Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хаадын дуэльУншсан7,991

Хоёр хаан халз тулалдаад хоёул ялсан нь

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1268 он. Францын хаан “ариун” Людовик IX-ийн дүү Анжуйн Карл хэмээх нэгэн эр (Charles d'Anjou) Газар дундын тэнгист орших Сицилл арлыг эзлэн авч тэнд Францын хяналтыг тогтоож, арлыг хянах хүмүүсийг томилж орхиод явжээ. Өнөө хэд нь дийлсэн хүний дээрэнгүй зангаар хэтрүүлж байж 1282 онд “Сицилийн үдэш” (Vespri siciliani) хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдал болон францчуудыг хөөхийг нь хөөж, алахыг нь алж... ер нь аливаа бослого хөдөлгөөн, хувьсгалын дараа болдог бүхэн л болж. Энэ бүхний дараа Сицилл өөрийн гэсэн хүчирхэг хаантай болохгүй бол францууд эргэж ирээд хариугаа харин ч нэг айхтар авах нь ойлгомжтой. Өөрийн гэх олигтой хаан байхгүй болохоор гаднаас хаан "импорт"-лохоос өөр арга алга. Харин хэнийг?...

“Сицилийн үдэш”-ээс хойш хагас жилийн дараа Арагоны хаан Педро II нь уг нутгийн захирагч болсон ба энэ хүний хатан нь нэгэн цагт Сицилийг хууль номын дагуу хянан захирч байгаад Анжуйн Карлд эрх мэдлээ алдсан тэр хүмүүсийн үр сад байжээ.

“...Гадны гэх юм бараг алга. Хүргэн хүү хүчтэй болохоор энэ хүн бол Сицилийн хаан мөнөөс мөн...” байж таарах тухай яриа Сицилл даяар тарж, өөр зөндөө л юм болоо байлгүй. Харин энэ бүх явдал аймшигт Карлд огт таалагдсангүй. Олон арал, газар нутгийг нь эзлэн авч өөрийн эрх мэдэлд оруулж байсан энэ хөгшин болдог бол давхиж очоод Сициллийг үнсэн товорго болгочихмоор байвч өрсөлдөгч нь хүчирхэг эр болсон, бас ийм аян дайн хийх мөнгө үзээд өгье гэсэн ч байдаггүй. Хааны ах, дүү хүн ингэж дээрэлхүүлээд нэр нүүрээ баран сууж болохгүй болохоор бодож бодож нэг арга олсон нь халз тулаан хийх байлаа. Халз тулаан гэдэг бол бурхны шүүх учир энэ бол хамгийн шударга шүүх.

“Хаан хаантайгаа халз тулалдана гэдэг ...гүй ээ мөн сайхнаа... бис бис...“ ард түмэн баяртайгаар хүлээж авч байгаа гэж жигтэйхэн. Өөрсдийн үр хүүхэд, ах дүү хамаатан садан үй олноороо дайны хөлд үрэгдэхгүй боллоо гэсэндээ биш харин хаадын хэмжээний халз тулаан үзэж, хэн нэг нь нөгөөгийнхөө намалдгийг нь нээж, хүзүү толгойг нь хэрчих гэдгийг харах, ядаж л ярьж, сонсох нь сайхан байлгүй яахав.

Педро хаан ч энэ урилгыг хүлээн авч байгаа тухай мэдээ Европ даяар тарж эхэлсэн бөгөөд хаад ноёдын хэлсэн үг, амласан амлалт гэдэг буцаж болохгүй ариун зүйл болохоор сайхан шоу болох нь тодорхой боллоо. Уур уцаар нь хүрч, ард олныхоо төлөө бухимдан байгаа, дайсантайгаа халз тулан үхэхэд бэлэн байгаа энэ хоёр хаад ноёдыг магтан дуулахгүй байхын аргагүй...

