Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Азийн орнуудад тархсан сүнсний аймшигт түүхүүдУншсан17,360

Японд 1716-1736 оны хооронд амьдарч байсан гэгддэг нэгэн эмэгтэйн сүнсний тухай яриа арлын энэ оронд ихэд алдартай аж. Хоцүми Канжи (Hotsumi Kanji) гэх нэртэй нэгэн самурай аялж яваад дэн буудалд амрахаар шийджээ.

Бидний амьдарч буй Ази тивд хүмүүсийг айдаст автуулж, ухаан санаанаас нь ер гарахгүй аймшигт автуулах сүнснүүдийн тухай түүхүүд цөөнгүй байдаг ажээ. Сэтгэл сэртхийлгэм тэдгээр аймшигтай түүхүүд хэдэн зуунаар хүмүүсийг айлгаж ирсэн гэнэ.

Хар үст

Хар үстийн тухай түүх нь Япон улсад зуунаас зуун дамжигдан яригдаж ирсэн нэгэн самурайн эхнэрийн сүнс бөгөөд хааны зарлигийг биелүүлэхээр эхнэрээ орхин явсан самурай хэсэг хугацааны дараа зарлигийг ёсоор болгож, эргэн эх нутагтаа иржээ. Түүнийг ирэхэд эхнэр нь гэртээ ганцаархнаа гунигт автан, эр нөхрөө хүлээж суусан бөгөөд самурай эхнэрийгээ дахин хэзээ ч орхиж явахгүй гэж амлан, хосууд орондоо орцгоон унтжээ. Харин шөнө дунд самурай гэнэт сэрсэн бөгөөд түүний хажууд эхнэр нь биш, урт хар үстэй, араг яс хэвтэж байв. Айж балмагдсан залуу хажуу айл руугаа орж, эхнэр нь хаана байгаа эсэхийг асуухад түүнийг явснаас хойш төд удалгүй үхсэн болохыг хэлжээ.

Чөтгөрт эзэмдүүлсэн охин

Энэхүү хачирхалтай гэмээр түүх нь Филиппин улсаас гаралтай бөгөөд нэгэн эмэгтэй охиноо амьдарч буй газрынхаа хамгийн баян чинээлэг айлын залуутай гэр бүл болгожээ. Охин дэндүү гоо үзэсгэлэнтэй байсан хэдий ч түүний ойр хавьд байгаа хүн бүр эхнээсээ амь насаа алдаж байлаа. Хайртай залуу нь болон түүний зарц, туслахууд гээд охины хажууд ойртсон хүн бүр амь насаа алдаж байв. Аргаа барсан ээж нь охиноо дагуулан Батала (Bathala) бурхны сүмд очиж яавал дээр болохыг асуухаар шийджээ. Харин Батала бурхан хариуд нь охиныг буг чөтгөрт хорлогдсон болохыг хэлээд нүүрнийх нь арьсыг хуу татан, ээжид нь чөтгөрийн царайг харуулсан байна. Айж, цочирдсон ээж нь охиноо амьдаар нь шатаажээ. Охин бүрмөсөн шатаж, үнс болсон бөгөөд газарт шингэсэн үнснээс цагаан өнгөтэй ургамал ургасан байна. Батала бурхан эмэгтэйд хандан цагаан ургамал охиных нь шүд болохыг хэлсэн гэнэ.

Оюүки (Oyuki)-ийн сүнс

Япончуудын түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн аймшигтай сүнснүүдийн нэг болох Оюүкигийн сүнс нь зурагт хоргодон үлдсэн гэж ярих нь бий. Залуу, үзэсгэлэнтэй бүсгүй цагаан өнгийн кимоно өмссөн энэхүү зургийг Марүяама Окёо (Maruyama Okyo) гэх зураач зуржээ. Зураач түүнийг Гейша бүсгүй бөгөөд хөлгүйгээр төсөөлж зурсан гэж тайлбарлаж байжээ. Гэвч нэг өдөр зураачийг унтаж байхад нь хөлгүй эмэгтэй зурган дотроос амилан гарч ирж, түүнийг зураг руу чирж орсон бөгөөд хүний санаанд ч оромгүй ертөнц гэж байдаг болохыг зураач харжээ. Тэрээр харамсалтай нь төд удалгүй галзуурч үхсэн бөгөөд түүний ярьсан зүйл үнэн эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдсэн юм.

