Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Монголчууд Сүн улсыг эзэлсэн нь: Мөнх хааны довтолгооУншсан4,020

Сүн улс ихээхэн хүчирхэг бөгөөд алс өмнөд хязгаарт оршдог, цэрэг стратегийн хувьд сайн учир ганцхан хойд зүгэс нь дайраад эзэлж чадахгүй гэдэг нь тодорхой байсан.

Өмнөх нь:  Монголчууд Сүн улсыг байлдан эзэлсэн нь-1

 

Монголчууд Сүн улсыг эзэлсэн нь-2: Мөнх хааны довтолгоо

 

Мөнх хаан Монголын эзэнт гүрний хаан болсны дараа 1256 онд 2 чиглэлд аян дайн хийхээр болжээ. Эхнийх нь Хүлэгүгээр удирдуулан Иран, Багдадыг дарж, алдарт уулын өвгөдийг номхотгох байв. Нөгөө нь Монголчуудтай илт тэрсэлдэх болсон Өмнөд Сүн улсыг мөхөөх байв. Эхний чиглэл буюу Арабын ертөнцөд хийсэн аян дайн Айн жалутын тулалдааныг эс тооцвол амжилттай болов. Харин одоо Өмнөд Сүн улсыг эзлэх аян дайн үлджээ. Өмнөд Сүн улсыг эзэлнэ гэдэг нь маш хэцүү ажил байв. Олон хүн амтай, эртний соёлтой улсыг байлдан эзлэхийн тулд асар их төлөвлөлт, хүч чармайлт гаргах хэрэгтэй болсон юм. 1256 оны сүүлчээр их хуралдайг хуралдуулж, Өмнөд Сүн улсыг байлдан эзлэх асуудлыг авч хэлэлцэв. Тун нухацтай хэлэлцсэн энэхүү хуралдайд Өмнөд Сүн улсын нутаг уудам, халуун, гол мөрөн олон, уул ус их тул байлдахад бэрх. Басхүү цэргийн хүч ихтэй, хүчирхэг флоттой, хотууд нь бэхлэлт сайтай, Сүн улсынхан эх орныхоо төлөө дайтах учир маш сайн эсэргүүцнэ хэмээн мэдэж байв. Тиймээс их хаан өөрийн биеэр цэрэг авч дайлалгүй, Хубилай, Урианхадай, Тогучар нарыг илгээх ёстой гэсэн санал гарч байв. ялангуяа отгон дүү Аригбөх болон Мөнх хааны дүү Ёлондаш нар сүрхий дургүйцэж байв. Бат хаанаас хэрхэгийг асуухад Мөнх хааныг өөрийн биеэр цэрэг авч дайлан улсаа мандуулах нь зүйн хэрэг гэж хэлжээ. Түүнээс гадна Мөнх хаан Хятад газарт дүү Хубилайгаа хэтэрхий их эрх дархтай болох вий хэмээн болгоомжилж байв.

Их хуралдайгаар ярилцсаны эцэст 1257 онд Мөнх хаан биеэр цэрэг авч дайлахаар болжээ. 1257 оны хавар, зун дайны бэлтгэл ажлыг хийв. Цэрэг морьдоо шилж сонгон амраав. Монгол дагаар орсон Умард Хятадын жанжин, цэргүүдээр хүч сэлбэж, цоохор цэргийн анги байгуулав. Усан завь бэлдүүлж, замчин, газарчин олж, гурил будаа зэрэг хоол хүнсийг базааж бэлтгүүлэв. Их хааныг дагаж Монголын 20 жанжин явахаар болсон бөгөөд тагнуулын ангиуд Өмнөд Сүн улсын талаар судалгаа хийжээ.

Мөнх хаан өөрөө одон орны мэдлэг өндөр байсан учраас Хятад нутгийн цаг агаар ямар байхыг сайн судалжээ. 1257 оны 9-р сард Мөнх хаан хүчээ 2 хуваан баруун замын 40000 хүнтэй армиа өөрийн биэр удирдан хөдөлжээ. Мөнх хааныг даган Хадан, Асудай, Мөгэ, Тутугай хэмээх авьяаслаг жанжид явжээ. Зүүн замын цэргийг Тогучар ерөнхийд нь захирч, Есүнгэ Бужгар, Мөнххурцар, Хурц, Цагаан зэрэг ноёд явжээ. Хятад цэргийг Ван Ан Го, Ху Зинь, Тянь Бо Жун, Сунь Янь зэрэг жанжид захиран хөдөлсөн байна. зүүн замын цэргийн тоо 30000 байсан хэмээн Рашид ад Дин тэмдэглэсэн байна. Энэ үед Мөнх хааны тушаалаар Хубилай цэргээ авч Хятадын өмнө талын Дали улсыг дайлсан бол Сүбээдэй жанжны хүү Урианхадай Хубилайд хүч хавсарсан байна.

