Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршельдын учир битүүлэг үхэлУншсан3,359

ЗХУ нь Патрис Лумумбыг ил дэмжиж байсан бол барууныхан далдуур Чомбег дэмжсэн байна. Тэд маш хурдан олон сая долларын зээл олгох замаар ажиллаж эхэлсэн нь дэмжлэгийн хамгийн тод хэлбэр нь байв.

Нийтлэлч Чалчаа саарал.

Африк тивийн дунд орших асар их баялагтай Конго улс 1950-иад оны сүүл үеэс бужигнаж эхэллээ. Колонийн систем задран унаж, бельгичүүд өөрсдийн ”эзэмшил” нутгаа алдах нь тодорхой болох цагт энэ нутагт байх олон иргэдээ эсэн мэнд гаргах, ашиг орлогоо улс дамжсан том компиануудар дамжуулан бага ч гэсэн авсан хэвээр байх зэрэг олон асуудлаа шийдэх гэж хичээн зүтгэж байсан, улс орон даяар хөл хөдөлгөөн, аюул осол, замбараа цадиг алдсан ер нь л их ”хөгжилтэй“ цаг үе байж.

Шуудангийн ажилтан байсан Патрис Лумумба мэтийн нөхдийн байгуулсан үндсэрхэг үзэл бүхий хөдөлгөөн хэдхэн сарын дотор өндөр нэр хүндтэй болж улс орон даяар жагсаал цуглаан, эсэргүүцэл замбараагаа алдлаа. Бельгичүүд Лумубмыг баривчилж аваад хорьсон боловч удалгүй суллан түүнтэй болон бусад улс төрийн хүчин гэсэн бүлгүүдтэй хэлэлцээ хийх гэж хэрэгтэй нэгийг нь худалдаж авч, болохгүй нэгийг нь айлгах замаар оролдож эхлэв.

Хэлэлцээг урьдчилан зохион байгуулж хэн хэзээ ямар үг хэлэх, шийдэхийг нарийн шийдэж тохирсон байсан бөгөөд “Бельгийн талын” хэмээгдэх Ерөнхийлөгч Касавубы нь Бельгийн ард түмэн болон хаанд нь талархаж байгаагаа илэрхийлэх, “бас бус” зүйлийг зөвшөөрч байгаагаа хэлээд Конго улсын тусгаар тогтнолыг зарласан тунхагт гарын үсэг зурах ёстой байв.

Гэтэл хэлэлцээрийн үеэр Ерөнхий сайд “гудамжны” Патрис Лумумба Ерөнхийлөгчийн үг хэлэхээс өмнүүр нь дайран орж “ард түмэнд колоничлогчдод баярлах ямар ч юм алга, харин ч үзэн ядаж байгаа, цаашдаа энэ улс ямар нэг ашигт малтмал нийлүүлэгч төдий тоглоомын улс төдий байхаа болино” хэмээн мэдэгдлээ.

Улс орон даяар нийт дээд боловсролтой хүний тоо нь найм гэсэн үзүүлэлттэй, угаасаа улс төрийн байдал нь асаж байгаа гал шиг байхад нь энэ хүний хэлсэн үг тос болон хувирч нөгөө айхтар хувьсгал гээч нь эхэлжээ. Харийн дайснаас, хуучны юм бүхнийг устгаж шинэ нийгмийг байгуулахаар ард түмэн шийдэж хуучин эзэд болох 100 000 гаруй бельгичүүдийн алахыг нь алж, хүчиндэхийг нь хүчиндэж эхлэх үед  хувьсгалчдын гараас амиа аврахаар зугтсан олон мянган цагаан арьстнууд, тэднийг хамгаалахаар ирсэн шүхэрчид Катанга мужид цуглаж уг мужийг хянаж байгаа Моис Чомбег ятган Конгоос тусгаар тогтнохыг зөвлөж эхэллээ. Гэхдээ энэ хамгийн баян нутгийн жинхэнэ эзэн нь энэ хүн биш харин үндэстэн дамнасан уулын баяжуулах корпораци байв. Катангад дэлхийн нийт кобальтын 75 хувийг, зэсийн 25 хувийг, ураны 50 хувийг олборлож байжээ.

