Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Монгол улсын эзэн богд Жавзандамбаас Японы эзэн хаанд илгээсэн захидлын мөрөөр - 1Уншсан10,101

Үүнийгээ ч нуугаагүй бөгөөд хамгийн эхний алхам болгож Харбинд сууж байсан гадаадын улс гүрнүүдийн консул нарт хандан захидал хүргүүлсэн билээ.

О.Батсайхан

Түүхийн шинжлэх ухааны доктор

Товч танилцуулга

1913 оны сүүл 1914 оны эхээр Монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орост айлчилсан билээ. Тэр үеэр нилээд хэдэн зорилготой явсаны дотор Монгол улсын хаан эзэн Богд Жавзандамбаас Англи, Франц, Япон зэрэг таван улсын Эзэн хаанд өргөн барьсан захидлыг уламжлах үүрэг орсон байна. Тухайн үед Ерөнхий сайд Намнансүрэнгээс эдгээр үүргээ хэрэгжүүлэхийн төлөө ихэд чармайн зүтгэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин Намнансүрэнгийн уламжилсан Монгол улсын хаан эзэн Богдоос тухайлбал Японы эзэн хаанд өргөн барьсан захидлын мөрөөр жаахан мөшгиж үзэх аваас нилээд сонин түүх олдох авай.

Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн Хаант Орост хийсэн айлчлал

Хаант Оросын нийслэл Санкт Петербургт очсон даруйдаа Оросын эзэн хаан Хоёрдугаар Николай лугаа уулзаж, Монгол улсын бичиг хийгээд Эрдэний очир одонг түүнд гардуулж, Хаант Оросоос тусламж эрэх зэрэг чухал асуудлууд хөөцөлдөхийн зэрэгцээ Ерөнхий сайд Намнансүрэн Хаант Оросын Гадаад хэргийн сайдад албан бичгээр хандаж, Монгол улсын эзэн хаанаас Япон улсын эзэн хаанд өргөн барьсан захидлыг уламжлан хүргүүлэхийг хүссэн байна. Тэрхүү захидалд өгүүлэхдээ; "Монгол Улсын Хаан Эзний зарлигаар зарсан бүрэн эрх барих элчин сайд Сайн ноён хан На нарын бичиг

Их Орос Улсын Гадаадын хэргийн яамны тэргүүн сайд танаа илгээв. Мэдтүгэй хэмээн явуулах учир

 

Эдүгээ манай Богд эзнээс Хятадын цэрэг манай өвөр Монголын хязгаарын дотор удаа дараацан байлдан орж сүм хийдийг түймэрдэж эр эм хөгшин нялхасыг ялгаварлах үгүй хядан сөнөөж хөрөнгө малыг булаан уулгалж бүхий учраа батлан хамгаалахыг гуйн мэдүүлэх нь тасрах үгүй бөгөөд манай засгийн газраас зам хуваан цэрэг илгээж эсэргүүцэн байлдсан боловч хурц зэвсэг хараахан үлэмж үгүй дор зах хязгаарыг бүрэн бүтэн батлан хамгаалж чадаагүй учраа өвөр Монгол дор цэрэг оруулах үгүй болгох явдлыг Хятадын газраа хүчлэн ухуулж бидний Ар, Євөр Монгол овогтон эртнээс бүгдээр нийлэлдэн үндэсийг бүрэн бүтэн болгох дор тус болгохыг эрж их Жибин (Японыг хэлжээ –О.Б) улсын хаан эзэн дор өргөн барих хааны тамга дарсан бичиг нэгэн дугтуйг манай хоёр улсын зузаан найрамдлыг хүндэтгэн эрхэм сайд танаа хүргүүлэв. Олдвоос хүлээн авч даруй түргэнээ уламжлан их Жибин улсын засгийн газар хүргүүлэх ажаам уу хэмээхээс гадна бас ч эрхэм Засгийн газраас манай Хаан Эзний хүссэн ёсоор мөн даруйхнаа тусламж үзүүлэхийг их Жибин улсын засгийн газраа дурьдан сануулж хэрхэн учирыг хариу илтгэхийг хүсэж уул бичгийн эхийг ёсоор сийрүүлэн орос үсгээр орчуулан хүргүүлсэн явдлыг хамтад гаргаж үүний тул мэдтүгэй хэмээн илгээв. Олноо өргөгдсөний гуравдугаар он өвлийн дунд сарын хорин нэгэн Зарлигаар зарсан бүрэн эрх барих элчин сайд Сайн ноён хан На (Намнансүрэн –О.Б), дэд сайд засагт чин ван У (Удай –О.Б), хичээнгүй гүн Цэрэндорж, дэд сайд, залан Чимэддорж, эх зохиох түшмэл Цогт-Очир, Үнэнхүү" хэмээжээ.

Үүнийг үргэлжлүүлэн өгүүлэхийн өмнө 1912 оны 11 дүгээр сарын 3 ны өдөр Нийслэл Хүрээнд Орос Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулсаны дараахан үеэс монголчууд Монгол улс тусгаар тогтносон тухай болон түүнийг нь Орос улс хүлээн зөвшөөрч, Найрамдлын гэрээ байгуулсан тухай дэлхийн улс гүрнүүдэд мэдүүлэхийг хүссэн юм. Үүнийгээ ч нуугаагүй бөгөөд хамгийн эхний алхам болгож Харбинд сууж байсан гадаадын улс гүрнүүдийн консул нарт хандан захидал хүргүүлсэн билээ. Монголын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн удаах алхам нь Монгол улсын Гадаад хэргийн яамны тэргүүн сайд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал ба мөн Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн Хаант Орос улсад хийсэн айлчлал, эдгээр айлчлалын хүрээнд Санкт Петербургээс дэмжлэг авч, улмаар тэнд буй гадаадын элчин сайд нартай уулзах, боломж гарвал Герман, Франц зэрэг оронд айлчлах давхар зорилготой байлаа. Үүний зэрэгцээ Коростовецийн бичсэнчлэн "монголчууд Оросуудын зөвөлгөөг дагаагүй" бөгөөд өөрсдийн дур зоргоор Япон болон бусад их гүрний тэргүүн нарт хандан Богдын нэрээр захидал бичсэн явдал байв.

Оросын энэ үеийн дорно дахины томоохон мэргэжилтэн И.Коростовец бичихдээ "Монголчууд Петербургээс дэмжлэг олоогүй тул өөрийн бие даасан байдлаа хүлээн зөвшөөрүүлэх, гэрээ байгуулах зорилгоор Япон руу хандахаар шийдсэн юм. Энэ алхам бол илүү чухал ажил хэрэгч болж ирсэн хэрэг юм. Иймээс би Сайн ноёнд тайлбарласан. Чингихэд тэрбээр; "Хүрээний засгийн газар тусгаар тогтносон Монгол улсын эзэн хаанаар Хутагтыг өргөмжилснөө гадаадынханд мэдээлэх эрхтэй хэмээн үзэж байгаа" хэмээн хариулж энэ тухай өмнө нь мэдэгдэж байсан. Бид өмнө нь Оросын захиргааны дор буй Харбинаар дамжуулан мэдээлэхийг оролдсон. Японы хувьд бол бид хөршийн зэрэгцээ шашин нэгтэй тул Хүрээний Засгийн газар түүнтэй шууд харилцаа тогтоохыг хүссэн бөгөөд тийш Монголын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрүүлэх даалгавар өгч тусгай төлөөлөгчийг томилон явуулах санаатай" [1] хэмээн бас мэдэгдэж байсан гэжээ.

Япон руу Монголоос элч төлөөлөгч явуулах асуудал Петербургийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар энэ нь Монголын олон улсын байдлыг сулруулж, Хятадын эсэргүүцлийг улам нэмэгдүүлэх болно хэмээн Оросын элч Коростовецээс монголчуудыг ятгахад хүргэсэн байна. Харин Коростовецийн ятгалгад Монгол улсын Дотоод яамны тэргүүн сайд Да Лам Цэрэнчимэд их л тайван байдлаар хандаж, Японд хандахын учир нь Євөр Монголыг Хятадын эзэрхийлэлээс хамгаалах зорилготой болно. Үүнийг өвөр монголчуудын хувь заяаны талаар санаа тавьж чадах Японтой хэлэлцээр байгуулснаар хийж болох юм хэмээн тайлбарлажээ. Мөн түүнчлэн Япончууд Халхын бие даасан байдлыг зөвшөөрөөд харин Євөр Монголыг өөрийн протекторат болговол болох юм, үүний тул Євөр Монголын ноёдыг Хүрээний Засгийн газар ятган сэнхрүүлэх ажээ хэмээн Коростовец бичсэн байна. Энд гарч буй Євөр Монголыг Японы протекторат болгож, Хятадын савраас салгах санаа үнэхээр тухайн үед сонин санаа байсаныг анзаарахгүй өнгөрч үл болно. Улмаар энэ санал Оросын Гадаад яамаар дамжсан Богд хаанаас Японы эзэн хаанд хандсан захидалд ч гарч буй нь их сонин билээ.

Хаант Оросын Засгийн газраар дамжин Японд хүрсэн Богдын захидлын талаар Японы Гадаад яамны сайд Хаант Оросын элчин сайд нарын хооронд болсон яриа

Япон улсын эзэн хаанд хаягласан Монгол улсын эзэн хаан Богд Жавзандамбын захидлыг Хаант Оросын Гадаад хэргийн сайд Сазанов монголчуудын хүссэн ёсоор Японы эзэн хаанд хүргүүлэх талаар санаа тавьж, арга хэмжээ авсан байна. Үүнийг Японы гадаад харилцааны архивт хадаглагдан буй баримт бичигт болон Японы гадаад харилцааны баримт бичгийн эмхтгэлд буй Оросоос Японд сууж байсан Элчин сайдаас Японы Гадаад яамны сайд лугаа уулзсан уулзалтын тэмдэглэлээс харж болох юм.

