Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн бүртгэл, мэдээллийн санч Д.Идэрсайхантай Монгол орноос олдсон үлэг гүрвэлийн олдворуудын талаар ярилцлаа.
- Монголоос олдсон хэчнээн үлэг гүрвэлийн бүрэн олдвор байдаг вэ?
- Нэлээн олон шүү. Үлэг гүрвэлийн олдвор бүтнээрээ олдоно гэдэг ховор тохиолдол. Биеийн бүх яс нь биш юм аа гэхэд 90-ээд хувийн бүрдэлтэй олдворууд олон бий. Монголын говиос олддог үлэг гүрвэлийн олдвор нь бусад газраас олддог үлэг гүрвэлийн олдвороос ясны бүрдэл, хадгалалт сайтайгаар олддогоороо давуу талтай. Тарбозавр батаарын зулзагаас авхуулаад нас бие гүйцсэн, сайн хадгалагдсан олдворууд бий. Мөн өвсөн тэжээлт үлэг гүрвэл болох Протоцератопс зэрэг үлэг гүрвэлүүд байдаг.
- Монголоос олдсон дэлхийд ховорд тооцогдох ямар өвөрмөц олдворууд байдаг вэ. Ноцолдож буй үлэг гүрвэлийн олдвор бий байх аа?
- Тийм ээ. 1971 онд Өмнөговь аймгийн Төгрөгийн ширээ хэмээх газраас олдсон олдвор л доо. “Fighting Dinosaurs” буюу “Ноцолдож буй үлэг гүрвэл” нэртэй олдворыг Польш-Монголын хамтарсан судалгааны баг олсон юм. Нас бие гүйцсэн өвсөн тэжээлт Протосератопс, махан идэшт Велоцираптортой зууралдаатай байдлаар олдсон. Энэ бол дэлхийд цор ганц байдаг олдвор. Үүнээс ч олон өвөрмөц олдворууд бий.
- Үлэг гүрвэлийн төрөл зүйлийн талаар мэдээлэл өгөөч. Монголын газар нутгаас махан идэшт, өвсөн идэшт үлэг гүрвэлүүдийн алийнх нь олдвор түлхүү олддог юм бэ?
- Ер нь бол адилхан хувьтай шүү. Гэхдээ өвсөн идэшт үлэг гүрвэлийн олдвор арай элбэг байдаг. Монгол орон үлэг гүрвэлийн өндөгний олдвороор нэлээн алдартай. Өөрөөр хэлбэл үлэг гүрвэлийн үржил хөгжилтэй холбоотой олдвор ихээр олддогоороо дэлхийн бусад орноос онцгой. Үлэг гүрвэлийг өндгөөр үрждэг гэдгийг анх Монголын нутгаас л шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон.
Үүнээс өмнө үлэг гүрвэлийн яс л олдоод байсан. Үржил нь хэрхэн явагддаг талаар төдийлөн мэдээлэлгүй байсан юм. 1923 онд Америкийн Байгалийн түүхийн музейн багийнхан Монголд эртний хүний үлдвэрийг хайж байхдаа үлэг гүрвэлийн өндөг, яс зэргийг олж илрүүлсэн. Үүнээс үлэг гүрвэл гэдэг амьтан өндгөөр үрждэг гэдэг нээлтийг дэлхий дахинд таниулсан байдаг юм. Түүнээс өмнө бол дэлхийн бусад оронд чулуужсан хальс олдож л байсан. Гэхдээ түүнийгээ үлэг гүрвэлийнх гэж мэдэхгүй, тогтоож чадахгүй байсан хэрэг. Харин тэдгээрийн нотолгоо Монголын говь нутгаас олдсон гэсэн үг.
- Тэр нь ямар олдвор вэ?
- Махан идэшт Овираптор, өвсөн тэжээлт Протоцератопс.
- Аль аймгаас олдсон бэ?
- Өмнөговь аймаг. Ер нь цэрдийн цаг үеийн олдворууд голдуу говийн аймгуудаас олддог. Гэхдээ Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаас ч гэсэн үлэг гүрвэлийн олдворууд олдсон нь бий.
