа арслангаар тав давж Төв сургуулийн бүрхэг Дэндэвт /хожим улсын заан болсон/ тахим буулгаж байжээ.

1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойн баярт урилгаар оролцож барилдан зодог тайлсан байнa. Маршал Х.Чойбалсан улсын баяр наадамд урьж, уулзаж ярилцан хууч хөөрдөг байсан гэдэг. Буянтогтох аварга нь алдарт аварга Намхай, Лувсанжамба, Шаравжамц, Вандан нарын гол өрсөлдөгч нь байсан гэдэг. Тэрээр долоон хошуу даншиг ба арван засгийн наадамд 30 гаруй жил барилдахдаа 4 түрүүлж, 24 удаа шөвгөрсөн байна.

Буянтогтох аваргын тухай дурсамж ярианаас:

14 орчим настай байхдаа намар оройхон тарган бярууны тулам дүүрэн махыг өргөөд тэргэн дээр шидэхэд арал нь хуга үсэрч байжээ. Мөн нэг удаа хаврын тарчиг цагаар унаж явсан морь нь сульдаж ядран явах тэнхэлгүй болжээ. Мориныхоо толгойд давхар суран жолоо хийж бараг чирч явтал, хүрээ хийцийн ганган эмээлтэй тарган буурал морь унасан лам тааралдаж “За хө, чи чинь энэ муу морио чирч гулдраад яах нь вэ? Хүзүү нь тасрах гэж байна. Чи ийм том биетэй сайхан залуу, чаддаг юм бол морио үүрээд яваач” гэж егөөджээ.

Буянтогтох: Үүрвэл ч болох л байлгүй, харин та юугаар мөрийцөхсөн бол?

Лам: Ядах юу байхав, унаж яваа морио өгье.

Буянтогтох: Тэр ч болно шүү. Харин морио эмээл, хазаартай нь өгнө биз дээ?

Лам: Чи морио үүрч манай хашааны гадаа очвол эмээл хазаартай нь өгье л дөө гэв.

Буянтогтох: Танайх хаана байдаг, хэнийх гэдэг айл вэ?

Лам: Гандан дахь Өрлүүдийн хамгийн нүүрэнд байдаг Бүтэмжийнх гэдэг айл даа гэв.

Буянтогтох: “Аа энэ чинь Өрлүүдийн Бүтэмж гэдэг сүрхий баян лам биеэрээ байх нь” гэж бодоод олон үг дуугаралгүй бүсээ тайлж хормойгоо шууж зангидаад морио хэвтүүлж дөрвөн хөлийг нь бүсээрээ боож: Та мориныхоо цулбуурыг өгчих, хэрвээ таныг давхиад явчихвал ядарсан явган би яаж гүйцэх вэ гэжээ. Лам ч мориныхоо цулбуурыг атгуулжээ.

Буянтогтох морио чөдөрлөж хөлийнх нь хоорондуур цээжнийхээ талыг хийн эгэлдэргэлж үүрээд ламын морийг хөтлөн алхаж гарчээ. Замд тааралдсан хүмүүс “Энэ чинь ноднин даншигт барилдаж байсан Буянтоо аварга мөн байна. Мөн ч сайхан тэнхээ еэ” гэлцэж байв. Богдын хүрээ дундуур орж Сэлбийн улаан модон гүүрээр гарч Гандангийн зүүн хүрээ өөд өгсөхөд хөл нь нугарчих гээд цээжинд нь цус амтагдан маш зүдэрч явжээ. Бүтэмж ламын хашааны үүдэнд арай гэж хүрч морио буулган бүсээ тайлж бүслээд, ламбугайн сайн морь, сайхан эмээлийг нь мөрийд авч давхин одсон гэдэг.

Буянтогтох аварга нь 1953 онд 76 настайдаа өөд болжээ. Ард түмний дунд Буянтоо аварга гэж алдаршсан энэ алдарт бөх нас дээр гарсан хойноо ч эмнэг хангалыг уургагүй барьж дарж оосорлон, залууст тусалдаг байсан гэх ба үндэсний сурын улсын мэргэн цолтой шилдэг харваач байсан ажээ. Даншгийн аварга Ц.Буянтогтохын хөшөөг түүний төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд бүтээн босгожээ

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 11. 19:56
Arthemis

Төв сургуулийн бүрхэг Дэндэв гэж Булганы бүрхэг дэндэв арслан мөн үү?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]