1914 оны 1 дүгээр сарын 14 нд Японд суугаа Оросын элчин сайд Малевский –Малевич Японы Гадаад хэргийн яамны сайд Макино лугаа уулзаж, Монголын төлөөлөгчдөөс өгсөн Японы эзэн хаанд хаягласан Богд хааны захидлыг үзүүлж, Эзэн хаанд өргөхийг хүссэн байна. Чингихэд Японы Гадаад явдлын яамны сайд; "Энэ захидал болбоос Кодама гэгчийн Хүрээний Засгийн газартай хэлэлцээ хийсний дүн бололтой тухай дурьдсан тул сайд би Гадаад Монгол болбоос манай Эзэнт гүрний засгийн газартай ямар ч олон улсын холбоогүй бөгөөд ялангуяа Кодама хэмээх хүн манай Засгийн газарт хамаагүй тул хэмээн уг захидлыг буцааж өгсөн байна". Оросын элчин сайд; Єөрийн Засгийн газраас заавар гуйсаны дараа дахин ярих болно гээд буцаж явав"хэмээжээ. Ийнхүү Японы Гадаад хэргийн сайд тус захидалд Кодамагийн уулзалтын талаар дурьдсан мөн Гадаад Монгол манай улсын Засгийн газартай харилцаа холбоо үгүй, бас Кодама манай Засгийн газарт хамаагүй тул уг захидлыг Эзэн хаанд өргөхөд бэрхшээлтэй хэмээн буцааж захидлыг өгсөн ажээ[2]. Америкийн эрдэмтэн Ж.Фритерс, Японы эрдэмтэн Ф.Исоно, Т.Наками, Монголын эрдэмтэн Ц.Батбаяр нар Богд хааны энэхүү захидлын талаар судалж өөрсдийн бүтээлдээ Орос, Японы сурвалж ашиглан өгүүлсэн нь нэн сайшаалтай билээ. Дээр дурьдсан эрдэмтэд Богдын захидлын талаар судалж, бичсэний зэрэгцээ Кодама хэмээгчийн тухай нилээд бичсэн байх юм. Монголын эрдэмтэн Ц.Батбаяр өгүүлэхдээ "Кодамагийн айлчлалаас үүдэн Монгол улсын Засгийн газраас Богд хааны нэрээр Японы эзэн хаанд захидал үйлдэж, 1913 оны сүүлч 1914 оны эхээр Петербургт очсон Сайн ноён хан Намнансүрэн уг захиаг авч очин Оросын ГЯЯны сайд Сазановт өгч Японы талд дамжуулж өгөхийг хүссэн байна. Японы тал Оросын хардлагаас болгоомжлон уг захиаг хүлээн авалгүй Хүрээний Засгийн газарт буцаахыг хүссэн болой. Богд хааны нэрээр илгээсэн энэхүү захиаг Японы тал хүлээн авалгүй буцаасан тул Японы архивт эх нь үлдсэнгүй"[3] хэмээн бичжээ.

Харин Богдын захидлын хувь заяа үүгээр шийдэгдээд өнгөрсөнгүй, Оросын элчин сайдын хэлсэнчлэн тэрбээр Засгийн газраасаа заавар авсаны дараа 1914 оны 1 дүгээр сарын 23 ны өдөр Японы Гадаад явдлын яамны сайд лугаа уулзаж Богдын захидлын талаар дахин ярилцжээ. Ингэхэд Японы Гадаад явдлын яамны сайд "энэ асуудал яваандаа манай оронд Парламент болон сонины газраас хөндөх хэрэг гарвал "энэ захидал болбоос Кодамагийн явууллагын үр дүн бөгөөд Кодамагийн үйл ажиллагаа Эзэнт гүрний Засгийн газарт хамаагүй. Тиймээс Эзэнт гүрний засгийн газар өөрийн ямар нэг үл мэдэх шалтгаанаас үүдсэн эл захидлыг Эзэн хаанд өргөн барих бололцоогүй учраас үүнийг хүлээн авахаас татгалзсан" хэмээн тайлбарлахаар санал гаргаж, уг асуудлаар хоёр тал санал нийлсэн"[4] байна. Мөн түүнчлэн Японы Гадаад явдлын яамны сайд Макино "Орос улсын Засгийн газрын хүчээр Оросын нийслэлд буй Монголын элч төлөөлөгчдөд эл асуудлыг нууц болгож чадвал завшаантай байна" хэмээн дурьдсаныг Оросын элчин сайд даруй зөвшөөрч, өөрийн засгийн газарт даруйхнаа цахилгаан мэдээгээр мэдэгдэнэ хэмээн хэлсэн байна.

Дээр дурьдсан Японы Гадаад явдлын яамны сайд Оросын элчин сайд хоёрын хооронд Богдын захидлын талаар болсон уулзалт ярианы тухай мэдээг Орост суугаа Японы элчин сайд Мотонод хүргүүлэхийн зэрэгцээ мөн оны 1 дүгээр сарын 22 ны өдөр Токиогийн өдрийн сонинд "Богдын захидлын талаар" гарсан мэдээг хавсарган хүргүүлжээ. Тэрхүү сонины мэдээ "Хутагтын бичгийг буцааж өглөө" гэсэн гарчигтай бөгөөд агуулга нь "Орос улсын Гадаад явдлын яамаар дамжуулж Японы эзэн хаанд явуулсан Хутагтын бичгийг Японы Засгийн газар авахаас татгалзсан бөгөөд ойрын өдөр уг захиа буцах төлөвтэй байна. Энэ бол Япон улсаас Монголыг доромжилсон хэрэг бөгөөд Монголын Засгийн газрын хувьд нүүрээ алдсан хэрэг мөн. Эрхэм улсыг өрөвдөж байна гэжээ. Харин бид энэ хэргийг үнэмшсэнгүй" хэмээн сурвалжлагч нэмэж бичжээ.

Мөн оны 1 дүгээр сарын 29 ны өдөр Японы Гадаад явдлын яамны сайд Макиногоос Орос улсад суугаа Японы элчин сайд Мотоно болон Хятадад суугаа Японы консул Ямаза нарт цахилгаан мэдээ хүргүүлжээ. Уг цахилгаан мэдээнд өгүүлэхдээ; "Єнгөрсөн 1 дүгээр сарын 14 ны өдөр Япон улсад суугаа Оросын Элчин сайд морилон ирж, сайд надтай уулзаж, Орост буй Монголын төлөөлөгчдөөс дэвшүүлэв хэмээн Хутагтаас Эзэн хаанд өргөх захидал 1 хувийг (битүүмжилсэн бөгөөд агуулгыг үл мэднэ) өгч, Орос улсын Засгийн газрын зааврын дагуу хэмээн үүнийг өргөн барихыг хүссэн байна. Богдын захидалтай хамт түүнд хавсаргасан 2 бичгийг үзүүлж "энэ удаа Хутагтаас Эзэн хаанд захидлыг өргөн барьж явуулахад хүрсэн нь Євөр Манжийн төмөр замын ажилтан Кодама гэгч нь Хүрээний Засгийн газрынхантай уулзаж, ярилцсан дүн мөн байна" хэмээн дурьдсан байна. Тиймээс сайд надаас "Кодама гэгч Хүрээний Засгийн газрынхантай уулзаж ярилцсан нь Эзэнт гүрний заавраас шалтгаалсан бус, Эзэнт гүрний Засгийн газар энэ Кодама гэгчийн Хүрээнд очсон хэргийг ч эс мэдэв, энэ тухай нэгэнт тус элчинд тайлбарласан хэмээн ярьж (өмнө Оросын Элчин сайдаас Кодамагийн тухай дурьдсан хэрэг байв) харин гадаад Монгол болбоос Эзэнт гүрэнтэй ямар ч дипломат харилцаа байхгүй тул түүний эзэн болох Хутагтаас ялангуяа Кодама мэтийн хариуцлагагүй хүний яриаг үндэслэн ирүүлсэн захидлыг Эзэн хаанд өргөн барих бололцоо байхгүй" хэмээн хэлж тус захидлыг чигээрээ (задалж уншихгүйгээр –О.Б) буцааж өгөв. Тэгэхэд Орос улсын элчин сайдаас "энэ хэрэг болбоос хүнд чухал бөгөөд Гадаад явдлын яамны сайдын түвшинд татгалзаж болох уу" хэмээн лавласан байна. Түүнд "ямар ч асуудал байхгүй" хэмээн хариу өглөө. Тэгэхэд тус элчин сайд "Тэгвэл ямар ч байсан өөрийн улсын Засгийн Газраас заавар гуйж цаашид дахин ярих болно" хэмээн дурьдаад тус захидлыг аваад явлаа. Тэр үед сайд би Орос улсын элчин сайдаас асуусан нь "Монголын төлөөлөгчдөөс Хутагтын захидлыг дэвшүүлэхэд Оросын Засгийн газар тус төлөөлөгчдөд ямар нэгэн хэлж ярьсан явдал байна уу" хэмээн асуухад Орос улсын элчин сайд "Орос улсын Засгийн газар болбоос ийм янзын хэргийг хөндлөнгөөс саатуулахыг зохимжгүй гэж үзэж чигээрээ дамжуулсан бололтой" гэж хариулсан байна. Харин энэ захидлын агуулгын хувьд бол мэдэх юмгүй гэж Оросын элчин сайд нэмэж хэлжээ. Тэгээд Оросын Элчин сайдын яамнаас өгсөн (бэлтгэсэн байсан) тайлбарыг англи хэл дээр өгсөн байна. Тэрхүү тайлбар нотыг англи хэлээр нь хавсаргахын сацуу монголоор хөрвүүлэн толиуулвал;

Strictly confidential

My Government instructs me to hand over to Your Excellency a letter of the Hutuhta to His Majesty the Emperor of Japan, containing a request to send a representative to Urga and to help the Mongolians in their aspirations for a political union of all Mongols.

When the Mongolians proclaimed their independence from China the Japanese Government expressed the desire to fix the limits of the sphere of Japanese influence in Inner Mongolia, - this was done by the agreement signed between Russia and Japan in 1912. In compliance with this agreement the Russian Government did never give any hope to the Mongolians of a possibility to see the tribes of Inner Mongolia submitted to the authority of the Hutuhta.

The same consideration guided the Russian Government at the time of signature with China of the last declaration in which the autonomy of Mongolia is limited to Khalha and Kobdo district. These territorial restrictions aroused, however, the dissatisfaction of the Mongols and actually the Russian Government has the hard task to insist before the authorities at Urga that the said territorial limits should be accepted by the Mongols as the basis for the expected Russo-Chinese-Mongolian treaty. In the opinion of the Russian Government this task is imposed on him by the above mentioned agreement with Japan.

From this point of view the attempt of the Urga authorities to enter into direct relations with Japan can not be considered as opportune. It increases the difficulties in the endeavour of the Russian Government to curtail the ambitions of the Mongols in accordance with the existing political circumstances, - the latter aim being dictated not only by the Russian interests but also by the desire of the Russian Government to take into consideration the interests of Japan.

Meanwhile a Japanese employee of the South Manchurian Railway Kodama went to Urga in 1913 and entered into negotiations with the Mongolian officials (the gist of these negotiations is given in the annexed strictly confidential document). The pourparlers with Kodama evidently gave to the Urga authorities the idea to address themselves to the Japanese Government for assistance in the fulfillment of their dream - the annexation of Inner Mongolia to the Outer Mongolia.

The Russian Government, if exactly informed about the views of the Japanese Government, is inclined to consider such a plan as inconsistent with the actual policy of the Tokyo Cabinet end expresses the hope that, in case if an answer will be given by His Majesty the Emperor of Japan to the letter of Hutuhta, Russia would be acquainted with this answer.