ЗХУ нь Патрис Лумумбыг ил дэмжиж байсан бол барууныхан далдуур Чомбег дэмжсэн байна. Тэд маш хурдан олон сая долларын зээл олгох замаар ажиллаж эхэлсэн нь дэмжлэгийн хамгийн тод хэлбэр нь байв. Тэд гэдэг маань Вашингтон, Лондон, Парис. Эдгээр томчууд нэгэнт ил дэмжихгүй гэж шийдсэн учир өөрсдийн хамгийн найдвартай туслагч гэж үзсэн НҮБ-ыг өөрийн төлөөлөгч болгохоор шийдлээ. Харин тэр үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршельд гэх швед эр өөрийгөө тэдний гар хөл гэдгийг мэдээгүй юм уу, ойлгоогүй байж. Тэр НҮБ-ын нэрийн өмнөөс Конго дахь иргэний дайныг дуусгаж, амар амгалан энх тайван байдлыг тогтоож дэлхийн удирдагч нь НҮБ юм шүү гэдгийг (өөрөөр хэлбэл өөрөө дэлхийн эзэн) харуулах алтан цаг ирлээ гэж ойлгосон хүн байжээ.

Тэрээр Конго нутагт амар амгалан байдал тогтооход хамгийн түрүүнд саад болж байгаа хүн нь Ерөнхий сайд болсон Лумумба гэж үзэж 5 сая франкаар “асуудлыг шийдэх” хүнийг ч оллоо. Цус урсгалгүй төрийн эргэлт хийж Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдыг хорьсон байна.

АНУ-ын ТТГ-ын дарга Аллен Даллес уг нь их юм хүлээж, юм арай өөр байдлаар болж өнгөрнө гэж бодож байсан учир одоо байдлыг ихээхэн анхаарч эхэллээ. Хэн нь ч юм нэг нь Ерөнхий сайдыг аврах гэж байгаа нууц ажиллагаа гэсэн халхлалтаар Лумумбыг хулгайлах ба дараа нь “асуудлыг шийдэх” болно. Ажиллагаа амжилттай болж Лумумб болон түүний бусад хамтрагчдыг Катангад авчран буудан алж, дараа нь жижиглэж эвдэн хүчилд хийн алга болгоод, Лумумба зугтаж явахдаа тариачдад баригдан, өнөө хэд нь зодоод нүдээд алчихсан гэсэн цуу тараалаа.

Үхсэн Лумумб амьдаасаа ч илүү аюултай дайсан байж. Тэдний талынхан улам идэвхжин, НҮБ болон бусад олон улсын шахалтаар хийлгэсэн парламентын хурлаар  (бүтэн сарын турш хоригдон байж хуралдсан) шинэ Засгийн газрын 27 сайдын 16-г нь авахаар дүн гарсан байна.

Энэ бол НҮБ болон барууны улс орнуудын хүлээж байснаас бүр эсрэг үр дүн байлаа. Одоо тэдний бэлдэж байсан занга нь өөрсдийнх нь эсрэг эргэжээ. НҮБ-ын шийдвэрээр Засгийн газар байгуулагдмагц зэвсэгт хүчнүүд зэвсгээ хураалгах ёстой байсан бөгөөд Катанга дахь бүх л цэрэг бүхий улс төрийн хүчин нь хууль бус байгууллага болж хувиран, цэргүүд нь баригдсан төдийгүй нөгөө Чомбе нь ч баривчлагдах ёстой болов.

Чомбе гэрийн хашаагаа даваад л Их Британийн Консулын хашаанд давхиад орчихлоо. Нөгөө баригдсан цэргүүдийг ч Бельги, Франц, Их Британийн шахалтаар суллах боллоо. Суллагдсан хэд нь гэрийн зүг гэлдрэх ёстой байсан боловч тэр даруй дахин зэвсэглэж Катангийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж эхэлсэн байна. Яг энэ үеэс АНУ болон Лондон, Парис нь НҮБ-ын "Ерөнхий"-тэй ил муудалцаж эхэлсэн байдаг.

