Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эксорсизм кино ба муу ёрын ад зэтгэр хүний биеийг эзмддэг үү?Уншсан1,448

Эдгээр шулмууд хүнд харагддаг агаад Мэригийн сэтгэхүйд дүрслэгдэн үзэгдсэн зүйл биш аж.

 Аливаа тайлагдашгүй үзэгдлүүд Холливудын кино зохиолчдын халаасыг зузаалж, “аймшгийн” сэдэв бүтээх сэдлийг өгдөг. Та анзаардаг бол "бодит явдлаас сэдэвлэв" гэсэн тодотголтой маш олон кино дэлгэцнээ гарч үзэгчдийг татаж байдаг. Үнэхээр ч итгэмээргүй үйл явдал, зохиол өрнөлтэй хэр нь бодит баримт дээр тулгуурласан кино цөөнгүй аж. Тухайлбал, "Экзорцист" кинонд жаал хүүгийн оюун ухаанд муу ёр шүглэдэг бөгөөд үнэхээр бодит амьдрал дээр ийм тохиолдол гарсан гэлцдэг.

1971 онд зохиолч Уильям Питер Блэттигийн ийм нэртэй роман худалдаанд гарч тухайн үеийн Америкийн нийгмийг байлдан дагуулжээ. Номыг хэвлэсэн Харпер ба Роу хэвлэх компанийн ашиг орлого тэнгэрт тулсан бол яг энэ зохиолоор нь найруулагч Уильям Фредкиний хийсэн "Экзорсист" кино толгой эргэм амжилтад хүрч, Оскарын шагнал хүртсэн төдийгүй тухайн цаг үедээ аймшгийн киноны эрин үеийг даллан дуудсан хамгийн супер аймшгийн кино болж хувирсан байна. Энэ цагаас хойш "Экзорсист" киноноос сэдэвлэсэн, санаа авсан олон арван аймшгийн кино одоог хүртэл бүтээгдсээр байгаа бөгөөд бүр энэ чиглэлийн киноны жанр бий болчихоод байгаа юм.

Кинонд гардаг үйл явдлыг сэтгэл судлаач эрдэмтэд боломжгүй хэмээн үгүйсгэдэг боловч хүний оюун ухаанд муу ёрын хүч шилжин сууж болохыг баталсан олон арван баримт байдаг нь гарцаагүй. Номын зохиолч Блэтти энэ бол үнэхээр болсон явдлаас сэдэвлэсэн хэмээн барин тавин баталдаг.

1940-өөд оны сүүлээр АНУ-д католик шашны лам нар 14 настай хүүгийн биед орсон хий юмсыг хөөх "Роланд Дүгийн явдал" хэмээгдэх олонд зартай явдал болсон ба үүний гэрч болох олон хүмүүсийн нэг нь зохиолч өөрийгөө байсан гэдэг. Мэдээж энэ хэрэг явдлыг болоогүй, бодит бус хэмээн үгүйсгэдэг олон судлаачид байдаг ч номын зохиогч бодит үнэн явдал хэмээн баталсаар байдаг.

Роланд Дүгийн явдал зэрэг ийм жишээ энэ дэлхийн олон арван сая үзэгчийг өөртөө татсан аймшгийн кинонуудыг бүтээх гол шалтгаан нь болдог юм.

Эдгээрээс хамгийн ойрын хоёр жишээг дурдая. Америкийн Мид-Уэст хотын Мэри хэмээх нэгэн эмэгтэйд тохиолдсон явдал юм. Түүний жинхэнэ нэрийг хүндэтгэх шалтгаанаар хэзээ ч нийтэд зарладаггүй. Тэрбээр католик шашинтай агаад хүүхэд байхаасаа л сүмд очдог нэгэн байлаа. Гэвч насанд хүрэх үед нь түүний дотроос нэгэн ер бусын хүн элдэв зүйл шивнэх болж, улмаар мөргөлийн үед байж болшгүй нүгэлтэй үйлдэл хийхийг тулгах болжээ. Охиныг олон эмчид үзүүлсэн ч сэтгэл мэдрэлийн өвчтэй гэх. Мөн нас нь ахих тутам түүний оюун ухааныг эзэмдсэн муу ёрын хүчин улам идэвхжиж, ямар нэгэн эмчилгээ огтхон ч тус болохгүй байжээ.

1928 онд тэрбээр 40 нас хүрч, өөрийнхөө биеэс муу ёрын сүнсийг зайлуулах уншлагыг Францын Айове сүмд үйлдэхийг сая зөвшөөрлөө. Уг мөргөлийг эцэг лам Жозеф Стейжер, Теафиль Рейсингер нар гүйцэтгэнэ гэхэд зөвшөөрсөн байна. Түүний биед шүглэсэн муу ёрын шулмыг хөөх уншлагын журмыг энэ хоёр настай лам тун сайн мэддэг төдийгүй нэг бус удаа ийм ажил хийж байжээ. Тиймээс ядарсан бүсгүйд тусалж чадна гэдэгтээ тун итгэлтэй байсан юм.