14 January, 1914.

Дээрх Оросын Элчин сайдын барьсан тайлбар нотын монгол орчуулга[5]

Маш нууц

Бүх монголчуудын улс төрийн талаар нэгдэх чин эрмэлзэлдд туслах төлөөлөгчөө ирүүлнэ үү гэсэн Хутагтын захидлыг Японы Цог жавхлант эрхэмсэг Эзэн хаанд аваачиж гардуул гэж миний засгийн газар надад даалгалаа.

Монголчууд Хятадаас салж тусгаар тогтнолоо зарлан тунхаглатал Японы Засгийн газар өөрийн нөлөөг Євөр Монголын нутгаар хязгаарлан тэнд бэхжүүлэхээр шийдсэнээ илэрхийлэв. Үүнийгээ 1912 онд Орос Японы хооронд байгуулсан гэрээний дагуу хийсэн байна.

Энэ гэрээгээр бол Євөр Монголыг Оросын Засгийн газар Хутагтын захиргаанд оруулж улмаар нэгэн овогтон монголчууд бие биенээ харах бололцоо хэзээ ч гарахгүй. Оросын Засгийн газар сүүлчийн тунхагт Хятадтай хамтран гарын үсэг зурахдаа Монгол улсын өөртөө засах эрхийг зөвхөн Халх, Ховдын хязгаараар тогтоосон байна. Чухамдаа Оросын Засгийн газар нутаг дэвсгэрийн энэ хязгаарлалтаараа Єргөөгийн эрх баригчдад шахалт үзүүлнэ, ингэснээрээ хожим болох Орос, Хятад, Монголын гэрээний үндэс болно гэж монголчуудаар зөвшөөрүүлнэ гээд байгаа нь монголчуудын дургүйцлийг төрүүлэв. Оросын Засгийн газрын саналаар бол энэ зорилт нь Японтой байгуулсан дээр дурьдсан гэрээнээс гарсан байна.

Энэ үзэл бодлын үүднээс үзвэл Японтой шууд харилцаатай болох гэсэн Єргөөгийн эрх баригчдын оролдлого нь завшаан бус гэж үзэгдэх биз ээ. Єнөөгийн нөхцөл байдлын улмаас монголчуудын хүсэл тэмүүлэлийг хязгаарлах гэсэн Оросын Засгийн газрын оролдлогод бэрхшээл гарсан ба монголчуудын хүсэл тэмүүлэл нь Оросын сонирхолд захирагдаад байгаа төдийгүй Японы сонирхлыг ч бодож үзэх гэсэн Оросын Засгийн газрын хүсэлд дарагдаад байна.

Энэ үед Ємнөд Манжуурын төмөр замын албан хаагч Кодама 1913 онд Єргөөнд ирээд Монголын албаны хүмүүстэй хэд хэдэн хэлэлцээ хийв. (Эдгээр хэлэлцээрийн гол утга санаа нь хавсаргасан нууц баримт бичигт бий) Кодаматай хийсэн урьдчилсан хэлэлцээр, хэрэв Ар Монгол Євөр Монголоо нийлүүлэн авах санаархлаа гүйцэлдүүлье гэвэл Японы Засгийн газраас тусламж эрвэл болно гэсэн санааг Өргөөгийн эрх баригчдад баттай өгөв.

Хэрэв Японы Засгийн газар санаагаа яг мэдэгдвэл, Оросын Засгийн газар Токиогийн бодлогод үл нийцэх бодлого явуулж байгаагаа хянан үзнэ. Японы Цог жавхлант Эрхэмсэг эзэн хаан Хутагтын захидалд хариу соёрхвол Орос тэрхүү хариутай танилцана.

1914 оны 1 дүгээр сарын 14

Орос улсын элчин сайдаас Японы Гадаад явдлын яамны сайдад өгсөн удаах бичгийг толилуулбаас тэр нь Кодамагийн Хүрээнд хийсэн айлчлалтай шууд холбоотой ажээ. Хүрээнд хийсэн Кодамагийн улс төрийн мэдэгдэл хэмээх нэртэй уг бичгийн талаар хийгээд оросууд хэрхэн олж авсан талаар доктор Ц.Батбаяр, Т.Наками нар бүтээлдээ дурьдсан байна.

Strictly confidential

Gists of some political statements made by Mr.Kodama to the Mongolian Ministers at Urga.

It seems desirable that the Mongolian Princes should be duly advised on the necessity of uniting all Mongols as well in Inner as in Outer Mongolia, - this being the vital condition for their political regeneration. If letters would be sent to some of the Princes namely to the hoshuns of Bairan, Charud, Aro-Karachin and Oug-nut, Mr.Kodama is prepared to forward such letters to the addessees.

Owing to the good relations existing now between Russia and Japan, the latter is not inclined to contrary the Russian wishes. Therefore the Da lama, on his arrival to Harbin, could not proceed further and was not received by the Japanese authorities. Nevertheless Japan, although she was tied by the rules od international intercourse, will never forget the good intentions towards her of the Da lama and the latter’s mission – unfulfilled as it remained – still produced a good moral effect and surely shall bring good results in future.

To ask anybody’s friendship or protection without offering some compensation is not a sound policy. Japan has not the intention to make territorial acquisitions in Inner Mongolia; her object there is the construction of a railway for the development of her commercial intereset. Practically the land in that region is owned either by Mongols or by Chinese which fact is well known to Japan and the construction of the said railway can in no case mean any territorial encroachments from the part of the Japanese. Friendly proposals of the Mongolian Government on this subject would be readily taken in consideration by Japan. Japan shall surely obtain the layout-right to construct the above mentioned railway from the Chinese Government but in such case Japan will be obliged to back China to the detriment of Mongolia, as the Chinese should then be able to increase the number of their troops in Inner Mongolia. This point is so much the more important as the attack of Outer Mongolia is planned by the Chinese in the north west direction from Taonanfu. On the contrary Japan having its special interest in Inner Mongolia and opposing the despatch of Chinese troops to that region, it shall not be easy for China to insist and to enforce in practice such a measure. (p.732)

Хутагтын захидал хэмээн нэрлэгдээд байгаа Монгол улсын эзэн хаан Богдоос Япон улсын Эзэн хаанд хаягласан, Орос, Японы гадаад харилцааны дипломатуудыг сүрхий сандралд оруулсан тэрхүү захидлын цаашдын хувь заяаны талаар мөшгин үзэх аваас үнэхээр сонирхолтой ажээ.

1914 оны 2 дугаар сарын 20 ны өдөр Япон улсаас Орос улсад суугаа элчин сайд Мотоногоос Япон улсын Гадаад явдлын яамны сайд Макинод явуулсан захидал байх бөгөөд (уг захидлыг 3 дугаар сарын 11 ны өдөр хүлээн авсан гэж тэмдэглэжээ –О.Б) түүнд өгүүлэхдээ "Элчин сайд Мотоно Япон улсын Гадаад явдлын яамны сайд Макинод мэдүүлэх нь Энэ хэргийн (Богдын захидлын тухай хэлж буй –О.Б) тухай 1 дүгээр сарын 29 ны өдөр ирүүлсэн Таны захидалд Хутагтын захидал гэгчийг битүүмжилсэн хэвээрээ Токиод суугаа Орос улсын Элчин сайдад буцаалаа гэжээ. Агуулга нь үл мэдэх байдалтай тул манай газарт суугаа Осакагийн өдөр тутмын сонины сурвалжлагч Фүсэ Кацужид Монголын төлөөлөгчдөөс үзүүлсэн тус захидлын нооргийн орос орчуулгыг тус хүнээс олж авлаа. Үүнд орчуулгыг хавсарган Таньд илгээв гэжээ.

Үнэхээр Японы тал Оросын хардлагаас болгоомжилсон байж болох талтай Хутагтын захидлын агуулга Японы талд сонин байсан бизээ. Харин Богдын нэрээр хаягласан Монголын эл захидал дотор Кодамагийн тухай өгүүлсэн нь бага зэргийн алдаа болсон байж болох боловч уг захидал нь Кодамагийн айлчлалаас үүдэлтэй биш байх хэмээн санана. Учир нь Монголын Засгийн газрын төлөөлөгчид Англи, Франц, Япон зэрэг таван улсын Эзэн хаанд өргөн барих захидал авч явсан тул уг захидлыг тийнхүү "Кодамагийн айлчлалаас үүдэлтэй" хэмээн үзэх нь арай гоомой болох болов уу хэмээн санана. Үүний учирыг Богдын захидлын дотор дурьдагдаж буй Монголын талаас удаа дараа Японы эзэн хаанд хандсан байдлаас харсан ч ойлголгогдох болов уу гэж санана. Монгол улсын эзэн хаан Богд хааны Япон улсын эзэн хаанд хаягласан захидлын бүрэн бус монгол Монгол улсын архивт буй билээ. Харин уг захидлын орос орчуулга буюу Монголын Ерөнхий сайд Намнансүрэнгийн Хаант Оросын Гадаад ядлын яамны сайд Сазановт барьсан бичиг дотор "уул бичгийн эхийг ёсоор сийрүүлэн орос үсгээр орчуулан хүргүүлсэн" хэмээн дурьдагдсанчлан Богд хааны захидлын орос орчуулга[6] Японоос Орост сууж байсан элчин сайд Мотоно сангаар дамжин Японы Гадаад харилцааны яамны сайд Катод хүрсэн байна. Ийнхүү Богдын захидал орос хэлнээс япон хэл дээр хөрвүүлэгдэн эдүгээ хүртэл Япон улсын Гадаад харилцааны яамны архивт хадгалагдсаар байна. Одоогоос 92 жилийн өмнө Монгол улсын эзэн Хаан Богд Жавзандамбаас Япон улсын эзэн хаанд хандаж бичсэн уг захидлын агуулгыг Монгол Улсын Үндэсний архивт хадгалагдан буй бүрэн бус монгол эх, Японы гадаад явдлын яамны архивт буй япон эх (Японы Тохокугийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ока Хироки гуай монголчилж өгөв-О.Б), орос хэл дээр тухайн үедээ орчуулж, хожим уг байдлаараа хадгалагдан үлдсэн орос эхийг харьцуулан байж аль болох бүрнээр тодруулахыг оролдов.

Монгол улсын эзэн хаан хичээнгүйлэн

Их Жибин улсын эзэн хаан таны амгаланг эрмүй.

