Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Союз-11 хөлгийн багийнхан амь үрэгдсэн ньУншсан24,847

Багийнхан хөлгийн битүүмж алдагдсаныг мэдэнгүүт клапаныг хаах гэж тэмцсээр байгаад зүйл дууссан гэдэг.

Нийтлэлч "Чалчаа саарал" бичиж байна.

1960-аад оны дундаас Зөвлөлтийн сансар судлалд олон бүтэлгүйтэл ээлж дараалан тохиолдож эхэлжээ. 1966 онд С.П.Королев нас барсан бол 1967 онд шинэ Союз хөлгийн туршилтын нислэгийн үеэр В.Комарав амь үрэгдсэн төдийгүй 1968 онд сансарт гарсан анхны хүн Юрий Гагарин бас онгоцны ослоор үгүй болсон байдаг. Энэ үед саран дээр хүн буулгахаар Америктай хийж байгаа өрсөлдөөнд ч бас ялагдаж саран дээр Америкийн туг мандлаа.

Зөвлөлтийн сансар судлал сарны програмаа орхиж одоо тойрог зам дахь сансрын станц байгуулах чиглэлд илүү анхаарч эхэлсэн байна. Үүний эхлэл болсон Салют-1 станцыг сансарт хөөргөсөн боловч араас нь очиж залгагдах ёстой байсан Союз-10 хөлгийн баг залгагдсан хэдий ч станцад нэвтэрч чадалгүй буцжээ. Уг багийнхны амь насанд аюултай байдал бий болгосон залгагдах төхөөрөмжийн бүтцийг газарт яаран сандран өөрчилж дараагийн Союз-11 багийнхан станцад нэвтрэн анхны эрдэм шинжилгээний туршилт хийх ёстой байв.

Леонов даргатай баг нисэхийн өмнөхөн багийн нэг гишүүн болох Кубасовын уушгинд ямар нэг зүйл байгааг шинжилгээгээр илрүүлсэн бөгөөд шинж тэмдэг нь сүрьеэ өвчтэй тун ойрхон байж. Багийг бүтнээр нь солих уу, зөвхөн Кубасовыг солих уу гэдэг дээр бөөн маргаан. Эцсийн дүндээ багийг тэр чигээр нь сольж орлон нисэх багаар бэлтгэгдэж байсан Добровольскийн баг үндсэн баг болжээ.

1971 оны 6-р сарын 6-нд Союз-11 хөөрч Салют станцтай залгагдан станцад нэвтэрч чадлаа. Хэдийгээр станцын дотор ихээхэн утаа униар хурсан байсан боловч багийнхан агаар сэлгэх төхөөрөмжийг засаж, станцад ажиллах боломжтой болсон байна. Станцад байсан 11 дэх хоногт гал гарч (сансрын хөлөг, шумбагч завь дотор гарсан гал гэдэг бол хамгийн аймшигтай зүйл) эхэлснийг унтрааж чадсан боловч багийн гишүүдийн хоорондох уур амьсгал нэлээд хүйтэрч байж. Урьд нь сансарт нисэж байсан Волков удирдлагыг гартаа авах санаатай янз бүрийн үйлдэл гаргаж байсан бөгөөд тэрээр газарт илгээх мэдээндээ дэндүү “Якал”-даж байжээ. (Я сделал, я решил... буюу би ингэж хийсэн, би тэгж шийдлээ гэх мэт )

Газраас “багийн дарга бүхнийг хариуцаж шийднэ, түүний заавар тушаалыг биелүүл” гэсэн тушаал өгөхөд Волков хариуд нь “бид багаараа шийдэж байгаа, яахыг бид нар өөрсдөө мэднэ” гэж хариулсан гэдэг. Энэ тухай багийн дарга Добровольский “үүнийг гар нийлэн ажиллах гэдэг юм бол юуг гар нийлэхгүй байх гэж хэлдэг байж таарах вэ” гэж бичсэн гэсэн яриа ч бий.

6-р сарын 16-нд Союз-11 хөлөг станцаас салж эх дэлхийдээ буухаар боллоо. Хөлгийн нээлхий бүрэн хаагдаагүй, бин битүү биш гэсэн дохио асаж байсныг янзалж, мэдрэгч сольж станц дахь даралтыг буулгахад хөлгийн доторх даралт хэвийн үлдсэн учир хаалга бин битүү хаагджээ. Ингээд станцаас салан бууж эхэлсэн байна...

Сансрын нисгэгч бэлтгэх төвийн эмч Лебедев буугч аппарат газардах үеийн тухай  ийн өгүүлж байв.