- Цэрдийн цаг үеийн үлэг гүрвэлийн олдвор Монголоос түлхүү олддог юм аа даа?
- Тийм ээ. Цэрдийн цаг үеийн олдворууд их. Гэхдээ Юрийн үед хамаарах үлэг гүрвэлийн олдвор цөөн бий. Цэрдийн цаг үеийн олдвор их байдаг нь тухайн цаг үеийн төгсгөлд үлэг гүрвэл дэлхийг “ноёлж” байсантай холбоотой байх л даа.
- Үлэг гүрвэлийн өндөгний талаар буцаад ярилцъя. Хэдэн төрөл зүйлийн үлэг гүрвэлийн өндөг Монголоос олсон бэ?
- Монгол орноос есөн төрөлд хамаарах 21 зүйлийн өндөг одоогоор олдсон. Өндөг гэхээр л бүгд бүтэн, “янзын гоё” гэж ойлгож болохгүй л дээ. Олон сая жил болсон учраас эвдэрч хэмхэрсэн, хагарч бутарсан янз бүр л байна. Мөн бусад оронтой харьцуулахад өндөгний төрөл зүйлийн олдвор харьцангуй сайн олдоно шүү. Яахав тэр есөн төрөлд хамаарах олдворуудын зарим нь бусад орныхтой адилхан.
- Үргэлжлүүлээд, Монголоос олдсон хамгийн том үлэг гүрвэлийн олдворуудын талаар ярилцъя?
- Махчин үлэг гүрвэл дотроо хамгийн том нь бидний сайн мэдэх Тарбозавр Батаар. Өвсөн тэжээлт дундаас хамгийн том нь Нэмэгтозавр. Эдгээр төрлийн үлэг гүрвэлийн олдвор нь Монголоос өөр газар хэлхээтэйгээ буюу бүрдэл сайтай олдох нь ховор. Мөн “аймшигт гараг” гэж үлэг гүрвэлийн олдвор бий. 1970-аад онд тус үлэг гүрвэлийн урд мөч нь олдсон. Маш том хоёр гар бий. Түүний бие нь мэдэгдэхгүй, өөр хэсгүүд нь олдохгүй байж байгаад 2009 оны хайгуул судалгаагаар тэр амьтны биеийн хэсгүүдийг олж нээсэн. Гэхдээ дэлхийд Батаараас том махчин үлэг гүрвэлийн олдвор бий л дээ. “T Rex” гээд. Холливудын алдартай “Юрийн галвын цэцэрлэгт хүрээлэн” гээд кино байдаг даа. Тэнд гардаг аварга том махчин динозавр болох тиранозавр T Rex, Тарбозавр Батаартай удам төрлийн холбоотой төрөл зүйл гэж үздэг.
- “Өндөг хулгайлагч” үлэг гүрвэл гээд томд тооцогдох олдвор байдаг. Яагаад тэгээд нэрлэчихсэн юм?
- Үүний түүх их сонирхолтой. Энэ чинь нөгөө дээр дурдсан овираптор үлэг гүрвэл байхгүй юу. Энэ “нөхөр” өндөгтэйгөө олдсон байдаг юм. 1920-иод оны олдвор л доо. Тэр “нөхрийг” өвсөн идэшт үлэг гүрвэлийн өндөгний хажуухнаас олсон байдаг. Мөн түүний ойролцоо газраас өвсөн тэжээлт үлэг гүрвэл болох Протоцератопсийн олдворыг олсон байгаа. Гэтэл овираптор өөрөө махан идэшт үлэг гүрвэл. Тэгээд судалгааны багийнхан “энэ өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн өндгийг овираптор хулгайлж иддэг байж” гэж ойлгож. Үүнээс үүдэж л нэрийг нь хүртэл “өндөг хулгайлагч” гээд өгчихөж л дээ. Харин үүнээс хойш 1990-ээд онд өндөг хулгайлагч биш, өөрөө эх байна гэдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны тайлбар энэ үе хүртэл алдаатай явж байсан. Тэгээд 1990-ээд онд залруулагдсан л даа.
- Протоцератопс хэмээх үлэг гүрвэлийн олдвор хэр их олддог юм?
