Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Мэргэн Шовгор: “Тэр өвчтэй хүн чинь гайгүй байна, харин та хурдхан явалгүй горьгүй"Уншсан70,943

Бас нэг хүний эхнэр хүнд өвдөж гэнэ. Хадаг даалимба хоёрыг авахуулаад нэг хүнийг гуйж: “Мэргэн Шовгорт энэ хадаг даалимба хоёрыг өргөөд өвчтэй эхнэрийн тухай аврал асууж ир” гэж явуулжээ.

Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номонд орсон сонирхолтой хэсгээс уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын /Мишиг гүний хошууны/ өвгөн Бямбадоржийн яриаг Ц.Дамдинсүрэн гуай ийн тэмдэглэж авчээ.


МЭРГЭН ШОВГОР

Түшээт хан аймгийн Мишиг гүний хушуунд Мэргэн Шовгор гэж их мэргэн хүн байсан гэдэг. Ардын засгийн эхний үед Их Хүрээнээс хоёр лам Мэргэн Шовгорыг юм мэддэг мэддэггүйг үзэх гэж очиж гэнэ. Өвөл цаг байж. Хоёул их даарч явж гэнэ. Нэг нь “Шалгаж магадлах маань ч гайгүй, хамар тулсан тостой сүүтэй цай ууж нэг дулаацах юмсан” гэжээ. Нөгөө нь хэлжээ: “Залуу сайхан эхнэртэй юм гэдэг. Түүнийг нь харах юмсан” гэжээ. Тэгээд Мэргэн Шовгорынд ороод мэндэлжээ. Нутаг усыг асуусны дараа Мэргэн Шовгор хэлжээ: “Тостой цай уух гэсэн та энэ зүүн гэрт ор. Эхнэрий минь үзэх гэсэн нь жаахан хүлээ. Их удалгүй ирнэ” гэжээ. Хоёр лам шалгахаа болиод их биширч шавь орсон гэдэг юм.

Бас тэр нутгийн нэг хүн Мэргэн Шовгорыг шалгах гэж худгийн ёроолоос нэг чулуу, уулын оргилоос нэг чулуу аваад Шовгорынд очиж асууя гэж: “Энэ бол хоёр газраас авчирсан чулуу юм. Аль газар нь нутаглавал зохимжтой байна? Үзэж хайрла” гэж гэнэ. Мэргэн Шовгор худгийн чулуу барьж “Энэ газарт гэр чинь багтах юм бол нутаглаж болно” гэжээ. Нөгөө чулууг үзэж “Энэ газарт гэр чинь тогтох юм бол мөн нутаглаж болно” гэжээ.

Бас нэг хүний эхнэр хүнд өвдөж гэнэ. Хадаг даалимба хоёрыг авахуулаад нэг хүнийг гуйж: “Мэргэн Шовгорт энэ хадаг даалимба хоёрыг өргөөд өвчтэй эхнэрийн тухай аврал асууж ир” гэж явуулжээ. Тэр зарсан хүн нь замдаа даалимбыг аргалын бүтээлгэний доогуур шургуулаад Мэргэн Шовгорынд очиж хадгийг бариад асууж гэнэ. Мэргэн Шовгор хадгийг аваад хэлж гэнэ.: “Тэр өвчтэй хүн чинь гайгүй юм байна. Удахгүй зүгээр болно. Харин та хурдхан явалгүй горьгүй. Танай аргалын бүтээлэг доогуур шургуулсан даалимбыг одоо үхэр идчих гэж байна. Одоо сэжүүрээс нь нэг ухаагч үнээ зулгааж байна” гэжээ. Өнөөх хүн яарч очсон чинь нэг ухаагч үнээ даалимбаны сэжүүрээс ам хиртэй идчихээд байсан гэдэг.

1975.