Ингээд Мэри бүсгүйд зориулан нэгэн томоохон танхим бэлтгэв. Мэри Францад ирсний дараа нэлээд хэд хоног ямар ч хоол идсэнгүй. Тэгэх мөртлөө зогсоо чөлөөгүй бөөлжиж байв. Хамгийн гайхалтай нь ургамал навч, нохой, шувууны өд, үс зэрэг элдэв юмаар бөөлжиж байсан тул гэлэнмаа нар айсандаа түүнийг орхин зугтааж байлаа. Уншлага, дом хийх өглөө Мэри ухаангүй, бараг галзуурсан мэт байдалд орсон байв. Муу ёрын шулам түүний бүх л бие сэтгэлийг эзэмдсэн нь илэрхий болж, бурхан шүтээнээ хараан улмаар 12 хүн түүнийг арайхийн тогтоож байлаа. Гэвч лам нар уншлагаа эхлүүлж хүнд хэлэхэд итгэмгүй элдвийн л юм зүйл болсон гэнэ. Гэхдээ хэчнээн хүчтэй уншлага мөргөл үйлдсэн ч Мэрийн биеэс ямар нэгэн хар хүчийг хөөж чадсангүй.

Гэтэл арванхоёрдугаар сарын 23-ны оройн 21.00 цагийн үед Мэри барьж буй хүмүүсийн гараас гэнэт мултран таазанд тулаад, хэсэг байзнаснаа ямар нэг зүйлээс салав уу гэлтэй орон дээр унаж улмаар нүдээ нээн, үл ялиг инээмсэглээд тэнгэр бурхандаа баярласнаа илэрхийлжээ.

Энэхүү хачирхалтай түүхийг сонсоод олон эмч, эрдэмтэн, мэргэд иймэрхүү зүйлийг мухар сүсэгтэй холбон тайлбарлах нь бий. Мөн хүний ийм нөхцөл байдлыг эпилепс, истерик, шизофрени хэмээн үзнэ. Ер нь шизофрени өвчин туссан хүмүүс хэн нэгний өмнөөс яриад буй мэт загнаж, огт өөр хэлээр, тэс ондоо амьдралыг дурсан ярих зэрэг үйлдэл хийх нь бий гэнэ. Гэвч муу юмны хорлол хүрсэн хүн, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний хооронд асар их ялгаа бий. Истерикээр өвчилсөн хүн таван минут л ихэвчлэн солиордог бол муу ёрын хорлолд өртөгсөд нэг хоёр хоног бус нэлээд хэдэн долоо хоног ийм байдалд оршдог.

Мөн сэтгэл зүйн талаас тайлбарлахын аргагүй шинжтэмдгүүд муу ёр шүглэсэн хүнд илэрдэг байна. Тухайлбал чичрэн салганах, өвчин мэдрэхгүй байх, үе мөч нь санаанд багтамгүйгээр нугарах, ер бусын их хүч чадал гарах зэрэг шинж тэмдгүүд ажээ.

Мэри яг ингэдэгбайсан. Мөн үүнтэй адилхан бас нэгэн жишээ бий. Ямартай ч сэтгэл зүйн талаастайлбар өгөх арга байхгүй хэмээн эрдэмтэд үздэг ажээ.

Өмнөд Африкийн Дурбинаас 50 милийн зайд орших Узминто хотын шашны сургуулийн гэлэнмаа, католик шашинтан, 16 настай Клара Сили 1906 оны долдугаар сарын 20-ны өдөр өөрийнхөө найз охидууд руу гэнэт дайрчээ. Түүнээс хүний санаанд оромгүй их хүч гарч, орны пүрш тас татан, зэрлэг араатан маягийн дуу гаргаад ямар нэг амьтантай хүч үзэж буй бололтой байв гэнэ. Охиныг нэгэн өрөөнд тусгаарлан хорилоо. Гэвч өдөр ирэх бүр түүний биеийн байдал хүндэрсээр биед нь муу ёрын хүчин шүглэсэн болох нь илт мэдэгдээд иржээ. Тэрчлэн Кларад өгсөн аягатай рашаан гэнэт оргилон буцалж, түүн рүү ойртуулсан модон загалмай дүрэлзэн шатах нь тэр. Үүнийг нүдээр харсан хүмүүсийн ярианаас үзвэл Клара яг могойг санагдуулам нугарч, хүзүү нь айхтар сунан улмаар нэг удаа гэлэнмаагийн хөл рүү яг могой мэт хатгасан нь тэднийг ухаангүй айлгахад хүргэжээ.

Ингээд түүний биед шүглэсэн ад зэтгэрийг хөөх уншлага хурал 1906 оны есдүгээр сарын 10-ны өдөр болж, уг мөргөлийг эцэг Эразмус үйлдэж, түүнд эцэг лам Мэнсунт тусалжээ. Кларад яг Мэрид тохиосон шиг зүйл давтагдаж уг сүмд байсан 170 мөргөлчин амьд гэрч боллоо. Уг ёслолын үеэр сүмийн ханыг хүчтэй зүйлээр битүү нүдэх мэт чимээ гарч, түүний биед ад чөтгөр шүглэснийг үнэхээр илтгэж байсан аж.

Итгэх эсэх нь таны л дур юм даа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]