Офир (Ophir) уулын гүнж

Энэхүү түүх нь Малайз улсын Офир ууланд амьдардаг байсан ганц бие гүнжийн тухай түүх бөгөөд тэрээр амьдралынхаа туршид нэг ч удаа хүнтэй гэрлэж байгаагүй юмсанж. Учир нь түүний амьдардаг байсан газар хүрч очих ямар ч боломжгүй байжээ. Харин Ража (Raja) гэх зоригтой залуу түүнтэй гэрлэхийг ихээр хүсч, ямар нэгэн аргаар түүнтэй уулзах аргыг бодсон бөгөөд Офир ууланд хүрэхийн тулд алтан болон мөнгөн гүүр барих хэрэгтэй болсон гэдэг. Түүгээр барахгүй гүнж залууг ирэхдээ 7 торх зөгийн бал, 7 шумуулны зүрх, сав дүүрэн онгон охины нулимс, хүүгийнхээ цусыг авчир хэмээн шаардаж байжээ. Ража хүүгийнхээ цуснаас бусдыг нь аваачсан ч гэсэн гүнж ихэд хилэгнэж, түүнтэй гэрлээгүй байна. Өнөөдрийг хүртэл түүнийг Офир ууланд аянчдын сүнсийг авч амьдардаг гэж нутгийн иргэд ярьдаг ажээ.

Өшөө хорсолдоо автсан Хейке (Heike)-ийн цэргүүд

1185 оны Японд Ёшицүнэ гэгч феодал ноён армиа удирдан өөрийн төрсөн ах болох Ёримототой дайтахаар иржээ. Эрх мэдлийг өөртөө авахыг хүссэн дүү нь ахынхаа удирдаж байгаа хүчирхэг Хейкегийн дайчидтай нүүр тулгарна гэдгээ мэдэж байсан бөгөөд хачирхалтай нь тэднийг отож байсан Хейкегийн цэргүүд бүхэлдээ далайн хар салхинд өртөж, бүгд үхсэн байна. Дайнд ялалт байгуулах нь бараг ойлгомжтой боллоо хэмээн үзэж байсан Ёшицүнэгийн армийнхан баярлаж дуусаагүй байхад үхдэл болсон Хейкегийн цэргүүд бүгд амилж тэдэн рүү дайрчээ. Үхэшгүй болсон тэдний эсрэг Ёшицүнэ юу ч хийж чадаагүй бөгөөд амь насаа алдсан юм. Одоог хүртэл тэдгээр цэргүүдийн аймшигт түүхээр япончууд сахилгагүй хүүхдүүдийг айлгадаг ажээ.

Сохор хөгжимчин Юүрей (Yurei)-ийн түүх

Японд 1716-1736 оны хооронд амьдарч байсан гэгддэг нэгэн эмэгтэйн сүнсний тухай яриа арлын энэ оронд ихэд алдартай аж. Хоцүми Канжи (Hotsumi Kanji) гэх нэртэй нэгэн самурай аялж яваад дэн буудалд амрахаар шийджээ. Гэвч түүнийг унтаж байх үед хаанаас ч юм бүү мэд уянгалаг сайхан дуу хоолой сонсогдсон байна. Самурай уянгалаг дуу хоолойнд уярч, бүсгүйг дуу шигээ үзэсгэлэнтэй гэж бодсон бөгөөд чимээ гарч байгаа газрыг хайж, очихоор шийджээ. Бүсгүйн байгаа өрөөнд ортол түүн шиг үзэсгэлэнтэй эмэгтэй энэ хорвоод байхгүй мэт самурайд санагдсан бөгөөд түүнтэй шууд л унтахыг хүссэн байна. Харин маргааш өглөө самурай сэрээд хартал бүсгүйн царай төрх гэж авах юмгүй аймшигтай байжээ. Айж балмагдсан залуу дэн буудлыг орхин явсан ч бүсгүйн сүнс түүнийг орхилгүй дагаж явж байсан бөгөөд "Чи намайг мартлаа гэж үү? Би сохор ч гэсэн чамайг харж байна" гэж хэлж байгаа нь самурайд сонсогдож байжээ.