 

ХАРААЛЧ ШҮТЭМ ГЭЛЭН

Би залуу байсан цаг. Нэг өвөл юмсан. Манайд байсан нэг хархүү өглөө чөдөрлөсөн морио барих гэж гарлаа. Би тэгэхлээр “Миний морийг хамт бариад ирээрэй!” гэлээ. Өнөөх хархүү чинь хоёр морио барьж ирээд гадаа уячихаад орж ирээд над хэлж байна: “Таны морь чөдөргүй сул байх юм. Сул боловч номхон морь учраас над амархан баригдлаа. Та тэгж морио сул тавьдаг юм уу?” гэв. Би хэллээ:

“Үгүй. Би морио үдэш чөдөрлөж тавьсан. Чөдөр нь байхгүй юу?“ гэлээ. “Байхгүй. Урьд шөнө жаахан цас орсон болохоор хүн амьтны мөр цасан дээр тодорхой байна. Морьдын дэргэдээс нэг явган хүний мөр урд байгаа айл руу чиглээд явчсан харагдлаа” гэж байна. Тэгэхлээр би хэллээ: “А муу золиг. Шүтэм гэлэн морины чөдөр аваад явчаа юу дээ?” гээд дороо босон харайгаад морио эмээллэж унаад Шүтэм гэлэнгийнд очлоо. Тэднийх манай урдхан байсан юм. Орж очингуут Шүтэмд хэллээ, “Хөөе! Чи тэр морины чөдөр өгөөдөх! Морь яах гэж чи суллачихав? “ гэлээ. Шүтэм гэлэн “Чөдөр аваагүй. Юу юмаа хэлж байгаа юм? “ гээд уурлаж байна. “Цасан дээр чиний гутлын мөр тодорхой байна” гэлээ. Тэгээд хоёул хэрэлдэж гарлаа. Нохой гахайдаа хүрлээ. Би залуу омогтой ч байсан. Хошуу тамганд бичээч шүү юм хийж байсан цаг. Бас даргархнаа тэгж байгаад. “Чамайг чадна” гэж байна тэр. Тэр чинь хараал хийнэ гэсэн үг юм. “Чи муу юугаа чаддаг юм. Чиний чадахыг чинь үзье “ гэлээ би. Би жаахан хувьсгалч янз орсон болохоор түүний хараалаас айхгүй байгаа юм. Түүнийг ер нь хараал хийдэг гэж хүн ярьдаг байсан юм.

Тэгээд хошуу тамгын газарт очоод сууж байлаа. Би тэр үед бичээчийн ажлыг хийж байсан юм. Тэгж байтал нэг өдөр манайхаас нэг морь хөтөлсөн хүн давхиж ирлээ. Хэлж байна, “Эхнэр чинь өвдчихөөд хариугүй үхэх гэж байна. Таныг багш ламыг залаад ир гэж байна” гэв. Би морь хөтлөөд сум дээр очиж багш ламд учраа айлтгав. Тэр багш лам манай эхнэрийн төрсөн ах юм. Чимид аграмба гэдэг эрдэмтэй, чадалтай лам юм. Лам шоогоо орхиж үзчихээд “А хурдан очилгүй горьгүй” гээд хоёул мордоод давхилаа. Замдаа лам надаас асууж байна: “Хүний хараал хүрсэн шиг юм байх юм. Цаадах чинь хүн амьтантай хэрэлдсэн юм биш биз?“ гэв. “Одоо мэдэхгүй юм даа” гэж байлаа би. “Чи хүнтэй хэрэлдээгүй биз?“ гэлээ. Би жаахан бодож байгаад гэнэт санаж Шүтэм гэлэнтэй хэрэлдсэн гэж үнэнээ хэллээ. “За тийм байх аа” гэж байна. “Шүтэм гэлэн миний шавь юм. Догшин сахиустай юм. Түүнтэй аятайхан учраа олж ярилгүй болохгүй” гэж байна. Гэртээ ирсэн чинь манай эхнэр ар өвөр тийшээ таталдаад дөнгөж амьтай байна.Багш Чойжилын дүгзэв уншиж тарнидлаа. Манай эхнэр жаахан сэхэж байна. Багш бид хоёр, Шүтэм гэлэнгийнд очлоо. Шүтэм гэлэн гэртээ байж байна. Гэлэн нэртэй мухар толгойтой болохоос биш тэр эхнэр хүүхэдтэй хөдөөний хүн юм. Ном эрдэм ч гэж олигтой юм мэдэхгүй хүн. Багш очоод бид хоёроос асуулаа: “Та хоёр хэрэлдсэн үү? “ гэв. “За тийм” гэж бид хоёр үнэнээ хэллээ. “Та хоёр битгий муудалц. Найрамдалтай сайхан яв” гэж байна. Шүтэм гэлэн шавь нь юм болохлоор багшийнхаа үгийг “За” гэж хүлээж байна. Багш, Шүтэм гэлэнгээс асуулаа “За чи Бямбадоржтой үг зөрөөд хонзон санаж хийсэн барьсан юм байвал одоо чи түүнийг тайлж буцааж аваа” гэлээ. Шүтэм гэлэн хэлж байна “Энэ намайг элдвээр их муухай дайрч давшсан юм. Тэгэхлээр би сахиусандаа залбирсан нь үнэн“ гэв. Багш бид хоёрыг найрамдуулж тамхилуулав. Сүүлд нь бид хоёр найрамдаж нэг шил архи хувааж уусан. Бүр ч найз болсон. Тэгээд л маргаашаас нь манай эхнэр улам улам сайжирсаар хэдхэн хоноход бүр зүгээр болчихсон. Би ч хошуу тамгандаа очиж албаа хаасан. Ингэхээр хараал хийх гэдэг бол зөвхөн занаж хараахын нэр биш, ямар нэгэн сахиус шүтээндээ залбирдаг. Тэр сахиус шүтээн нь залбирсан хүний сөргүү этгээдийг хорлодог юм байна гэж би боддог. Хорлохдоо тэр айлын аль эмзэг хүнийг хорлодог бололтой юм. Би бол багшийн хайрласан сахиус зангиаг үргэлж зүүж явсан учраас шавийнх нь сахиус намайг хорлож чадахгүй байсан байж болох юм. Манай эхнэр ахынхаа өгсөн зангиаг гээсэн учраас эмзэг болсон гэж би тааварладаг юм.