Мөнөөхөн уржнан өвөл Монголчууд бид нийт бүхнээр эртнээс тогтносоор ирсэн өөрийн газар орон ба шажин суртаал ёс журмыг алдагдах үгүйгээр сахих учир Чин улсаас салаад өөртөөн тогтнож, өөрөө эзэрхэх улс төр байгуулсан тухай дор мөхөс улсын Засгийн хэрэг шийтгэх газраас (миний Засгийн газар гэж буй – Япон орчуулгад) гэрээ байгуулан, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгахыг эрж, эрхэм улсын Засгийн хэрэг шийтгэх газар мэдэгдэн явуулсан нь, зөвшөөрөн хүлээсэн хариу бичгийг хараахан хүлээн аваагүй бас ноднин өвөл цаг тусгайлан (япон эхэд миний – О.Б) Дотоод яамны эрхэлсэн сайд чин ван лам Цэ (Да лам Цэрэнчимэдийг хэлж буй –О.Б) нарыг томилон улсыг бичгийг хичээн өргөж, хичээнгүйлэн их хаан таны амагаланг эрхээр илгээсэн боловч зам үл нэвтрэх учир зуураас эгж иржээ.

(Эдүгээ бас Бүгд ерөнхийлэн захирах сайд номун эзэн Сайн ноён хан На нарыг томилон- эдгээр үгс япон орчуулга болон орос орчуулгад байхгүй байна - О.Б) улсын бичгийг хичээн өргөж хичээнгүйлэн их хаан таны амгаланг эрж, хоёр улсын үүрд сайнаар найрамдаллан ард хүмүнээр урт даган энх түвшнээр жаргахыг хариу илтгэхийг хүсэж илгээвэй.

Олдвоос хүргэсэн цагт зөвшөөрөн хүлээн авах ажаам уу.

Жич хичээнгүйлэн айлтгах нь

Мөхөс улсын өөртөө тогтнох өөрөө эзэрхэхийг Орос улс зах нийлэн он удсан айлын (энэ хүртэлх үгс Монгол улсын Үндэсний төв архивт буй ажээ. Харин үүнээс хойш архивт бүтэн үлдээгүй хэсгийг япон болон орос орчуулгыг харьцуулан үзэж монгол хэл дээр зохиосон уг эхийг сэргээхийг хичээлээ –О.Б) ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус улс манай улсын хооронд гэрээ ба худалдааны гэрээг байгуулсан болохыг Танд хичээнгүйлэн айлтгамуй.

Манай Євөр Монгол болбоос Хятадтай хил залгаа орших бөгөөд маш их хохирол амссаар буй. Эдүгээ Хятадын цэрэг Євөр Монголын нутагт түрэмгийлэн орж, (япон орчуулгад - эх оронд буцах замд) сүм хийдийг түймэрдэн устгаж хөгшин нялхас, эр эмийг ялгалгүй алан хядаж эд хөрөнгө малыг тонон дээрэмдэж буй. Учир иймд Монголчуудын ихэнх нь (орос эхэд - хүчинд автан) нүүрэн дээрээ Дундад улсад даган орохыг зөвшөөрөвч далдуур тасралтгүй бидэнд сахин хамгаалахыг хүсч баймой. Үүнд мөхөс манай засгийн газар өшөөт дайсныг сөнөөхийн төлөө олон замаар цэргээ хөдөлгөжээ. Харин хурц зэвсэг хараахан үлэмж үгүй дор зах хязгаарыг бүрэн бүтэн батлан хамгаалж чадаагүй байна.

Мөнөөхөн эрхэм улсын түшмэл Кодама Хүрээнд ирэхэд манай (япон эхэд – миний) засгийн газраас тус түшмэлд Япон, Монгол хоёр улсын хооронд найрсаг харилцааг тогтоон, эрхэм улс бээр Євөр Монголд төмөр зам тавих эрхээ олж үүгээр Хятадын цэрэг Євөр Монголын нутагт цөмрөн орох замыг хаах хүслийг дурьдсан билээ. Үүнд тус түшмэлээс бидний хүслийг өөрийн засгийн газарт уламжлахыг амлажээ. Тиймийн тул энд би Эрхэм хаан танд шударга журмын төлөө тусламж олгохоос татгалзахгүй, соёрхвоос Хятадын засгийн газарт хүчлэн ухуулж, Євөр Монголын нутгийн дотор тэдний цэргийг оруулахыг зогсоож, бидний Ар, Євөр Монгол овогтон эртнээс бүгдээр нийлэлдэн үндсийг (орос эхэд - үндэс, шашин гэж буй О.Б) бүрэн бүтэн болгох хэмээсэн бидний эрмэлзлэлд туслахыг гуймой.

Уг нь манай мөхөс улсаас урьдаар бүрэн эрхт элчийг томилон илгээх нь зүй боловч замдаа саатан зорьсондоо хүрч чадаагүй бөгөөд шударга журмын үйлийг завсардуулахыг үл хүсэх тул би Эрхэм хаан танд хүсэх нь олдвоос байцаан толилж, таны засгийн газарт зарлиг буулгаж бүрэн эрхт элчийг манай улсад томилон илгээж тус элчээр манай улс байгуулах ажилд туслуулан хоёр улсын хоорондын үүрдийн найрсаг харилцааг бататгах ажаам уу. Буурай улсын эзэн би олон түшмэл, сайд, шар, хар бүгдээр сүслэн биширч үүнийг угтан хоорондын найрамдлыг улам зузаатгахаар чармайн зүтгэвэл зохимой.

Үүний тул би бээр Эрхэм хаан таныг хүндэтгэн миний гуйсан (орос эхэд -хүсэлтийг) (япон эхэд – явдлыг) соёрхолдоо багтаан авч хариу шагнахыг хүсмүй. Үүний тул Монгол улсын хаан Жавзандамба ёслов. Олноо өргөгдсөний гутгаар он Євлийн эхэн сарын арван еснөө Нийслэл Хүрээнээ бичив" хэмээжээ.

Богд хааны Японы эзэн хаанд өргөн барьсан захидлын бүрэн бус монгол эх Монгол улсын Үндэсний төв архивт буй. Тэрхүү Богдын захидлын монгол эхийг Сайн ноён хан Намнансүрэн нар Орос улсаас Нийслэл Хүрээнээ эгж ирэхдээ авч ирсэн байна.

Архивын сурвалжид тэмдэглэгдснээр

"Шавь боол На, У, Цэ, Чи сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь

Шавь боолчууд Зарлигийг дагаж Орос улсад зарагдан одож тушаалын хэрэг дуусч Нийслэл Хүрээнээ ирж, Дээрхийн гэгээнээ бараалхан мөргөсөн зэрэг явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж"[7] айлтгахдаа "Их Орос улсын хаан эзний амгаланг эрж улсын бичиг бэлэг ба эрдэнийн очирыг өргөн барьж гүйцэтгэн басхүү тэдний засгийн газар лугаа улсын хэргийг удаа дараа хэлэлцсэн ба бичиг өгсөн бас ч улс төрийн чухал зүйл учирыг тодорхойлон өөрийн саналыг илтгэж олон улсын элчин сайдад бичиг өгсөн" зэрэг явдлыг тодорхой дүрслэн бичээд

Зарлигаар шагнан олгуулсан бүрэн эрх барих элчин сайдын тамгыг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа,

Орос улсад одоход Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас хүлээн авсан ба бас ч эл зүйлийг зарсан зэргийг тодорхойлон тайлан бодуулах данс хоёр дэвтрийг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа,

Их Орос улсын зэрэг гадаад улсын сайдууд түшмэдэд эрдэнийн очир шагнасаныг тэмдэглэн бичсэн дансыг Гадаадын яамнаа тус тус шилжүүлэн хүргүүлж,

Их Орос улсын хаан эзнээ бараалхсан ба засгийн газар лугаа хэлэлцсэн зэрэг олон зүйлийн хэргийг Засгийн газраа явуулсан ба Засгийн газраас илгээсэн цахилгаан мэдээг сийрүүлэн бичсэн данс хоёр дэвтэр бас Их Орос улсын гадаад хэргийн яам ба Ин, Фа зэрэг олон улсын элчин сайдуудад өгсөн бичгийн эхийг сийрүүлэн бичсэн данс нэгэн дэвтэр мөнхүү Орос Улсын Гадаадын хэргийн яам жич Хятад улсын зэрэг олон улсын элчин сайдаас хариу өгсөн Орос, Хятад үсгийн бичиг, Ин[8], Фа[9] зэрэг таван улсын хаан эзнээ өргөх хэмээсэн улсын бичиг таван дугтуй, басхүү Их Орос улсын түшмэл Козинг Сангийн яамнаа авах учир тогтоосон гэрээ бичиг нэг, бас аливаа явсан хэлэлцсэн хийсэн хэргүүдийг өдөр дараалан тэмдэглэсэн данс нэгэн дэвтэр, басхүү Их Орос улсын зэрэг гадаад улсын сайдууд түшмэдэд эрдэнийн очир шагнасаныг сийрүүлэн тэмдэглэсэн данс нэгийн хамтаар толилуулахад бэлтгэж бүрнээ хуучин удаагаар Бүгд ерөнхийлэн захирах яамнаа шилжүүлэхээр айлтгаад Богдоос "зарлиг мэдэв" хэмээн улаан бийрээр цохьсоны дагуу мөн өдөр уг зүйлсийг дагалдах бичгийн хамт холбогдох яамдад хүргүүлсэн хэмээн архивын сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

Энэхүү айлтгал дотор дурьдагдан буй "Ин, Фа зэрэг таван улсын хаан эзнээ өргөх хэмээсэн улсын бичиг таван дугтуй" хэмээсэн нь Англи, Франц, Япон зэрэг орны эзэн хаадад өргөх хэмээсэн захидлууд даруй мөн буй за хэмээн бодно. Гадаад улсын хаан эзнээ өргөх хэмээсэн улсын бичиг нь эрх биш улсын хааны нэрээр бичигдсэн байх учиртай. Харин Богдын эдгээр захидлын эх бичгүүдийн талаар тэр бүр бичихгүй буюу бид судалгаандаа орхигдуулах явдал гарсаар байна. Үүнийг бага боловч нөхөх үүднээс Япон улсын архивт хадгалагдан буй Богдын захидлын орос орчуулгаар дамжсан япон хэл дээрх эхийг Монгол улсын архивт буй Богд хааны Япон улсын эзэн хаанд илгээсэн захидлын бүрэн бус монгол эх болон Зөвлөлт Холбоот улсын "Красный архив" сэтгүүлийн 1929 оны дугаар 6 д хэвлэгдсэн "Перевод письма Ургинского Хутухты на имя Японского императора" гэсэн гарчиг бүхий орос эхтэй харьцуулан байж, Богд хаанаас Японы эзэн хаанд хаягласан захидлын монгол эхийг сэргээхийг хичээлээ.

Дээр дурьдсан захидлуудын агуулга үндсэндээ тохирч байгаа боловч Богд хааны захидлын бүрэн бус монгол эхэд "Сайн ноён хан Намнансүрэн нарыг томилон" гэсэн үгс байгаа бол эдгээр үгс орос болон япон эхэд байхгүй байна.

