Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Апачийн индианчуудын дайн: Эрэлхэг зоригт Кочайс удирдагчУншсан9,587

Олон арван жилийн турш Засгийн газрын цэргүүдтэй тулалдаж, том жижиг 50 орчим мөргөлдөөнд ялж, ялагдаж ирсэн түүнийг насан эцэслэснээс хойш чирикахуачууд эр зоригтой, хүчтэй, ард иргэдийнхээ төлөө бүхнээ зориулдаг хүнгүй болсон юм.

XV зууны төгсгөлөөр европчууд Шинэ ертөнцийг нээж олсон нь Америк тив байлаа. Энэхүү газарзүйн их нээлт нь дэлхийн түүхийн шинэ үеийн эхлэлийг тавьж, олон түүхэн өөрчлөлтийг араасаа дагуулсан. Даяарчлал, колоничлолын үндсийг тавьсан газарзүйн их нээлтүүдийн үр дүнд европчуудын танилцсан шинэ газар орон нь хэдийнэ өөрийн гэсэн оршин суугчидтай, соёл иргэншилтэй байсан юм. Олон зуун жил багахан газар нутаг булаацалдан дайтсаар ирсэн европчуудын хувьд уудам их тал хөндий, хүчит мөрнүүд, уул хадаар баян, элчилгүй их газар нутагтай шинэ тив жинхэнэ гайхамшиг байлаа. Сая саяараа цутган ирсэн булаан эзлэгчид уугуул иргэдийг хэдэн зууны турш хүйс тэмтэрч, эх нутагт нь эзэн суусан билээ.

Энэ түүх хэдэн зууны турш үргэлжилсээр Британийн колониуд 1776 онд зэвсгийн хүчээр салан тусгаарлаж, улмаар 1783 оны Парисын гэрээний дагуу АНУ-ыг бусад улс орнууд хүлээн зөвшөөрчээ. Үүнээс дөрвөн жилийн дараа 1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь Холбооны улс болж Хойд Америкийн ихэнх газар нутгийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжсөн юм.

Уг нь Америк тивийн соёл иргэншил өөрийн гэсэн эзэнт гүрэн, овог аймгуудтай байв. Тэдний нэг болох апачи омгийнхон шинэ хүмүүсийн эсрэг олон жилийн турш цуцалтгүй тэмцэл хийсэн юм. 1600-гаад оны үед үржил шимт Канзасын тэгш талыг булаацалдсан уугуул омгийнхны мөргөлдөөнд Апачи омгийнхон ялагдаж Команчогийнхонд хөөгдсөнөөр Техас болон өнөөгийн АНУ-ын өмнөд зах болох Аризона, Нью-Мексико мужийн нутагт нүүдэллэн орж иржээ. Газрын хөрсөн дороо асар их баялагтай шинэ нутагтаа ч тэд амар тайван байсангүй. Булаан эзлэгч цагаан арьстнууд болох Испанийн эзэнт гүрэн болон Мексикт бий болсон шинэ тулгар улстай Апачи омгийн дайчид зуун жил дамнан тулалдав. Эхэндээ Кастилийн хант улстай (Мексикийг эзэлсэн байсан), 1716 оноос эхлэн Испанийн вант улстай, 1821 онд Испаниас салж тусгаар тогтносон Мексиктэй эрх чөлөө, газар шорооныхоо төлөө эцэс төгсгөлгүй дайныг өрнүүлсэн. Гэвч тухайн үедээ л орчин цагийн буу зэвсгээр өвч зэвсэглэсэн цагаан арьстнуудыг асар их үнээр эсэргүүцэх боломжтой байж. Апачи омгийнхон ч дан ганц цагаачидтай тулалдсангүй, хаа сайгүй уугуул оршин суугчид дайн хийж, тэр хэрээрээ хүн амынх нь тоо огцом буурч ирэв.

Апачи омгийн эрэлхэг ахлагчдын нэг Кочайс хэмээгч тэдний түүхэнд тун ч алдартай. 1800-гаад оны дунд үед Чирикахуа уулсын Чирикахуа салбар омгийн Чоконэн хэмээх жижиг овгийг Кочайс толгойлж  байлаа. Төрөлхийн удирдагч хүнд байх ёстой бүхий л зан чанарыг өөртөө агуулсан Кочайсын ур чадваруудыг түүний хадам аав, Мимбрено бүлгийн ахлагч Мангас Колорадос (Mangas Coloradas) улам илүү хөгжүүлж өгсөн байдаг. Эхнэрийнх нь эцэг нийт апачи омгийнхны дунд хүндтэй “том” хүн байсны ачаар эрэлхэг зоригтой залуу эр Апачи омог дахь өөрийн нэр нөлөөгөө улам бэхжүүлжээ.

