Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Персийн эзэнт гүрэнУншсан9,581

Хүн төрөлхтөний соёл иргэншилд томоохон нөлөө үзүүлж, дэлхийн түүхийн бүх цаг үеийн туршид байгуулагдсан хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэгэнд Персийн Ахеменидийн улсыг зүй ёсоор нэрлэж, тооцдог билээ.

Хүн төрөлхтөний соёл иргэншилд томоохон нөлөө үзүүлсэн, дэлхийн түүхийн бүх цаг үеийн туршид байгуулагдсан улс, гүрнүүдээс хамгийн хүчирхэгт тооцогдох тоотой хэдэн гүрний нэгээр Персийн Ахеменидийн улсыг зүй ёсоор нэрлэж, тооцдог билээ.

History.mn (Tolgoilogch.mn) сайтын хамт олны зүгээс хүн төрөлхтөний эртний түүхийн сэдвүүдээс Карфагены түүхийн эхэн үеийг онцлон уншигч та бүхэндээ хүргэж байсан. Харин карфагенчууд хэрхэн Ромын Бүгд найрамдах улстай тэмцэлдэж, агуу Ганнибал Альпийг давж, Ромын хаяанд тулж очин сүр хүчээ гайхуулж асан, эцэст нь Ром Карфаген хоёрын тэмцэлд Ром нь ялж, эрин зууны хүчирхэг гүрэн болсон түүхийг өгүүлэхийн өмнө Грекийн хот улсуудын түүхийг тайлбарлан хүргэх хэрэгтэйг, Грекийн тухай ярихын тулд Персийн эзэнт гүрнийг ч мөн хамтад нь дурдах ёстойг ойлгосон. Тиймээс юуны өмнө он тооллын дарааллын дагуу Персийн Ахеменидийн эзэнт гүрний түүхийг, энэ улсын хүчирхэг хаад, жанжид Грекийн соёл иргэншилтэй хэрхэн нүүр тулсныг цувралаар хүргэхээр боллоо.

Ахемен

Ахеменидын эзэнт улс (Медесийг эс тооцвол Персийн анхны эзэнт улс ч хэмээдэг) нь Нийтийн тооллын өмнөх (НТӨ) 700 оноос НТӨ 330 он хүртэл Газар дундын тэнгис, Балканы хойгоос Энэтхэг хүртэл 5.5 сая километр квадрат талбай бүхий асар уудам газар нутгийг эзлэн тогтсон. Үндэслэгч нь Ахеменес буюу Ахемен бөгөөд персүүдийн хүчирхэг төр, улсаа бүрдүүлж эхэлсэн энэ түүх нь Египетийн фараонуудын цаг үеэс даруй мянгаад жилийн дараа гэдгийг дашрамд сануулъя.

НТӨ 800-гаад онд Месопотамийн хойд талд, өнөөгийн Иракийн нутагт оршиж байсан Ассирийн эзэнт гүрэн Месопотами, Ойрхи Дорнодод ноёрхон, хяналтаа тогтоогоод байв. Энэ үед Месопотамаас баруун өмнө зүгт зах хязгааргүй уулсын дунд нэгэн улс түмэн олон мянган жилийн турш амьдарч байлаа. Гэрэл гэгээг нартай дээдэлдэг, түнэр харанхуйг жигшдэг, уул, хөндийгөөр нүүдэллэж амьдардаг тэрхүү хүмүүсийг персүүд гэдэг бөгөөд тэд олон зууны турш Ассирийн эзэнт улс, Вавилоны дарлалд аж төрж иржээ. Пасаргад, Марафий, Маспий, Дерусай, Германий, Дай, Мардий, Дропичи, Сагарти зэрэг олон овог аймгуудын дундаас Ахеменээр удирдуулсан Пасаргад аймгийнхан хамгийн дайчин алдар нэртэй байжээ. Ахемений амьдарч асан гэдэг НТӨ 780-620 оны үед эртний цуутай ассирчууд хэдийнэ Вавилон, Израйль, Египетийг эзэлж, Урартын хант улсыг мохоож, Иерусалимыг эрхшээж байв. 

