Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хөзрийн түүх, түүний далд илэрхийлэлУншсан3,501

Дээр үед ашиглагдаж байсан болон өнөө цагийн хөзрийн өнгө багагүй мэтгэлцээн дагуулдаг. Жишээлбэл бэлэг тэмдэг нь нийгмийн түвшнийг илэрхийлэх буюу аяга санваартнуудыг, илд цэргийн хүмүүсийг, зоос худалдаачдыг, муна тариачдыг илэрхийлдэг гэж үздэг.

Б.Нямдолгор

Залуус, хүүхдүүд хамар дарна, найз нөхдөөрөө хааяа уулзахаараа талцаж тоглоно, ажилчид унаан дотроо цаг нөхцөөхдөө тоглох дуртай тоглоом бол яахын аргагүй хөзөр байдаг билээ. Хөзөр гэдэг энэ тоглоом хаанахын аль улсаас гаралтай талаар түүхчид маргалдсаар ирсэн байдаг юм. Хятадууд өөрсдийгөө хөзрийг бий болгосон гэж үзэж байхад арабууд XIV зуунд бид хөзрийг үүсгэсэн гэдэг. Харин бусад улс үндэстнүүд мэргэлдэг хөзрийг Энэтхэг улсаас үүсэлтэй гэж үздэг байх юм.

Аль ч улсаас гаралтай байсан олон тоогоор үйлдвэрлэх боломжтой болсны ачаар хөзөр гэдэг сонирхолтой тоглоом дэлхий даяар түгэн дэлгэрсэн. Хөзрийг өнгөнд хуваадаг. Бундан, дөрвөлжин, цэцэг, гил хэмээн хувааж тоглодог бол хуучин цагт аяга, илд, зоос, муна гэсэн өөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэг байдаг байжээ. Хөзөр бүрт байх тоо нь хөзрийн өнгийг илэрхийлээд зогсохгүй тухайн хөзрийн үнэ цэнэ, байр суурийг илэрхийлнэ. Долоон тоотой хөзөр нь долоон оноо гэсэн утгыг агуулна.

Дээр үед ашиглагдаж байсан болон өнөө цагийн хөзрийн өнгө багагүй мэтгэлцээн дагуулдаг. Жишээлбэл бэлэг тэмдэг нь нийгмийн түвшнийг илэрхийлэх буюу аяга санваартнуудыг, илд цэргийн хүмүүсийг, зоос худалдаачдыг, муна тариачдыг илэрхийлдэг гэж үздэг.

Хөзрийн өнгө хэдэн зууны туршид өөрчлөгдөн хувьссан ч хөзрийн нүүрэн тал  (дээрээ зурагтай хөзөр) бараг өөрчлөгдөлгүй явсаар өнөөг хүрчээ. Британи, Францын багц хөзөрт Карл, Давид, Цезарь, Агуу Александр хаан  хөзрийн ноёны дүрээр мөнхрөн үлдсэн юм. Цэцгийн ноён нь Александр хаан бол, Гилийн ноён нь Библид гардаг Давид хаан, бундангийн ноён нь Карл хаан, дөрвөлжийнгийн ноён нь Цезарь.

Харин хатдын дүр төдийлөн удсангүй. Испанид хатдыг хөлөгт баатрын дүрээр солив. Германчуудыг багц хөзрөөсөө хатдаа авч хаад, дээд хүн, доод хүнээр орлуулахад орчин цагийн “боол”-ын дүр бий болсон юм.

Тэгвэл тамга улс төрийн хэлбэрээр багц хөзөрт орж иржээ. 1765 онд Англи улс хөзөрт татвар ногдуулж, Шотландын 1-р Жэймс хаан хөзөр хэвлэдэг бүх компаниас татвар төлөхийг шаардсан ба гилийн тамга дээр тамга дарсан байвал татвараа төлсөн гэсэн утгыг илэрхийлдэг байлаа. Хэвлэх газрын тэмдгийг заавал ч үгүй гилийн тамган дээр дарах ёстой байсан учраас тэмдэг нь заримдаа гилийн тамганаасаа том, арай бүдүүн болох тохиолдол гардаг байжээ. 1960 онд хөзрийн татварыг хүчингүй болгосон ч багц хөзөрт тамганууд байх уламжлал хадгалагдан үлдсэн байдаг.

500 гаруй жилийн турш хөзрийн нүүрэн тал улам гоёмсог, уран нарийн хийцтэй болж сайжирч байсан ч ар тал нь цулгуй хэвээр л байв. Гэхдээ 19-р зууны эхэн үед Британийн Thomas De La Rue & Company хөзрийн ар талд энгийн хээнүүдийг тавих болжээ. Энэ өөрчлөн сайжруулалт хаа газрын мөрийтэй тоглоомчдод ихээхэн таалагдав. Цулгуй артай хөзөр дээр ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ тавих боломжгүй байсан бол хээ хуартай болсноор нууцаар жижиг тэмдэг, ялгаж таних тэмдэглэгээг тавих боломжтой боллоо.

Дараа нь яавал хэрэглэгчдэд ээлтэй байхыг бодолцон үзэж хөзөр бүрийн дээд буланд тоо, үсэг тавьж өгөв. Ингэснээр тоглогч хөзрөө гартаа барингаа өөрт байгаа хөзрүүдээ ямар үнэ цэнэтэй болохыг нь тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч чадахаар болжээ. Мөрийтэй тоглоомын түүхэн явцад сүм дуганууд хөзрийг үл ойшоон “Чөтгөрийн зурагтай ном” хэмээн нэрийдэж байв. Тэд хөзөртэй ойртож дотносвол амьдрал ахуй завхрахаас цаашгүй гэж үздэг байсан юм.  Мэдээж хэрэг энэ урт удаан хугацаанд жирийн нэгэн хөзрийг ид шидийн зүйл болгох хувиргах хэн нэгэн гарч ирсэн л байж таараа.

1440 оноос Италид ердийн багц хөзөр  дээр 22 хөзрийг нэмж тарот хөзрийг ашиглаж эхэллээ. Мэргэний тарот хөзрийг Италиар таррокко, Германиар тарок гэж нэрлэдэг байв. Тарот гэдэг нь “тэнэглэл” гэсэн утгатай үг бөгөөд дэлхийд 500 гаруй төрөл байдаг гэж үздэг. 78 хөзрөөс бүрдэх Тарот хөзрийг нууцын ухаан, одон орон, зурхайн үүднээс маш нарийн нууцлаг, логик санааг агуулдаг гэдэг бөгөөд тарот хөзрөөр ажилладаг хүмүүсийг далд ертөнцтэй холбогдож мэдээлэл авч чаддаг гэж үздэг юм. 1700 оны сүүлээр хөзөр тоглоом төдийхөн зүйл байхаа больж мэргэ төлөг үзэж ирээдүйгээ урьдчилан харах цоо шинэ цонхыг хүмүүсийн өмнө нээж өгсөн юм. Бундан, гил, цэцэг, дөрвөлжин нь аяга, илд, саваа, зоосоор тус тус солигдов.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]