Биегүй толгой

Тайланд, Камбожи зэрэг улсуудын иргэдийн дунд яригддаг энэхүү аймшигт түүх нь эх биеэ алдсан эмэгтэйн сүнсний тухай бөгөөд нэгэн эмэгтэй шөнө дунд явж байх үедээ үнэхээр үзэсгэлэнтэй царай төрхтэй бүсгүйтэй тааралдсан хэдий ч, түүний эх бие нь байхгүй байжээ. Цочирдож, балмагдсан бүсгүй зугтаах гэж хичээсэн ч амжилтыг эс олж, амь насаа алдсан байна. Биегүй эмэгтэйг нутгийн иргэд жирэмсэн байсан бөгөөд харамсалтайгаар осолд орж амиа алдан, хүүхдээ төрүүлж, чадаагүйдээ хорсож шөнө дунд ганц нэгээрээ яваа эмэгтэйчүүдийг айлгадаг, амь насыг нь хөнөөдөг ч гэж ярьдаг байна.

Малайзын том хөхтэй сүнс

Малайзын Ханту Тетек гэх аймшигт сүнсний тухай түүхийг өндөр настнууд болон эцэг эхчүүд хүүхдүүдийг айлгах гэж ярьдаг бөгөөд шөнө дунд бяцхан хүү гудмаар гэр рүүгээ харих замдаа аймшигтай сүнстэй тааралджээ. Сүнсний царай хүн харахын аргагүй аймшигтай бөгөөд айж цочирдсон хүүг аварга том хөхөөрөө цохиж хөнөөсөн гэх түүх. Үүнээс үүдэж Малайзд эцэг эхчүүд хүүхдүүдээ шөнө оройн цагаар хамаагүй явбал Ханту Тетектэй тааралдана гэж айлгадаг ажээ.

Анкол (Ancol) гүүрний сүнс

Индонези улсын Жакарта (Jakarta) хотын Анкол гүүр хавиар эргэлдэх Мириам (Myriam) гэх бяцхан охины сүнс нь түүнийг энэхүү гүүрний ойролцоо машинд мөргүүлэн аймшигтай амь насаа алдсанаас хойш хүмүүст харагдах болсон гэлцдэг. Түүнийг мөргөсөн этгээд улсдаа нэр алдартай баян хүн байсан бөгөөд охины сүнс үргэлж баян эрчүүдийг ангуучилдаг тухай олон янзын түүх дэлгэрчээ.

Томино (Tomino)-ийн там

Японы зохиолч Ёкота Инүхико (Yokota Inuhiko)-ийн бичсэн "The Heart is Like a Rolling Stone" гэх номонд "Томиногийн там" гэх нэртэй бяцхан шүлэглэл гардаг байна. Харин энэхүү номын тэр хэсгийг уншсан хүн бүр зохиолд гарах Томино шиг шаналж, зовж, тарчилдаг гэсэн яриа гарах болжээ. Энэхүү ярианаас үүдэж, зохиолчийн номыг дахин хэвлэхээс хэвлэх компаниуд татгалзаж байсан ба дэлгүүрүүд ч лангуун дээрээ борлуулахыг нь хүртэл хориглож байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]