Мөнх хааны цэрэг Өмнөд Сүн улсын гол түшиц болох Шу нутгийг довтолж 20 гаруй боомтыг дайрчээ. Шугийн нутагт орших цайзуудыг эзлэхийн тулд Монгол цэргүүд асар их хохирол амсав. Шу нутгийг эзлэх гэж довтолж байхдаа Мөнх хаан 2 хүүгээ дайны дунд Хятадуудын гарт алуулсанаас болж өшөөгөө биеэр авахаар шийдсэн бололтой.

Чуньцинийг эзлэхийн тулд Монгол цэрэг бүтэн 5 сар зууралдан байлджээ. Асар их хохирол амсав. Хотын захирагч иргэдээ уриалан Монголчуудын эсрэг шийдэмгий үзэлцсэн нь Сүнгийн иргэдийн урмыг өргөсөн бол Монголчуудад хүнд цохилт болжээ. Тэр дайны явцад Мөнх хаанд түшиг болж байсан Хятадын Ван Дэ Чень жанжин нас барж, цэргүүдийн дунд хижиг өвчин дэлгэрчээ. Зуны аагим халуунд Монгол цэрэг дасаагүй тул байлдахад хэцүү байв. Мөнх хаан өөрөө өвчилж, удалгүй нас барсан байдаг. Энэ үйл явдал 1259 оны 8-р сард болжээ. Мөнх хааны энэхүү довтолгооны үр дүнг хятадын түүхчид ялагдал хэмээн дүгнэсэн байдаг. Учир нь Мөнх хаан өөрөө шархдаж, бас өвчилсөн, улмаар нас барсан, шилдэг жанждаа алдсан, цэргийн асар их хохирол үзсэн байна.

Хубилай Дали 大理国 улсыг эзэлсэн нь...

Дали (大理国) улсын түхай дурьдахад өмнөд Хятадад “南诏”буюу Нанжао хэмээх хүчирхэг эзэнт гүрэн байгуулагдаж, 250 орчим жил оршин тогтнож байгаад МЭ-ний 902 онд хүч нь буурсаар Дали хэмээх жижиг газар нутагтай улс болжээ. Дали улс нь Энэтхэг-Хятад-Бирм-Вьетнамын хооронд байрлаж, худалдаа хийдэг байв. Дали улсын хүн ам нь Түвд-Бирм гаралтай аж. Дали улсын нутаг нь өдгөөгийн АНУ-ын Техас мужтай тэнцэхүйц хэмжээтэй байв. Дали улсын төрийг барьдаг гол язгууртнуудыг Дуанчууд гэнэ. Хятадуудын үзэж буйгаар Дали улсын хааны удам болох Дуан нар нь өнөөгийн Ганьсю мужийн нутгаас гаралтай гэж үздэг. Дали улс 250 орчим жил оршин тогтнохдоо нийтдээ 22 хаан төр барьж байжээ. Дали хэмээх энэхүү вант улсын оршин тогтносон хугацааг МЭ-ний 902-1253 гэж үздэг. Нийслэл хотыг нь мөн л Дали гэдэг байжээ.

Сүн улс ихээхэн хүчирхэг бөгөөд алс өмнөд хязгаарт оршдог, цэрэг стратегийн хувьд сайн учир ганцхан хойд зүгэс нь дайраад эзэлж чадахгүй гэдэг нь тодорхой байсан. Угаасаа ч Алтан улсын өмнөх бүтэлгүйтлүүд тод жишээ нь болж байсан юм. Тиймээс Монголын эзэнт улсын эрх баригчид нэн түрүүнд Сүн улсын баруун, баруун-өмнөд талд оршин байсан Дали улсыг эзлэн авч Сүн улсыг хойд болон баруун талаас нь зэрэг дайран эзлэхээр шийджээ. Мөнх хаан 1252 онд Хубилайд уг зорилгоо хэрэгжүүлэхээр Дали улсыг эзлэн авах тушаал буулгав. Хубилай хааны гол түшиг нь Сүбээдэй жанжны хүү Урианхадай жанжин байжээ. Баян жанжин болон Яо Шү хэмээх хятад түшмэл Хубилайг дагалдан явжээ. Дали улсыг эзлэх нь Хятадад ашигтай байсан учраас Хятад цэргүүд энэ дайнд их идэвхитэй оролцсон гэдэг. энэ үед Хубилай 36 настай байжээ. Дали улсын эсрэг аян дайн нь Хубилайн хамгийн анхны томоохон сорилт байжээ.

