Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тамын сахиусан тэнгэр-Тереза эхУншсан16,060

Тереза эх гэдэг нэр нь дэлхий дахинд хүнлэг энэрэнгүй зан үйл, бусдын төлөө өрийгөө золиослохоос ч буцахгүй байх үйлдлийн билэг тэмдэг болсон билээ.

History.mn, нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Тереза эх гэдэг нэр дэлхий дахинд хүнлэг энэрэнгүй зан үйл, бусдын төлөө fөрийгөө золиослохоос ч буцахгүй байх үйлдлийн билэг тэмдэг болсон билээ.

Тереза эх буюу Калькуттагийн Гэгээн Тереза (англ. Mother Teresa), жинхэнэ нэр нь Агнес Гонжа Бояжу  (1910 oны 8 capын 26 - 1997 оны 9 сарын 5) нь католик шашны гэгээнтэн, "Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч бүлгэм"-ийг үүсгэн байгуулагч юм. Ядуу, зовсон хүмүүсийн төлөө хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн.

Википедиа болон бусад олон эх сурвалжид энэ хүний тухай иймэрхүү юм байх ба дээрээс нь нэмээд ядарсан зовсон ядуу ард түмнийг жинхэнэ энэрэн хамгаалагч, өвчин зовлонгоос салгагч, дэлхийн 111 улс оронд "Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч бүлгэм"-ийн 400 салбарыг (ядууст зориулсан эмнэлэг) байгуулсан гэх мэтээр сайн сайхан бүхнийг нь тоочно. Ийм их гавьяатай хүнийг католик шашны гэгээнтний эгнээнд оруулалгүй яахав. Гэгээнтэн (Canonization) гээч нь бурханд хамгийн ойртож гэгээрсэн, ариун үйлстэн бололтой юм билээ.

Харин энэ гэгээнтэнтэй ойрхон байсан хүмүүсийн яриагаар бол Тереза эх гээч нь тийм ч ариун амьтан байгаагүй гэдэг төдийгүй зарим нэг нь энэ хүнийг тамын сахиусан тэнгэр, Ватиканы алуурчин гэж нэрлэх нь ч бий. Бүр байгуулсан эмнэлгийг нь “үхлийн байр” гэж нэрлэж ярьдаг тохиолдол ч цөөнгүй.

“Үхлийн байранд” ажиллаж байсан Мэри Лаудон гээч нь ярихдаа “Анх энэ эмнэлэг яг л нацистын хорих лагерийг санагдуулж билээ. Бүх л өвчтөний толгойн үсийг хуссан, маш муу өрөөнд эр эмээр нь ялган хэвтүүлсэн байх ба өвчтөнүүдэд зориулсан ямарваа нэг тавилга хэрэгсэл гэмээр юм огт байсангүй. Эмчилгээ гэж юм бараг байхгүйтэй адил, хямдхан, цөөхөн төрлийн эм тариатай, дуслын аппарат хүрэлцдэггүй гэх мэт. Гэлэнмаанууд нь тариа тарихдаа нэг зүүг олон дахин ашиглах ба зүгээр л хүйтэн усанд булхаад л тариад байна. Миний яагаад буцалгаж ариутгахгүйгээр тарьж байгаа юм бэ гэхэд өөдөөс ингэх зав ч алга, тэгэх шаардлага ч үгүй гэж тэд хариулж байлаа...”

Үхлийн байранд хийсэн зарим шалгалтаар эмч нартай хийсэн гэрээ гэж байдаггүй, сайн эмч нар ирээд тун удалгүй зугтдаг, эмчилгээний гол ачааллыг Тереза эхийн ер бусын хүч чадлын домогт итгэсэн сайн дурынхан л нугалах бөгөөд эмнэлэгт ариун цэврийн хамгийн энгийн шаардлага ч хангагдаагүй, өвчтөнүүд нэг нэгнээсээ халдвар авах нь их, хоол хүнс нь маш муу...гэсэн олон зүйл байхаас хамгийн аймшигтай нь уг эмнэлгүүдэд ямарваа нэг өвчин намдаах эмийг хориглодог явдал байжээ.

“Ядуучууд өөрийн хувь заяагаа хүлээн зөвшөөрч, хүлээн авч байгаа нь яг л Христос загалмай дээр шаналж байсантай адил ямар нэг сайхан зүйлийг агуулдаг бөгөөд хорвоо дэлхий бол аливаа нэг зовлон шаналлаас олон юмыг олж авдаг юм. Зовно, шанална гэдэг бол Ийсус таныг үнсэж байгаа хэрэг юм шүү” Тереза эх

Иймэрхүү эмчилгээний үеэр өчнөөн олон өвчтөн өвдөлтийн шокноос болж амиа алдаж байсан нь ойлгомжтой байх.