- Протоцератопс гэж жижиг биетэй үлэг гүрвэлийн олдвор нэлээн элбэг олддог. Үүний талаар нэг сонирхолтой судалгаа бий. Энэ төрлийн үлэг гүрвэлийн өндөг нь ерөөсөө олддоггүй. Уг нь бол олдвор нь элбэг байгаа юм чинь өндөг нь олдох боломжтой гэж үзэж байсан. Харин сүүлийн үеийн судалгаагаар зөөлөн өндөг гаргадаг байсан гэж үзээд байгаа. Зөөлөн өндөг гэдэг нь, зүйрлэвэл могойнх шиг. Могойн өндөг хальсан, гэрэлтдэг шүү дээ. Түүнтэй адил протоцератопсийн өндөг зөөлөн гадаргуутай байсан учраас хадгалагдаж үлдээгүй гэж үзээд байгаа.
- Нисдэг гүрвэлийн олдворыг Монголын говиос олсон гэх мэдээлэл байдаг?
- Монголын говиос нисдэг гүрвэлийн олдвор олдсон. 2006 онд маш том нисдэг гүрвэлийн ясны хэсгийг олж байсан юм. Мөн Увс аймгаас нисдэг гүрвэлийн олдвор илэрсэн.
- 1995 онд нээсэн Шар цавын үлэг гүрвэлийн мөрийн талаар мэдээлэл хүргээч. Дэлхий дээр олддог бусад мөрт газраас юугаар онцлог вэ?
- Түүнийг Монгол, Японы хамтарсан баг Өмнөговь аймгийн Манлай сумын нутгаас олсон. Шавар дээр үлэг гүрвэл яваад өнгөрсөн мөр хадгалагдан үлдсэн онцгой газар л даа. Үлэг гүрвэл шаварлаг газраар явж өнгөрөөд, тэр газар нь элс шороогоор дүүрээд, эргээд ховхорч хэвлэчихсэн юм шиг мөр үлдсэн. Ер нь бол байгаль өөрөө хэвлээд өгчихсөн гэсэн үг. Одоо тэр газрыг хамгаалалтад аваад, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа.
- Олдворын хадгалалт, хамгаалалтын асуудал их чухал байх?
- Чухал байлгүй яахав. Жил, улирал болгон мониторинг хийж, чулуужилт, хадгалалт нь ямар байна гэдгийг шалгадаг. Тэгээд бэхжүүлэлт, сэргээн засварлалт гээд ээлж дараатай ажлуудыг хийнэ. Олдворууд маань одоо манай хүрээлэнгийн тусгай нөхцөл бүхий сан хөмрөгт хадгалагдаж байна.
- Үлэг гүрвэлийн олдворыг илрүүлэхдээ газар орныг хэрхэн мэдэж судалгаа, малтлагын ажлыг эхлүүлдэг вэ?
- Цэрдийн цаг үеийн олдворт газрууд бий. Тэдгээр нь геологийн тогтцынхоо хувьд тодорхойлогдчихсон байдаг. Ер нь палеонтологийн шинжлэх ухаан геологийн цаг хугацааг тогтооход чухал үүрэгтэй шүү.
- Сүүлд ямар үлэг гүрвэлийн олдвор олов. Палеонтологийн хүрээлэн сүүлийн үед ямар судалгааны ажил хийж байна вэ?
- Бид 2021 онд хээрийн малтлага судалгаандаа яваад ирсэн. Нэлээн хэдэн олдвор цуглуулаад ирлээ. Бид Дорноговь аймгаас өвсөн идэшт жижиг үлэг гүрвэлийн олдворыг олсон. Үлэг гүрвэлийн олдвор байнга олдоод байдаг эд биш л дээ. Энэ нь дахин давтагдашгүй, ховор, нөхөн сэргээгдэхгүй Монгол Улсын соёлын өв юм. Түүнчлэн саяхнаас манай хүрээлэн орчин үеийн техник технологи ашиглан үлэг гүрвэлийн ясны эдийн (ясны дотоод бүтэц) судалгааг явуулж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Г.Жаргал
History.mn, Zaag Media Content-ийн редакцид бэлтгэв