1253 оны намар Хубилай цэргээ удирдан Шаньсигээс хөдөлжээ. Дали улсад хүрэхийн тулд зам зуураа Меконг, Хөх Мөрөн, Нунзян мөрөнг гатлах шаардлага гарав. Хубилай хаан 3 хүнтэй элчийн баг илгээж Дали улсыг бууж өгөхийг шаардав. Гэтэл Дали улсын ван 3 элчийг цаазаар авсан нь Дали улсын мөхлийг дуудсан юм. Дали улсыг байлдан эзлэх нь тийм ч их хүч шаардаагүй хэмээн үздэг. 3 зууны турш гаднаас айх аюулгүй байсан Дали улс нь дайны туршлага гээд байхаар юм байгаагүй бололтой. Арми гээд байхаар юм байсангүй. Харин тэр зүгт очих байгалийн бартаа л Монголчуудын хувьд гол дайсан, саад бэрхшээл нь байв. дали улсад очихын тулд Тангудын нутгаар дайрч, Сүн улсын баруун хил дагуу 1000 орчим км явжээ.

Хубилай хаан өөрийн хүчээ 3 хуваажээ. 1253 онд Хубилай өөрийн биеэр гол хүчээ аван Дали улсын хойд талаас нь довтолсон бол Урианхадай жанжин Дали улсын баруун-хойд талаас нь, Баян жанжин зүүн-хойд талаас нь довтолжээ. Баян жанжин Дали улсын цэрэгтэй Хөх мөрний дэргэд тулалдаж, улмаар цохисон байна. Далигийн үлдсэн цэрэг нийслэл хотдоо төвлөрчээ. Монгол цэрэг нийслэлийг нь тал талаас дайран ороход арга буюу бууж өгчээ. Хэдийгээр цэрэг зэвсэг багатай ч гэсэн Далин улсын нутагт орох Эрхайн хөндий гэдэг газар нь эзэлж авахад бэрх, хамгаалахад амар ажээ. Хэдхэн хүн ч гэсэн тогтоон бариад байж болох ийм нутаг байсан бололтой. Харин Монголчууд урвагчийн тусламжтайгаар нууц замыг олж авсанаар Эрхайн хөндийн ар талд гарч нийслэлд хүрч чадсан гэдэг. Зарим түүхчид үзэхдээ “урвагч” гэж нэрлэгдээд байгаа хүн нь Дали улсын хаан өөрөө байсан бололтой. Дали улсын хаан Хубилайд бууж өгөн, өөрийнхөө амийг авч үлдэж чадсан бололтой.

1254 оны 1-р сард Дали улс Хубилайн мэдэлд оржээ.

Хубилай Далиг эзлэн аваад Монгол элч нарыг алсан тэргүүн сайд, хань хамсаатнуудыг нь шууд цаазлав. Харин бусад хаад, сайд түшмэд, ардуудад өршөөл үзүүлсэн байна. ингэж Дали улсыг эзэлсэнээр Сүн улсын эсрэг стратегийн чухал түшиц газартай болов. Үүгээр үйл явдал дуусахгүй. Урианхадай жанжны удирдсан Монгол цэргүүд өмнө зүг давшиж, 1257 онд Ханойг эзэлсэн боловч эсэргэнэ хижиг өвчний дэгдэлт болон нутгийн иргэдийн шаргуу эсэргүүцэлтэй тулгарсанаар давшилт нь зогсжээ.

Монголчууд Алтан улс, Тангуудыг эзэлсэнээр Сүн улсын хойд хэсгээр, Дали улсыг эзэлсэнээр Баруун хэсгээр, Аннамд хяналтаа тогтоосоноор өмнөд хэсгээр Сүн улсын гарыг мухарлаж, гарцуудыг нь хаажээ. 1274 онд Далигийн улсыг Юньнань муж болгон зарлажээ. Юань гүрэн мөхөх үед Мин улс Юньнань мужийг цэргийн хүчээр эзлэн авсан бөгөөд Дуан угсааны хаадын удам нь Нанжин хотод буюу Мин улсын хааны хорионд орсон байна.

Үргэлжлэл: Монголчууд Сүн улсыг эзэлсэн нь-3: Хубилайн довтолгоо

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]