Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Эверест-Жомонлунгма! Энэ агуу хайрхан бол уул гээч ер бусын байгалийн сүр хүчийг биширдэг, айдаг, хүндэлдэг хүмүүсийн мөрөөдөл болсон газар. 8848 метр өндөр, энэ дэлхийн ноён оргил дээр гарах гэж оролдсон мянга мянган оролдлогын үеэр 300 гаруй хүн (308 гэсэн тоо байдаг ч энд сүүлийн үеийн үхэл орсон эсэхийг мэдэхгүй юм) амь үрэгдсэн бөгөөд олонхийг нь олоогүй, олсон ч ихэнх нь тэндээ үүрд үлдсэн байдаг билээ. Энэ удаа Эверест уулын оргилд гарах гэж яваад амь үрэгдсэн анхны үхлийн тухай:
Британичууд 1921 онд "Британийн тагнуулын экспедиц" хэмээх багийг зохион байгуулж Эверест уулын орчин тойрны зураг гаргах, оргилд гарах боломж бий эсэхийг газар дээр нь очиж тандан судалсны үндсэн дээр (оргил руу гарах гэж оролдоод үзсэн гэдэг) 4-р сарын сүүл, 5-р сарын эхээр буюу муссон эхлэхээс өмнө дайралт хийх боломжтой гэж үзжээ.
1922 онд дараагийн экспедицийг зохион байгуулсан бөгөөд нийт 160 хүний бүрэлдэхүүнтэй, тэдний 13 нь уулын оройд гарах ёстой үндсэн багийнхан байж. Өмнөх экспедицийн үеийн судалгаан дээр үндэслэн янз бүрийн өндөрт тусгай бааз байгуулах нь зөв, бааз байгуулсан баг доош буун сэргэлт авч байх хооронд өөр баг дараагийн өндөрт шинэ бааз байгуулж байхаар шийдсэн ба энэ бүхний дараа буюу 5-р сарын 21-нд анхны дайралтыг хийхээр болжээ.
Алдарт Жорж Мэллори (энэ хүний тухай Эверест болон уулын спорт сонирхдог хүн болгон мэдэх биз), Генри Морсхед, Говард Сомервилл болон Эдвард Нортон нар хүчилтөрөгчийн аппаратгүйгээр оргилд гарахаар 7600 метрийн өндөр дэх 5-р баазаас өглөөний 8 цагт дайралтаа эхэллээ. Өгсөж явахдаа хүнс бүхий нэг цүнхээ доош алдахад Морсхед буцаж очин авчирсан боловч дахин дээшлэх чадалгүй тамирдаж сульдсан тул мань эрийг бааз руу буцаахаас өөр аргагүй боллоо.
Бага зэргийн цас орж өгсөхөд нэг их айхтар хэцүү биш байсан боловч үлдсэн гурав өдрийн 2 цагийн үед буцахаар шийдсэн ба тэд 8225 метрийн өндөрт гарсан нь урьд өмнө хүний хөл байтугай жигүүртэн ч гарч үзээгүй өндөр байв. Тэд шөнөдөө 5-р баазад ирж хоноод маргааш өглөө нь бүр доошлох үед халааг нь авсан Жорж Финч, Жеффри Брюс, Тежбир хэмээх офицер нар хүчилтөрөгчийн багтайгаар дээшилж эхэлсэн хэдий ч гэнэт эхэлсэн хүчтэй цасан шуурганы улмаас 7950 метрээс илүү дээш гарч чадсангүй.
5-р сарын 26-ныг тэд майхандаа хэвтэн өнгөрөөгөөд 27-ны үүрээр цаг агаар арай сайжрах үед дахин өгсөж эхэлсэн байна. Тежбирийн хувцас цаг агаарын ийм нөхцөлд таарахгүй хөнгөн нимгэн, хөлдөлтийн зарим нэг шинж тэмдэг илэрч байснаас түүнийг буцаан үлдсэн хэд нь авирсаар 8326 метрийн өндөрт хүрсэн ч Брюсын хүчилтөрөгчийн аппарат ажиллахгүй болсноос групп тэр чигээрээ буцах шийдвэр гаргалаа.