“Гэнэт харж байна, дагалаа гэсэн үгс сонсогдлоо. Хүн болгон л өөрийн үүргийн дагуу  янз бүрийн юм мэдээлж хэлж байсан боловч харин багийн гишүүдийн яриа огт байдаггүй. Магадгүй шүхэртэй цуг гарах ёстой антенн гараагүй, гэмтсэн зэргээс болж тэдэнтэй холбогдож чадахгүй байгаа байх хэмээн таамаглаж тайван л даган бууж байлаа. Союз газардаж, бид ч тэднээс 50-100 метрийн зайтай буусан юм. Ер нь ийм үед буугч аппаратын нээлхийг онгойлгоход дотроос нь багийн гишүүдийн янз бүрийн дуу чимээ, инээх, ёолох, ёжлох яриа сонсогддог бол энэ удаа... таг чимээгүй. Би эхлээд Добровольскийг гаргасан бөгөөд дараа нь Пацаев, Волков нарыг гаргасан юм. Эхлээд тэднийг гаргаж байхад юу болж байгаа нь ойлгомжгүй байлаа. Яаран сандран хийсэн үзлэгээр ч гэсэн тэд ямар байдалд байгааг ойлгосонгүй. Холбоо тасарсан тэр хэсэг хугацаанд энэ хэдэд маань юу тохиолдсон хэрэг вэ? Биеийн халуун нь бараг хэвийн хэмжээнд байдаг.

Тэр үед аймшигтай явдал болж гэдгийг үнэндээ ойлгоогүй, ойлгохыг хүсээгүй гэж хэлж болохоор байдалд байсан бидний 6 эмч хиймэл амьсгал хийх, зүрхний иллэг гээд  чадах бүхнийгээ хийж байв.

Нисдэг тэрэгнүүд ээлж дараалан буусаар... Эрлийн группийн дарга генерал Горегляд хэсэг байж байгаад над руу эгц харан  “За?!” гэж асуулаа. Ганцхан генерал ч биш бүх хүн, бүр Кремль хүртэл миний хариултыг хүлээж байв. “Дахиад хэдэн минут хүлээгээч” гэхээс өөр юм би хэлж чадсангүй. Чаддаг бүхнийгээ, боломжит зүйл болгоныгоо л хийсээр байсан ч ...

Генерал надаас дахин хариулт шаардахад нь би “...багийнхан амьдын шинжгүй газардлаа гэж дамжуул“ гэж өөрөө сонсоход ч аймаар үгийг хэлсэн юм.  Дараа нь ТАСС яг энэ хэллэгийг ашиглан аймшигт явдлыг мэдээлсэн бөгөөд бид багийнхантай цаг хагасын өмнө л зүгээр ярилцаж байсан гэхэд итгэмгүй”.

Сансрын нисгэгч бэлтгэх төвийн эмч Лебедевийн дурсамж ийм.

Энэ бол Зөвлөлтийн сансар судлал дахь хамгийн олон хүний амийг авсан осол байлаа. Энэ явдлын дараа Оддын хотхонд нэг хэсэг “одоо бүр бүтэн багаараа үхдэг боллоо” хэмээн гаслан ярилцаж, уйлан дуулдаг байсан гэдэг.

Хэрэг явдлын дараа хийсэн шалгалтаар осол болох хоёр үндсэн шалтгаан байжээ. Нэгдүгээрт хөлөг усанд буух юм уу, уруу харан буусан тохиолдолд агаарын даралтыг тэнцвэржүүлэх ёстой нэг клапан буруу ажилласан явдал. Энэ клапан газраас 4000 метрийн өндөрт ажиллах ёстой байсан боловч 150 км-ийн өндөрт ажилласан буюу хөлөг бин битүү байдлаа алдсан байна. Шалтгааныг  олох гэж маш олон янзын туршилт хийж үзсэн боловч яг таг байдлаар хариу олоогүй учир уг клапаныг өөрчилжээ.

Дараагийн нэг шалтгаан нь багийн гишүүд хөнгөн скафандргүй байсан явдал. Бүр Восход-1 хөлгөөс хойш скафандр хэрэглэхгүй болсон бөгөөд багийн гишүүдийн тоо, ачаа багтаамжийг нэмэх зорилгоор ийм шийдвэрийг Королев өөрөө гаргасан байдаг. Тухайн үед хөнгөн скафандр үеэ өнгөрөөсөн мэт санагдаж байжээ. Хэрэв тэд ийм скафандартай байсан бол зүв зүгээр бууж ирэх байж.

Багийнхан хөлгийн битүүмж алдагдсаныг мэдэнгүүт клапаныг хаах гэж тэмцсээр байгаад зүйл дууссан гэдэг. Зарим нэг мэдээгээр бүр клапаныг хааж чадсан боловч нээгдсэн биш харин наана нь байсан, гар хүрч чадах зүгээр байсан клапаныг л хаагаад цаад талд байгаад нь хүрч амжсангүй...

Энэ явдлаас хойш дэлхийн аль ч  улс орон сансарт хүн гаргах, буулгахдаа скафандр хэрэглэдэг болсон нь одоо хүртэл хэвээр юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]