Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Япон иргэд Европт тулалдсан ньУншсан446

1941 оны 12-р сарын 7-ны өдрөөс хойш буюу Перл Харборын довтолгооноос хойш Америк даяар япончуудад хандах хандлага тэр чигээрээ өөрчлөгдлөө.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1941 оны 12-р сарын 7-ны өдрөөс хойш буюу Перл Харборын довтолгооноос хойш Америк даяар япончуудад хандах хандлага тэр чигээрээ өөрчлөгдлөө. Далайн цаадах Наран улс гэсэн аймшигт мангасын тухай яриа одоо Америк доторх япончуудад хамаатай болж ирсэн байна. Удалгүй 120 000 япон гаралтай хүмүүсийг тусгай лагерьт нүүлгэсэн бөгөөд энэ нь Зөвлөлтийн болон Германы ийм төрлийн лагериас тав тухаараа илүү, сургууль, эмнэлэгтэй гэдгээрээ ялгарч байлаа. Гэсэн хэдий ч тэр хүмүүс энэ газраас гарах эрхгүй, тойроод өргөстэй төмөр утсаар зааглагдсан, эргэн тойронд байх хяналтын өндөрлөгөөс хэзээ мөдгүй буудахад бэлэн пулемёт. Энэ бүх хоригдсон япон гаралтай хүмүүсийн 62 хувь нь Америкийн иргэн болсон байсан гэдгийг энд заавал хэлэх хэрэгтэй болов уу.

Лагерь доторхи хүмүүсийн ер бусын сахилга бат, хүлцэнгүй байдал, эмх журам нь гайхал төрүүлж байсан боловч олны дотроос онцгой нөхдүүд байлгүй яахав. Тэдгээр нөхдүүд гартаа мандаж байгаа нар бүхий улаан даавуу зүүх, хяналтын өндөрлөгт байгаа хуяг, харгалзагч нарын өөдөөс банзай хэмээн хашхиран тоглоом хийх нь энүүхэнд.

Америкчууд энэ нөхдүүдийг маш анхааралтай хянаж шалгаж байгаад 100-р батальон гээчийг байгуулсан нь дан япон гаралтай хүмүүсээс бүрдсэн байлаа. Удаан хугацааны бэлтгэл, бусад цэргүүдийн дарамт дор байсан ч эмх журмаа хадгалж чадсан япончуудыг дайнд оролцох боломжтой гэж дүгнэсний дараа Неаполийн төлөөх тулалдаанд оруулахаар шийджээ. Энэхүү  япон гаралтай америкчуудыг Японы эсрэг биш харин Итали, Германы эсрэг дайнд оруулсныг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг бөгөөд АНУ-ын Итали гаралтай иргэдийг Муссолинигийн эсрэг, Герман гаралтай иргэдийг Гитлерийн эсрэг дайнд оруулж байсан боловч япончуудыг Японы эсрэг дайнд оруулаагүйд ямар нэг шалтгаан байгаа л байх.

34-р явган дивизийн 100-р батальоны 1300 дайчид хүнд хэцүү дайн тулаан хийж, асар их хохирол хүлээж байсан ч урагшаа зүтгэсээр л байлаа. Их бууны галд хяргуулж, минжүүлсэн талбайд тулалдаж, хоёрхон сарын дотор 500 гаруй хүнээ алдаж байсан энэ батальоны зарим рот тулалдаанд 187 хүнтэй ороод 14 хүнтэй үлдэж байсан тохиолдол ч бий гэдэг.

2-р сард шинээр цэргүүд авчран энэ батальонд оруулсан ч нийт бүрэлдэхүүний тоо 512 л хүрч байсан гэдэг нь тэд ямар байдлаар байлдаж байсныг илэрхийлэх хамгийн тод жишээ болов уу. Олон ч хүн баатарлаг гавьяа байгуулж том том одон медалиуд авч байсан ба Ром хүрэх хамгийн хэцүү хамгаалалттай бэхлэлтийг эзэлж аван гол үүрэг гүйцэтгэсэн боловч тэднийг Ром хотыг эзлэн авах тулалдаанд оруулсангүй. Тэдний нэг хүсэл мөрөөдөл болсон Ром хотыг эзлэн авч, хотын төв гудамжаар маршаар алхаж цэрэг эрсийн сүр хүчээ гайхуулах гэсэн нь ингэж бүтэлгүйтжээ. Энэ бол тэдний хувьд ямар ч том хохирлоос илүү доромжлол байжээ.

Дараа нь Германы цэргүүдтэй хийх тулалдаанд АНУ-аас бас 4000 гаруй япон-америкчууд ирж мөн л хохирол хүлээхийг үл тоон тулалдаж, гардан тулаанд орж Германы цэргүүдийг гайхуулсаар. Америкийн далбаан дор байлдаж байсан энэ цэргүүд олон чухал түшиц газрыг эзэлж авч байсны дотор Германы хас тэмдгийн дор тулалдаж байсан Энэтхэг болон Сомалийн цэргүүдийн хориглолт ч тохиолдож байсан билээ.

Америк цэргүүд, жанждын гол уриа болсон гэж болох генерал Паттоны хэлсэн “Дайны зорилго бол дайснуудыг өөрийнхөө улсын төлөө тулалдахад хүргэх явдал юм” гэсэн айхтар үг байдаг юм гэсэн. Тэгвэл энэхүү Америкийн япончууд нь үүнээс бараг л эсрэгээр байлдан тулалдаж ялалтад хүрч байсан олон зуун түүх бий билээ.

Дэлхийн 2-р дайн, түүний нэг хэсэг болох Номхон далайн дайнд сая саяар тоологдох япон цэргүүд мандаж буй нар бүхий тугийн дор АНУ, Их Британи зэрэг олон улсын эсрэг тулалдаж байх тэр үед Европын нутагт мөн л япончууд “Нарыг залгиж байгаа луу” бүхий тугийн дор АНУ-ын төлөө ийнхүү тулалдаж байсан бөгөөд эдгээр япончуудын бүрэлдэхүүнд нь багтах 100-р батальон нь АНУ-ын бусад бүх батальоноос илүү олон шагнал авсан, илүү олон хүн алдсан гэдгээрээ алдаршиж үлдсэн юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]