Гэсэн ч сэтгэлийн хөдлөл дарагдахын хэрээр жинхэнэ хошин шог нь эхэлж хачин хачин юм сонсогдох болжээ. Педро маань халз дуудсан дуудлагыг хүлээн авч тулалдахад бэлэн байгаа боловч хөгшин настай Карлыг амархан дийлэх учир шударга байхын тулд хоёр тал тус бүр 100 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж халз үзье гэжээ.

“Үгүй ээ мөн... үүнээс сайхан юм хаана байх билээ. 200 нөхдүүд хоорондоо алалцаж, ялагдсан талын хааны толгойг газар өнхрүүлэхийг харна гэдэг бол юутай ч зүйрлэшгүй их шоу болно. Алив гахайгаа нядал, махыг нь зараад мөнгөөр нь явж хядаан харая” гэсэн нөхдүүд олон гарав.

Карл ч иймэрхүү явдал болохыг мэдэж байсан бололтой зөвшөөрч (55 настай Карл нь халз тулаанд 42 настай эрийг дуудаж байхдаа ялна, дийлнэ гэж бодож байсан гэхэд их л эргэлзээтэй) халз тулаанаа Бордо хотод хийхээр ярилцаж тохирлоо. Өөрөөр хэлбэл энэ үед Бордо нь Английн мэдэлд байсан нутаг учир Английн хаан ”урт хөлт” Эдуард I (Edward I «Longshanks» ) нь энэ халз тулааны ерөнхий шүүгч, батлан даагч болж хувирчээ.

“...Ийм том баталгаа байгаа хойно ямар нэг хулхидсан, отсон, урхинд оруулсан юмгүй шударга үзэх нь дээ. Сайхаан сайхан...” Ард түмэн баярлан хүлээсээр.

Тухайн цаг үед халз тулаан гэх бурхны шүүхээр олон асуудлыг шийддэг байсан цаг үе боловч бүхэл бүтэн улс орны хаан ширээг ийм аргаар шийдэх гэдэг... урьд өмнө ийм юм болж байсан юм болов уу...

Гэнэт энэ тулааныг дэмжихгүй эсэргүүцэж байгаа томоохон нөхдүүд гарч ирсэн бөгөөд хамгийн түрүүнд католик шашны тэргүүн пап лам Мартин “бурхны шүүх гэж халз тулааныг хэлдэг юм биш, ер нь бол бурхны элч төлөөлөгч гээд нэг хүн папын малгай өмсөөд сууж байдаг, тэр хүн л жинхэнэ бурхны шүүх юм шүү“ гэсэн утгатай зүйлийг нэг сануулаад авсан байна. Сануулаад зогссонгүй Педрог өөрийн шашны эгнээнээс хөөж, Карлыг энэ халз тулаанд оролцохгүй байхыг хатуу анхааруулжээ. Урт хөлтийг ч бас тулалдааны талбарт очихгүй байж, хаад ноёдын ариун цусыг урсгахгүй байх тал дээр анхаарах ёстой гэсэн сургамж хайрлалаа.

Нутаг орных нь төлөө, өөрийнхөө цусаа урсгахаар зэхэж байгаа гэж шинэ хаанд баярлан байсан Сициллийнхэн удалгүй зангаа өөрчилж эхэлсэн бөгөөд тэдний хувь заяа хэдэн нөхдийн байлдаж тоглох замаар шийдэгдэх хэмжээний жижиг юм биш гэдгийг ойлгож эхэлсэнтэй холбоотой болов уу.

Ингээд өнөө хоёрын халз тулааныг ард түмнээс бусад нь бүгд л буруушааж, хориглож байсан боловч нэгэнт ам алдсан хойно барьж болдоггүй хойно одоо яах вэ. Хаад ноёдын үг нь үг биш болбол тэд хаад ноёд ч биш болно. Тийм учраас Карл болон Педро нар Бордогийн халз тулааны талбарт очих болно гэдгээ зоригтойгоор мэдэгдэж, хэн нэг нь очихгүй бол тэр нь аймхай хулчгар амьтан болон шившиглэгдэж, Сициллийн төлөөх тулаанд ялагдсан гэж үзнэ гэж зарласаар.

