Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монгол Улсад урлаг судлалын анхны нэгж байгууллага үүсэж, өрх гэрээ төвхнүүлсэн тухай өчүүхэн дурсамжУншсан496

Манай улсын нэр цуутай эрдэмтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 88 жилийн ойн хүрээнд түүний үүсгэн байгуулсан Урлаг судлалын сектор буюу Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн 45 жилийн ойн цахим хуралд амжилт хүсэхийн ялдамд СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос болон тус хүрээлэнгийн эрдмийн хамт олонд баярын мэнд дэвшүүлье.

(Соёл, урлаг судлалын хүрээлэн байгуулагдсаны 45 жилийн ойд)

 Жөвдхөн Жамбалын Энэбиш

Манай улсын нэр цуутай эрдэмтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 88 жилийн ойн хүрээнд түүний үүсгэн байгуулсан Урлаг судлалын сектор буюу Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн 45 жилийн ойн цахим хуралд амжилт хүсэхийн ялдамд СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос болон тус хүрээлэнгийн эрдмийн хамт олонд баярын мэнд дэвшүүлье.

Би С.Лувсанвандан сайдтай нутаг нугийн болон ураг төрлийн ямар ч холбоогүй мөртлөө багш шавийн барилдлага тогтоож, эрдэм номын хишгээс нь хүртсэн эгэл жирийн атлаа эгнэшгүй хувь төөрөг бүхий нэгэн мөн билээ.

Эдүгээгээс дөчөөд жилийн өмнө 1975 онд, МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хурлын тогтоолоор Урлаг судлалын секторыг ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн харьяанд байгуулах тухай Монгол төрийн шийдвэр гарсан түүхэн цаг үе байлаа.

С.Лувсанвандан сайд намайг тэр секторт ажиллуулах тухай тушаал гаргаад “Хэл, зохиолын хүрээлэнд хүргэж өг” гэж  үүрэг өгөв. Энэ үед би Соёлын яамны уран бүтээлийн хэлтэст Л.Вандан сайдын удирдлагын дор 3 жил ажилласан төрийн захиргааны гүйцэтгэгч ажилтан байв. Сайдынхаа тушаалыг барьсаар Хэл, зохиолын хүрээлэнд очиход хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Халтарын Лувсанбалдан найрсгаар угтаж 2 дугаар давхрын 12 тоот өрөөнд оруулав. Уг өрөөнд бичгийн том шар ширээ, матмал хоёр сандал, номын том шүүгээ бэлдсэн байв.

Соёлын яаманд байхад нь салхин доогуур нь өнгөрөхөөс ч айж сүрддэг байсан сайдтайгаа нэг өрөөнд, нэг ширээний хоёр талд хөл зөрүүлэн бие биесээ харж суух нь зүүдэнд ч оромгүй үйл явдал, халуунаас халуун ховор тохиол байв.

Ийнхүү би жирийн хөгжимчнөөс төрийн байгууллагын гүйцэтгэгч ажилтнаас эрдэм шинжилгээний ажилд шилжив.

Урлаг судлалын секторын хамт олныг бүрдүүлэх ажлыг Лу.Вандан багш эхний гурван жилд шилж сонгов. Эхний жилд Ж.Энэбиш, Л.Сономцэрэн, Л.Батчулуунаар эх сууриа тавьсан бол 1976 онд кино урлаг сонирхогч Дү.Мягмарсүрэн, 1977 онд шүүмж судлал сонирхогч Ү.Хүрэлбаатар нараар секторын ам бүлийг бүрдүүлэв. Шинээр бүрдсэн секторын хамт олон эрдэм шинжилгээний ажлын арга барилд эхлэн суралцахын сацуу номын санд суух, музей, архивын сан хөмрөгтэй танилцах ажлыг багшийнхаа удирдлагын дор шаргуу хийж байлаа. Лу.Вандан багш биднийг бас бичих, найруулах, зохион байгуулах ажилд сургаж байв.

Энэ ажлын хүрээнд 1981 он гэхэд урлаг судлалын секторын таван цэрэг цаг завгүй шаргуу ажилласны үр дүнд “Орчин цагийн хөгжмийн урлагийн товч түүх”, “Орчин цагийн дүрслэх урлагийн товч түүх”, “Орчин цагийн театрын урлагийн товч түүх”, “Орчин цагийн кино урлагийн товч түүх” бичих амаргүй ажлын ард гарч бүтээлийн анхны нооргийг бэлтгэсэн юм. Үүний зэрэгцээ бидэнд ардын урлаг судлах, түүний өв уламжлалтай танилцах, хээрийн шинжилгээг эхлүүлэх хүндтэй үүрэг ногдов. Энэ ажлыг Лу.Вандан багш эхлүүлэхдээ Хэл, зохиолын хүрээлэнгийн хээрийн шинжилгээний ажлын арвин туршлага, судалгааны аргазүйд тулгуурлан явуулав. Энэ ажлыг 1976 онд Дундговь, Дорноговь аймгаас эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, Хэл, зохиолын хүрээлэнгийн жил бүр улсынхаа бүх аймаг сумдад нутгийн хэл аялгуу, аман зохиол судлах хээрийн шинжилгээний анги гарган ажиллуулдаг тэр туршлагыг үндэслэж Лу.Вандан багш ардын урлаг судлах хээрийн шинжилгээний ажлыг Хэл, зохиолын хүрээлэнгийн судалгаатай нэгтгэж хам судалгаа явуулах зарчим баримталж байв. Ардын урлаг судлах хээрийн шинжилгээний анги, албан томилолтын ажил 1989 он гэхэд эх орны бүх аймаг сумдын нутгийг хамруулсан арвин сан хөмрөг хуримтлуулж чадсан байв.