Барууныхны хувьд бол шинэ Засгийн газар нэгэнт зүүний хүчний талынхны гарт орсон учир одоо ашигт малтмалыг ямар нэг саадгүй авч байх цорын ганц боломж нь Катангын салан тусгаарлагчид. Харин тэдэнд хамгийн их гай тарих хүн нь НҮБ-ын элдэв шийдвэрүүдийг дэндүү үг үсгийн дагуу ойлгосон, түүнийг хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа Ерөнхий нарийн бичгийн дарга нь.

Даг Хаммаршельд хуучин диктатор Чомбетой ямар нэг байдлаар холбоо тогтоон түүнийг зүүний хүчнийхэн голлосон Засгийн газарт оруулж ажиллуулах, ингэснээр улс орны дотор өрнөж байгаа замбараагүй байдалд цэг тавих зорилготой байв. Тэд 1961 оны 9 дүгээр сард Конгод энэ талаар уулзахаар тохирчээ.

Гэвч түүхэн эвлэрэл хэмээн нэрлэж байсан энэ уулзалт болсонгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршельд онгоцны ослоор Конгогийн нисэх буудлаас 12-хан км-ийн зайд үхсэн байна. Хаммаршельд ирэхийг бүгд мэдэж, бүр тосож байсан боловч ирэхгүй удаж байгаад санаа зовж янз бүр болсон хүн дээдсээс лав гарсангүй. Их Британийн гадаад яамны орлогч сайд Лэнсдаун “Хаммаршельд энд буухаа болиод өөр хаа нэг газар буухаар яваа биз” гэж ихээхэн доогтой хэлсэн гэдэг.

Авран хайх ажиллагаа 15 цагийн дараа эхэллээ. Энэ 15 цагийн хооронд цагдаагийн утсанд онгоц дэлбэрээд унах шиг боллоо, нисэх буудлын цаахан талд түймэр гарч байна гэсэн өчнөөн төчнөөн дуудлага байнга ирсээр байсан боловч... Цагдаа болон бусад албаныхан ийм цалгар назгай байгаагийн яг эсрэгээр нэгэн үл мэдэгдэх цэргийнхэн дэндүү шуурхай байж. Гэрчийн ярьж байгаагаар хэдэн жийп машинтай хүмүүс онгоц унасан болов уу гэсэн тэр ой руу дор нь давхиж очоод хэсэг байсны дараа эргээд буцан давхисан гэдэг ба тэднийг явсны дараа гарч байсан түймэр нь бүр маш том, өргөн түймэр болсон байна. Өөр олон яриа гарч байснаас "шөнийн тэнгэрт нэг том онгоц гарч ирж буух гэж байх үед араас нь нэгэн жижиг онгоц ойртож ирээд том нь унасан" гэх мэт яриа байдаг.

Гэхдээ дараа нь хийсэн мөрдөн байцаалтаар нисгэгчийн буруугаас болж онгоц унасан гэжээ. Диспетчер болон нисгэгч нарын хоорондоо ярилцсан бичлэг болон бусад олон нотлох баримтууд яагаад ч юм олдоогүй боловч нисгэгч л буруутай байж.

Онгоц унасны дараа аврах багийнхан очиход ганцхан бие хамгаалагч Харольд Юлиен амьд байжээ. Тэрээр 5 хоногийн дараа үхсэн бөгөөд британичуудын тусгай хамгаалалт дор хэдэн өдөр болсон ба бие хамгаалагч юу ярьсан тухай ямар ч баримт сэлт байдаггүй гэнэ. Харин эмнэлэгт дөнгөж ирээд юм ярьж байсан тухай, бүр дэлбэрэлтийн тухай ярьж чадаж байсныг сувилагч нь ам алдсан байдаг. Зарим мэдээгээр Хаммаршельд ослоор, эсвэл ослоос болж гарсан түймэрт шатаж үхээгүй байна.  Түүний хүүрийг авахаар гарсан машин 20 минутад ослын газар очиж аваад эргэж гараад 3 цагийн дараа л моргт авчирсан гэдэг.  Хаана юу хийсэн юм бол?

Хаммаршельдийн хуруу хумсанд газар, өвс ногооны үлдэгдэл байж. Онгоц унасны дараа тэрээр мөлхөж галаас ямар ч байсан зайлж чадаж. Дараа нь...