Ард түмэн баяр хөөр болсоор.

Ингээд болзсон өдөр буюу 1283 оны 6-сарын 1-н болохоос өмнөхөн хоёр хаан тус тусын багийг бүрдүүлэн Бордог чиглэн явжээ.

Анжуйн Карл сүр бараа ихтэй байхын тулд өөрийн дүү нарын нэг болох “зоригт” Филипп III-ыг (францаар Philippe III, “ариун” Людовика IX-ийн дараагийн хаан болсон) дагуулж гарсан нь өөрийгөө алдарт аймшигт Карл хэвээр байгааг харуулах зорилготой байв. Харин Педро өөрийн дагуул хүлэг баатруудын хамтаар ихээхэн даруухан байж, үүнийгээ ч ил хэлэн явж байсан нь тэрээр бурхны шүүхэд бүрэн итгэж байгаагаа харуулсан явдал юм гэнэ. “Урт хөлт“ Эдуард хаан яршиг төвөг болж магадгүй гэсэн бололтой Бордод ирээгүй боловч тулалдаан болох талбайг жигтэйхэн сайхан янзлуулж хамаг юмыг жин тан болгосон байв.

Ингээд 1283 оны 6-р сарын 1. Ард түмний хүсэн хүлээсэн өдөр

Педро хаан өөрийн баатруудыг дагуулан өглөө эрт тулалдах газар ирсэн боловч өрсөлдөгч нь байсангүй. Тэдний герольд нь (цол дуудах засуул маягийн үүрэгтэй хүн) дүрмийн ёсоор хааныхаа нэр усыг цоллон дуудаж, тулалдах шалтгаан зэргээ дурдан хашгирах дүрмийг ягштал биелүүлсэн боловч хэн ч гарч ирсэнгүй. Өөрөө ирсэн ч дайсан нь ирээгүй байлаа. Тэгэхээр Педро хаан ялсан гэсэн үг болохоор тэд бөөн баяр болж дуу хууртайгаар ялалтын дуугаа аяланхан буцжээ.

Хэдэн цагийн дараа Анжуйн Карл өөрийн асар том цуваагаа дагуулан тулалдааны талбарт ирлээ. Бас л дархан цолоо дуудуулан байж, дайсантайгаа тулалдах гэсэн боловч өнөөх нь гарч ирдэггүй. Нэгэнт дайсан нь хулчийсан учир Карл нь ялан дийлэгч болж бас л баяр хөөртэйгөөр нутаг буцав.

Хоёр хаан дараа нь нэг нэгнийгээ хулчгар новшоор нь дуудалцаж, нэгэнт болох нь тодорхой болсон дайнд бэлдэж эхэлсэн боловч уг хоёр аль аль нь удалгүй нөгөө ертөнцөд одсон учир тэдний хутгасан энэ бантанг өөр хүмүүс учрыг нь олох гэж ихээхэн юм болж, олон хүний аминд хүрсэн билээ.

Энэ хаад чухам анхнаасаа юу бодож байгаад юу болж хувирсныг хэн мэдэх вэ. Аль аль нь иймэрхүү байдлаар дуусгахыг хүсч л байсан болов уу. Нэг үгээр хэлбэл хэн хэн нь дайныг биш харин доромжлолыг сонгон авсан бололтой. Бүр сүүлд Черчиль “дайн доромжлол хоёроос доромжлолыг сонгосон тал нь эхлээд доромжлуулаад дараа нь дайнд ордог” гэсэн нь үнэн үг вэ хэмээн бодогдож байгаа байх.

Энэ явдал шиг харилцан дайсагналцах ширүүн дүр эсгэвч цаагуураа нууцаар хамтдаа хуйвалдан тохиролцон олон нүүр гаргасан түүх дэндүү олон бөгөөд одоо бол иймэрхүү хуурамч явдлыг улстөр гэж нэрлэдэг болсон шиг байгаа юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]