Урлаг судлалын сектор 1989 он гэхэд ШУА-ийн зүүн хүрээлэнгийн нэгдсэн байрнаас нүүж, хотын төв дэх Соёлын төв өргөөний 4 дүгээр давхарт төвхнөв. Энэ бол урлаг судлалын секторын хувьд хөгжил дэвшилд хүрэх холын нүүдэл байв. Өөрөөр хэлбэл, энэ нүүдэл бол Монгол Улсын ШУА, БНМАУ-ын Соёлын яамны харьяанд эрдэм судлалын толгой байгууллага-Соёл, урлаг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж өргөтгөх төрийн соёлын бодлогын алсын хараа байв.

Энэ бүх үйлсийг магнайлан удирдаж холын харгуйд хөтөлсөн, ард түмнийхээ гоозүйн боловсролд мэдлэгийн үр тарьсан, аугаа их эрдэмтэн бол Хонгор нутгийн хүү Сономын Лувсанвандан юм.

1992 оны хавар Лу.Вандан багш намайг дуудаж уулзсан нь эцсийнх байлаа. Багш надад хэлэхдээ “Шинэ хүрээлэн шинэ удирдлагатай боллоо. Том үйлсийг том бодлогоор хэрэгжүүлдэг юм шүү дээ. Хүрээлэнгээ хэрхэвч устгаж болохгүй шүү” гэж хэлэв. Энэ үгийг би надад итгэсэн багшийн итгэл, гэрээслэл гэж ойлгов. Лу.Вандан багшийн захиа, даалгаварыг би гурван зүйлээр хэрэгжүүлэхийг зорив.

Нэгдүгээрт Соёл, урлаг судлалын хүрээлэн эрдэм шинжилгээний цуврал бичигтэй байх ёстой гэж бодож “Монгол Улсын соёл, урлаг судлал” сэтгүүлийг санаачилж 1999 оноос эхний дугаарыг бэлтгэж I-II, III-IV, V-VI дугаар ботуудыг хэвлэж эрдэмтэн судлаачдын индэр болгов. Өнөөдрийн байдлаар тус сэтгүүл 30 гаруй боть хэвлэгдээд байна. Хоёрдугаарт Соёл, урлаг судлалын хүрээлэнг эрдмийн зэрэг цолтой эрдэмтдээр өргөжүүлэх зорилго тавив. Тус хүрээлэн 1991 оноос 2003 он хүртэлх хугацаанд урлаг, соёлын төрөл бүрийн чиглэлээр арваад боловсон хүчинтэй болсон бол сүүлинй жилүүдэд СУИС 30 гаруй эрдэмтдээр эгнээгээ өргөжүүлээд байна. Гуравдугаарт суурь судалгаа эхлүүлэхийг зорив. Энэ зорилгоор Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын  хувьд би, 2001-2003 онд “Монголын урлагийн төрөл зүйлийн судлал” эрдэм шинжилгээний төсөл санаачлан удирдаж, хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтын нөр их хөдөлмөрөөр гүйцэтгэж <<хөгжмийн урлаг судлал>>, <<театрын урлаг судлал>>, <<дүрслэх урлаг судлал>>, <<кино урлаг судлал>>, <<соёл судлал>> хамтын бүтээлүүдийг “Монгол Улсын Шинжлэх ухаан 108 боть цувралын 20, 21, 22, 23, 24, 25 дугааруудад хэвлүүлж уншигч сонсогчдын оюуны хэрэгцээнд нийлүүлэв. Ийнхүү Лу.Вандан багшийнхаа гэрээслэлийг биелүүлж, үйлсийг нь үргэлжлүүлж явна аа, би.

Дурсамжийнхаа төгсгөлд Монгол Улсын Шинжлэх ухаан судлал, соёл, урлаг судлал, утга зохиол судлал, гоо зүй судлалд үлэмжийн өв үлдээсэн С.Лувсанвандан багшийнхаа үүсгэн байгуулсан Соёл, урлаг судлалын хүрээлэнг хараандаа хамгаалж, халаасандаа хавчуулж яваа СУИС-ийн захирал, доктор профессор Э.Сонинтогост болон Монголын хүүхэд залуучуудын гоозүйн хүмүүжилд зориулж бичсэн миний өчүүхэн бүтээлд Лу.Вандан багшийн “Гоо зүйн дээд шагнал” хүртээсэн Лувсанвандан сангийнханд дахин гүн талархал илэрхийлье.

Баярлалаа.

2020.12.25.

Улаанбаатар хот

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]