1861 онд Апачи омгийн Аривайпа хэмээх багахан овгийнхон Чирикахуа уулсын бэлд амьдран суудаг Жон Вард хэмээх цагаан арьстны ферм рүү дайран орж, тонож дээрэмдээд хүү Феликс Вардыг нь олзлон авсан хэрэг явдал гарав. Энэ хэргийн учрыг олж, буруутай этгээдэд нь хуулийн хариуцлага ногдуулах үүргийг нас залуу, цус шингэн дэслэгч Жорж Баскомд АНУ-ын засаг захиргаанаас оногдуулжээ. Дэслэгч Баском 300 орчим цэрэг дагуулан ирж нутгийнхан тулалдаж, энэ хэрэг явдалд Кочайсыг буруутгаж эхлэв. Багагүй цус урссан энэ мөргөлдөөнд үрэгдсэн уугуулынхан дунд хийгээгүй хэргийн буруутан болох Кочайсын хайртай дүү байснаар тэрээр цагаан арьстнуудыг асар ихээр үзэн ядах болжээ.

1862 оны 5-р сарын 5-нд Холбооны Засгийн газрын хоригдлуудыг Аризонагаас Техас руу 100 орчим харгалзах цэргүүдтэй хамт шилжүүлэв. Өнөөгийн Аризонагийн Драгун уулын хөндийд орших Баттерфилд Оверлэнд өртөө рүү цуваа ойртох үед Кочайсын 100 орчим дайчдаас бүрдсэн хүч отолтод оруулжээ. Засгийн газрын талаас 4 хүн амь эрсдэж, тэн хагас нь олзлогдож, апачи нар харин Засгийн газрын хоригдлууд нэртэй уугуулынхнаа суллаж чаджээ.

Апачийн давааны тулалдаан

Тэр жилийнхээ зун нь буюу 1862 оны 7-р сарын 15-16-нд Кочайс, Мангас Колорадос нар Апачийн омгуудаас хамгийн эрэлхэг дайнч эрчүүдээ цуглуулан Холбооны цэргүүдийг довтлов. Энэ үеийн индианчуудын тулааныг та сүх, нум сумаар зөвхөн бүү төсөөлөөрэй. Тэд бууг гарамгай эзэмшиж, мэргэн буудаж сурсан байв. Индианчууд буутай дайсны эсрэг нум сумнаас илүү буугаар тулалдах нь ашигтай болохыг мэдэрсэн үе байсан юм. Давааны бэлд хөсөг тэргээ тойруулан хүрээлж, хурагнан буусан америк цэргүүдийг өндөрлөгөөс давхилдан гарч ирсэн индианчууд бүслэж аваад дайрч эхэллээ. Хагас мянга орчим апачи дайчид 100 гаруй Засгийн газрын цэргүүдтэй ширүүн тулалдаан өрнүүлсэн гэдэг боловч сүүлийн үеийн түүхээр Засгийн газрын талаас 1000 орчим бүрэн зэвсэгтэй, 2 ч их буу, пулёмотоор зэвсэглэсэн хүч байсан гэж тооцох болжээ. Хоёр тал аль аль нь санаачилга алдахыг хүссэнгүй, эцэстээ уугуулынхны сум хэрэгсэл дуусч, нум сумаар харваж, сүх хэрэглэн гардан тулаанд оров. Эгзэгтэй мөчид америкчуудад нэмэлт хүч ирж индианчуудыг тогтоон барив. Уугуулынхан ч ухарч буцахаас аргагүйд хүрэв. Энэ тулаанд Кочайсын хадам Мангас Колорадос хүнд шархадсан ба түүний үнэнч дайчид нь удирдагчаа түүнийг Мексикийн хилийн ойролцоо нутаг хүртэл авч явж, тэндхийн нэгэн эмчийг сүрдүүлж байж эмчилгээ хийлгэсэн гэнэ. Гэвч олигтой тэнхэл авч чадаагүй байхдаа хэлэлцээр хийе гэж урьсан америкчуудад итгэж очоод хөнөөгджээ.