Богд хааны захидлын агуулгыг тодруулан үзэх аваас юуны өмнө Монгол улс Япон улсын хооронд найрсаг харилцаа тогтоох, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, өөрийн орны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд Япон улсаас тусламжыг олох хэмээсэн санаа тод харагдаж буйн зэрэгцээ Євөр Монголын талаар ихэд санаа тавьсан нь илт байх бөгөөд магадгүй Євөр Монголыг Японы ивээл дор оруулах нь Хятадын гараас мултрах нэг арга хэмээн үзэж байсан ч байж болох юм хэмээн бодож байна. Японы эзэн хаанд Богд хааны нэрээр явуулсан захидалд Монголын талаас 1911 онд тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш ийнхүү 3 дахь удаагаа хандаж буйгаа ч дурьдсан буй нь Монгол улсаас үнэхээр Япон улстай харилцаа тогтоох чин эрмэлзэлтэй буйгаа илтгэн харуулсан хэрэг буй за. Нөгөө талаас Євөр Монголын асуудлыг ийнхүү Японд хандан тавьдаг нь Орос Японы гэрээний цаад агуулгыг гадарлаж байсан хэмээлтэй байна. Учир нь Монголын төлөөлөгчид Орост очсоны дараа Євөр Монголын асуудлыг эхлээд Оросуудад хандан тавьсан боловч дараа нь бас Японд хандан эл талаар хүсэлт илэрхийлж буй нь тухайн үеийн олон улсын байдал хийгээд дэлхийн томоохон гүрнүүд болох Орос, Япон хоёрын гадаад бодлогоос Монголын байдал ихээр хамаарч байсан болохыг мэдэрч байсан хэрэг хэмээн бодно.

Харин захидлын дотор Кодама хэмээгчийн тухай өгүүлсэн нь бага зэргийн алдаа болсон байж болох юм, гэхдээ уг Кодама хэмээгч өөрөө их зүйл амалж, Японы Засгийн газрын төлөөний түшмэл байж болзошгүй гэсэн сэтгэгдэл Монголын Засгийн газрын түшмэдэд төрүүлсэнтэй холбоотой байх. Үүнийг Японы Засгийн газар шалтаг болгосон болохоос бус үнэндээ Кодама хэмээгчийг дурьдсанаас Богдын захидлыг эзэн хаандаа өргөхөд бэрхшээлтэй хэмээн үзээгүй байх. Хэргийн учир нь Оросын хардлагаас болгоомжилсонтой холбоотой байж болох юм. Монголчууд үүнийг сайтар тооцоолсоны үндсэн дээр уг захидлыг Оросын Гадаад харилцааны яамаар дамжуулан Япон Засгийн газарт хүргүүлсэн хэмээн үзүүштэй санагдана.

Гэвч асуудлын мөн чанар юунд байна вэ гэхээр 1910 аад оны үеэс Японоос Монголын асуудлыг маш ихээр сонирхон судалж өөрийн анхааралд байлгаж байсан боловч яагаад уг асуудалд ингэж хандах болсон бэ гэдэгт буй юм. Богдын захидлын агуулга хийгээд Да Лам Цэрэнчимэдийн Японд очих гэсэн чин эрмэлзлэл, Сайн ноён хан Намнансүрэнгийн Японы Засгийн газарт ирүүлсэн бичиг бүгдийг Японы Засгийн газар, Гадаад яам сайтар мэдэж байсан төдийгүй, бараг цаг хугацаа алдахгүйгээр Монголын үйл явдлын талаар мэдээлэл авч байсан нь хүртэл эдүгээ Японы архивт буй материалаас харагдаж байна. Японы Засгийн газраас Монголын талаар ийм хоёрдмол бодлого баримтлахад хүргэсэн зүйлс юу байсан талаар цаашид нарийвчлан судлууштай хэмээн бодож байна. Ихэнх судлаачид Богдын Японы эзэн хаанд хаягласан захидлыг задалж уншилгүйгээр Японы Гадаад явдлын яамны сайд Макино буцаалаа хэмээн үзээд уг асуудлыг дуусгавар болгосон байдаг билээ. Миний бодоход эл асуудал үүгээр дууссангүй. Учир юун хэмээвээс Японы Засгийн газар Богдын захидал ирэхээс өмнө ч тэр ирсний дараа ч тэр Монголын асуудлыг маш идэвхтэйгээр сонирхон судалж байсан билээ. Тэр ч бүү хэл энэхүү Хутагтын захидлын мөрөөр Японы Засгийн газар нэг хэсэг хугацаанд нилээд ажиллагаа явуулсан байна. Энэ талаар дор өгүүлэх баримт бичгүүдээс маш тодорхой харагдах болно. Мөн түүнчлэн Богдын захидал гэж нэрлэнэ үү, Хутагтын захидал гэж нэрлэнэ үү аль нь байсанаас үл хамааран ямар ч гэсэн Монголын тухай асуудлыг 1914 оны эхний хагаст дэлхийн томоохон гүрнүүд болох Англи, Америк, Франц, Герман улсуудын парламент болон Засгийн газар тодорхой хэмжээнд авч хэлэлцэхэд хүрсэн явдал бол тухайн үеийн монголчуудаас дэлхийн олон нийтэд хандаж явуулсан гадаад бодлогын тодорхой үр дүн мөн хэмээн үзэж байна. Монгол улсын Богд тэргүүтэй Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээний мөрөөр аль улс хэрхэн хандаж буй талаар Японы Засгийн газар, түүний Гадаад явдлын яам ихэд шимтэн сонирхож, дипломат шугамаар маш нууц байдлаар нилээд үйл ажиллагаа явуулсаныг хийгээд Монголын талаарх дотоод гадаад аливаа мэдээллийг цаг алдалгүй авч байсаныг маш анхааралтай судалж үзүүштэй санагдсаныг нуух юун. Хятадын Засгийн газар Монголын Засгийн газраас Хятадад дахь гадаадын улс гүрнүүдийн консул нарт хандан бичсэн захидлын талаар 6 дугаар сарын 6 ны өдөр сониноос олж мэдсэн байхад түүнээс гурав хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 3 ны өдөр Японы Засгийн газар энэ талаарх мэдээллийг өөрийн гарт оруулсан байдаг билээ. Мөн түүнчлэн Нийслэл Хүрээнээс Монголын Засгийн газрын захидал Хятадад суугаа гадаадын улсуудын консул нарт хэрхэн очсон талаар Хятадын тал сониноос мэдүүт уг захидлын мөрөөр гадаадын консул нараас мөрдөж лавласан[10] байна. Энэ талаар эрдэмтэн Наками өөрийн бүтээлдээ тэмдэглэжээ. Түүний тэмдэглэснээр Хятадын албаныхны асуултад Америкийн консул "Тэр захидал ирсэн бөгөөд түүний агуулга нь сонинд хэвлэгдсэнтэй нийцэж байгаа, энэ нь албан ёсны бичиг бөгөөд дээр нь Богдын тамгатай бөгөөд англи орчуулгатай хавсаргасан байна" гээд харин "хаанаас ямар шугмаар ирсэн бэ" гэсэн асуултад "томилогдсон хүн авчирч өгсөн" гээд захидлыг өгсөн хүний тухай хэлээгүй байна. Харин Английн консул "Харбинаас Монгол Түвдийн хорооны нэгэн ажилтанд уг захидлууд хүргэгдэж, улмаар тэрбээр Англи, Америк, Герман, Франц улсуудын консулт хүрсэн" болохыг хэлсэн байна. Тэрхүү Монгол Түвдийн хорооны ажилтан бол Лан хэмээх бөгөөд Хятадад дургүй хүн тул монголчууд түүнд итгэж захидлыг түүгээр дамжуулсан хэрэг ажээ. Японы Эзэн хаанд хаягласан, эзэндээ хүрээгүй битүүмжлэгдсэн хэвээрээ буцсан Богдын захидал хэмээхийн агуулга нь Япон улс төдийгүй дэлхийн улс гүрнүүдийн хэмжээнд хэлэлцэгдсэн явдал нь Монголчуудын түүхэнд сонирхол татахуйц содон үйл явдал болсон хэрэг мөн буй за.

Богдын захидалын талаар Японы Засгийн газар хийгээд Англи, Аамерик, Герман, Франц зэрэг орнуудын төр засгийн газар авч хэлэлцсэн талаар өгүүлэх нь

Ийнхүү 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улсын Засгийн газрын гадаадын үйл ажиллагаа хэрхэн өрнөсөн хийгээд тэр талаар дэлхийн улс гүрнүүд хэрхэн үзэж байсаныг Япон улсын Гадаад харилцааны түүхэнд холбогдох баримт бичгүүдээс дор толилууллаа.

Юуны өмнө Японы Гадаад харилцааны сайд Оросын элчин сайд лугаа уулзаж, Богд хаанаас Японы эзэн хаанд өргөн барьсан захидлын талаар ярилцсан ярианыхаа агуулгыг маш тодорхой бичиж, Хаант Орос болон Хятадад суугаа өөрийн улсын төлөөлөгчиддөө мэдээлжээ.

Баримт түшиж үзвээс, Японы гадаад харилцааны баримт бичгийн эмхтгэлд 508 дугаартай орсон баримт болбоос Японы Гадаад явдлын яамны сайд Катогоос Монголын Засгийн газрын захидлын талаар мөшгиж үзэхийг өөрийн элчид даалгасан бичиг болой.

6 дугаар сарын 10 ны өдөр Японы Гадаад явдлын яамны сайд Катогоос Хятадад суугаа Консулын хэргийг түр хамаарсан Обатад явуулсан бичиг

6 дугаар сарын 4 ны өдрийн Таны цахилгаан мэдээ 431 тоотоор

Энэ удаа Монголын Засгийн газраас 4 улсын консулын яаманд тавьсан асуудал нь энэ жил 3 дугаар сарын 18 ны өдрийн 72 тоот бичгээр орчуулгыг явуулсан Эзэн хаанд хаягласан Хутагтын захидлын агуулгатай адил хэмээн таамагламой.

Тэгэхдээ та бээр боломжтой цагт тус дөрвөн улсын консулаас түүний агуулгын юу болохыг болон энэ асуудлын хариуд тус улсуудын Засгийн газар буюу Консул нар ямар арга хэмжээ авах гэж байна эсвэл авсан тухай асуугаад асуусан дүнгээ надад мэдэгдэнэ үү.

Баримт бичгийн дугаар 509

6 дугаар сарын 11 ны өдөр Гадаад явдлын яамны сайд Катогоос

Англи улсад суугаа Элчин сайд Иноуэ

Франц улсад суугаа Элчин сайд Иши

Герман улсад суугаа Элчин сайд Сугимура

Америк улсад суугаа Элчин сайд Чинда нарт явуулсан бичиг

6 дугаар сарын 4 ны өдөр Хамаарсан консул Мацударигаас мэдэгдсэн нь

Хэдхэн өдрийн өмнө Хятадад суугаа Англи, Франц, Америк, Герман дөрвөн улсын Консулын яаманд Монголын Засгийн газраас захидал ирүүлжээ.