Хүн хэдий чинээ өвдөж зовох тусам үүнийг нь ашиглаж католик шашин шүтэж хойд насаа аврах, зовлон шаналлаасаа салах тухай ярьж сэнхрүүлэх бөгөөд өвчтөн амьд мэнд үлдвэл Ийсус Христос түүнийг хайрлан үлдээж байгаа тухай ярьж харин үхэж үрэгдвэл юу ч ярихгүй хорвоогийн жам ёсны тухай хэдэн үг хэлээд л болоо.

Харин Тереза эхийн бие муудах үед өөрийн “үхлийн байранд” очилгүй, дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн тансаг, хамгийн сайн эмнэлгийн тусгай өрөөнд эмчлүүлэх ба энэ мэтээр өөрийн үзэл бодлыг суурин дээрээ өөрчлөх нь бараг л дадал болсон зүйл. Тэрээр 1979 онд Нобелийн шагнал авч байхдаа “Энэ дэлхийн хамгийн том аюул бол үр хөндөх явдал бөгөөд энэ бол аллага, бүр эх нь үрээ алж байгаа дайн юм шүү” гэж хэлж байжээ. Гэтэл Терезагийн найз Энэтхэгийн ерөнхий сайд Индра Ганди нь улс орондоо ядуучуудыг хамарсан “цэвэрлэгээ” (ядуу, өвчтэй... хүмүүсийн жирэмслэлтийг хүчээр таслах, үр хүүхэдгүй болгох ажиллагаа) хийж эхлэхэд нь жигтэйхэн дэмжиж байсан хүний нэг нь энэ хүн билээ. Гэтэл дараа нь буюу 1993 онд бусдад хүчирхийлүүлэн жирэмсэн болсон 14 настай охины үр хөндүүлэхэд өнөө ариун эх маань боож үхэх дөхсөн гэдэг.

Мөн Тереза эх нь дэлхий дахинд гэр бүл салах явдлыг хориглох ёстой, гэр бүл гэдэг бол бурхнаас заяасан хамгийн ариун зүйл гэж тунхагладаг боловч бас нэг найз Диана гүнж нь ханхүү Чарл,заас салах болоход бас л хамгийн түрүүнд энэ шийдвэрийг нь дэмжиж байгаагаа хэвлэл мэдээллээр дамжуулан илэрхийлж байлаа.

1981 онд Гаити улсsu хээл хахууль, ядуурал зовлонд авчирч, 60 000 хүний амь насыг хохироосон аймшигт амьтан болох Клод Дювальетэй очиж уулзан 1,5 сая доллар хандивт авахдаа огт зовж ичихгүй бөгөөд тэрхүү алуурчныг магтан дуулах нь энүүхэнд. Бас Америкийн нэгэн залилагч нөхрөөс (Пол Терли-банкны ажилтан, 23 000 хүний 252 сая долларыг аваад алга болсон этгээд) баахан мөнгө аваад өнөө нөхөр нь баригдах үед “Полыг өршөөх ёстой” гэж өөрийн нэр төрөөр далайлгаж байж. Америкийн засаг захиргаа Пол Терли гэж хэн болохыг нь хэлж, түүний өгсөн хандив бол хулгайлагдсан мөнгө гэж анхааруулсны дараа л Тереза эх таг чимээгүй болно. Юун мөнгө? Ямар хандив... гэж мэдэн будилсаар мартагнуулна.

Италийн нэгэн мафийн толгойлогч, цагтаа Терезатай цөөнгүй уулзаж байсан нөхөр шоронд байхдаа Тереза эхийг гэгээнтэн болсныг дуулаад “Тереза гэгээнтэн болж байгаа юм бол би хажууд нь Ийсус Христос юм байна даа” гэж ярьж байсан билээ.

Сүүлд хийсэн хамгийн даруухан гэмээр тооцоогоор бол Тереза нь Ватиканы санд бараг 3 тэрбум доллар оруулсан гавьяатай бөгөөд алив хүн амьтныг даруухан амьдрахыг сургадаг энэ эмэгтэй дэлхийн олон улс орон дахь өөрийн дэндүү ядуухан эмнэлэгт очихдоо тусгай онгоц, нисдэг тэрэг хэрэглэн, олон арван бараа бологч хэвлэл мэдээллийнхнийг дагуулан явдаг байсан юм. Хүн төрөлхтний нэгэн бахархан дууриах үйлстэн болсон Тереза гээч хүн маань нэг иймэрхүү.

P.S

1991 онд Германы Stern сэтгүүл Терезагийн хөрөнгө чинээний тухай мөрдлөг хийж үзэхэд энэ хүнд өгсөн мөнгөний ердөө 7 хувь нь л өвчтэй ядуу хүмүүсийг эмчлэхэд зориулсан байжээ хэмээх сэтгэл хөндүүрлэм тооцоо гарч байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]