Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гурван армид тулалдсан шилдэг цэрэг Лаури ТорниУншсан18,442

35 настайдаа АНУ-ын армид элссэн түүнийг Ларри Торни гэх болжээ. 1957 онд дэслэгч, 1960 онд ахмад цолтой болов.

 Түүхийн чиглэлээр сонирхон судалдаг Б.Батмөнхийн нэгэн сонирхолтой нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.

1969 оны 10-р сарын 16-нд Умард Вьетнамд нэгэн нисдэг тэрэг сүйрчээ. Ор сураггүй алга болсон энэ нисдэг тэргийг тухайн үед эрж хайсан боловч олоогүй юм. 1999 онд буюу 30 жилийн дараа тэрхүү нисдэг тэргийг сүйрсэн газрыг олсон бөгөөд нэгэн цэргийн цогцос байсан нь АНУ-ын тусгай хүчний ахмад Ларри Торн байв. Энэ хүн хэн байв?

Яг үнэндээ Ларри Торн нь Америк хүн ч биш, мөн жинхэнэ нэр нь Ларри Торн бус харин Лаури Торни юм. Лаури Торни АНУ-ын тусгай алба, Германы Ваффен СС-ийн цэрэг, мөн Финляндын армийн дэслэгч цолтой хүн юм. Германы 2-р зэргийн Төмөр загалмай, АНУ-ын Легионы одон, Финляндын Маннерхаймын одонгоор тус тус шагнуулж байжээ.

Лаури Торни Финляндын хил дээрх нэгэн тосгонд 1919 оны 5-р сарын 28-нд төржээ. Түүнийг төрөхөөс 2 жилийн өмнө Оросын Эзэнт улс задран унаж, Финлянд тусгаар тогтнолоо олжээ. Гэсэн ч ЗХУ Финляндад заналхийлж, эзлэх гэж оролдох болов. 1917-1938 он хүртэл Зөвлөлт-Финляндын хооронд газар нутгийн маргаан байнга гарах ажээ. 1938 онд Лаури Торни Финляндын Яагерийн явган цэргийн батальонд элсэн оржээ. Тухайн үедээ 19 настай байсан Лаури Торни эр зориг, авхаалж самбаагаараа ялгарч байв. Яагерийн явган цэргийн батальон нь зүгээр ч нэг батальон байсангүй. Хорлон сүйтгэх, партизаны дайн хийх элит анги бөгөөд дайсны ар талд гарч үүрэг гүйцэтгэдгээрээ алдартай. Сайтар бэлтгэл хийсэн энэ батальоны дайчдын ур чадвар удахгүй тод илэрсэн юм. Учир нь 1939 оны өвөл ЗХУ Финляндад довтлов. Дайн эхэлмэгц Лауригийн анги Ленинград-Киторагийн төмөр замын зөрлөгийг хамгаалах, Ладога нуурыг хамгаалахаар хуваарилагджээ. Ладога нуур нь Европын томоохон нууруудын нэгд тооцогдох бөгөөд Финлянд-Зөвлөлтийн маргааны нэг хэсэг байсан юм.

1918 оноос хойш Финлянд-ЗХУ нь Ладога нуураар хиллэдэг байсан бөгөөд үе үе мөргөлдөөн гардаг байв. Улаан арми хэдийгээр техник, хүн хүчний хувьд давуу байсан ч бэлтгэл муутай, жанжид нь ур чадвар дутмаг, цэргүүдийн өвлийн өмсгөл нь ч ирээгүй, танкууд нь ногоон өнгөтэй зэрэг нь тэднийг Финлянд цэргүүдийн хялбар бай, олз болгож байв. Лауригийн батальон Улаан армийн томоохон хүчийг бүрэн бүсэлж, улмаар нуурын хойд захад шахан гаргаж устгажээ. Мөн нуураас холгүй байсан өндөрлөгийг хамгаалж байсан бөгөөд энэ нь Финляндын армид ар талын хангалт ирэхэд замын чухал уулзвар байсан. Финляндын армийн төв командлал фронтын дайчидтайгаа холбоо тасрах үед Лаури цанаар явж, мэдээ дамжуулдаг байв. Мөн Швед хэлээр голдуу ярьдаг Финлянд цэргүүдээс бүрдсэн ангийг удирдаж, гол цэгүүдийг хамгаалж байв. Тэр хашгирч, орилж, заримдаа цохих, зангах байдлаар тушаал өгдөг байв. Учир нь тэр Швед хэлээр ярьж чаддагүй байв. Хэдийгээр финляндууд эрэлхэг тулалдсан ч гэсэн энэ дайнд ялж чадаагүй юм. Асар их хохирол амссан ч гэсэн Зөвлөлтийн арми Финляндыг буулган авч чаджээ. Гэхдээ бодит байдал дээр ЗХУ дайнд бэлэн биш, хүч султай гэдгээ харуулсан хэрэг болсон юм. Олон ч улс орнууд, тэр дотроо Герман улс Зөвлөлтийн цэргийн ур чадварыг доогуур үнэлэх болжээ. Финлянд ЗХУ-тай гэрээ хийсний дагуу газар нутгийнхаа 11 хувийг найр тавин өгөхөөс өөр аргагүй болжээ. Лаури Торнигийн төрсөн тосгон ЗХУ-ын нутаг дэвсгэр болов.