Тус захидлын дотор Монгол болбоос тусгаар тогтнож, мөнөөхөн Орос улстай худалдааны гэрээ байгуулсан тул бусад улсуудтай нэгэн адил худалдааны гэрээ байгуулахыг хүсжээ. Тиймээс тус улсуудаас хэлэлцээ хийх эрх бүхий консулыг Єргөөд томилон ирүүлэхийг хүснэ хэмээн тэмдэглэсэн байгаа тухай Бээжинд суугаа Мичисуки сурвалжлагчийн мэдээг авлаа. Тиймээс Орос улсын хамаарсан консулаас лавласанд тус хамаарсан консул нь энэ асуусан хэрэг байсаныг зөвшөөрсөн тухай цахилгаан мэдээгээр мэдэгдлээ. Үүнд энэ жилийн 1 дүгээр сарын 14 ны өдөр манай улсад суугаа Орос улсын элчин сайд Сайд Макинод морилон ирж, тухайн үед Оросын нийслэлд байсан Монголын төлөөлөгчдөөс дэвшүүлсэн төлөвтэй Хутагтаас Эзэн хаанд хаягласан захидал 1 хувь (битүүмжилсэн бөгөөд агуулгыг үл мэднэ) өгч, Орос улсын Засгийн газрын зааврын дагуу Єргөн барихыг хүсчээ. Бас энэ захидлыг өргөн барьж ирүүлэхэд хүрсэн нь Євөр Манжийн төмөр замын ажилтан Кодама гэгчийн Хүрээний Засгийн Газрынхантай уулзаж, ярилцсан дүн мөн хэмээн дурьдсан байна. Сайд Макино үүнд Гадаад Монгол болбоос Эзэнт гүрэнтэй ямар ч дипломат харилцаа үгүй бөгөөд түүний эзэн болох Хутагтаас ялангуяа Эзэнт гүрний заавраар явсан биш байдгаар барахгүй, Эзэнт гүрний Засгийн газар нь Хүрээнд очсоныг ч мэдээгүй Кодама мэтийн хүний яриаг үндэслэн ирүүлсэн захидлыг Эзэн хаанд өргөн барих бололцоогүй хэмээн яриад тус захидлыг чигээрээр буцааж өгсөн байна. Дараа нь 2 дугаар сард Оросын нийслэлд суугаа Осака өдөр тутмын сонины сурвалжлагч Монголын төлөөлөгчдөөс үзүүлсэн хэмээн дээр тэмдэглэсэн Хутагтын захидлын нооргийг Элчин сайд Мотоногоос орчуулж, ирүүлсэн байна. Үүнд Хутагт нь Японтой худалдааны гэрээг байгуулж, түүний тусламжийг олж, Хятадын Засгийн газрыг хатуу ятгаж, Євөр Монголын хил хязгаарт түүний цэргийг оруулахгүй байлгах, түүгээр монголчуудын хүсэл эрмэлзэл болох Дотоод, Гадаад Монголыг нэгтгэж, үндэс, угсаа шашиныг бүтэн хамгаалахыг хүсэж үүний төлөө Япон улсын Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгчийг Монголд томилон ирүүлэхийг хүссэн гэжээ.

Энэ удаа Бээжинд суугаа дөрвөн консулын яаманд явуулсан дээр тэмдэглэсэн Монголын Засгийн газрын захидал гэгч нь Эзэн хаанд хаягласан Хутагтын захидалтай их төлөв адил хэмээн таамагламой.

Энэ удаа ирүүлсэн захидлын хэргийг Хятадад суугаа Англи (Франц, Герман, Америк) улсын консулаас Англи (Франц, Герман, Америк) улсын Засгийн газарт мэдэгдсэн явдал бий. Тиймээс та бололцоотой цагт тус улсын Засгийн газраас түүний агуулга болон ирүүлсэн захидалд тус улсын Засгийн газар ямар арга хэмжээ авсан тухай лавлаад дүнг нь мэдүүлэхийг хүснэ.

Баримт бичгийн дугаар 511

6 дугаар сарын 19 ны өдөр

Англи улсад суугаа элчин сайд Иноуэгээс Гадаад явдлын яамны сайд Катод

Монголын тухай Англи улсын Парламент дахь асуулт болон Гадаад явдлын яамны хариуг мэдүүлэх тухай

Тайшогийн 3 дугаар оны 6 дугаар сарын 19 ны өдөр

Англии улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Иноуэ Кацуносукэ

Гадаад явдлын яамны сайд Барон Като Такаакид

Энэ сарын 16 ны өдөр Англи улсын Доод хуралд 1 гишүүнээс; Англи улсын Засгийн газар Хүрээнд албан ёсны төлөөлөгчийг томилон явуулах тухай Монголын албаныхнаас гуйсан явдал байна уу, Хэрэв байсан бол ямар хариу өгсөн бэ,

- Бас Хятадын Засгийн газарт монголчууд ямар статустой вэ, гэж асуусан байна.

Англи улсын Гадаад явдлын яамны сайд хариулахдаа;

- Монголын Засгийн газраас Англи улсын төлөөлөгчийг баяртай угтаж авах санаатай гэдгийг Англи улсын Засгийн газар албан бус шугмаар сонссон мэдсэн явдал бий. Харин Монголын Засгийн газар одоохондоо иймэрхүү албан ёсны асуулт тавих нөхцөл бүрдээгүй. Монгол болбоос одоо Хятадын сюзеренитетийн дор байгаа автономит улс юм хэмээн хариулжээ.

Тус хуралдааны протоколын товчийг хавсарган үүний тул мэдэгдэв.

Баримт бичиг Дугаар 513

6 дугаар сарын 30 ны өдөр

Хятадад суугаа консулын хэргийн түр хамаарагч Обатагаас

Японы гадаад явдлын яамны сайд Катод

Энэ хэргийн тухай энэ сарын 10 ны өдрийн 167 тоот захидлаар надад заавар болгосныг хүлээн авлаа.

Энэ сарын 4 ны өдөр Англи улсын хамаарсан консул агсан Мацудари; Тус консулын яам хүлээн авсан Монголын Засгийн газрын захидлын агуулга нь нэгэнт 432 тоот бичигт бичсэн вангийн (Хутагтын –О.Б) доторхтой адил бөгөөд худалдааны гэрээ байгуулах тухай болон консул урих тухай байна. Тус консул routine ажил болгон өөрийн Засгийн газарт явуулах саналтай байна. Энэ хэргийг тусгайлан чухлаар үзсэн байдал ажиглагдахгүй байна.

Японы консул ийм захидал авсан эсэх, Японы Засгийн газар Єргөөд консулыг томилох санаа бий эсэхийг асуусан тул манай консулын яам энэ удаа ийм захидал хүлээн аваагүй боловч өмнө Орос улсын Засгийн газрын гараар дамжиж Хутагтаас Эзэн хаанд хаягласан захидлыг аваад чигээрээ буцаан өгсөн бас Консулыг томилон явуулах асуудлын тухайд Эзэнт гүрний Засгийн газрын саналыг үл мэдмүй. Миний хувийн бодлоор Орос улс Єргөөний Засгийн газар хоёрын харилцаа маш их деликат байдаг тул олон улсын тавцан дахь Монголын Засгийн газрын статус нь гүйцэд тодорхой болохоос өмнө Эзэнт гүрний Засгийн газар ямар ч ийм арга хэмжээ авахыг бодохгүй байх хэмээн ярьжээ. Тэгэхэд тус консул нь үнэхээр санаа нэгтэй байна. Англи улсын Засгийн газар бас нэгэн адил бололтой гэжээ.

Дараа нь энэ сарын 18 ны өдөр Франц улсын консултай уулзсан дашрамд энэ хэргийн талаар асуусанд тус консулын яаманд Монголын Засгийн газраас 2 захидал (нэг агуулгатай) ирж, нэг нь Консулын яаманд хаяглаж, нөгөө нэгийг Франц улсын Засгийн газарт хаягласан байна. Эдгээрийн нэгийг нэгэнт Франц улсын Гадаад явдлын яаманд явуулсан гэжээ. Бас Франц улсын Засгийн газар Франц улс болбоос Монголд ашиг сонирхол байхгүй бөгөөд тус орон дахь Оросын улсын онцгой статусыг харгалзан энэ удаа Монголын Засгийн газрын саналд ямар ч анхаарал тавихгүй хэмээн итгэнэ. Харин би өөрийн улсын Засгийн газарт захидлыг явуулсанд Засгийн газар энэ хэрэгтэй холбогдуулан ямар ч бодитой арга хэмжээ авахгүй байх гэж би итгэж байна гэж нэмэж бичиж явуулжээ.

Би нөгөө нэг захидлыг шууд pigeonhole хийсэн хэмээн инээмсэглэлээ. Бас захидлын агуулга нь нэгэнт ил болсон агуулгатай адил хэмээн ярьжээ.

6 дугаар сарын 26 ны өдөр Америк улсын консулын яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга Макмаллей надад хэлсэн газарт; Тус консулын яамны хүлээн авсан захидлын (2 хувь) агуулга нь;

Монголын тусгаар тогтносон учир шалтгааныг дурьдаж, нэгэнт Орос улстай Худалдааны гэрээ байгуулсан тухай мэдэгдэж, одоо Америкийн Засгийн газар бас консулыг томилон ирүүлж, Худалдааны гэрээ байгуулахыг хүснэ хэмээн бичив.

Бас Монголын Засгийн газарт гадаад хэлийг мэдэх хүн байхгүй тул томилон ирүүлэх консул нь монгол хэл буюу хятад хэлэнд нэвтэрсэн хүн байвал таарамжтай хэмээн хавсарган бичсэн байна гэжээ.

Тус консулын яам энэ хэргийг чухлаар үзэхгүйгээр 2 захидлын дотроос 1 хувийг өөрийн улсын Засгийн газарт илгээсэн гэжээ.