Тиймээс Ахемен хүчирхэг Ассирийн эзэнт улсын вассал хэмээн өөрийгөө тооцсон ч аажмаар персийн бусад овог аймгуудаа нэгтгэсээр ирснийг хүү Теисп нь ч залгамжлан үргэлжлүүлжээ. Ассиричууд Эламитийн хант улстай тулалдаж, доройтуулсан завшааныг Теисп овжноор ашиглан Эламийн Аншан хотыг захиргаандаа оруулж, өөрийгөө Аншаны эзэн ноён хэмээн зарлав. Теисп хоёр хүүтэй байв. Том хүү нь Кир, удаах нь Ариарамн.

Теиспийг нас нөгчсөний дараа хоёр хүү нь ханлигийг хувааж авав. Кир Аншаны ноён болсон бол Ариарамн Парса мужийг эрхшээв. Кирийн удмынхан, Агуу Кир тэргүүтэн үр сад нь хүчирхэг эзэнт гүрнээ байгуулах тавилантай байсан бол Ариарамны угсааныхнаас ч цуутай хаад хожим мэндэлнэ.

Түүхийн сурвалж бичигт Аншамын захирагч Кирийн нэр анх НТӨ 652 онд гарч ирдэг. Түүнийг ач хүү Агуу Кирээс нь ялгахын тулд түүхчид Нэгдүгээр Кир хэмээн тэмдэглэжээ. Вавилоны хан Шамаш Шум укин өөрийн ах Ассирийн хаан Ашурбанипалын эсрэг бослого гаргахад Кир босогчдын талд орж тулалдсан ч иргэний дайны хувь заяа эцэстээ Ассирийн хааны талд шийдэгджээ. Удаад нь Кирийн нэр НТӨ 639 онд түүхнээ дурдагдана. Ашурбанипал хаан Эламитийн хант улсыг бүрэн эзэлж дуусахад Нэгдүгээр Кир ч багахан хант улстайгаа захиргаанд нь багтжээ. НТӨ 600 он гэхэд Экбатанагаар төвлөсөн (одоогийн Ираны Хамадан муж) Ираны Медесийн хаант улс хүчирхэгжиж ассиричуудыг хөөн шахаж, Аншам Медесийн захиргаанд оров. Нэгдүгээр Кир НТӨ 580 онд нас барж, түүний хүү Камбис угсаа залгамжиллаа. Камбис улсынхаа эзэн Медесийн хаан Астиагагийн охинтой гэрлэж, хатан нь хүү төрүүлсэнд аавынхаа нэрийг өгсөн нь Агуу Кир хэмээн ирээдүйд алдарших юм.

 

Агуу Кир

НТӨ 559 он. Агуу Кирийн цаг үе эхэллээ. Тэрээр ухаалаг хийгээд эрэлхэг удирдагч байв. Юуны өмнө өвөг дээдсийнхээ адилаар Иранд ноёрхогч Медесийн хаанд өвдөг сөгдөн очиж, өөрийн эрх мэдлээ баталгаажуулж авах ёстой байв. Гэвч Кир үүнийг хүссэнгүй, эзэн ноёдынхоо өөдөөс партизаны дайн эхлүүлэв. Медесийн хаан Харпагус нэрт жанжнаа ач хүүгийнхээ бослогыг даруулахаар илгээсэн ч Кир чадварлаг дипломат ажиллагаа явуулж Харпагусыг цэрэгтэй нь өөрийнхөө талд урвуулаад авчихав. Байр сууриа бэхжүүлсэн Кир НТӨ 553 онд өөрийн улсаа аавынхаа дээд өвөг Ахемений нэрээр Ахеменидийн хаант улс хэмээн нэрлэж, Медесээс тусгаарласанаа зарлалаа.

Үүнийг Медесийн хаан Астиага хүлээн зөвшөөрч чадсангүй. Дайн гурван жил үргэлжилж Кирийн удирдлага дор ахеменидчүүд НТӨ 550 онд Экбатана хотыг эзлэн авч, Астиагаг буулгаж авснаар Медесийн хаант улсын бүх дагуул мужууд Кирийг хүлээн зөвшөөрч, хүчирхэг шинэ улс түүхийн тавцанд ийн гарч ирсэн түүхтэй. Гурван жилийн дараа Агуу Кир эхний сорилттойгоо нүүр тулав.