Онгоцыг сөнөөгч онгоц унагасан тухай яриаг утгагүй гэдгийг мөрдөн байцаагчид баталсан бөгөөд тэр хавьд явж болох цорын ганц онгоц нь салан тусгаарлагчдын “Фуга” бөгөөд тэр нь өөрийн баазаас уг газар хүртэл нисэх түлшний нөөцгүй, шөнийн тэнгэрт нисэх ямар ч хэрэгсэлгүй гэх мэт. Гэтэл тэр онгоц нь нэмэлт шатахууны савтай, түүнийгээ хэрэглэж байсан баримт бүр 90-ээд онд олдсон ба өнөөх шөнийн хэрэгсэлгүй онгоц маань шөнөөр ан амьтан алж агнах гэж хэд хэд нисэж байсан байдаг.

Иймэрхүү байдлаар албан ёсоор 6 удаагийн шалгалт, мөрдөн байцаалт явуулсан боловч эцсийн байдлаар ослыг тодорхойлсон  ганц ч дүгнэлт гаргаж чадсангүй . 1998 онд Өмнөд Африкийн Десмонд Туту хэмээх хүний удирддаг “Үнэнийг олж эвлэрэх” гэсэн нэртэй комисс найман ширхэг тун сэжигтэй, нууцын зэрэглэлтэй захидал олжээ. Уг захидал нь “Селеста” гэсэн нэгэн ажиллагааны тухай бөгөөд уг ажиллагааг Аллен Даллес, МИ-5 зэрэг газраас удирдаж “явдалтай Даг”-ийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьж агаарт гарсан хойно, дугуйгаа хураах үед тэсрэгч нь ажиллаж дэлбэрэх ёстой байж. Гэвч тэр үед дэлбэрээгүй харин буух гээд дугуйгаа гаргах үед тэсэрсэн юм бололтой. Шведийн засаг захиргаа энэ асуудалд ямар нэг арга хэмжээ авсангүй. Англи, америкчууд ч эдгээр захидлыг хоосон гүтгэлэг, КГБ-ийн ажил хэмээн зарлалаа.

Үүнээс хойш юу болов оо?

Тухайн үед Конгод ажиллаж байсан Норвегийн нэгэн эр (генерал Бьорн Эгге) осол болсны дараа яаралтай хэргийн газар очиж Дагийн авч явсан нууц түлхүүртэй баримт бичгүүдийг авах үүрэг авч. “Хотын моргт очоод Дагийг шатаагүй байхыг харсан сүүлчийн хүн нь би байх. Харин духанд нь буудуулсан шарх байсан боловч дараа нь хэвлэлд гарсан зураг дээр тэр шарх харагдаагүй. Бүр задлан шинжилгээ хийсэн материалд ч энэ тухай юу ч байхгүй, байсан ч алга болсон бололтой“ хэмээн бараг 50 жилийн ярьжээ.

2019 оны 1-р сард Бельгийн «Де Морген» сонинд Пьер Коппенс гэх хүн “Даг Хаммаршельдыг алсан хүн нь Ян Ван Риссегем“ гэж ярьсан материал гарсан байна. Пьер Коппенс, Ян Ван Риссегем нар уг явдал болох үед Конгод байсан, Ян өөрөө тэр гайт онгоцыг "Фуга"-гаараа буудаж сөнөөсөн гэдгээ ч түүнд ярьдаг байж. Харамсалтай нь энэ хэргийг хийсэн гэх Ян Ван Риссегем нь 2007 онд нас барсан юм байна.

Энэ мэдээллийн дараа уг хэргийн олон үл ойлгогдох зүйлүүд эмх цэгцэд орж ихээхэн юм ойлгомжтой болж байгаа юм. Ямар ч байсан НҮБ-ын дарга Даг Хаммаршельд нь сөнөөгч онгоцны дайралтаас онгоц нь унаж осолдсон ч амьд үлдсэн, энэ ослоос гарсан түймрээс мөн л амьд үлдсэн боловч ослын дараа ирсэн үл мэдэгдэх цэргийнхний буудсан суманд алуулсан гэх таавар улам бүр хүчээ авсаар байна. Харин тэр цэргийнхэн хэний гар хөл байсныг албан ёсоор зарлаж яг юу болсныг бид хэзээ нэгэн цагт мэдэх үгүй нь эргэлзээтэй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]