6 дугаар сарын 27 ны өдөр

Германы консулын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Барон Лидзер нарийн бичгийн дарга Мацударигийн асуултад хариулахдаа;

Тус консулын яаманд ч Монголын Засгийн газраас 2 хувь захидал (агуулга адил) хүлээн авсан боловч тус захидал консулын яаманд хүрэхээс нэг долоо хонгийн өмнө нэг Германы худалдаачин Монголоос Тянжинд эгж ирээд энэ удаагийн захидалтай адил агуулгатай бөгөөд ямар ч албан тамгагүй захидлыг тус газрын Германы консулын яаманд өргөн барьсан байна. Тус захидлын дотор өмнө захидлыг явуулсан боловч хариу аваагүй байгааг харамсан дурьдсанаас гадна Монголын тусгаар тогтносон болон Орос улстай худалдааны гэрээ байгуулж гүйцээсэн тухай тэмдэглээд Монголын албаныхантай хэлэлцээ хийх чадалтай чадвартныг Єргөөнд томилон ирүүлж гэрээг байгуулан Худалдааны харилцаагаа тогтоохыг хүсэн тухай тэмдэглэсэн байна гэжээ. Харин энэ захидлын дотор Америк улсын консулын яаманд хаягласан захидлаас ялгаатай нь монгол хэл буюу хятад хэлэнд нэвтэрсэн хүнийг томилон ирүүлэхийг гуйсан байдаг нь байхгүй байна. Энэ консулын яамдад хаягласан захидал аль нь ч Монголоор бичсэн захидалд хятад орчуулгыг хавсаргасан гэх байдал Германы консулын яаманд хаягласан захидалд хятад орчуулгыг хавсаргасангүй, харин герман орчуулгыг хавсаргаж ирүүлсэн гэжээ.

Үүнийг бодоход холбогдсон герман хүнээр орчуулуулсан бололтой байна.

Лидзер тус захидал 1 хувийг нэгэнт Германы Засгийн газарт явуулсан бөгөөд Герман нь Монгол оронд тодорхой хэмжээгээр худалдааны ашиг сонирхолтой тул яваандаа тус улсын Засгийн газараас энэ хэрэгт нухацтай хандах цаг ирж магадгүй боловч одоохондоо яаралтай арга хэмжээ авбал зохих асуудал бус хэмээн ярьжээ.

Энэ явдал болбоос Франц улсын консулаас зүгээр инээд болгож байсан байдалтай харьцуулахад бага ялгаатай тал байгааг анхаарвал зохино. Иймийн тул Консулын яамдад ирүүлсэн захидал нь орчуулгын агуулгад бага зөрүүтэй боловч их төлөв нэг агуулгатай юм шиг байна. Тиймээс энэ жилийн 3 дугаар сарын 18 ны өдөр 72 тоот Таны бичгээр ирүүлсэн Хутагтаас манай Эзэн хаанд өргөн барьсан захидалтай их төлөв ижил агуулгатай хэмээн таамагламой гэжээ.

Баримт бичиг дугаар 514

7 дугаар сарын 1 ны өдөр

Герман улсад суугаа элчин сайдыг түр хамаарсан Шиноногоос Гадаад явдлын яамны сайд Катод явуулсан цахилгаан мэдээ 69 тоот

6 дугаар сарын 11 ны өдрийн 32 дугаар тоот таны захидалтай холбогдож 6 дугаар сарын 30 ны өдөр дипломаттай уулзах завшаанаар Гадаад явдлын яамны дэд сайдаас лавлан асуулаа.

Монголын Засгийн газар Хятадад суугаа Герман улсын консулд захидлаа явуулж, найрамдал, худалдааны гэрээг байгуулахын төлөө зохих элчийг томилж илгээхийг хүсэх тухай асуусан боловч Монгол болбоос Хятадын эрхэн дор байдаг бөгөөд Хятадтай байгуулсан Худалдааны гэрээ Монголд ч адилаар хамрагдах тул Германы Засгийн газар одоохондоо Монголтой тусгайлан гэрээ байгуулах учирыг олохгүй байна. Тиймээс ямар ч хариу явуулахгүйгээр өнгөрүүлэх санаатай хэмээн хариуллаа. Монголын Засгийн газраас ирсэн захидлын орчуулгыг хойноос явуулав.

Дугаар 515

7 дугаар сарын 3 ны өдөр

Франц улсад суугаа Элчин сайд Ишигээс Гадаад явдлын яамны сайд Катод (Уг захидлыг 7 сарын 21 ны өдөр хүлээн авчээ)

Тайшогийн 3 дугаар он 7 дугаар сарын 3 ны өдөр

Франц улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Барон Иши Кикужиру

Гадаад явдлын яамны сайд Барон Като Такаакид

Энэ хэргийн тухай өнгөрсөн сарын 11 ны өдөр 31 дүгээр тоот бичгээр Монголын Засгийн газраас ирсэн захидлын агуулга болон үүний хариуд Франц улсын Засгийн газраас авсан арга хэмжээг тандахыг зааварласан билээ. Үүнд

Тус улсын Гадаад явдлын яамнаас лавлан асуулгажээ.

Монголын Засгийн газрын асуусан асуулга нь Таны захидалд тэмдэглэсэн Мичисүки сурвалжлагчийн мэдээний ёсоор бөгөөд Франц улсын Засгийн газар нь Монгол болбоос тусгаар тогтносон улс бус бас Орос улстай байгуулсан гэрээтэй байдагийг харгалзан тус асуултад ямар ч хариу явуулсангүй.

Дугаар 516

Герман улсад суугаа элчин сайдыг түр хамаарсан Шиноногоос

Гадаад явдлын яамны сайд Барон Като Такаакид 24 тоот нууц (Уг захидлыг 7 дугаар сарын 25 нд авчээ)

Энэ хэргийн тухай 6 дугаар сарын 11 ны өдрийн нууц 32 тоот таны захидлаар үүрэг болгосныг хүлээн авав. Үүний тухай 6 дугаар сарын 30 ны өдөр дипломатуудыг хүлээн авах завшаанд тус улсын Гадаад явдлын яамны дэд сайдаас лавлан асуулаа. Түрүүн Монголын Засгийн газраас Германтай худалдааны гэрээг байгуулахын төлөө зохих элчийг Єргөөнд томилон ирүүлэхийг хүсэж, Хятадад суугаа Германы консулд асуулт ирүүлсэн боловч ирээдүйд Монголын байдал болон Хятад Монголын хоорондын харилцаанд их хэмжээгээр өөрчлөлт гарсан тохиолдолд Монголтой гэрээ байгуулах явдал байхгүй ч биш, харин Германы Засгийн газар нь одоогийн Монголыг Хятадын эрхэн дор байж, Герман Хятадын худалдааны гэрээ нь Монголд бас хүчинтэй хэмээн ойлгох тул одоохондоо Монголтой тусгайлан гэрээ байгуулах учирыг олохгүй байна. Монголоос ирүүлсэн захидалд ямар ч хариу явуулахгүй чигээрээ өнгөрүүлэх санаатай байгаа. Харин Германаас Монголын худалдааны байдлыг судлахын төлөө ирээдүйд хүнийг явуулах эсэх нь төсөөлөхөд бэрх боловч энэ бол энэ хэргийн худалдааны гэрээ байгуулах асуудалтай ямар ч хамаа байхгүй хэмээн хариулсан байна. Энэ тайлбарын товчийг нэгэнт өмнөх 69 тоот бичгээр мэдүүлжээ. Одоо Монголын Засгийн газраас Хятадад суугаа Германы консулд хаягласан захидлын герман орчуулгыг олж авлаа. Тус бичгийн хуулбар болон япон хэлний давхар орчуулгыг энд явуулмой.

Бас Хятадад суугаа Германы консулаас Германы Засгийн газарт явуулсан мэдээллийн дотор Монголын Засгийн газраас ирүүлсэн энэ удаагийн захидал нь Германы консулын яамнаас гадна Хятадад суугаа Англи, Америк, Франц улсуудын консулын яамдад хүрч ирсэнгүй тухай дашрамд ярьсан тул үүнийг хамтаар танд мэдүүлэв. Уг захидлын эхийг хавсаргав.

Бээжинд буй Германы консулд явуулсан Монголын Засгийн газрын захидлын эх (японоор орчуулсан)

Дугаар 517

7 дугаар сарын 16 ны өдөр

Америк улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрх барих элчин сайд Чиндагаас

Гадаад явдлын яамны сайд Катод (8 дугаар сарын 14 нд уг бичгийг хүлээн авчээ)

Єнгөрсөн сарын 11 ны өдөр нууц 42 тоот бичгээр надад үүрэг болгосон хэргийг хүлээн авав.

Єнөөдөр нарийн бичгийн дарга Мацукагаар Гадаад хэргийн төрийн департамэнтийн газараас асуулгыг асуусанд өнгөрсөн сарын 4 ны өдрийн цахилгаан мэдээгээр Хятадад суугаа Америкийн консулаас мэдүүлсэн нь

Монголын Єргөөгийн Хутагтаас шууд захидлыг (захидлын дотор таны (Японы Гадаад явдлын яамны сайдыг хэлж буй –О.Б) тэмдэглэсэн хамаарсан консул Мацударигийн цахилгааны мэдээнд тэмдэглэгдсэнтэй их төлөв адил) хүлээн авсан байна гэжээ. Үүний талаар ямар арга хэмжээ авах вэ гэж зааварлахыг хүссэн байна. Үүнд Сайд тус сарын 6 ны өдрийн цахилгаан мэдээгээр энэ захидлын доторх хүсэлтэд татгалзвал зохино гэж хариу явуулсан байна.

Энэ татгалзана гэдэг хариуг явуулах аргыг Хятадын Засгийн газартай зөвлөлдөнө үү гэж заавар өгчээ. Үүний тухай тухайн үед Америкт суугаа Хятадын консулаас бас сонссон тул энэ асуудлыг ярилцсан байна (консултай). Үүнийг тус консул тус сарын 12 ны өдөр Хятадын Засгийн газарт цахилгаан мэдээгээр мэдүүлсэн байна. Дээр дурьдсанчлан Хятадад суугаа Америкийн консулаас ирүүлсэн цахилгаан мэдээний доторх Хутагтын захидлын агуулга нь Хамаарсан консул Мацударигийн цахилгаан мэдээний дотор тэмдэглэсэнтэй их төлөв адил боловч Гадаад хэргийн яамнаас (Америкийн) нарийн бичгийн дарга Мацукад үзүүлсэн цахилгаан мэдээний доторх бичигтэй Хамаарсан консул Мацударигийн цахилгаан мэдээн доторх захидлын бага зөрүүг тэмдэглэвэл доорх мэт.

Хамаарсан консулын цахилгаан мэдээний дотор "Худалдааны гэрээг байгуулах хүсэлтэй" гэснийг "Худалдаа, найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй" гэжээ. Бас "консулыг" гэснийг "консул" эсвэл "бусад албаны хүнийг" гэсэн байна.

Бас "хэлэлцээ хийх эрхтэй консул эсвэл бусад албаны хүнийг Єргөөнд томилон ирүүлэхийг хүснэ" гэсний өмнө "Монголын Засгийн газар Оросын Засгийн газартай байгуулсан гэрээний ёсоор бусад улсуудад бас Орост олгосонтой адил эрхийг олгох эрхийг хадгална" гэж байна.