1849 онд АНУ-ын зүгээс Апачи омгийнхонтой хийсэн дайн албан ёсоор эхэлсэн гэж үздэг. Үнэн хэрэгтээ байнгын мөргөлдөөн өргөжиж томхон хэмжээний тулалдаанаас дайны хэмжээнд хүрсэн гэж үзсэн нь энэ. 24 жил үргэлжилсэн Апачийн дайнд бусад уугуул омгийнхны цагаан арьстнуудтай хийж байсан дайн, тулаанаас бага зэрэг ялгаатай байв. Хүн ам ихтэй омгийнхон цагаан арьстнуудтай нүүрлэн, зууралдан тулалддаг байсан бол апачи дайчид дайснаа отолтод оруулж тулалддаг байв. Ялангуяа Апачи омгийн хамгийн эрэлхэг зоригтой дайнч бүлэг болох чирикахуачууд дайтаж байгаад ухарч зугтахыг ичгэвтэр зүйл гэж үздэггүй, тэр бүү хэл ашигтай тактик гэж ойлгоно. Дайсны талаас хүнээр олон, нөгөө талаа гайхашруулах зүйлтэй, дайснуудаасаа илүү өндөрлөг газарт байрлаж байгаа тохиолдолд л  чирикахуачууд нээлттэй тулалдаанд ордог байсан ба бусад үед тогтмол отолтыг амжилттай явуулж байв.

Омгийн ахлагч Мангас дайсандаа хөнөөгдсөнөөс хойш Чирикахуа омгийг Кочайс удирдах болов. Түүгээр ч зогссонгүй апачигийн бусад омгууд ч Кочайсыг тойрон нягтарч эхлэв. Кочайст захирагдах апачи дайчдын тоо 10 мянга хол давах болсон ч тэрээр хад асга ихтэй ууланд тулалдахыг илүүд үзнэ. Нуугдах газар олонтой нь дайсныг отох таатай нөхцөлийг түүнд бүрдүүлнэ. АНУ-ын цэргүүд түүнийг хайж тулалдаан өрнүүлж байсан ч олон мянган Кочайсын дайчид ид шидийн мэтээр нуугдаж орхидог, Кочайс өөрөө бол дайсныхаа гарт ордоггүй, сэргэлэн, тулаанд гарамгай удирдагч гэдгээ батлан харуулсаар байж. Амь өрссөн ширүүн тулаанд асар өндөр хавцлаас морьтойгоо үсэрч хавцлын нөгөө талд гарсан тохиолдол ч байв. Яг л кинонд гардаг шиг. Кочайс ард түмнийхээ дунд домог болж эхэллээ. Тэр мэргэн буудах ба буунаас илүүтэй жад ашиглахдаа хэнтэй ч эгнэшгүй гарамгай нэгэн байжээ. Америк цэргүүд олон жилийн турш Кочайсын дайчидтай тулалдаж ялж, ялагдаж хэмжээлшгүй их цус урссан ч аль ч тал нь дайнаа зогсоосонгүй.

Ингээд байдал хүндэрч, апачи омгийнхны аюулаас зугтсан цагаан арьстнууд Аризонаг орхин гарч эхлэв. Улмаар америкчуудын хараа хяналтаас алдагдсан нутагт Мексикийн талаас ч цэрэг зэвсгийн халдлага идэвхжих болов. Аризона, Нью-Мексико мужуудад Кочайс цагаан арсьтнуудыг шахан гаргаж байсан бол зүүн талд Техас мужид ч Кайова, Команче омгийнхон Засгийн газрын цэргүүдтэй томоохон тулалдаануудыг хийн ялалт байгуулж байв. 1865 он гэхэд Америкийн иргэний дайн төгсөж, Америкийн засгийн газар Мексиктэй хиллэсэн өмнөд нутгуудаа онцгойлон анхаарч эхэллээ. Ерөнхийлөгчийн шууд тушаалаар Вест Пойнтын Цэргийн академийг дүүргэж, Иргэний дайнд гавьяа байгуулж алдаршсан Америкийн генерал Жорж Р.Крүүк Апачи омгийнхны асуудлыг зохицуулахаар Аризонад өөрийн биеэр ирэв. Аризонагаас шахагдсан Засгийн газрын 10 мянга орчим цэрэг, дээр нь генералын дагуулж ирсэн 15 мянган цэрэг сүнс, сүүдэр шиг тулалддаг апачи омгийнхныг яаж ч мөрдөж хайгаад ямар ч үр дүн гарахгүй байгааг ухаарч, Апачи омгийн олон хэсэг бүлэг овгуудыг хагаралдуулж, заримыг нь их мөнгөөр худалдан авч, тулалдаануудад ашиглах зальжин аргыг хэрэглэж эхэлжээ. Гэхдээ л Кочайсыг хайж олох, түүнийг ялах гэдэг АНУ-ын армийн хувьд бүтэшгүй зүйл байлаа. Тэд ахлагч Кочайсыг нутаг заан суулгаж, Чирикахуа омгийнхныг Апачийн бусад омгоос илүү тусгай хангамжтай болгох хуурмаг төлөвлөгөө бодож олсон ч үүнд Кочайс итгэсэнгүй. Яахав хаа сайгүй цагаан арьстнуудтай олон арван жил тулалдаж, уул хадаар зугтаж, мөрдүүлж мөшгүүлсэн, овог омгоороо хүйс тэмтрүүлсэн уугуул иргэд дайнаас залхаж генералын саналыг хүлээж авч байсан нь тодорхой. Тэд энд тэндгүй Америкийн Засгийн газрын бусармаг саналыг аргагүйд автан хүлээн авч тусгай бүс хэмээн нэрлэсэн газарт очиж нутагладаг байв. Үнэн хэрэгтээ өсөж төрсөн нутгаа орхин үржил шимгүй газарт цөлөгдөхөөс ялгаагүй хэрэг. Ийм саналыг Кочайс хэрхэвч хүлээж авахыг хүсэхгүй байлаа.

