Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тажикууд 15-16 настай охидыг айлд богтолж өгдөгУншсан8,812

Тажикистанд гэр бүл болж байгаа залуус хуриман дээрээ анх танилцдаг ажээ. Ийм маягаар гэр бүл болох нь Тажикистаны хуульд харшилж байгаа хэдий ч тус улсын ихэнх нутаг, ялангуяа хөдөө тосгодод энэ уламжлал хадгалагдсаар байна.

Тажикистанд гэр бүл болж байгаа залуус хуриман дээрээ анх танилцдаг ажээ. Ийм маягаар гэр бүл болох нь Тажикистаны хуульд харшилж байгаа хэдий ч тус улсын ихэнх нутаг, ялангуяа хөдөө тосгодод энэ уламжлал хадгалагдсаар байна. Эцэг эхчүүд хүүхдүүддээ ирээдүйн ханийнх нь зургийн оронд өөр хүний зураг үзүүлж, хуурна. Ингээд хуримын ёслолын өдөр охиныг хуурсан нь илэрдэг аж. Гэвч ийм гэрлэлтийг цуцлах нь ховор байдаг байна. 

15-16 настай охидыг айлд богтолж өгдөг 

Рохила Мирзоеваг 16 нас хүрмэгц эцэг эх нь ирээдүйн сүйт залуугийнх нь зургийг үзүүлжээ. Тэд охиноосоо зөвшөөрөл ч авалгүй, хуримын өдрийг товлосон байна. Ингээд хуримын өдөр болтол Рохила охины дэргэд зурган дээрээс огт өөр залуу зогсож байх нь тэр. Маргааш өдөр нь Рохилагийн нөхөр сэтгэцийн өвчтэй болох нь илэрчээ. 

Рохила «Эцэг, эх маань надад заяаны ханийн минь зургийг үзүүлэхийн оронд ахынх нь зургийг авч ирсэн байсан. Тэднийх тосгондоо нэр хүндтэй айл болохоор аав ээж минь татгалзаж чадаагүй юм билээ. Манайх хүүхдүүдийнхээ саналыг сонсдоггүй айл. Би уг нь сургуульд орохыг хүсч байсан ч бүх юм эсрэгээрээ эргэсэн. Гэхдээ би нөхрөөсөө зугтсаны дараа тэр дахиад хүнтэй суусан гэсэн. Maнай хамаатнууд намайг энэ бүхнийг тэвчих ёстой байсан гэж ярьцгаадаг» хэмээжээ. 

Залуу бүсгүй амьдардаг тосгоноо хэлж, зургаа авахуулахыг ч хүссэнгүй. Тэрбээр нөхрөөсөө салснаас болж, төрөлх тосгондоо амьдрах аргагүй болжээ. Үүнээс гадна эцэг эх нь бүсгүйн энэ алхмыг дэмжсэнгүй. Ер нь Тажикистаны засаг захиргаа албадан гэрлэлтийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг хичээдэг. Гэхдээ нийгмээрээ энэ асуудалд хандах хандлага өөрчлөгдөхөөс нааш үүнийг хуулиар зохицуулаад ямар ч нэмэргүй хэмээн хууль батлагчид үздэг байна. 

Зөвлөлт засгийн үед албадан гэрлүүлэхийн эсрэг эрчимтэй тэмцдэг байсан ч одоогийн төр засаг нь иргэдийнхээ гэр бүлийн амьдралд хутгалдан орохгүйг эрмэлздэг болжээ. Энэ улсад иргэний дайн дэгдсэний дараа эмэгтэйчүүдийн эрх улам хумигдаж, бөөн бөөнөөрөө цагаачлахад хүрсэн байна. Тажикистанд гэр бүл батлуулах насыг нэмсэн ч охидыг 15-16 насанд нь хүнтэй суулгадаг хэвээрээ. Учир нь залуухан бүсгүйг хүмүүжүүлэхэд амар хэмээн нөхрүүд үздэг ажээ. Үүнээс болж охид сургуулиасаа завсарддаг байна. 

Уламжлал хуулиас ч хүчтэй 

Эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийхний мэдэгдсэнээр Тажикистанд охидыг албадан гэрлүүлэх нь түгээмэл үзэгдэл гэнэ. Эцэг, эхийнхээ шаардлагаар танихгүй хүнтэй суусан охид гэр бүлээ цуцлуулах нь ховор. Яагаад гэвэл тэд олны хэл ам, ганцаардлаас маш их айдаг аж. Үүнээс гадна нөхрөөсөө салсан эмэггэйг эцэг, эх нь хүлээн зөвшөөрдөггүй. 

 

Хөдөө тосгодод олон хүүхэдтэй айл охидоо аль болох эрт хүнтэй гуулгахыг хичээх тул нөхөр болох хүнийг ямар ажил эрхэлдэг, юу хийдгийг нь ч огт хайхардаггүй. Тус улсын «Жендэрийн бодлогын төв»-ийн захирал Марям Давлатова «Эрт дээр үеэс сахиж ирсэн уламжлал хуулиас ч хүчтэй байна. Олон зууныг дамжсан энэ уламжлалыг түргэн арилгахад төвөгтэй. Эцэг, эхийнхээ үгнээс охид гарна гэж үгүй. Энэ бол хамгийн том асуудал» хэмээн ярьжээ. 

Эцэг, эхчүүд бүрэг ичимхий хүүхдүүддээ туслах, царай муутай охин, өвчтэй хүүгээ аль болох хурдан гэрлүүлэх, түүнчлэн мөнгө олох зорилгоор уг уламжлалыг дагадаг гэхэд хилсдэхгүй. 

Хүйсийн харьцаанаас болж, олон эхнэр авдаг болжээ 

Үүнээс гадна Тажикистан улс эдийн засгаа сайжиртал олон эхнэртэй байх асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй нь бололтой. Дайны дараахан хэдэн сая тажик эр Орост ажиллахаар цагаачилсан. Үүнээс болж, энэ оронд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тооны харьцаа алдагджээ. Марям Давлатова «Эрчүүд гадаадад цагаачилж, эргэж эх орондоо ирээгүйгээс болж хүйсийн харьцаа алдагдсан. Тэд хүнтэй суучихаад, хилийн чанад руу гардаг. Үүнээс болж эмэгтэйчүүд арга буюу тоёр даху гуравдахь эхнэр болохьг зөвшөөрч байна. 

Харин эрчүүдэд сонголт их. Нэг нь таалагдаагүй л бол өөр эмэгтэй рүү гүйнэ гэсэн үг. Хүүхэдтэй эмэгтэйчүүдэд бүх зүйл хэцүү» хэмээн ярьжээ. Ер нь тажикуудын ихэнх хуримын дуу гунигтай байдагт гайхах хэрэггүй. Эдгээр дуу нь үеийн үед дамжин, гэр бүл зохиох гэж байгаа залуу бүсгүйн гунигтай түүхийг өгүүлдэг аж. Соёл иргэншилт өнөөгийн нийгэмд хүчээр гэр бүл болгодог уламжлал хадгалагдсаар байна. 

Э.Мөнхзаяа

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]