Бага Азийн хотуудыг нэгтгэсэн (одоогийн Туркийн баруун хэсэг) баян, хүчирхэг Лидийн хаант улс хөрш болсон шинэ тулгар Ахеменидын хаант улсыг өдөр тутам хүчирхэгжиж байгааг зүгээр хараад сууж тэвчсэнгүй. Ахеменидын захиргаанд багтсан Каппадокийн хойг, Анатоли мужид Лидийн 95 мянган цэрэгтэй арми халдан довтолж, Птерия хотыг эзлэн авч, хүн ардыг нь боолчлов. Хөгшин Астиага хааны хуурай дүү болох Лидийн хаан Кресус ийнхүү Кирээс ял асуув. Персийн эзэнт улсын өнцөг булан бүрээс шинэ хааны хэрхэхийг чих тавьж, ажиглаж байлаа. Кир ямар ч эргэлзээгүйгээр 20 мянган цэрэг дагуулан хүч давуу дайсны эсрэг Птериягийн дэргэд хүнд ширүүн тулаанд орсон юм. Дайсан нь хэдийгээр хүчээр ааглан, шахаж байсан ч Вавилон, Египет, Грекээс ирсэн хөлсний цэргүүд эцэстээ тулаанаас шантарч, Лидийн хаанаас ухрахыг шаардав. Кресус ч армиа аван нийслэл Сардис руугаа тактикийн ухралт хийлээ. Лидийн хаант улсын гүн дэх ионитуудын бослогыг Кир нууцаар дэмжсэнээр Кресус араасаа таслагдах аюулыг ч ойлгосон бололтой.

Хоёр дахь тулаан Лидийн нийслэл Сардисын дэргэд НТӨ 547 онд болов. Хэдийгээр Кресус Птериягийн дэргэд ялагдсан ч хүчирхэг хэвээр байв. Түүгээр зогсохгүй Кресус холбоотнуудаасаа дэмжлэг авч Грекийн эртний түүхчдийн бичиж үлдээснээр 400 мянган цэргийн хүч цуглуулж амжсан гэдэг. Сүүлийн үед энэ тоог хоёр дахин багасгаж 200 мянган цэргийг Лидийн хаан дэлгэсэн гэж үздэг ажээ. Хахир хатуу хавар цаг байсан тул Кир ухарч, тохиромжтой улиралд дахин довтолно гэсэн цуу яриа тарааж дайснаа тайвшруулаад богино хугацаанд Лидийн нутаг дэвсгэрт гүн орж, томоохон хотуудыг нь Сардисаас салгажээ. Ингээд Фимбрагийн тулаанд Кресусын армитай дахин туллаа. Лидийн явган, морин цэрэг дайран ирэхэд Кирийн тушаалаар персүүд тулааны талбарт тэмээгээр халхавч хийн, хээрийн бэхлэлт босгож, харваачид араас нь зай завсар өгөлгүй суман мөндөр буулгажээ. Ухарсан Лидийн цэргийн араас Кирийн морин цэрэг сэхээ өгөлгүй довтолж, хоёр жигүүрээс нь зэрэг цохисонд дайснууд нь тэвчсэнгүй, зохион байгуулалтгүй ухран зугтаж, асар их хохирол амсчээ. Энэ тулаанд хөгшин Астиага хаанаас урваж Кирт ирсэн Харпагус жанжин онцгой гавьяа байгуулсан гэдэг.

Цуутай ялалт байгуулсан Кир Сардисыг 14 хоног бүслэлт хийн буулгаж авснаар Бага Ази тэр аяараа Ахеменидын хааны мэдэлд орлоо.

Одоо Месопотами, Ойрхи Дорнодод Ахеменидын эзэнт улстай өрсөлдөхүйц хэмжээний улс ганц үлдсэн нь нео-Вавилоны хаант улс. Кир дайсныхаа нутагт цохилт өгөхөөр зориглон Вавилоны их талд нэвтэрч, хэдийгээр өрсөлдөгч нь басамжлан үл тоож байсан ч удаа дараагийн тулаанд ялалт байгуулав. Ингээд сүрлэг цайз хэрэмнийхээ араас тохуурхаж байсан вавилончуудыг НТӨ 539 онд болсон үхлийн тулаанд бут ниргэн алдарт Вавилон хотыг эзлэх нь тэр. Кирийн тушаалаар вавилончуудын олзонд байсан олон ард түмний хүмүүсийг суллан нутаг буцааж, тэд нь ч хааны яруу алдрыг магтан дуулжээ. Тэдний дунд Иерусалимдаа буцсан еврейчүүд байв. Вавилоныг авсан Кирийг ард олон нь Вавилоны хаан, Шумер, Аккадын хаан, Ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисын хаан Агуу Кир хэмээн өргөмжилжээ.