Дугаар 518

7 дугаар сарын 21 ны өдөр

Англи улсад суугаа Элчин сайд Иноуэгээс

Гадаад явдлын яамны сайд Катод нууц 40 тоот

Монгол улсын Засгийн газраас Худалдааны гэрээ байгуулах тухай Хятадад суугаа Англи улсын консулын яаманд явуулсан асуултын агуулга болон ирүүлсэн захидалд Английн Засгийн газраас ямар арга хэмжээ авсаныг Засгийн газрынхнаас асууж дүнгээ мэдүүл хэмээн өнгөрсөн сарын 11 ны өдөр нууц 43 тоот бичгээр зааварласныг хүлээн авлаа.

Үүнд энэ сарын 2 ны өдөр нарийн бичгийн дарга Ёшидаг Гадаад явдлын яаманд явуулж, Грегули хэмээх хүнээс асуулгалаа. Тэгэхэд тус хүн түүний агуулгыг тодорхой санахгүй боловч таны заасан захидал одоо Гадаад явдлын яамны сайдын гарт бий. Үүнд ямар арга хэмжээ авахын тухайд одоо ямар ч шийдвэр гараагүй, шийд гармагц захидлын агуулгатай хамт мэдүүлнэ гэсэн байна. Єнөөдөр тус түшмэлээс сонссон нь энэ хэрэг нь Түвдтэй холбогдох тул Гадаад явдлын яамнаас бус Энэтхэгийн яаманд илүү холбогдол бүхий тул тус захидлыг Энэтхэгийн яаманд шилжүүлсэн бөгөөд манай яам энэ хэргийн тухай одоо Энэтхэгийн түшмэдтэй хэлэлцэж буй. Тиймээс шийд гартал тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байна гэжээ. Үүнийг тус ноёноос мэдээ ирмэгч танд мэдүүлэх болно.

Дугаар 519

8 дугаар сарын 17 ны өдөр

Гадаад явдлын яамны сайд Катогоос

Хятадад суугаа консулын хэргийг түр хамарсан Обатад нууц 268 тоот

Энэ хэргийн тухай Таны суусан улсын Засгийн газраас яаж хандаж байгааг лавлан асууж дүнгээ мэдүүлэхийг нэгэнт Англи, Франц, Америк, Герман улсад суугаа элчинд заавар явуулав. Үүний тухай Герман улсын Засгийн газар "Монгол болбоос хэвээр Хятадын бүгд найрамдах улсын эрхийн дор харьяалагдаж байдаг бөгөөд Герман, Хятадын худалдааны гэрээ Монголд бас нэгэн адил хүчинтэй байна хэмээн ойлгох тул одоо тусгайлан Монголтой гэрээ байгуулах учирыг олохгүй байна. Тиймээс Монголын Засгийн газрын иймэрхүү захидалд ямар ч хариу явуулахгүй тавих санаатай байна" гэсэн бөгөөд бас Франц улсын Засгийн газар "Монголыг тусгаар тогтносон улс биш бөгөөд Орос Монголын хооронд гэрээ байдаг явдлыг харгалзан энэ удаа ирүүлсэн захидалд ямар ч хариу явуулахгүй" байхаар шийджээ. Америк улсын Засгийн газар Хятадад суугаа тус улсын консулд Монголоос ирсэн энэ хүслийг татгалзах тухай болон хариу явуулах аргыг Хятадын Засгийн газартай зөвлөлдөх тухай зааварласан байна. Тус бүрийн элчин сайдаас ийм хариу авлаа. Англи улсын Засгийн газрын арга хэмжээг Англи улсад суугаа Элчин сайдаас дараа мэдүүлмэгц хойноос танд мэдүүлэх болно гэжээ.

Дугаар 520

8 дугаар сарын 27 ны өдөр

Гадаад явдлын яамны сайд Катогоос Хятадад суугаа консул Хиокид нууц 282 дугаар тоот

Энэ хэргийн тухай Франц, Герман, Америкт суугаа элчин сайдуудаас хариу мэдээ ирсэн тухай энэ жилийн 8 дугаар сарын 18 ны өдрийн нууц 268 тоот бичгээр мэдүүлсэн байна. Англи улсаас энэ хэрэгт авсан арга хэмжээний тухай мөнөөхөн элчин сайд Иноуэгээс мэдээлжээ. Үүнд тус улс энэ хэргийн талаар авах арга хэмжээг шийдээгүй боловч шийдмэгц Монголын Засгийн газрын захидлын агуулгатай хамт даруйхнаа мэдүүлнэ. Энэ хэрэг болбоос Түвдтэй холбоотой тул Энэтхэгийн яаманд шилжжээ. Тус яам нь одоо Энэтхэгийн түшмэдтэй хэлэлцэж байгаа тул шийд гартал тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байна гэжээ.

________________________________________

Ашигласан материал

  1. Нихон Гаико буншо. Таишогийн хоёрдугаар он
  2. Нихон Гаико буншо.Таишогийн гуравдугаар он
  3. Nakami Tatsuo Independent Mongolia and the Imperialist Powers; 1911- 1914 – Journal of Asian and African studies, No 17, 1979
  4. И.Яковлевич Коростовец От Чингис хана До Советской республики., УБ., 2004., с.308
  5. Ц.Батбаяр Монгол ба Япон ХХ зууны эхэн хагаст УБ., 1998., 33 дахь тал
  6. Ц.Батбаяр Кодама, Мицуй пүүс, Хүрээнд байсан япончууд 1911 – 1921 он., УБ., 1993 он
  7. Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын материал УБ.,1998 он,
  8. Үндэсний төв архив
  9. ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж (1911 -1921) Баримт бичгийн эмхтгэл., УБ., 2003 он, 258 дахь тал
  10. F.Isono The Bogdo’s Letter to the Japanese Emperor and A Japanese called Kodama Олон улсын монголч эрдэмтний хоёрдугаар их хурал Нэгдүгээр боть.,УБ., 1973 он, х.214-216

[1] И.Яковлевич Коростовец От Чингис хана До Советской республики., УБ., 2004., с.308

[2] Нихон Гаико буншо. Таишогийн хоёрдугаар он Нэгдүгээр боть 729 дэхь тал

[3] Ц.Батбаяр Монгол ба Япон ХХ зууны эхэн хагаст УБ., 1998., 33 дахь тал

[4] Нихон Гаико буншо. Таишогийн гуравдугаар он Нэгдүгээр боть 730 дэхь тал

[5] Энэхүү бичгийг монголоор орчуулан, Монголын эрдэмтэн Ц.Шүгэр Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлдээ оруулсан байна. Гэвч сайх эрдэмтэн Японд суугаа Оросын элчин сайдаас Хутагтын захидал лугаа хавсран өгсөн уг бичгийг Намнансүрэнгийн бичиг хэмээн андуурсан байна. Энэ бол Оросын Засгийн газраас, тодруулбал Оросын Гадаад явдлын яамнаас Элчин сайдаараа дамжуулан Богдын захидлын талаар өгсөн тайлбар байсан юм. – Сайн ноён хан Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын материал УБ.,1998 он,

[6] Нихон Гаико буншо . Таишогийн хоёрдугаар он Нэгдүгээр боть 730 дахь тал

[7] Үндэсний төв архив ф.А4., д.1, х.н.

ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж (1911 -1921) Баримт бичгийн эмхтгэл., УБ., 2003 он, 258 дахь тал

[8] Англи улсыг хэлжээ.

[9] Франц улсыг хэлжээ.

[10] Nakami Tatsuo Independent Mongolia and the Imperialistt Powers; 1911- 1914, - Journal of Asian and African Studies, No.17, 1979

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 15. 12:13
Хорол

ямар мундаг нийтлэл вэ.Үнэхээр байхархаж байна.Алсын хараа,тай улс төрч хүн байжээ.Хаан маань

2018, 3 сар 15. 12:07
Зочин

Алсын хараа гэдэг энэ байх даа.Зуун жил өнгөрсөн ч Япон улсын засгийн газраас Өвсний үндэс хөьөлбөрүүд хэрэгжээд явж байна.

2017, 12 сар 18. 6:51
Warta

Ямар лаг нийтлэл вэ?

2016, 11 сар 1. 3:31
Зочин

Ug n hoorhii ih l charmaij bj de daanj muu nerig husawch arilahgui gj binig omhi huja narin dor gj bodoj bj

2016, 10 сар 20. 17:30
mng

ТОМ ГҮРНҮҮДИЙН ТОХИРОЛЦООН ДУНДААС ЯДАЖ НЭГ ТУСГААР УЛС ҮЛДСЭН НЬ МОНГОЛЫН ЗАЯА. БИДНИЙГ ОЛОН МОНГОЛЧУУД ХАРЖ БАЙГАА

2016, 10 сар 14. 20:34
unshigch

hend ch toogdohhgui yhruud. heden zuunii omno ch, odoo tsagt ch delhiid toogdoogui yhruud. ali ch tsag yed guilga guihaas oor ajilgui. gudalmnii guilgachinii zindaand baidag. iamar ch niigem baiguulsan manjid darluulj barlag zarts bolj aluulj taluulsan ch orosod aluulsan ch, orchin yed ch iaduu guilgachin yhryyd

2017, 10 сар 6. 13:30
mongol

henii huchind amid yavaagaa medehgui muusain baga yastan erliizuud

2018, 3 сар 15. 12:11
Зочин

Амиа аваад явж чадахгүй байж,улс төрийн мэргэн ухаан гарлаа юу.Чамайг гөлөг ч гэж шиншлэхгүй.

2016, 10 сар 15. 8:28
Зочин

Чамд зөвлөхөд чам шиг ийм байдалд байгаа хүн эрүүл биш байгаа. Чи өөрийгөө сайн анзаараагүй байж магад сэтгэцийн эмчид үзүүл гэж зөвлөх байна. Эртхэн эмчид үзүүлж эмчилгээ эхлэхгүй бол галзуурчих вий дээ бүр :-)

2016, 12 сар 25. 10:17
DS

Vnendee iim vvh tvvh n zam shig ats hvnii zvgr hvnii doromjloh erh bhgu shvv uuruu emchid vzvl bugs min

2016, 10 сар 15. 8:26
Зочин

gehdee zov bolson, japanchuudad toogdson manj ustaa biz dee? odoo uetei haritsuulahgui shuu, ene ue bol ochnoon jil aluulj daruulsnii daraa ch ингэж чармайж байсанд нь бахархаж байна. 100 жилийн өмнөх төмөр замын бодлого өнөөдөр тэгсэн сайн дураараа бариулна гээд байгаа бил үү?

2016, 10 сар 14. 22:16
Зочин

Cham shig archaagui yumnuud ih bdag bolhoor yaaj hugjih yum. Hugjiluus zuuragch guilgachin minee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]