Өмнөх багийнхнаас илүү өндөрт гарахад хүчилтөрөгчийн баг ихээхэн чухал үүрэгтэй байсныг энэ багийнхан хэлж байсан учир гурав дахь дайралтыг бүгд багтай хийхээр шийдэхэд экспедицийн эмч Томас Лонгстафф эрс эсэргүүцсэн боловч уулын оройд ийм ойрхон ирсэн, дэлхийн дээвэрт гарч болох боломж байгааг мэдсэн 5 уулчид үүнийг нь огт тоолгүй 6-р сарын 3-нд үндсэн лагериас ширваа нарыгаа дагуулан өгсөж эхэлжээ. Замдаа Финч 1-р лагерьт үлдэж бусад нь дээшилсээр.
6-р сарын 7-нд оргил руу дайрах уулчид болон ачаа бараа зөөх ширваа нарын 17 хүн хойд хэцээр дамжин авирч байх үед хөлдөж хатуурсан цас мөс бүхий саад тааран хэсэг зөвлөлдсөний эцэст Мэллори нь Сомервелл болон Кроуфордтой цуг цас мөсийг дайран чигээр явахаар шийдэж бусад нь арай тойруу замаар явахаар болсон байна. Зарим хүмүүс Мэллориг зүгээр л дураараа дургиж ийм шийдвэр гаргасан ба бүгд тойрох хэрэгтэй гэдэг бусдын саналыг огт тоолгүй өөрийнхөөрөө зүтгэсэн гэх нь ч бий. Ингээд чигээрээ дээшлэх гурвын явж байгаа зам мөр нь тэр их дагтаршсан цасыг зааглан хагалж удалгүй цасны доод хэсэг доош нуран уналаа. Яг энэ үед доод хэсгээр тойрч явсан, гурав гурваараа олсонд орон явж байсан 9 ширваа нарын дээрээс энэ цас нурж дарахад 2 нь л амьд гарч чадсан байна. 7 ширваа нарын амь алдсан явдлын гэм буруутан нь яах аргагүй Мэллорийн шийдвэр, Мэллори өөрөө байлаа. (зарим баримтаар бол бүгдээрээ чигээрээ явах болоод эхэлж явсан уулчид амьд гараад араас нь дагаж явсан ширваа нар цасанд дарагдсан гэдэг)
Ингэж Эверест уулын оргилд гарах замдаа амь үрэгдсэн хүмүүсийн анхны албан ёсны тоо эхэлсэн нь энэ бөгөөд одоо нэгэнт 300 давжээ.
Оргилд гарах ямар ч боломжгүй болгосон ослын дараа Мэллори, Финч нар Их Британиар аялан өөрсдийн авиралтын тухай лекц уншиж дараа дараагийнхаа экспедицийн хөрөнгө мөнгийг босгох, Эверест уулыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх ажлыг дэндүү сайн хийсэн гэдэг. Мөн Мэллори Америкаар бас аялан өөрийн авиралтын тухай ярьж байсан нь маш олон хүний сонирхлыг татаж, “уулын өвчнөөр” олон мянган хүнийг өвчлүүлсэн билээ. Чухам энэ аяллын үеэр Мэллори өөрийнх нь нэрийн хуудас болсон нэгэн алдартай үгийг хэлсэн байдаг нь “Та яагаад Эверест рүү авирах гээд байгаа юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “ЯАГААД ГЭВЭЛ ЭВЕРЕСТ БАЙГАА УЧРААС” хэмээн хариулсан нь дараа дараагийн олон мянган уулчны уриа болон үлдсэн юм.
1924 оны өвлийн Олимпын тоглолтын үеэр уг багийнхныг алтаар бүрсэн мөнгөн медалиар шагнасан ба шагналыг олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертен өөрөө гардуулсан гэдэг.
Энэ оныхоо 6-р сард Жорж Мэллори нь Эндрю Ирвиний хамт дахин Эверест уулын оройд гарахаар явж байгаад алга болсон нь Эверест хэмээх их хайрхантай холбоотой хамгийн том, нууцлаг, маргаантай зүйл болон үлдсэн түүхтэй. Энэ тухай дараа нь...