Зогсолтгүй газар нутгаа тэлэн өргөжүүлсээр Агуу Кир Вавилоныг буулган авснаасаа хойш яг арван жилийн дараа хойд зүгт, Каспийн тэнгисийн зүүн хэсэгт нүүдэллэн амьдрах массагетачуудыг эрхэндээ оруулахыг санаархав. Тэд бол Геродот болон бусад эртний түүхчдийн тайлбарладгаар скифчүүдтэй төстэй, дайнч нүүдэлчин хүмүүс байжээ. Энэ үед массагетачуудыг өөрийн нөхрийн үхлийн дараа хатан хаан болсон Томирис удирдаж байлаа. Хүчирхэгжлийнхээ туйлд хүрсэн Агуу Кир нүүдэлчдийн хатныг өөртэйгөө гэрлэхийг шаардсан нь нэг ёсондоо талын нүүдэлчин энэхүү ард түмнийг улсдаа нэгтгэхийг шаардсан шаардлага байв. Гэвч хатан хаан гэрлэх саналыг эсэргүүцэж, тэдний хооронд хурим биш дайн дэгдэх эхлэл тавигдсан гэдэг. Эхний томоохон тулаанд Кир хаан Томирисын хүү Спаргаписын удирдсан армийг бутцохисноор хүү нь олзлогдон, дараа нь амиа егүүтгэсэн гэж түүхэнд бичсэн байдаг. Үүнд ихэд хилэгнэсэн Томирис өөрийн армийг дагуулан шийдвэрлэх тулаанд ялалт байгуулж чаджээ. Зах хязгааргүй талд болсон тулалдаанд массагет омгийн тоймгүй их морин цэрэгт персүүд бутцохиулж, улангассан ширүүн тулалдаанаас Агуу Кир хаан ч амьд гарч чадсангүй. Ялалтаа тэмдэглэж Томирис хатан Кир хааны гавлаар хундага хийсэн хэмээн түүхэнд бичсэн байдаг.

Агуу Кир ийн нөгөө ертөнцөд одсон ч тэрээр хойч үедээ бат бэхжүүлсэн хүчирхэг төрийг үлдээсэн байдаг. Түүний хаанчлалын үед тухайн цагтаа хамгийн ардчилсан, цогц хууль батлагдаж байв. Энэ нь хожмоо хүний эрхийн хуулийн анхны загвар болсон юм. Кир хаан эзлэн авсан газар нутгийхаа ёс заншил, шашин шүтлэгт хүндэтгэлтэй ханддаг байснаас гадна сүм хийд, мөргөлийн газрыг тонон дээрэмдэхийг хэзээ ч зөвшөөрдөггүй байжээ.

Агуу Кирийн оронд хаан ширээнд заларсан Камбис II (өвөөгийнхөө нэрийг авсан) аавынхаа өндөр зохион байгуулалттай, сайтар сургагдсан армийг өвлөн авч дайнч нүүдэлчин массагетачуудыг буулган авч, Египет орныг эзлэн түрэмгийлснээр эзэнт гүрэн нь тухайн үедээ хамгийн том, хүчирхэгт тооцогдох болсон юм.  Энэ хүчирхэг гүрэн яваандаа дайчин грекчүүдтэй тулж, Нэгдүгээр Дарий хаан, Ксеркс хааны байлдан дагуулалтуудаар улам өргөжин тэлж, түүх номонд томоохон ул мөрөө үлдээж, эцэст нь Македоны Александрын довтолгооноор мөхсөн тухай түүхүүдийг та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэх болно.

Үргэлжлэлтэй.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 12. 17:18
Зочин

Сайхан нийтлэл байна. Үргэлжлэлийг нь хүлээж байя. Ингэхэд Карфагенийн нийтлэлийн үргэлжлэл ягаад орохгүй байнаа хүлээгээд л байна. Баярлалаа

2020, 12 сар 6. 10:50
Зочин

Thanks

2020, 12 сар 15. 18:26
Darvaan

kazakuudad aluuljee

2020, 12 сар 22. 13:50
Зочинбат

Тийм. Тэгэхээр хүннү болон Чингис хаан казакуудтай ямар ч холбоогүй болно.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]