1975.

 

БЯМБАДОРЖ ГУАЙ НЭМЖ ЯРЬСАН НЬ

Түүнээс хойш 40 жил өнгөрсөн хойно манай хамаатан Шадав над нэг юм ярилаа. Би чөдрөө алдаж манай эхнэр өвдөж байх үед Шадав манайтай айл байсан юм. Шадавын ярьсан нь: Би нэг өглөө танай эхнэрийг өвдөхийн урьд өглөө, хонио билчээрт гаргах гэж байтал хонин дотор өрөөсөн үстэй эхнэр хүн зогсож байгаа харагдлаа. Ер манайхны хүн биш, огт танихгүй, зэвүүн хүн байлаа. Бүр сайн харах гэсэн чинь бүрэлзээд харагдахаа больчихлоо. Алга болоо юу гэтэл бас зогсож байх шиг юм. Би бодлоо: “За энэ ч хэрэг биш боллоо. Өнөөх чөтгөр гэдэг нь ирсэн бололтой. Манайханд нэг муу юм болох нь дээ гэж бодож байлаа. Тэгээд маргааш нь Бямбадоржийн эхнэр өвдөх нь тэр” гэж ярив.

Үүнээс уламжилж бодоход, Шүтэм гэлэнгийн хараал манайд өрөөсөн үстэй эхнэр болж ирсэн юм болж байна. Амьдралд учир нь олдохгүй юм их байх юм. Учры нь олохгүй явсаар 76 нас хүрлээ. Учры нь олж чадалгүй үхэх байх даа.

 

АМЬДРАЛЫН ДАЛД ХОЛБОО

1976 онд өвгөн Шадавын ярьсан нь: Ах дүү ойр төрлийн хүмүүс уулзаагүй, хол байлаа ч гэсэн, бие биеийн жаргал зовлонг харилцан мэдээд байх шиг байдаг юм.

Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд нэг ахимаг насны малчин хүүхэн байдаг юм. Би таньдаг юм. Нэрийг мартчихлаа. Тэр хүүхэн өнгөрсөн намар нэг өдөр дэргэдэх хүмүүстээ хэлж гэнэ: “Би ганц ахтай хүн дээ. Тэр маань Дэлгэрхаан суманд байгаа. Тэр маань яаж суугаа бол доо? Би ахынхаа төлөө нэг л зовоод байх юм” гэж хэлээд гэнэт: “Дотор муухай боллоо” гээд ухаа алдаад унаж гэнэ. Дэргэдэх улс нь сандарч тэр хүүхнийг аятайхан хэвтүүлээд салхи сэвж ус шүршиж ухаан оруулахыг оролдож гэнэ. Нэг хоёр цаг болоод тэр хүүхэн сэргэжээ. Тэгээд л өнгөрчээ. Хүүхэн ч зүгээр болжээ.

Харин сүүлд нь сонсоход тэр хүүхнийг ухаан алдаж унадаг яг тэр өдрийн тэр цагт тэндээс тавиад километр зайтай газарт Төв аймгийн Дэлгэрхаан сумын Гүн нуур гэдэг газарт байсан, тэр хүүхний ах Дамбын Оодон гэдэг хүн гэртээ хэдүүл сууж байтал жаахан хар үүл гарч жаахан бороо орж байгаад гэнэт цахилгаан бууж хоёр хүнийг ниргэжээ. Түүний нэг нь өнөөх хүүхний ах Оодон гэдэг хүн байжээ. Тэдний гэрт байсан бусад хүмүүсийн зарим нь жаахан манарч унаад зүгээр үлдсэн гэдэг. Үүнд сонирхолтой нь тэр хүүхний сэтгэл зовж манарч унасан цаг, ахынх нь ниргэгдсэн цаг яг тохирч байгаа явдал юм. Ах нь ниргэгдэх үед дүүгийн сэтгэл зовж манарч унасан болохлоор тэр хоёрын амьдрал, жаргал зовлон нь ерийн бидний мэддэгээс өөр ямар нэг далдын холбоотой байсан юм шиг санагдах юм.

1976.11.23.

 

МУУ ЁРЫН ЗҮҮД

Бямбадорж гуай хальтарч ойчоод хөлөө бэртээгээд гэртээ хэвтэж байна. Би түүнийг эргэж биеийг асуугаад хэдэн үг солилцож байлаа. Хүмүүсийг өөр өрөөнд ороход бид хоёул зүүд ёрын тухай ярилцав.

Бямбадорж гуайн ярьсан нь:

“Муу ёрын зүүд байдаг юм даа. Би учрыг мэдэхгүй ер нь муу ёрын зүүд байхад л байдаг” гэж хэлэв.

“За ямар муу ёрын зүүд та зүүдэлсэн юм бэ? “ гэхэд “Би хүний ярьсан нэг зүйлийг ярья. Манай Дэлгэрхаан суманд Лувсанцүлтэм гэдэг өвгөн лам байлаа. Тэр худал хэлэхгүй, томоотой эрдэмтэй хүн байлаа. 1936 онд юмсан. Тэр лам над нэг өдөр ингэж ярилаа. Ер нь миний зүүд зөн муу байна. Над нэг л базаахгүй юм болох нь дээ” гэв. “Элдвийн зүүд үзэгдэж л байдаг. Тэр бүр ёсоор болдоггүй юм. Аль дэмий зүүдлэхийг хэлж гүйцэх вэ! “ гэж би тэр ламыг тайтгаруулах зорилгоор хэллээ. Тэгэхэд тэр лам хэлж байна: “Үгүй Ер нь муухай зүүд зүүдлээд байна!” гэв. “Та ямар муухай зүүд зүүдлээ вэ? “ гэсэнд түүний хэлсэн нь: “Би саяхан нэг шөнө үүр цайх ойртож байх хирд зүүдэллээ. Би шаамаа өмссөн жанчаа нөмөрсөн, бүх лам хувцастайгаа тэмээ унаад цогчин дуганаас гарч байна гэж зүүдэллээ. Тэмээ унаж зүүдлэхийг муу гэдэг. Тэгээд цогчин дуганаасаа тэмээ унаад гарахлаар бүр муу байдаг байгаа даа? Хачин зүүд шүү. Энэ нэг л муу ёр доо” гэж байсан. Тэгээд хэдэн сарын дараа сүм хурал хаагдаж Лувсанцүлтэм гуай өөрөө баригдаад алга болсон доо.