Генерал Жорж Р.Крүүк алтаар баялаг Аризонагийн асуудлыг дорвитой шийдэж чадаагүй, дээр нь нэгэн тулаанд өөрөө шархдаж сүр сүлдээ гээж орхисон тул 1872 онд генерал О.Ховардыг Ерөнхийлөгч илгээх тушаал гаргав. Тэрээр Аризона мужийн алтны эрэлчин, худалдаачин Том Жеффордс болон шуудангийн албаны ажилчид цөөн хэдэн цэрэг дагуулан өөрсдийнхөө амь насаар дэнчин тавин байж Кочайсын бүгсэн хад асган дунд байрлах хэрмэнд хүрч очсон байдаг. Тэд тулалдахаар биш ярилцахаар энд ирсэн гэдгээ хэлсэн байна. Кочайсын газар нутаг руу Ховард, Жеффордс нарыг нэвтрүүлэх зөвшөөрөл ирэх гэж хэд хонолоо. Эцсийн эцэст хамгийн шилэгдмэл апачи дайчдынхаа өндөр хяналт дор газар бохирон сууж, тамхиа уугиулах Кочайс Ховард нарын саналыг ихэмсгээр сонсов. Тэдний уйгагүй ятгалга, амлалтад Кочайс буулт хийхээр шийджээ. Үр дүнд нь Аризонагийн зүүн өмнөд бүсэд байдаг өнөөгийн Кочайс мужийн дийлэнх хэсгийг омгийнхондоо авч үлдэв. Цагаан арьстнуудын эсрэг цусаа урсган тэмцэлдээгүй бусад омгийг бодвол арай дээр хэрэг л дээ.

Орон нутгийн сонинууд генерал Ховард хэлэлцээр хийх гэж хамаг газар нутгаа индианчуудад өгчихлөө хэмээн түүнийг зад шүүмжилжээ. Худалдаачин Том Жеффордс Кочайсын мэдлийн тусгай бүсэд Засгийн газрын төлөөлөгч болсон бөгөөд сонирхолтой нь эд мөнгөний шунал ихтэй энэ хүн уугуул америкчуудын дунд орж, тэднийг ойлгож, хайрлан энэрдэг хүн болон өөрчлөгдсөн гэдэг. Кочайс ч түүнийг цорын ганц цагаан арьст анд нөхрөө гэж үздэг байв. Тэдний нөхөрлөл олон ном зохиолд үлдсэн.

1874 онд Кочайс ходоодны өмөн үү өвчнөөр өөд болов. Дайчин нөхөд нь түүнийг хад асга дунд оршуулжээ. Олон арван жилийн турш Засгийн газрын цэргүүдтэй тулалдаж, том жижиг 50 орчим мөргөлдөөнд ялж, ялагдаж ирсэн түүнийг насан эцэслэснээс хойш чирикахуачууд эр зоригтой, хүчтэй, ард иргэдийнхээ төлөө бүхнээ зориулдаг хүнгүй болсон юм. Апачийн дайнуудын үед Чирикахуагийн хамгийн чадварлаг, хүчирхэг удирдагчдын нэг байсан Кочайсыг ард иргэддээ урт хугацааны энх тайван, эрх чөлөөг бэлэглэсэн цорын ганц хүн байсан гэж өндрөөр үнэлдэг аж. Гэвч үнэн хэрэгтээ Америкийн Засгийн газраас явуулсан бодлогын дүнд индиан омгуудын дайнч байдал алга болж, суурин иргэншлийн нөлөөнд автаж, дорой буурай амьдралтай болсон нь үнэн билээ.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]