1941 оны 6-р сард Лаури Торни Австрид Ваффен СС ангид 50 орчим хоног сургалт хийж, улмаар Германы армид элсжээ. Ингэж Германы армид тулалдаж эхэлсэн юм. Финляндчууд ЗХУ-ын эсрэг дайнд орохдоо ЗХУ-ыг эзлэх гэхээсээ илүү алдсан газар нутгаа эргүүлж авахын төлөө тулалджээ. ЗХУ-ын нутагт тулалдаж байсан Лаури Торни дайсны ар талд гарч даалгавар биелүүлэх, тагнуул хийх, амьд хэл олзлох ажлыг зохион байгуулж хийдэг байв. Ингээд дахин Зөвлөлтийн эсрэг тулалдаж байхдаа “Унтерштурмфюрер” цолтой болов. Тэрээр ЗХУ-аас олзолж авсан танкаар зэвсэглэсэн цэргүүдийг удирдаж тулалдаж байсан гэдэг. 1942 оны 3-р сарын 23-нд Лаури фронтын ар талын шугамд цанаар даалгавар биелүүлж байхдаа минад өртөн шархадсан байна. Улмаар эмчилгээ хийлгэснийхээ дараа фронтын шугам руу буцжээ. 1942 он гэхэд дайн харьцангуй тогтвортой болсон юм. Тэр үед Лауригийн удирдаж байсан батальон дайсны ар талд гарч, тусгай даалгавруудыг биелүүлж, дайсны тагнуулын бүлгүүдийг илрүүлэн устгах ажлыг гардан хийдэг байжээ. Лаури Зөвлөлтийн зэвсгийг ашигладаг тул оросуудыг баахан төөрөгдүүлдэг байв. 1943 оны 1-р сард Торнигийн багийнхан дайсны гүнд хорлон сүйтгэх ажиллагаа хийхээр хуваарилагдсан бөгөөд Лаури цэргүүдийг сонгохдоо бие бялдар сайтай, харгис, тэсвэр тэвчээртэй хүмүүсийг сонгов. Мөн дарга нартаа хангамж сайн байхыг шаарддаг байжээ. Хэд хэдэн даалгавар амжилттай биелүүлсэн Лауригийн багийнхан офицеруудын анхаарлыг татах болжээ. Нэгэн удаагийн даалгаварт Лауригийн багийнхан завиар гол гаталж, Улаан армийн цэргүүд сууж байсан машин руу довтлон чухал мэдээллүүдийг олзлов. Лаури багийн бүх гишүүддээ мэдээг үг үсэггүй цээжлүүлж, улмаар хэрвээ нэг л хүн амьд гарлаа гэж бодоход мэдээллийг удирдлагадаа дамжуулах бололцоотой болгосон.