Түүнээс урьд нэг өдөр Дэлгэрхааны хүрээн дээр очиж Лувсанцүлтэм гуайнд орсонд Лувсанцүлтэм гуай над хэллээ: “За чи сонин юм дуулнаа” гэж байна. “Дуулалгүй яах вэ! “ гэж хэллээ. Тэгээд Лувсанцүлтэм гуайн ярьсан нь: “Цоохор зоч саяхан нас барчихсан. Чи дуулсан уу?” гэлээ. Цоохор зоч гэж зод лүйжин тавьдаг нэг лам байсан юм. ӨвөрМонгол хүн. Манай нутагт ганцаар ирээд амьдарч байсан юм. Анхандаа түүнийг лам нар, харцуул тоохгүй байсан. Сүүлдээ лам харгүй түүнийг тоож гүрэм ном уншуулдаг болсон. Түүнийг амьтанд тустай ачтай лам гэдэг боллоо. Түүний шавь нар ч олон боллоо. Тэр зочийг өвгөн болоход Ишсамбуу гэдэг нэг шавь нь өргөж тэтгэж байсан юм.

Цоохор зоч нэг өдөр шавь Ишсамбуудаа хэлж гэнэ: “За хүүхээ багш нь их удахгүй өнгөрөх байх даа. Миний муу гэр, бурхан юмыг чи авна биз” гэжээ. Тэр үед Цоохор зочийн бие овоо сайн байсан юм гэнэ. Тэгэхэд Ишсамбуу хэлж гэнэ: “Багшийн бие сайн байна. Багш хэдэн жил наслах байх аа” гэсэнд Цоохор зоч хэлжээ: “Үгүй. Тийм биш. Үхэх нас ойртоо шиг байна. Муухай зүүд зүүдлээд байх боллоо” гэжээ. “Багш ямар муухай зүүд зүүдлээ вэ? Дарь-Эх уншуулж арга засал хийлгэвэл муу зүүд арилах байх” гэжээ. Цоохор зоч хэлжээ: “Би нэг шөнө унтаж байгаад зүүдэллээ. Манайд урьд огт үзээгүй, танихгүй цагаан дээлтэй хар хүн орж ирлээ. “За чамайг аваачих ирлээ. Би эрлэгийн элч” гэдэг байна. Тэгэхлээр би түүнээс гуйлаа: “Над хэд хоногийн нас хайрла! Би лам багш нартаа мөргөх, танил ах дүү нартайгаа уулзах хэрэг байна” гэлээ. Тэгэхэд “Өө яаж болдог юм! Одоо аваачна” гэв. Тэгж байтал бас нэг хар хүн манайд орж ирлээ. Тэр хоёр хар хүн хоорондоо танил юм шиг байлаа. Сүүлд ирсэн нь түрүүнд ирснээсээ асуулаа: “Чи хаачиж яваа юм бэ? “ гэхэд түрүүчийн ирсэн нь: “Би үүнийг аваачих гэж ирсэн. Энэ хэд хоногийн нас гуйгаад байх юм” гэлээ. Тэгэхэд сүүлд ирсэн нь хэлж байна: “Чи хэд хоногийн нас наадахдаа өгчих, Би тэр урьдаас нэг хүн авна. Тэгээд энэ баруунтаагаас нэг чавганцыг авна. Хоёул хамт явья. Буцахдаа наадахыг чинь авъя” гэсэнд урьд ирсэн нь зөвшөөрөөд хоёул явчлаа. Ийм хачин зүүд зүүдэллээ. Тэр хоёр хүн удахгүй ирэх байх. Би ч удахгүй үхэх байх” гэж хэлэв.

Түүнээс хойш Цоохор зоч багш нартаа явж мөргөөд хүн амьтантай уулзаж хэрэг ажлаа дуусгаад үхэхэд бэлэн болоод байжээ. Хэд хоног болоод Дэлгэрхааны хүрээний дэргэд байсан нэг хөгшин чавганц, Цоохор зоч хоёр нэг шөнө зэрэг өнгөрсөн гэнэ” гэж Лувсанцүлтэм ярьсан юм гэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]