Оросууд Лауригийн толгойг 3 сая финлянд маркаар үнэлсэн ба 1944 оны 6-р сар гэхэд финляндууд шахагдаж, Зөвлөлтийн тал хамаагүй давуу талтай болж эхлэв. 1944 оны 7-р сард Лаури Германы армийн одонгоор шагнуулжээ. 1944 оны 11-р сар гэхэд Финлянд ЗХУ-тай гэрээ хийн дайнаас гарлаа. Энэ үед Финляндын арми бие бүрэлдэхүүнээ огцом цомхотгосон бөгөөд Лаури Торни ахмад цолтойгоор цэргээс халагдаж, улмаар энгийн иргэн болжээ. Финляндын эдийн засаг сүйрсэн, дээрээс нь ажилгүй болсон Лаури нууцаар Герман руу гарч, улмаар Германы армид элсэн ЗХУ-ын эсрэг тулалджээ. 1945 оны 3-р сар гэхэд ЗХУ-ын цэрэг Германы нутагт цөмөрсөн бөгөөд Лаури зүүн фронтод тулалдаж байв. Нацистууд дийлэгдэх нь тодорхой болмогц Лаури Торни өөрийн нутаг нэгт Финлянд эр Сомо Корпела болон хэсэг цэргүүдийн хамтаар Английн цэргүүдэд бууж өгчээ. Лаури өөрийгөө оросуудад олзлогдох вий гэхээс айж байв. Учир нь оросууд түүний толгойд асар их мөнгө амалсан. Англичууд түүнийг оросуудад тавиад өгчих магадлалтай гэж үзсэн тэрээр Баруун Германд байрлаж байсан олзлогдогчдын лагериас өөрийн нутаг нэгт Сомо Корпелагийн хамтаар оргожээ. Улмаар Финлянд руу буцсан гэдэг. 1946 онд Финляндад байхад нь түүнийг цагдаа нар баривчилсан бөгөөд 6 жилийн хорих ялаар шийтгэжээ. Мань эр хэд хэдэн удаа оргох гэж үзсэн боловч амжилтгүй болж байв. Улмаар 1948 онд Финляндын Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагджээ. Энэ үйл явдлын дараа Лаури Торни сэтгэлээр унаж, улмаар Элино Морски гэх хуурамч нэрээр Швед рүү цагаачлан гарчээ.

Шведийн “Саган” нэртэй хөлөг онгоц дээр ажиллаж байхдаа оргож, улмаар АНУ-ын Алабама мужид ирэв. Нэг хэсэг тэнүүлчний амьдралаар амьдарч байгаад улмаар АНУ-ын цэргийн албанд нэгдэж чадав. Хэдийгээр шинэхэн цэрэг хэмээн үзэж байсан боловч Финлянд болон Германы армид байлдаж байсан туршлага, зохион байгуулах ур чадвар, эр зориг, авхаалж самбаагаараа тэр дороо л бусдаас ялгарав.

35 настайдаа АНУ-ын армид элссэн түүнийг Ларри Торни гэх болжээ. 1957 онд дэслэгч, 1960 онд ахмад цолтой болов. 1958-1962 онд Баруун Германд алба хаав. Энэ үед тэрээр уушийн газар зодоон хийснээс болж хэрэгт холбогджээ. Гэсэн ч анги нэгтгэлдээ үнэлэгдсэн тэрээр шийтгэлээс мултарч чадсан юм. Улмаар АНУ-ын армид алба хааж байхдаа шинэ цэргүүдэд цанаар хэрхэн гулгах, хутгаар хэрхэн тулалдах, гардан тулаанд хэрхэн тулалдах зэргийг зааж өгч, өөрөө ч олон зүйл суралцаж байв. 1962 онд Ираны Заргас ууланд осолдсон АНУ-ын нисэх онгоц дотор буй нууц материалыг устгах даалгаврыг Ларри амжилттай биелүүлэв. 1963 онд өмнөд Вьетнамд хуваарилагдав. Тьен Биенд болсон тулалдаанд Ларри өөрийн байрлалаа маш амжилттай хамгаалж, улмаар Америкийн цэргүүд бүслэгдэх аюулаас аврагджээ. Дараагийн даалгавар нь хойд Вьетнамын цэргүүдийн ухрах замыг илрүүлэхээр явж байгаад нисдэг тэрэг нь сүйрснээр Ларри амь эрсэдсэн юм. Энэ явдал 1969 онд болсон. Түүний шарилыг 30 жилийн дараа олсон бөгөөд 2003 онд Арлингтоны орчим оршуулжээ. АНУ-ын армид алба хааж байхдаа Ларри хошууч хүртэл дэвшсэн бөгөөд түүний нэр Вьетнамын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн нэрс дотор байдаг.

Б.Батмөнх

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]